| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/0904/И |
| Дугаар | 1044 |
| Огноо | 2017-10-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 1044
| 2017 оны 10 сарын 17 өдөр | Дугаар 151/ШШ2017/01044 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг, Баруун зуун мод 8а гудамж, 3 тоотод оршин суух Шар овогт Саранхүүгийн Солонго /НЭ82061961/
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг, 8а-03 тоотод оршин суух Боржигон овогт Пүрэвийн Уламбадрах /ЧБ81080714/-д холбогдох,
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Солонго, хариуцагч П.Уламбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.Солонго шүүхэд гаргасан нэхэмжлэл болон: “Миний бие С.Солонго нь П.Уламбадрахтай гэр бүл болж 2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болж 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Энэ хугацаанд 2006 онд хүү Түмэн-Өлзий төрсөн. Анх хамтран амьдарч байхдаа архи бага хэмжээгээр хэрэглэдэг байсан. П.Уламбадрах нь архи уух их сонирхолтой бөгөөд архи уусаар байгаад ажлаасаа халагдсан. 2014 онд архи ууж гэртээ согтуу байж байгаад цонхоор унаж өөрийгөө гэмтээж байсан. Энэ хүний архи ууж, ааш авиртай болж байгаа нь өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ийм архи уудаг хүний хажууд өсч байгаа хүүхэд маань их айдастай байдаг болсон. П.Уламбадрах нь архи уухаараа агсам тавьж, гэр орондоо үргэлж архидан согтуурч, хүүхдийн минь хажууд үргэлж хэл амаар доромжлон, нэг бус удаа гар хүрч байсан ба заримдаа цагдаад хэлдэг, заримдаа хэлж чаддаггүй өнгөрөөдөг байсан. Харин хамгийн сүүлд 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр согтуу үедээ боож алхаа шахсан. Би ийм балмад хүнтэй цаашид амьдрах хүсэлгүй байна. Яагаад гэвэл үргэлж согтуу, зорилго гэдэг зүйл байдаггүй, би энэ талаар маш их шаардлага тавьж өөрийг нь засч амьдрал ахуйгаа авч үлдэхийн тулд чадах бүх зүйлийг хийсэн. Гэвч энэ хүн архинаас өөр зүйл хэрэггүй, гэр бүл үр хүүхдээ боддоггүй. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч С.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ хүнийг амьдрал, үр хүүхдээ бодож, архи ууж, агсан согтуу тавихаа болиоч гэж олон жил гуйсан, одоо тэсвэр барагдаж байна. Хүүтэйгээ уулзсан үедээ ч архи уугаад биднийг хэлэх хэлэхгүй үгээр хэлж давшилдаг. Дахиж амьдрах боломжгүй.” гэв.
Хариуцагч П.Уламбадрах шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа: “П.Уламбадрах би ахиж архи дарс ууж эхнэр хүүхдээ зовоохгүй гэдгээ амлаж байна. Авгай хүүхдээ дахиж зовоохгүй, ажил төрөл хийж цаашид амьдрал ахуйгаа дээшлүүлэн гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлж амьдрахаа дахин дахин амлаж байна. Гэрлэлтээ цуцлуулмааргүй байна.” гэжээ.
Хариуцагч П.Уламбадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өндөр газраас унаж гэмтснээс болж байнга бие өвддөг болсон, архи ууж өвчнөө намдаах үе гардаг. Эхнэртээ гар хүрч байсан тохиолдол бий, дахиж тэгэхгүй. Эхнэр, хүүхэдтэйгээ хамт амьдармаар байна.” гэв
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.Солонго хариуцагч П.Уламбадрахад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид 2004 онд гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бүртгүүлэн хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүү У.Түмэн-Өлзийг төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-5/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар /хх-6/ тогтоогдож байна.
Хариуцагч П.Уламбадрах архи уудаг, архи уусан үедээ агсан тавьж нэхэмжлэгч С.Солонгод удаа дараа гар хүрч, зоддог байсан нь зохигчдийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, Хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Дэлгэрхандын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шүүгчийн шийтгэвэр /хх-8/-ээр нотлогдож байна.
Зохигчдийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад гэрлэгчид эвлэрэх боломжгүй болох нь тогтоогдож байна гэж үзлээ. Гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэдэг нь гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй болохыг ойлгох бөгөөд хариуцагч П.Уламбадрах согтууруулах бодис байнга хэрэглэдэг, гэр бүлийн гишүүн С.Солонгын биед халдах, айлгах, сүрдүүлэх зэргээр түүний сэтгэл санаа, бие махбодид хохирол учруулсан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар шүүх гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч С.Солонго төсвийн байгууллагад ажилладаг, байнгын ажлын байртай, орлоготой байх тул түүний ахуйн нөхцөл, бололцоо, хүүхэд эхдээ илүү ээнэгшин дассан байдал зэргийг харгалзан үзэж хүү У.Түмэн-Өлзийг эх С.Солонгын асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийн үүрэг гэж тус тус заасны дагуу эцэг П.Уламбадрахаар хүү У.Түмэн-Өлзийг хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх үндэстэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 28,209 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Шар овогт Саранхүүгийн Солонго, Боржигон овогт Пүрэвийн Уламбадрах нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү У.Түмэн-Өлзийг эх С.Солонгын асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү У.Түмэн-Өлзийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ -тай болон насан хүрээгүй боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг П.Уламбадрахаар тэжээн тэтгүүлсүгэй.
4.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, эрхийг нь хамгаалах үүрэг хэвээр үргэлжлэхийг эцэг П.Уламбадрах, эх С.Солонго нарт үүрэг болгосугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Уламбадрахаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Солонгод олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч П.Уламбадрахаас 28,209 төгрөгийг гаргуулж “Хас” банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд тушааж, улсын орлогод оруулсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар шүүхийн энэ шийдвэрийг хариуцагч П.Уламбадрах сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.
9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Эрдэнэцэцэгт даалгасугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР