| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2017/0463/Э |
| Дугаар | 2017/ ШЦТ/431 |
| Огноо | 2017-10-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2017/ ШЦТ/431
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн дарга Ц.Золзаяа, улсын яллагч Д.Нямсүрэн, шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Одон бор овогт Ц.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725031251 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, эхнэр, хүүхдийн хамт, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Одон бор овогт Ц.Э
Шүүгдэгч Ц.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүгдэгч Ц.Э нь 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13-10 тоотод хамтран амьдрагч Д.Саранг зодож, түүний бие махбодид нь тархи доргилт, хамрын таславч мурийлт, хүзүү, баруун нүдний зовхи, уруул, бугалга, гуя, гарын шуунд шалбаралт, цус хуралтууд бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Сарангийн мөрдөн байцаалтад өгсөн: “ ...2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Эын ах Эрдэнэцогтын гэрт буюу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 13-10 тоотод амьдарч байсан. Ц.Эыг ажлаасаа ирэхэд нь хүүхдээ харуулж үлдээгээд найзуудтайгаа уулзахаар гарсан. Тэгээд найзуутайгаа ганц хоёр пиво ууж байгаад 07-08-нд шилжих шөнийн 04 цагийн үед гэртээ ирсэн. Орж ирэхэд Э хүүхдээ угжиж байсан, угжиж дуусахаар нь хувцасаа тайлаагүй хажуугаар нь орж хэвтэхэд Э “чи хааччихаад ирдэг юм бэ?, яасан удаж ирдэг юм бэ” гээд гараа атгаж байгаад нүүр рүү 2 удаа цохисон. Тэгээд би ариун цэврийн өрөө рүү ороод толинд харахад миний дээд уруул язраад, амнаас цус гарчихсан, баруун нүд хөхөрсөн байсан. Тэгээд Эыг ороод ирэхээр нь би уурлаж маргалдсан, түүнийг маажсан. Тэгсэн чинь ах нь “чи хар үүрээр орж ирчихээд хэрүүл маргаан хийхээ боль, дуугүй унтацгаа” гэхээр нь чимээгүй болоод жаахан байж байтал Э гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23х/ Гэрч Ц.Лхагвасүрэн /хх-ийн 25х/, Ю.Энхцэцэг /хх-ийн 29х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хохирогч Д.Сарангийн биед үзлэг хийсэн №7675 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Иймд шүүгдэгч Ц.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Одон бор овогт Ц.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Эыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ