| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2020/0360/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/360 |
| Огноо | 2020-11-11 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/360
2020 11 11 2020/ШЦТ/360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буянгууд овогт Балдандоржийн Баттулгад холбогдох эрүүгийн 2021003900405 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг Ялалтын ,,,тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэж байсан, Буянгууд овогт Балдандоржийн Баттулга /РД: РД/
Шүүгдэгч Б.Б нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Шүр” захын хойно 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн орчимд согтуугаар иргэн З.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд:“...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг
Хохирогч З.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн орчимд “Шүр “ захын орчимд Энх-Од, Бат-Эрдэнэ бид гурав архи уугаад сууж байсан чинь Баяндун сумын иргэн болох Баттулга ирээд Бат-Эрдэнэтэй маргалдаж эхэлсэн. ... Бат-Эрдэнийг газар унагаад дээрээс нь газарт байсан труба аваад цохих гэж байхаар нь би голоор нь орж салгах гээд баруун гараараа хаахад Баттулга нь Бат-Эрдэнийг төмрөөр цохих гэж байхдаа миний гарыг цохичихсон... миний баруун гарын шуу хэсгээр хугарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар тал/
Гэрч А.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагийн үед гэрээсээ гарч Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шүр” зах дээр очиж найз Батмөнх, Энх-Од нартай таарч архи уусан. Орой 18 цагийн үед “Шүр” захын хойд талд бид 3 архи уугаад сууж байхад Баттулга бид 3 дээр ирээд Батмөнхтэй нэг мэдэхэд маргалдаж байхаар нь би Баттулгад чи миний найзтай яагаад маргалдаад байгаа юм, боль, одоо чи цаашаа яв гэж хэлэхэд Баттулга нь над руу уурлаж надтай барьцалдаж авахад Батмөнх бид хоёрыг салгаж Баттулгыг цаашаа яв гэж хэлэхэд Баттулга нь газраас труба төмөр авч Батмөнхийн баруун гарын шуу хэсэг рүү нь цохичихоод зугтаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.Уянгын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 581 дугаар:
1. З.Б биед баруун шуу ясны далд бяцарсан хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт. /хх-ийн 27-28 дугаар тал/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 37 дугаар тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 39-46 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Б.Б нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Шүр” захын хойно 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн орчимд согтуугаар иргэн З.Б баруун гарын шуу хэсэгт төмөрөөр цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч З.Батмөнх, гэрч А.Бат-Эрдэнэ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.Уянгын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 581 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Баттулгыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч З.Батмөнх нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардлаа шүүгдэгчээс авсан гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Б нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгч Б.Баттулгын үйлдсэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн үйлдэл байх бөгөөд түүний “залилах” гэмт хэрэг үйлдэхээс өмнөх үйлдэл байна. Өөрөөр хэлбэл Б.Баттулгын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шүүхээр шийдвэрлэгдсэн “залилах” гэмт хэрэг нь 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэрэг байна. Шүүхээс Б.Баттулгад ял оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг харгалзан үзэж заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзлээ.
Иймээс Б.Баттулгад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Баттулгыг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Балдандоржийн Баттулгыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж, нэгтгэн нийт эдлэх ялыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Баттулгын РД тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч Б.Баттулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Буянгууд овогт Балдандоржийн Баттулгыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Балдандоржийн Баттулгыг 500 нэгжтэй хэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Б.Баттулгад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж” гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Балдандоржийн Баттулгад 500 нэгжтэй хэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Баттулгад мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсаныг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баттулгын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Б.Баттулгад торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн РД тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Баттулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА