Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 520

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хариуцагч Х.Т нарыг оролцуулан хийж Ч.О-ын нэхэмжлэлтэй Х.Т-т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хаалттай хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Сантмаргаз сумын Өнөр хороолол **-** тоотод оршин суух П овогт Ч-ын О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь нөхөр Х.Т-тай 2008 онд танилцаж гэр бүл болсон. 2010.06.11-нд охин О төрсөн. Ингээд 2011-2012 онд 1 жилийн хугацаатай МУБИС-ын СӨБ-ын сургуулийн эчнээгийн хөрвөх сургалтанд хамрагдах болсон. Суралцах хугацаанд хардалт сэрдэлт нь ихэсэж байнгын хэрүүл маргаантай байх болсон. 2016 оны 03 сарын 17-нд миний айл гэр болохдоо авч очсон ор сервантыг ачиж ирэн ээжийн хашаанд буулгаж хаяад явсан. Явахдаа бүх эд зүйл, мал хөрөнгө гэх юм байхгүй өмчинд очсон мал чинь зуданд үхсэн, одоо өөрийн амьдралаа бод гэж хэлээд ах дүү 2 нь явсан. Ингээд Т өөр эхнэр хүүхэдтэй болсон. Энэ бүх үйл явдал бидэнд хандах хандлага нь сэтгэл зүйн хувьд маш их дарамт гомдлыг бий болгосон. Нөхөр маань өөр амьдралыг сонгосон учраас би 2017 оны 1 сараас сумынхаа нэг залуутай танилцаж цаашид хамтран амьдрахаар төлөвлөж байна. Цаашид бид хамтран амьдрах нөхцөлгүй учраас гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөрийн асрамжиндаа авна. Мөн хүүхэддээ тэтгэлэг тогтолгохоор шүүхэд хандаж байна гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Сантмаргаз сумын Баян-Улаан багт оршин суух А овогт Х-ийн Т шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Би О-тай гэр бүл болж 2010.06.11-нд охин О төрсөн нь үнэн болно. Эхнэр Ч.О нь СӨБ-н сургалтад эчнээгээр сурахаар явахдаа хоол унд бүх юмаа бэлдүүлж аваад намрын сургалтанд яваад 12 сарын сүүлээр ирээд 3-н сарын дундуур хаврын сургалтанд явсан. Сурч байх хугацаандаа холбоо бариагүй байж байгаад ирэхдээ шууд ээжийндээ очсон. Энэ хугацаанд бидний орон гэр болох гэрийг би хураагаагүй хүлээж байсан. Сургуулиа төгсөөд ирэхэд нь очиж уулзаад гэртээ харъя гэсэн чинь гэртээ ирээгүй. Тэгээд зун нь гэрээ хураасан. Эхний 2 жил очдог байсан. Сүүлийн 2 жил очоогүй. Өөр байдлаар болохгүй зүйл байгаагүй. Бид тусдаа амьдраад 6 жил болж байна. Одоо бид хувь хувьдаа гэр бүлтэй болж амьдарч байгаа учир бидний гэрлэлтийг хуулийн дагуу яаралтай шийдвэрлэж өгнө үү. Охин болох О-ийн тэтгэмжийг өөрийн гэсэн орлого, цалингүй боломж нөхцлөөрөө сар сард нь төлөх нь болно. Охиндоо тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Х.Т-аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүсч нэхэмжлэл ирүүлжээ.

Нэхэмжлэгч Ч.О нь 2017.10.26-нд Завхан аймгийн төрөх тасагт ксарво хагалгаа хийлгэн төрсөн ба төрсний дараах хүндрэлд орж биеийн байдал сайнгүй байгаа тул шүүх хурлыг намайг байлцуулахгүйгээр хийж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Хариуцагч Х.Т нь гэрлэлтээ цуцлуулж, тэтгэлэг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан бөгөөд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа ...Одоо бид хувь хувьдаа гэр бүлтэй болж амьдарч байгаа учир бидний гэрлэлтийг хуулийн дагуу яаралтай шийдвэрлэж өгнө үү. Охин болох О-ийн тэтгэмжийг өөрийн гэсэн орлого, цалингүй боломж нөхцлөөрөө сар сард нь төлөх болно. Охиндоо тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Гэрлэгсэд удаан хугацаагаар буюу 2011 оноос эхэлж тусдаа амьдарч байгаа ба тусдаа амьдрах хугацаанд хэн хэнээс нь эвлэрэх санаачлага гаргаагүй байна.

Мөн энэ хугацаанд гэрлэгсдийн хэн аль нь өөр хүмүүстэй амьдарцгааж тус тусдаа хүүхэдтэй болцгоосон болох нь тэдний өөрсдийнх нь тайлбар болон гэрч Х.Б, Л.Х нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Иймд гэрлэгсдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ч.О нь охиноо өөрийнхөө асрамжинд авч эцэг Х.Т-аар тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байгааг хариуцагч Х.Т хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж үүрэгхүлээхээр, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5-р зүйлийн 3-т эцэг эхээсээ тусдаа амьдрах үед тэдэнтэйгээ байнгын харилцаатай байх талаар тус тус хуульчилж өгсөн тул эцэг Х.Т-ын дээрхи хуулиудад заасан эрхийг эдлүүлж түүнийхүссэн үед охин Т.О-тэй нь уулзуулж, байнгын харилцаатай байх боломжоор хангахыг Ч.О-т даалгах нь зүйтэй.

Ч.О нь 2010 оны 06-р сарын 11-ний өдөр охин Т.О-г төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.

Иймд хариуцагч Х.Т-аас тэтгэлэг гаргуулж 2010 оны 06-р сарын 11-ний өдөр төрсөн охин Т.О-г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэхь хэсэгт зааснаар А овогт Х-ийн Т, П овогт Ч-ын О нарын гэрлэлтийг цуцласугай.

2. Монгол Улсын Гэр бүийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2010 оны 06-р сарын 11-ний өдөр төрсөн охин Х.О-г эх Ч.О-ын асрамжид үлдээсүгэй.

3. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2010 оны 06-р сарын 11-ний өдөр төрсөн охин Т.О-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 16 нас / суралцаж байгаа бол 18 нас / хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулж эцэг Х.Т-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Төмөрбаатараас 51814 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

6. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

7. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэхийг дурдаж, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар тэдний хэн нэг нь нөгөөдөө үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

8. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдүүд эцэг эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй болохыг дурдаж, эцэг Х.Т-ын хүссэн үед охин Т.О-тэй нь уулзуулж байнгын харилцаатай байх боломжоор хангахыг Ч.О-т даалгасугай.

9. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Ариунзаяад даалгасугай.

10. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

11. Нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ