Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шоовдорын Одонзул |
Хэргийн индекс | 140/2017/00379/И |
Дугаар | 521 |
Огноо | 2017-11-09 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 521
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул *******алж, нарийн бичгийн *******а Т.Чулуунхүү, нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж, С.С-ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ******* *******ын ******* *******т холбогдох Цагаанхайрхан сумын ******* *******ын 2017 оны 06 сарын 16-ны өдрийн 96 тоот захирамжийг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл, мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь 2010 онд Этүгэн дээд сургуулийг хүний их эмчмэргэжлээр төгссөн. 2010 оны 10 сард Цагаанхайрхан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр томилогдон 6 жил ажилласан. Тус сумын ******* *******а Ч.Б нь 2017.06.16-ны өдрийн 96 тоот тушаалаар намайг Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтаны сонгон шалгаруулах журмын 8.4-д сонгон шалгаруулалтанд ороогүй иргэнийг удирдах албан тушаалд томилохгүй гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн. Миний бие үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа учир тус сумын ******* *******ын 2017 оны 06 сарын 16-ны өдрийн 96 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл, мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар танай шүүхэд хандаж байна гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
... 2017 оны 06 сарын 16-ны өдөр өөрийн 96 дугаар захирамжаараа С.С-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Чөлөөлөх болсон үндэслэл нь С.С нэхэмжлэлдээ Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 06 сарын 05-ны өдрийн 38 дугаар тогтоол юм. Сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч нь Төрийн үйлчилгээний удирдахалбан тушаалтны ажлын байр бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах журмын 8.4-т зааснаар ажлаас чөлөөлсөн болно. Мөн нэхэмжлэгч С.С нь Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ******* *******ын 2017 оны 06 сарын 16-ны өдрийн 96 дугаарзахирамжийг 2017 оны 06 сарын 16-ны өдрийн 10 цаг 35 минутад гардан авсан бөгөөд нэхэмжлэлээ 2017 оны 07 сарын 16-ны өдрийн 17 цаг 03 минутад гаргасан байгаа нь шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна гэжээ.
Нэхэмжлэгч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 05 сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон. Удирдах ажилтаны сонгон шалгаруулалтад ороогүй гэдэг үндэслэлээр 2017 оны 06 сарын 16-ны өдрийн 96 тоот захирамжаар ажлаасаа чөлөөлөгдсөн. 2017 оны 06 сарын 16-ны өдрийн 96 тоот захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас тухайн захирамжийг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байгаа. 2017 оны 06 сарын 20-ны өдрөөс 2017 оны 11 сарын 09 өдөр хүртэл ажлын 97 хоног байгаа учраас 2.985.854 төгрөгийг нэхэмжилж байна. Би яагаад сонгон шалгаруулалтад ороогүй вэ? гэхээр би тухайн ажилд 2010 онд орсон. Тухайн үед намайг ажилд ороход Төрийн үйлчилгээний албан хаагчийг сонгон шалгаруулалтад оруулдаггүй байсан учраас энэ ажилд орсон. Тухайн үед энэ ажлын байранд томилогдохдоо сонгон шалгаруулалтад ордог байсан бол сонгон шалгаруулалтдаа ороод ажилд орох байсан байх. Яагаад тухайн сонгон шалгаруулалтад ороогүй юм бэ? гэхээр Засгийн газрын 2013 оны 60 дугаар тогтоолд зааснаар сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллага өөрөө захиалга өгөх ёстой. Ингэж захиалга өгөхдөө сул орон тоон дээр захиалга өгөх ёстой. Гэтэл би тухайн үед тэр орон тоон дээр би ажиллаж байсан учраас сул орон тоо гэж үзэхгүй. 2017 оны 06 сарын 16-ны өдөр захирамж чинь гаргаж байгаа гэж хэлсэн боловч тэр өдрөө надад захирамж гаргаж өгөөгүй. Тэгээд 2017 оны 06 сарын 19-ний өглөө надад захирамжийг танилцуулсан. Тэгээд тухайн өдрөө ажил хүлээлцэх ёстой байсан боловч тэр өдөр Элэг бүтэн Монгол хөтөлбөр хэрэгжиж байгаа учраас ажлаа хүлээлгэж өгөх боломжгүй байна үдээс хойш ажлаа хүлээлцэх гэсэн боловч тэр өдрөө ажил хүлээлцэж амьжаагүй учраас 2017 оны 06 сарын 20-ны өдөр ажил хүлээлцсэн юм. ******* *******а надад захирамжаа гардуулж өгөөгүй. Захирамж гарсан гэдгээ надад хэлж байсан гэхдээ захирамжаа надад өгөөгүй. Ажлын хэсгийнхэн миний ажлыг хүлээлцэх гэж орж ирэхдээ миний өрөөний буйдан дээр үлдээгээд явсан байсан. Та бүхэл бүтэн сум удирдаж байгаа хүн байж яагаад худлаа хэлээд байгаа юм бэ, Би 2017 оны 06 сарын 16-ны орой танай өрөөнд 2 хүүхэдтэйгээ сууж байхад захирамж гарсан гэдгийг л хэлсэн шүү дээ. Энэ захирамжийн хавсралт дээрх гарын үсэг миний гарын үсэг биш гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлаас чөлөөлсөн 96 тоот захирамжийг эс зөвшөөрч С шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 2985800 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай юм. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй. С нь 2017 оны 04 сарын 26-ны өдрийн шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон. Гэтэл С-ийн Засгийн газрын 60 дугаар тогтоолд зааснаар сонгон шалгаруулалтад орох ёстой, сул орон тоо гэж үзэж С-ийн ажлын байрыг сул орон тоо гэж үзсэн. С-ийг ажлаас чөлөөлсөн захирамж нь хууль хэрэглээний алдаа гарсан. С нь тухай үед хэрэгжиж байсан хуулийн дагуу энэ ажил албан тушаалд томилогдон ажилласан. 2010 онд энэ ажилд томилогдон ажиллаж байсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Засгийн газрын 2013 оны 60 тоот тогтоолд заасан тэр заалт нь орон тоо гарсан байгаа албан тушаалд ажилтанг томилохдоо сул орон тоо байгаа тохиолдолд сонгон шалгаруулалтад орсон иргэнийг томилох талаар заасан заалт болохоос биш тухайн орон тоон дээр ажилтан ажиллаж байхад сонгон шалгаруулалт зарлах тухай ойлголт биш юм. С-ийг ажлаас чөлөөлөхдөө хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байгаа нь энэ хүний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу С-ийг өмнө нь эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн хуулийн 46 дугаар зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны олговор гаргаж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С-ийг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь Төрийн үйлчилгээний удирдах албан хаагч нь тухайн ажиллаж байгаа ажлын байран дээр томилогдохдоо сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогддог. Хэрвээ сонгон шалгаруулалтад орж томилогдоогүй бол тухайн орон тоо сул байгаа гэж үздэг учраас Төрийн албаны салбар зөвлөлөөс 24 сумаас захиалга авсны дагуу сонгон шалгаруулалт зарласан. С тухайн ажлын байран дээр томилогдон ажиллаж байсан. Эрүүл мэндийн газраас сонгон шалгаруулалтын талаар сургалт болон мэдээллийг өгч байсан. Миний зүгээс С-ийг тухайн сонгон шалгаруулалтад орох талаар хэлж байсан. Гэтэл С тухайн сонгон шалгаруулалтад ороогүй. Сонгон шалгаруулалтад орж тэнцсэн Л.Н гэж хүнийг тухайн албан тушаалд томилуулах саналыг Төрийн албаны салбар зөвлөлөөс манайд ирүүлсний дагуу С-т 2017 оны 06 сарын 13-ны өдөр мэдэгдэх хуудас өгсөн. 2017 оны 06 сарын 16-ны өглөө захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулж С-ийн ажлыг хүлээлцүүлэхээр болж ажлын хэсгийн ахлагч Н-д захирамжийг өгсөн. Ажлын хэсгийн ахлагч тухайн өдөр С дээр очиж ажил хүлээлцэх гэсэн боловч тухайн үед хөтөлбөрийн ажил ихтэй, өөрийнхөө ажлыг цэгцлээгүй байгаа учраас өнөөдөр ажил хүлээлцэх боломжгүй байна гэж хэлж явуулсан талаар надад 11-12 цагийн хооронд ирж хэлсэн. Тэгээд С-ийн ажлыг 2017 оны 06 сарын 20-ны өдөр хүлээлцсэн. Төрийн албаны зөвлөлийн 2013 онд баталсан тогтоолд сонгон шалгаруулалтад ороогүй бол удирдах албан тушаалд ажиллуулахгүй гэсэн заалт байдаг. Үүний дагуу ажлаас нь чөлөөлсөн талаараа захирамжиндаа заасан байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С-ийг Засгийн газрын 2016 оны 60 тоот тогтоолыг үндэслэж ажлаас нь чөлөөлсөн. Тухайн тогтоолд үйлчилгээний удирдах албан тушаалд ажиллаж байгаа хүн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байх ёстой талаар заасан байгаа. Энэ тогтоолын дагуу захиалгаа өгсөн. Гэтэл энэ сонгон шалгаруулалтад С ороогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа яригдаж байгаа. Энэ зүйлд зааснаар ажилтан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэлээ шүүхэд сарын дотор гаргах ёстой. Гэтэл нэхэмжлэгч энэ хугацаагаа хэтрүүлсэн гэж манай талаас үзэж байгаа. Өөрөөр хэлбэл 2017 оны 06 сарын 16-ны өдрийн 10 цаг 35 минутад захирамжийг хүлээж аваад 2017 оны 07 сарын 16-ны өдрийн 17 цаг 03 минутад шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн байгаа. Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Нэхэмжлэгч нь 2017 оны 06 сарын 20-ны өдөр захирамжийг хүлээж авсан гэж тайлбар хэлж байгаа боловч энэ талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанаар хэлэлцэх ямар ч боломжгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч С.С-ийг Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ******* *******ын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 96 тоот тушаалаар Монгол улсын ******* захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29-р зүйлийн 29.2, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60-р тогтоолын төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 8.4, Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 06-р сарын 05-ны өдрийн 38-р тогтоолыг тус тус үндэслэн түүнийг Завхан аймгийн Цагаанхайрхан сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.
Нэхэмжлэгч С.С нь дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн ажлаас чөлөөлсөн дээрх захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ******* *******ын захирамж, зохигчдын тайлбар, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд ажил олгогч нь ажилтанг ажлаас чөлөөлөх үндэслэлээ зөв тодорхойлоогүй, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах талаар зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг баримтлахгүйгээр захирамж гаргаж ажилтанг ажлаас чөлөөлсөн байна.
Хөдөлмөрийн хууль болон Төрийн албаны тухай хуульд төрийн үйлчилгээний ажилтанг ажилд авахдаа сонгон шалгаруулна гэсэн зохицуулалт байхгүй ба ажил олгогчийн зүгээс С.С-ийг ажлаас чөлөөлөхдөө Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмыг баримталж сонгон шалгаруулалтанд ороогүй гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ.
Нэхэмжлэгч С.С нь Цагаанхайрхан сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгч эмчээр томилогдон ажиллаж байсан болох нь тус сумын ******* *******ын 2010 оны 10-р сарын 23-ны өдрийн 56 тоот захирамжаар тогтоогдож байна.
Ийнхүү нэгэнт захирамж гаргаж ажилтанг ажиллуулж байсан атлаа тодорхой хугацаа өнгөрмөгц хуулинд заагаагүй үндэслэлээр өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалтанд ороогүй байна гэдэг үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна гэж шүүх үзэв.
Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч С.С-ийг ажлаас чөлөөлсөн захирамжийн үндэслэлийн талаар маргаагүй төдийгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлахдаа Хөдөлмөрийн хуулийн 129-р зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэлээ шүүхэд сарын дотор гаргах ёстой. Гэтэл нэхэмжлэгч энэ хугацааг хэтрүүлсэн өөрөөр хэлбэл 2017 оны 06-р сарын 16-ны өдрийн 10 цаг 35 минутанд захирамжийг хүлээн авсан атлаа 2017 оны 07-р сарын 16-ны өдрийн 17 цаг 03 минутад шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн байгаа. Ийм учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Нэхэмжлэгч 2017 оны 06-р сарын 19-ний өдөр захирамжтай танилцсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ талаарх баримт хэрэгт байхгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанаар хэлэлцэх ямар ч боломжгүй гэж үзэж байна гэжээ.
Нэхэмжлэгч С.С энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа 2017 оны 06-р сарын 16-ны өдөр захирамж чинь гарсан байгаа гэж хэлсэн боловч тэр өдрөө надад захирамж гаргаж өгөөгүй. Тэгээд 2017 оны 06-р сарын 19-ний өглөө надад захирамжийг танилцуулсан гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ******* *******ын 2017 оны 06-р сарын 16-ны өдрийн 96 тоот захирамжид өөрт нь хавсралт байгаа эсэх талаар дурьдаж өгөөгүй байгаа ба хариуцагч талаас уг захирамжийн хавсралтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Уг хавсралтын зүүн дээд буланд 2017 оны 06-р сарын 16-ны өдрийн 96 тоот захирамжийн 1-р хавсралт гэж бичигдэж тамга дарагдсан байх ба түүний доор байх хүснэгтэд №1, овог нэр С.С, хүлээн авсан 10:00-10:35, гарын үсэг Сараа гэсэн бичилтүүд хийгдсэн байна.
Дээрх хавсралтын зүүн дээд буланд бичигдсэн огноо дугаар нь энэ хавсралт нь 2017 оны 06-р сарын 16-ны өдрийн 96 тоот захирамжийн хавсралт мөн юм, энэхүү захирамжийг С.С 10:00-10:30 минутад хүлээн авсан нь үнэн гэдгийг л нотлож байна. Харин С.С яг хэдэн оны хэдэн сарын хэдний өдрийн 10:00-10:30 минутад хүлээн авсан юм бэ гэдэг нь хавсралтад тодорхой заагаагүй байна.
Ийм учир хариуцагч тал ажлаас чөлөөлсөн захирамжаа нэхэмжлэгчид хэдэн сарын хэдний өдөр танилцуулснаа нотлож чадахгүй байна гэж үзэж хариуцагчийн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч С.С-ийг Завхан аймгийн Цагаанхайрхан сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 06-р сарын 16-ны өдрөөс 2017 оны 11-р сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорыг Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ЗДТГ-аас гаргуулж, түүний эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн дээрх хугацааны нөхөн олговрыг тооцохдоо Монгол Улсын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-гийн а-д зааснаар түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч С.С-ийг өмнө нь ******* *******ын захирамжаар ажлаас чөлөөлж байсан ба тус шүүхийн 2017 оны 04-р сарын 25-ны өдрийн шийдвэрээр түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэж байсан байна. Гэтэл нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтүүд хийгдээгүй байгаа учир нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх 3 сарын дундажийг өмнөх шүүхийн шийдвэрт туссанаар 2016 оны 09,10,11-р сарын дундаж цалингаас тооцох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч С.С нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт 1,985,462 төгрөгийн цалин авсан нь түүний 000256108 тоот нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна. /2016 оны 09-р сарын цалин 503546+ 10-р сарын цалин 786392 + 11-р сарын цалин 695524 = 1.985,462 төгрөг сүүлийн 3 сарын цалин, 1,985,462: 3= 661,820 төгрөг /сарын дундаж цалин/, 661,820: 21,5= 30,782 төгрөг / өдрийн дундаж цалин/
Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны / 06-р сард 11 хоног, 07-р сард 16 хоног, 08-р сард 22 хоног, 09-р сард 21 хоног, 10-р сард 22 хоног, 11-р сард 7 хоног нийт 99 хоногийн цалинг тооцоход нийт 3.047.418 төгрөг болж нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2.985.854 төгрөгнөөс давж байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тооцож хариуцагч байгууллагаас 2.985.854 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 62724 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН
ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.С-ийг Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Цагаанхайрхансумын ЗДТГ-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор болох 2.985.854 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлий 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 62724 төгрөг гаргаж улсын орлого болгосугай.
5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
6. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ