| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/0700/И |
| Дугаар | 1078 |
| Огноо | 2017-10-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 1078
| 2017 оны 10 сарын 30 өдөр | Дугаар 151/ШШ2017/01078 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 21 байр 176 тоотод оршин суух Бэсүд од овогт Базаррагчаагийн Алдармаа /НЭ69100262/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Жаргалант сум, Баянбулаг 3 дугаар баг, Гангын 2б-1-1 тоотод оршин суух Тугчин овогт Гунаагийн Ганбат /НМ70121710/-д холбогдох,
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Алдармаа, хариуцагч Г.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Алдармаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Бид 1999 онд танилцаж улмаар 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан ба бидний дундаас 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр охин Г.Нандин-Эрдэнэ, 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр охин Г.Сувд-Эрдэнэ нар төрсөн. Бид зан харьцаа, архи агсам согтуугийн таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2013 оноос эхлэн тусдаа амьдрах болсон. ...Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Алдармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх 1999 онд танилцаж 2008 оны 11-р сарын 17-нд гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд 2008 оны 10-р сарын 21-нд охин Нандин-Эрдэнэ төрсөн. 2010 оны 11-р сарын 2-нд охин Сувд-Эрдэнэ төрсөн. Архи уухаараа гар хүрдэг. Салаад 4 жил болох гэж байна. Гэр бүлийн хүчирхийлэлд байдаг байсан. Одоо энэ хүний зан ааш нь засарсан гэдэгт итгэхгүй байна. Иймд гэр бүлээ цуцлуулж хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгомоор байна” гэв.
Хариуцагч Г.Ганбат шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Алдармаатай 1999 оноос 2014 оныг хүртэл амьдарсан энэ хугацаанд бидний дундаас 2 охин төрсөн. 2008 онд том охин Г.Нандин-Эрдэнэ, 2010 онд бага охин Г.Сувд-Эрдэнэ нар төрж эсэн мэнд аж төрж сурч хүмүүжиж байна. Би хүүхдүүдээ өөрийн хэмжээнд өсгөх үүргээ хүлээж зохих хэмжээгээр өнөөдрийг хүртэл үүрэг хариуцлага хүлээж амьдарч ирсэн. Би өөрийн болгоомжгүй байдлаас болж гэмт хэрэгт холбогдож 2017 оны 08 дугаар сарын 15-нд тэгшитгэлийн хуулиар суллагдсан. Миний бие өнөөдрийг хүртэл сэтгэл санааны хүнд байдалтай, эд материалын их шаналгаатай өр төлбөртэй болж үлдсэн. Гэсэн хэдий ч үр хүүхэд болон ханиа хайрлах сэтгэл минь хэвээрээ байгаа. Хамтын амьдралд элдэв саад тотгор гарч байгаа хэдий ч гэр бүлээ бүтэн байлгахыг хүсч байна. Үр хүүхдээ өнчрүүлж амьдын хагацал үзүүлэхийг хүсэхгүй байна. Одоогоор эрхэлсэн тодорхой ажил байхгүй өөрийн гэсэн гэр орон байхгүй байгаач хүүхдүүддээ эцгийн ёсоор хандаж байгаа. Би гэр бүлээ цуцлуулахыг хүсэхгүй байна” гэжээ.
Хариуцагч Г.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариу тайлбараа өгсөн байгаа. Өөр нэмж ярих зүйлгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Алдармаа хариуцагч Г.Ганбатад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид 1999 онд гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр бүртгүүлэн хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр охин Г.Нандин-Эрдэнэ, 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр охин Г.Сувд-Эрдэнэ нар төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-4/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар /хх-5-6/ тогтоогдож байна.
Зохигчдийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад гэрлэгчид эвлэрэх боломжгүй болох нь тогтоогдож байна гэж үзлээ.
Гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэдэг нь гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй болохыг ойлгох бөгөөд хариуцагч Г.Ганбат согтууруулах бодис байнга хэрэглэдэг, гэр бүлийн гишүүн Б.Алдармаагийн биед халдах, айлгах, сүрдүүлэх зэргээр түүний сэтгэл санаа, бие махбодид хохирол учруулсан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар шүүх гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Алдармаа төсвийн байгууллагад ажилладаг, байнгын ажлын байртай, орлоготой байх тул түүний ахуйн нөхцөл, бололцоо, хүүхэд эхдээ илүү ээнэгшин дассан байдал зэргийг харгалзан үзэж охин Г.Нандин-Эрдэнэ, Г.Сувд-Эрдэнэ нарыг эх Б.Алдармаагийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийн үүрэг гэж тус тус заасны дагуу эцэг Г.Ганбатаар охин Г.Нандин-Эрдэнэ, Г.Сувд-Эрдэнэ нарыг хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 56,964 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Бэсүд од овогт Базаррагчаагийн Алдармаа, Тугчин овогт Гунаагийн Ганбат нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Г.Нандин-Эрдэнэ, 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Г.Сувд-Эрдэнэ нарыг эх Б.Алдармаагийн асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Г.Нандин-Эрдэнэ, Г.Сувд-Эрдэнэ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ -тай болон насан хүрээгүй боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Ганбатаар тэжээн тэтгүүлсүгэй.
4.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, эрхийг нь хамгаалах үүрэг хэвээр үргэлжлэхийг эцэг Г.Ганбат, эх Б.Алдармаа нарт үүрэг болгосугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ганбатаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Алдармаад олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Г.Ганбатаас 56,964 төгрөгийг гаргуулж “Хас” банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд тушааж, улсын орлогод оруулсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар шүүхийн энэ шийдвэрийг хариуцагч Г.Ганбат сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.
9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Эрдэнэцэцэгт даалгасугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР