| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 183/2017/0753/и |
| Дугаар | 1334 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 1334
Ц.Ариунтуяагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/00753 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ц.Ариунтуяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Монголын иргэний агаарын тээвэр” ХК-д холбогдох
Тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж, Э.Рэнчинболд нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Сэлэнгэ
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Батсайхан
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Рэнчинболд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “МИАТ” ХК-тай 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 04Б/05 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан БНСУ-ын Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын Суудал захиалагч-билет бичигч ажил үүргийг хүлээн авснаас хойш “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ” байгуулан ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэрээг байгуулахад ажил олгогчийн төлөөлөгчөөс байнгын ажлын байр болохыг мэдсэн. Ажил олгогчийн Б/07 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23, 37.1.3, 38.1.3, 43 дугаар зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар, 23.2.2-т энэ хуулийн 23.2.1-д зассан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулахаар заасан боловч гэрээг хугацаатай байгуулах ажлын байранд ажиллаж байсан ажилтан захиргааны чөлөөтэй, жирэмсний амралттай, өвчтэй гэх мэт нөхцөл үүсээгүй байсан. Ажил олгогч гэрээг давуу эрх эдэлж надтай хугацаатай байгуулахыг шаардсан нь Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчсөн шаардлага байсан ба би ажилтай байхын тулд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Маргаан бүхий тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлийг тусгасан боловч цаашид ямар шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ сунгагдахгүй болсон шалтгааныг дурдаагүй. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар зөвхөн Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр цуцалдаг. Миний ажиллаж байсан ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Ажил алба нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуй, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хориглоно” гэсэн заалт, хөдөлмөрийн гэрээний 9.3-т гэрээг 40.1-д заасан үндэслэлээр цуцлах гэснийг зөрчсөн тул ажлаас буруу халсан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас чөлөөлөх тухай“ Б/07 тоот тушаалыг хүчингүй болгож, БНСУ-ын Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын Суудал захиалагч-билет бичигчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үөийн цалинг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МИАТ” ХК-ийн ТУЗ-ийн 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 20/12 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар гадаадын төлөөлөгчийн газруудыг шинэчлэн байгуулж, БНСУ-ын Сөүл хот дахь төлөөлөгчийн газрыг 5 орон тоотой байхаар баталсан. Зуны нислэгийн давтамж, ачаалал нэмэгдэж байгааг харгалзан гүйцэтгэх захирлын 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/305 дугаар тушаалаар тус төлөөлөгчийн газарт суудал захиалагч-билет бичигчийн 1 орон тоог түр хугацаагаар нэмэгдүүлэн Ц.Ариунтуяаг томилж, 2 тал харилцан тохиролцож, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл компанийн үндсэн орон тоо биш, ажлын ачаалал, шаардлагаар түр нэмэгдүүлсэн орон тоо ба түүнтэй хугацаатай гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасанд нийцэж байгаа. Ц.Ариунтуяагийн хөдөлмөрийн гэрээний хугацааг түүний гаргасан хүсэлт болон ачаалал, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг өргөжүүлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх, компанийн зорилтот түвшинг биелүүлэх, төлөөлөгчийн газрын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор харилцан тохиролцож тухай бүр сунгаж байсан. Ажлын ачаалал болон Зам, тээврийн хөгжлийн яамнаас шалгалт хийгдэж байгаатай холбоотой 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу хөдөлмөрийн гэрээний хугацаа дээрхи хугацаанд дуусгавар болсон. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 10 дугаар сарын 13-ны удирдамжийн дагуу компанийн ТУЗ-ийн 2016 оны 11 дүгээр 11-ний өдрийн 02/17 дугаар тогтоолоор бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн баталж, тогтоолын дагуу гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Сөүл хот дахь төлөөлөгчийн газрыг 5 орон тоотой баталсан. Улмаар гадаадын төлөөлөгчийн газарт ажиллаж байсан бүх хөлсөөр ажиллах болон хөдөлмөрийн хугацаатай түр гэрээтэй ажиллаж байсан ажилтнуудын гэрээний хугацааг дуусгавар болгосон. Зам, тээвэр хөгжлийн яамны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 38-07, 09-01/07 дугаар удирдамжийн дагуу хийгдсэн шалгалтын тайлангийн гадаад улс дахь төлөөлөгчийн 6 газарт батлагдсан орон тоогоор 20 хүн ажиллахаас 26 хүн ажиллаж байгаа нь Засгийн газрын 2015 оны 157 дугаар тогтоолын 3.3-т шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын ачааллыг нягтруулж, орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн. Нэгэнт компанийн ТУЗ-өөс орон тоо баталсан, салбарын яам хувьцаа эзэмшигч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ажлын ачааллыг нягтруулах, орон тоо бууруулах чиглэл өгсөн тул Ц.Ариунтуяад хөдөлмөрийн түр гэрээг сунгахгүйгээр дуусгавар болгох мэдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуудсаар мэдэгдсэн. Ц.Ариунтуяагийн түр орон тоонд ажилласан, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн түр гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Их тугч овогтой Цэдэн-Ишийн Ариунтуяаг /РД:ШБ77052566/ “Монголын иргэний агаарын тээвэр” ХК-ийн БНСУ-ын Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын Суудал захиалагч-билет бичигчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 14 546 000 төгрөг гаргуулан, Ц.Ариунтуяад олгож, Хөдөмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогоос буцаан олгож, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 230 680 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж, Э.Рэнчинболд нар давж заалдах гомдолдоо “...Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 11 сарын 24-ний өдрийн 20/12 дугаар тогтоолоор БНСУ-ын Сөүл хот дахь төлөөлөгчийн газрыг 5 орон тоотой байхаар баталсан боловч зуны нислэгийн давтамж, ачааллыг харгалзан гүйцэтгэх захирлын 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/305 дугаар тушаалаар тус төлөөлөпчийн газарт Суудал захиалагч-билет бичигчийн нэг орон тоог түр хугацаагаар нэмэгдүүлэн Ц.Ариунтуяаг тус орон тоон дээр томилж, хоёр тал харилцан тохиролцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн дагуу хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан.
Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ орон тоог түр нэмэгдүүлэн томилсоныг хүлээн зөвшөөрсөн. Мөн "...талуудын байгуулсан хөдлөмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зуйлийн 23.2.3-т түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулна гэсэнтэй нийцэж байх бөгөөд гэрээг 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөес 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 3 удаа сунгалт хийж, хамгийн сүүлд Зам, тээврийн хөгжлийн яамнаас хийсэн шалгалтын тайлан, дүгнэлт гарах хүртэл 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан байна..." гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл тухайн орон тоо нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөгдөөгүй түр орон тоо юм.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн удирдамж, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02/17 дугаар тогтоолын дагуу гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар гадаад улсын төлөөлөгчийн газрын бүтэц, орон тоог баталсан ба Сөүл хот дахь төлөөлөгчийн газрыг мөн 5 орон тоотой байхаар баталсан. Өөрөөр хэлбэл тус төлөөлөгчийн газарт орон тоо нэмэгдүүлээгүй. Мөн Зам, тээвэр хөгжлийн яамны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 38-07,09-01/07 дугаар удирдамжийн дагуу хийгдсэн шалгалтын тайлангийн 4.5.1-д " ...Гадаад улс дахь төлөөлөгчийн 6 газарт батлагдсан орон тоогоор 20 хүн ажиллахаас 26 хүн ажиллаж байгаа нь Засгийн газрын 2015 оны 157 дугаар тогтоолын З.З-д "...шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх..." гэж заасныг зөрчсөн..." гэж дүгнэсэн. Уг дүгнэлтийн дагуу гадаад улс дахь төлөөлөгчийн газарт ажиллаж байсан бүх хөлсөөр ажиллах гэрээтэй болон хөдөлмөрийн түр гэрээтэй ажиллаж байсан ажилтнуудын гэрээний хугацааг дуусгавар болгосон үйл баримтыг анхан шатны шуүх буруутгаагүй. Ц.Ариунтуяад хөдөлмөрийн гэрээний хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож, дуусгавар болгох мэдэгдэх хуудсыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр компанийн дотоод шуудангаар хүргүүлсэн. Энэ талаархи нотлох баримт хавтаст хэрэгт байгаа боловч шүүх үйл баримтаар нотлогдохгүй гэж үзсэнд гомдолтой байна.
Нөгөө талаар Ц.Ариунтуяа нь түр нэмэгдүүлсэн орон тоонд хөдөлмөрийн хугацаатай гэрээг ажил олгогчтой харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулж 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажил, үүргээ гүйцэтгэхээ мэдэж байсан. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт тус хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой ба Ц.Ариунтуяагийн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон нь хуулийн дээрх үндэслэлд хамааралгүй болно. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох хөдөлмөрийн гэрээг цуцлах нь эрх зүйн хоёр өөр үр дагвартай болно.
Ц.Ариунтуяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь:
а. Байнгын ажлын байранд хөделмөрийн хугацаатай гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсгийг зөрчсөн;
б. Хөдөлмөрийн гэрээ сунгагдахгүй болсон шалтгаан тодорхой биш;
в. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслээгүй тул ажлаас буруу халсан гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргадаг. Гэтэл анхан шатны шүүх нэмжлэлийн шаардлагад хамааралгүй үйл баримтад дүгнэлт хийсэн төдийгүй Ц.Ариунтуяад мэдэгдэх хуудас хүргүүлсэн баримт байсаар байтал түүнийг үнэлж, тодруулахгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ц.Ариунтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Ц.Ариунтуяа нь хариуцагч “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолох, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Ц.Ариунтуяа нь “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/305 тушаалаар БНСУ-ын Сөүл хот дахь төлөөлөгчийн газарт суудал захиалагч-билет бичигчээр түр томилогдон ажиллаж байгаад тус байгууллагын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан дээрх тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 1-2, 13-14, 34, 54, 55-61/
Ажил олгогч нь 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ц.Ариунтуяатай 04Б/05 дугаартай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан байх ба уг гэрээний хугацааг удаа дараалан сунгалт хийж, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан үйл баримт тогтоогдож байна. /хх 55-61/
Дээрх хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсноор ажил олгогч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасантай нийцсэн гэж үзнэ.
Ажил олгогч нь нэгэнт хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан журмыг баримтлах үүрэггүй байхад хийсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Иймд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ц.Ариунтуяагийн хариуцагч “Монголын иргэний агаарын тээвэр” ХК-д холбогдуулан гаргасан “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолох, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/00753 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолох, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Ариунтуяагийн хариуцагч “Монголын иргэний агаарын тээвэр” ХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч “Монголын иргэний агаарын тээвэр” ХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 680 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Д.ЦОГТСАЙХАН