Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 982

 

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 151/ШШ2017/00982

Төв аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг, шүүгч Б.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, бага тойруу гудамж 28 дугаар байр 37 тоотод оршин суух Алаг адуу овогт Долгорын Доржготов /РД:УС60090811/

 

Хариуцагч: Төв аймаг, Баянцагаан сум, 2 дугаар баг, Баян айраг гэх газар оршин суух Зурхайч овогт Чагнаадоржийн Бямбасүрэн /РД:НЗ76110674/

          

           Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 6 530 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажлын хөлс 5 200 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Доржготов, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү, иргэдийн төлөөлөгч О.Мөнхсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

            Нэхэмжлэгч Д.Доржготов шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ч.Бямбасүрэнд 2013 оны өвлөөс 2014 оны хавар хүртэл адуу тэжээлгэж уяуулахаар өгсөн. Хэнтий аймгийн уяач Шижирбаатараас 5 сая төгрөгөөр худалдаж авсан миний хурдан удмын бор азаргыг 2014 оны 6 дугаар сараас эхлэн уяж, Төв аймгийн наадамд  уяж уралдуулаад, наадмаас буцах замдаа согтуу машин барьж яваад 2014 оны 07 сарын 02-ны өдөр онхолдож азарганы хөлийг хугалж, тасдаж уралдах, амьд байх нөхцөлгүй болгосон. Ингээд 07 сарын 04-ний өдөр Ч.Бямбасүрэнгийнд очиж азаргаа хараад хөл нь санжсан байхаар нь ингэж амьтан тамлаад яахав гээд Ч.Бямбасүрэн, М.Баттулга нарт амыг нь боочих гэж хэлсний дагуу тэд азарганы амыг боож, амийг нь тасалсан. Мөн оны намар 10 сард адуу тэжээлгэхээр өгч, 1600 боодол өвс, хивэг, овьёос өгч хавар нь цөөн хэдэн адуугаа авсан. Ч.Бямбасүрэнд адуу өгч уяуулж байхдаа унаж бай, сайн уралдуулбал өгнө гэж Ланд-80 маркийн машин нэр дээр нь шилжүүлж өгсөн. Гэтэл машин чинь эврээд болохгүй байна гэхээр нь 2014 оны 09 сарын дундуур Ланд-80 машинаа буцааж авахад урд талын капот, урд мост эвдэлж, запас дугуйг муу дугуйгаар сольсон байсан. 2014 оны намар адуу тэжээлгэхээр өгөхдөө дөнгөж Солонгос улсаас орж ирсэн Бонго Жи-3 маркийн автомашин адуу уяхдаа хэрэглэж бай гээд өгсөн боловч Ч.Бямбасүрэн согтуугаар унаж яваад айлын үхэр дайрч надаас нуун засвар хийсэн боловч буцаан хүлээж авахад хаалганы нугас, урд никель булан, хойд гэрэл, урд гупер, шил арчигчын сав эвдэрсэн байсныг засахад 300 000 төгрөг зарцуулсан. Энэ хүнтэй би адуу уяж, маллаж бай гэж хэлээд адуу малаа өгөхдөө ямар нэг гэрээ хэлцэл байгуулаагүй, хөлс тохироогүй, мөнгө гуйсан үед нь боломжоороо мөнгө өгдөг байсан, нийт 2 175 000 төгрөг өгсөн байдаг. Мөн идэшний хонь бусад хэрэгцээт зүйлс өгч байсан. Жилийн турш ажиллуулах талаар ярьсан зүйлгүй, зөвхөн хавар зуны цагт морь уяуулах үедээ хэрэгцээт мөнгийг нь өгдөг байсан.

Иймд Ланд-80 маркийн автомашины капот 300 000 төгрөг, урд мост 800 000 төгрөг, дугуй 80 000 төгрөг, Бонго Жи-3 маркийн автомашины хаалганы нугас 120 000 төгрөг, никель булан 58 000 төгрөг, хойд гэрэл 35 000 төгрөг, урд хуучин гупер 120 000 төгрөг, шил арчигчын сав 25 000 төгрөг, хурдан удмын бор азарганы үнэ 5 000 000 төгрөг нийт 6 530 000 төгрөгийн хохирол учруулсныг Ч.Бямбасүрэнгээс гаргуулж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Доржготов нь 2014 оны 05 сараас морь уяад өгөөч гэж  Ч.Бямбасүрэнгийнд ирсний дагуу үнэ хөлсөө тохирч нэг сарын 500 000 төгрөгөөр тохирч морийг нь уяж эхэлсэн. Энэ хугацаанд хүү Сумъяабазар эмнэг морьдыг нь сургаж, охин Санчирмаа унаач хүүхдийг нь хийдэг байсан бөгөөд цалингаа авах талаар хэлэхэд чамд машин өгнө гэж хэлдэг байсан. 2014 оны 07 сард Төв аймгийн наадамд явах болоход Д.Доржготов морь ачих унаагүй байсан ба Ч.Бямбасүрэнгийн гадаа хадам аавынх нь тормоз барьдаггүй, эвдрэлтэй Пронтер маркийн машин байсныг Д.Доржготов уг машинаар морио ачиж явна гэхээр нь Ч.Бямбасүрэн гэмтэлтэй машин гээд хориглосон боловч хариуцлагыг нь би хүлээнэ гээд ачаад наадамд явсан. Ч.Бямбасүрэн наадмаас тараад даваа өөд өгсөн морио ачаад явж байхад машин хүч алдан зогсож, ухарч байх үедээ онхолдох үед бор азарганы хөл хугарч гэмтсэн юм. Тухайн үед Ч.Бямбасүрэн азарганы хугарсан хөлийг боож эмчилж байхад 2014 оны 07 сарын 13-ны шөнө Д.Доржготов согтуу ирээд адуучин М.Баттулгаараа амыг нь бариулсан юм. Ланд-80 машин, Бонго Жи-3 машиныг морь мал сайн уявал өгнө гэж хэлдэг байсан, эдгээр машиныг эвдэлж хэмхлээгүй бүрэн бүтэн буцааж өгсөн, одоо юу нэхээд байгааг нь ойлгохгүй байна. Нийт ажилласан нэг жилийн хугацаанд нэхэж байж 1 300 000 төгрөг авсан байдаг. 2015 оны 05 сараас таарамж муутай болж, намайг цагдаад өгч, надаас мал авсан ба одоо ямар нэг авлаг байхгүй гэж тохирсон байсан. Би энэ хүнийг хэдий муудалцсан ч гэсэн цалингаа өгөх байх гэж их хүлээсэн, хэлсэн. Өнөөдрийг хүртэл тохиролцсон хөлсөө өгөхгүй байгаа тул 2014 оны 05 сараас 2015 оны 05 сар хүртэл ажлын үлдэгдэл хөлс 5 200 000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Доржготов хариуцагч Ч.Бямбасүрэнд холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 6 530 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ч.Бямбасүрэн эс зөвшөөрч, ажлын хөлс 5 200 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргаж байна.

1.Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 6 530 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч Д.Доржготов нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч Ч.Бямбасүрэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад миний хурдан удмын бор азарганы хөлийг хугалж уралдах, амьд байх нөхцөлгүй болгосон тул адууны үнэ 5000 000 төгрөг,

морь уяж байх хугацаанд нь унаж, хэрэглүүлж байхаар өгсөн Ланд-80 автомашины урд талын капот, урд мост эвдэлж, запас дугуйг муу дугуйгаар сольсоны үнэ 1180 000 төгрөг,

мөн Бонго Жи-3 автомашины эд зүйлийг эвдэлсэн тул үнэ 358000 төгрөг, нийт 6538 000 төгрөг гаргуулна гэж,

хариуцагч Ч.Бямбасүрэн татгалзлын үндэслэлээ “Д.Доржготовын хурдан удмын морийг 2014 оны 05 сараас уядаг байсан, 2017 оны 07 сарын 02-ны өдөр 5 адуу ачаад Төв аймгийн наадмаас буцаж явахад машин хүч алдан зогсоход бор азарга үсэрч буугаад хөл нь хугарсан. Би бор  азаргын хөлийг нь эмчилж байхад  2014 оны 07 сарын 13-ны шөнө Д.Доржготов нь адуучин Баттулгаар бор азарганы амыг нь боосон юм.

-тухайн үед Д.Доржготов гуай надад Ланд 80 маркын машин бэлэглэж байсан боловч буцаагаад авсан,

-мөн дараа нь надад “бонго 3” гэдэг машин авч өгөөд нэр дээр шилжүүлсэн боловч таарамж муутай болсноос хойш буцааж авсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.   

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зохигчдийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

-Нэхэмжлэгч Д.Доржготов өөрийн эзэмшлийн хурдан удмын бор азарга болон   бусад адуунуудыг хариуцагч Ч.Бямбасүрэнгээр маллуулж, уяулахаар улмаар морь сайн уясан тохиолдолд машин өгөхөөр харилцан тохиролцож, 2014 оны 05 сард адуунууд болон 2014 оны 06 сард Ланд 80 маркын машин, 2015 оны 02 сард Бонго жи 3 маркын автомашинуудыг Ч.Бямбасүрэнд хүлээлгэн өгсөн байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь морь уяулахаар өгсөн, морь сайн уяж уралдуулбал автомашин өгөхөөр тохиролцсон болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар хэн аль маргаагүй байна.

Зохигч талуудын хооронд үүссэн дээрх хэлцлийг агуулгаас үзвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэлээ.

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх харин ажиллуулагч нь хөлс төлөх үүрэг хүлээснээс үзвэл уг гэрээний зүйл нь ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл ажиллагч Ч.Бямбасүрэн морь мал уях, маллах ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч Д.Доржготов хөлс төлөх үүрэг хүлээжээ.

   Нэхэмжлэгч Д.Доржготов нь хариуцагч Ч.Бямбасүрэнг 2014 оны 07 сарын 04-ний өдөр морь ачиж, автомашин жолоодож явахдаа согтуурсанаас хурдан удмын бор азарга машинаас үсэрч хөл нь хугарсан, морь маань амьд байх нөхцөлгүй болгосон тул амыг нь боосон гэж тайлбарлаж, тухайн морийг н.Шижирбаатар гэх иргэнээс худалдаж авсан үнэ болох 5000 000 төгрөг нэхэмжилсэн.

Харин хариуцагч Ч.Бямбасүрэнгийн 2014 оны 07 сарын 02-ны өдрийн санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан эсэх, түүний үйлдэл, эс үйлдэхүй ба учирсан гэх хохирол буюу азарганы  үнэ  5000 000 төгрөгийн хоорондын шалтгаант холбоо хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.  

Мөн нэхэмжлэгч Д.Доржготов тухайн азарганы  хөл хугарсан үед эмчид үзүүлж эмчлүүлэхгүйгээр өөрийн санаачилгаар азарганы амыг боож, амийг нь тасалсан үйлдэлд хариуцагч Ч.Бямбасүрэн хамааралгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Д.Доржготов Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2-д зааснаар хариуцагч Ч.Бямбасүрэнгээс азарганы үнэ 5000 000 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал хариуцагч Ч.Бямбасүрэнг Ланд-80 болон Бонго Жи-3 автомашины эд ангийг эвдэлж, эд хөрөнгөнд хохирол учруулсан гэх тайлбар гаргадаг боловч дээрх автомашинууд нь үйл баримт болсон үед хэний эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй байсан, талууд хоорондоо автомашинуудыг   хүлээлцэхэд эвдрэл гэмтэлтэй байсан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн тухайн автомашинуудын эвдрэл гэмтэлд хариуцагчийн ямар буруутай үйлдэл эс үйлдэхүй байгаа эсэх, учирсан хохирол гэх Бонго Жи-3 автомашины сэлбэг авсан гэх баримт /хх-4/, Ланд-80 автомашины сэлбэг авсан гэх баримт /хх-5/ огноо нь засвартай байх тул тухайн баримтуудыг үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байна.

 Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2-д заасан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Ажлын хөлс 5 200 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч Д.Доржготов хариуцагч Ч.Бямбасүрэн нарын хооронд бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй боловч морь уяулах санал гаргасан, морь уях саналыг хариуцагч хүлээн авч морийг нь уяж байсан, хэрэгцээтэй үед нь мөнгө өгч байсан нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Харин хариуцагчийн хийж буй үйлдэл буюу морь уях ажил нь хариу төлбөрийн шинжтэй боловч талууд хөлсийг 500 000 төгрөг гэж тохироогүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байх тул  ажлын хөлс 5 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Ч.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй нэхэмжлэгч  Д.Доржготовт холбогдох ажлын хөлс 5 200 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа хуульд заасан бичмэл баримтын шаардлага хангасан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, “АТ Трейд ХХК САНХҮҮ” гэх дардастай зарлагын баримт /хх-4/, “Эрдэнэт мал сүрэг ХХК САНХҮҮ” гэх дардастай зарлагын баримт /хх-5/, аймгийн алдарч уяач Шижирбаатар гэсэн бичилттэй баримт /хх-6/, итгэмжлэл /хх-8,12/, Төв аймгийн Прокурорын газрын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2/802 албан тоот /хх-33/, Хаан банкны орлогын мэдүүлэг /хх-41-46/ зэргийг нотлох баримтаар үнэлсэн бөгөөд хавтаст хэргийн 21, 30-31 дүгээр тал дахь баримт нотлох баримтын шаардлага хангахгүй баримт болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Д.Доржготовын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 6 530 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлдээ  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119 430 төгрөг, Ч.Бямбасүрэнгийн ажлын хөлс 5 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Доржготовын нэхэмжлэлтэй Ч.Бямбасүрэнд холбогдох  эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 6 530 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д зааснаар хариуцагч Ч.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй нэхэмжлэгч Д.Доржготовт холбогдох ажлын хөлс 5 200 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Д.Доржготовын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119 430 төгрөг, Ч.Бямбасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.ЭНХТӨР

 

                                                 ШҮҮГЧИД                             Л.МӨНХЦЭЦЭГ

 

                                                                                               Б.ЦОЛМОН