Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 727

 

 

 

 

 

   

2019 оны 10 сарын 25 өдөр          Дугаар 128/ШШ2019/0727                Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Ш” ХХК /РД:*******/,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Н, О.М,

Гомдлын шаардлага: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч /Ch/, хариуцагч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Ш” ХХК гомдлын шаардлагадаа: “...Манай компани 2007 онд үүсгэн байгуулагдан барилгын материал худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг ба Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Татварын тухай хуулиудын дагуу үйл ажиллагааны орлого, зарлагаа цаг тухай бүрт нь тогтмол бүртгэн, санхүү болон татварын тайланд тусган хуулийн хугацаанд татварын албанд тайлагнаж, татвараа тухай бүр нь төлдөг бөгөөд 2008 оноос хойш байнга татварын илүү төлөлттэй явж ирсэн бөгөөд татварын улсын байцаагч шалгалт хийн 2016 оны эцсийн байдлаар 1 407 411.9 төгрөгийн татварын буцаан авалттай байсан ба одоогийн байдлаар мөн татварын илүү төлөлттэй байгаа билээ.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид нь “Ш” ХХК-д татварын хяналт шалгалт хийж, 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсаар “Ш” ХХК-ийг “М” ХХК-иас НӨАТ-ын хий бичилттэй падаануудаар 134,127,271 төгрөгийн, НӨАТ-ын төлбөрийн баримтуудаар 31427271 төгрөгийн, “Д” ХХК-иас НӨАТ-ын төлбөрийн баримтуудаар 36,636,363 төгрөгийн нийт 202,190,908.54 төгрөгийн НӨАТ-ын хий бичилттэй худалдан авалт хийж Татварын ерөнхий хууль, НӨАТ-ын тухай хуулиудын холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж дүгнэн “Ш” ХХК-д 20,219,090.82 төгрөгийн нөхөн татвар, 6,065,727.26 төгрөгийн торгууль, 4,043818.17 төгрөгийн алданги нийт 30,328,636.28 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийтгэл оногдуулсан нь “Ш” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах байдлаар ноцтой зөрчиж байна.

“Ш” ХХК нь барилгын материал бэлтгэн нийлүүлэгч болох “М” ХХК-тай грунт эмульс, хар замаск худалдан авах гэрээг 3 удаа “Д” ХХК-тай 1 удаа тус тус гэрээ байгуулж, бараагаа зээлээр аваад төлбөрөө төлж дууссаны дараа НӨАТ-ын падаанаа авахаар тохиролцсон ба бараа авах бүртээ нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болох зарлагын падаан авч, мөнгө төлсөн үедээ бэлэн мөнгөний зарлагын баримт бичиж, тус компанийн бэлэн мөнгөний орлогын баримтын 1 хувийг авч нягтлан бодох бүртгэлийн ажил гүйлгээг бүртгэж, өглөг авлагаа тооцож, тооцоо нийлсэн акт үйлдэн санхүү, татварын тайландаа тусгасан нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудаар дэмжигдэн бүрэн нотлогдож байхад үндсэн баримтуудыг үнэлээгүй, харин баримтгүй, төлбөр төлөөгүй гэж үзэж төлбөр төлүүлэхээр шийтгэл оногдуулсан нь татвар төлөгч бидний эрхийг зөрчиж байна.

 Мөн дээрх 2 компаниас худалдан авсан грунт хар замаска, эмульсийг манай захиалагч компаниуд болох “М.ю” ХХК, “Т” ХХК, “Т.ө” ХХК, “Ө” ХХК-иудад борлуулсан нь нэхэмжпэлд хавсаргаж өгсөн баримтуудаар бүрэн нотлогдоно.

Борлуулалтын орлого нь “Ш” ХХК-ийн Голомт банкны ********** тоот дансаар бэлэн бусаар орж ирсэн байгааг онцгойлон анхаарч үзэлгүй төлбөр төлүүлэхээр шийтгэл оногдуулсан татварын улсын байцаагч нарт гомдолтой байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа: “Энэ шийтгэлийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар “албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй” гэсний дагуу хий бичилттэй падаанаар худалдан авалт хийсэн гэж үзсэн. Хий бичилт гэсэн ойлголт Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Татварын ерөнхий хуульд байдаггүй. Мөн бусад баримтад тусгагдаагүй гэсэн байдаг. Гэтэл Б.Н, О.М бацаагч нар нь манай компанид шалгалт хийхдээ татварын баримтуудыг хүлээн авсан тухай жагсаалтаар худалдан авалтын гэрээ 4 хуудас, тооцоо нийлсэн акт 5 хуудас, “М” ХХК-ийн зарлагын баримт 8 хуудас гэх мэтчилэн баримтуудыг хүлээн авсан.

Татварын ерөнхий хуулийн 18.1.3-т “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах” гэсэн үүргийнхээ дагуу манай компани тогтмол санхүү болон татварын тайлангаа гаргаж өгсөн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд анхан шатны баримт, журнал гэж юу болох тухай зохицуулсан байдаг. Манай шалгалтын материалд анхан шатны материалыг нотлох 35 ширхэг баримт байдаг. Үүнд: гэрээ 5 ширхэг, нэхэмжлэх 5 ширхэг, төлбөр төлсөн баримт, бэлэн мөнгөний орлого зарлагын баримт 22 ширхэг, бараа материалын зарлагын баримт 9 ширхэг, бусад зүйлсийг нотлох барилгын материалын сорилт шинжилгээний дүн 2 ширхэг, тооцоо нийлсэн акт зэрэг баримтууд байгаа.

Мөн дээрх компаниудаас худалдан авсан хий бичилттэй гэсэн падааны барааны борлуулалтын орлого нь манай Голомт банк дахь дансаар бэлэн бусаар орж ирсэн байгаа. Бодитой үйл ажиллагаа явуулсан гэдгийг нотлох “Т” ХХК, “Ө” ХХК-тай хийсэн борлуулалтын гэрээнүүд байгаа. Манай байгууллага 2015 оны 08 дугаар сараас 12 дугаар сар хүртэл 4 падааны баримт авсан байгаа. 2016 онд гаалиар бараа орж ирээгүй. Барилгын үйл ажиллагаа өөрөө улирлын чанартай байдаг учраас 2015 онд орж ирсэн барааны үлдэгдлийг 2016 оны 05 дугаар сард зарсан байх магадлалтай.

Татварын ерөнхий газрын даргын тушаалд “тухайн падаан зөрчилтэй талаар хууль хяналтын байгууллага нотолсон, падааныг тайлан тооцоондоо тусгаагүй, падааны зарцуулалтын мэдээлэл нь зөрүүтэй бол зөрүүг арилгах хүртэлх хугацаанд падааны зөрчилд хамаарна” гэсэн байдаг. Гэтэл манай компанид эдгээрийн аль нь ч байхгүй байгаа. Хууль хяналтын байгууллага шалгаагүй, тайландаа тусгачихсан байдаг. Иймд 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүсэж байна.” гэв.

 

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч: “М” ХХК, “Д” ХХК хоёр нь 1 захиралтай компаниуд байсан. Тэр компани ачааны машинтай бараагаа хүргэж өгдөг байсан.  Тэр компани нь Б дээд сургуулийн урд *-т байрладаг байсан. Анх нэг охин компаниа танилцуулж явж байсан. Тэгэхэд нь сонирхоод, дээжийг нь авч шинжилгээнд өгөөд чанар нь дажгүй юм байна гээд хамтарч ажиллахаар болсон. Худалдан авахдаа чанарыг нь үзэхийн тулд шинжилгээнд өгч байсан. Чанар нь сайн байсан. Мөн давуу талтай зүйл нь манайд зээлээр өгдөг байсан. Бид нар бараагаа борлуулчихаад мөнгийг нь бэлнээр хэсэгчлэн өгдөг байсан. Р.Б гэдэг хүнтэй гэрээ байгуулах үедээ нэг удаа уулзаж байсан. Гэрээнд гарын үсэг зурсан. Манай “Ш” ХХК-д нөхөн татвар тавьж чадахгүй байгаа учраас “М”, “Д” ХХК хоёрыг татвараа нөхөн төл гэж байгаа санагдсан. Манай компани акт тавиулаад, актаа нөхөн төлчихвөл нэмэгдсэн өртгийн албан татварыг давхар төлсөн болно. Цагдаагийн газарт шалгуулахад би хамт байсан ба байцаагчтай нь уулзахад “татвар дээр очиж сайн тайлбарла. Энэ худалдан авалт хуурамч гэдэг нь яг баталгаатай биш байна” гэж байсан.” гэв.

 

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Татвар төлөгчийн 5129044 дугаартай “Ш” ХХК-ийн 2015-2016 онд “М” ХХК, “Д” ХХК-тай хийгдсэн худалдан авалтын дагуу бичигдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падааны татварын ногдуулалт. төлөлтийн байдалд "Татварын хяналт шалгалт хийх томилолт”, “Татварын хяналт шалгалтын ерөнхий удирдамж”, чиглэлийн дагуу татварын улсын байцаагч Б.Н, О.М нар иж бүрэн шалгалт хийж 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ******* тоот шийтгэлийн хуудас бичсэн.

Татварын хяналт шалгалтаар Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д: /Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ: 18.1.1 ./татвар ногдох зүйл. татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;/ 18.1.3./анхан шатны болон нягтлан бодох бүрггэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны гайлан тэнцэл гаргах;/ 18.1.14./хууль тогтоомжид заасан бусад үүрэг/ гэж заасныг үндэслэн ******* тоот регистрийн дугаартай "М" ХХК-иас НӨАТ-ын хий бичилттэй 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0018312790 тоот падаанаар 38,272,727.00 төгрөгийн, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0018412286 тоот падаанаар 20,909,090.91 төгрөгийн, 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 001842982 тоот падаанаар 52,272.727.00 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0018682263 тоот падаанаар 22,672,727.27 төгрөгийн, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 23102832 тоот НӨАТ-ын төлбөрийн баримтаар 17,518,181.82 төгрөгийн, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 24455594 тоот НӨАТ-ын төлбөрийн баримтаар 13,909,090.91 төгрөгийн, ******* регистрийн дугаартай “Д” ХХК-иас 2016 оны 09 сарын 21-ний өдрийн 519784155 тоот НӨАТ-ын төлбөрийн баримтаар 11,181,818.18 төгрөгийн, 2016 оны 08 сарын 12-ны өдрийн 312323398 тоот НӨАТ-ын төлбөрийн баримтаар 25,454,545.45 төгрөгийн нийт 202,190.908.54 төгрөгийн НӨАТ-ын хий бичилттэй худалдан авалт хийж нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” хэсэгт тусган, төсөвт төлөх албан татварыг бууруулсан гэж үзэн энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 /Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй./, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд: /Нягтлан бодох бүртгэлийн зарчим. 5.1.4.үнэн зөв байх/, 8.4./Аж ахуйн нэгж. байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж. тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна./ гэж заасныг зөрчсөн гэж үзэн шийтгэлийн хуудас бичсэн.” гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа: “О.М байцаагч бид хоёр Эрүүгийн цагдаагийн албаны мэдээллийн дагуу шалгалт явуулж зөрчилд нь шийтгэлийн хуудас бичсэн. Энэ шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүд нэлээн бий. Үүний дотор “Ш” ХХК-ийн зөрчил, мэдээллийн цуг ирсэн. Шийдвэр гаргах явцад баримт хүссэн жагсаалтын дагуу баримтаа авчирч өгсөн ч манай байгууллагын зүгээс баримтыг хуурамч гэж үзсэн. Хяналт шалгалтын явцад эдгээр баримтуудыг бодитой гүйлгээний үйл ажиллагаанд тулгуурлаж гаргаагүй гэж үзсэн тул үнэлээгүй.

Д ХХК-ийн борлуулалтын бүртгэлд “Ш” ХХК-д бичсэн 2 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бүртгэсэн байдэг, мөн “M” ХХК борлуулалтдаа бүртгэсэн. Татварын ерөнхий хуулинд борлуулалтын орлогоо нуусан, огт татварын орлогоо тайлагнаагүй тохиолдолд хариуцлага ногдуулах заалттай учраас тэдгээр компаниудад хариуцлага ногдуулаагүй. Тараагч компаниуд орлогоо тайлагнаад, “Ш” ХХК худалдан авалт буюу зарлагаа тайлагнаж бичигдсэн падааныг албан ёсны болгон харагдуулж байна гэж үзсэн. Тараагч компаниудын хувьд эрүүгийн хэргээр шийдэгдэж байгаагаас татварын албанаас илтгэх хуудас бичигдээгүй. Учир нь Татварын ерөнхий хуулийг тараагч компаниуд зөрчөөгүй, орлогоо мэдүүлсэн гэж үзэж байгаа юм.

Татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 440000494 тоот дүгнэлтийг “Д” ХХК-ийг Эрүүгийн цагдаагийн газарт шалгуулахаар бичсэн.

“Ш” ХХК нь огт үйл ажиллагаа явуулаагүй биш хасагдсан дүнгийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байж гэж үзэхээр байна. Процессийн хувьд дүгнэлт Цагдаагийн газарт очоод Прокурорын тогтоол гардаг. Дараа нь манай байгууллагад ирдэг ба татварын албанаас нэг бол илтгэх хуудас, нэг бол шийтгэлийн хуудас үйлддэг юм. 2016 онд манай байгууллагад мэдээлэл ирэнгүүт худалдан авалт хийсэн компаниудад тайландаа залруулга, засалт хийж байна гэж мэдэгдсэн. Зарим компаниуд  өөрсдөө сайн дураараа ирээд залруулгаа хийсэн. “Ш” ХХК-д утасдаж хэлсэн. Гэтэл манай компани өөрсдийн тайландаа итгэлтэй байна гээд залруулга хийгээгүй.

Татварын ерөнхий хуульд зааснаар орлогоо тайлагнасан тохиолдолд тэрхүү орлогод нь дахин татвар ногдуулах боломжгүй байдаг. “Д” ХХК, “Ш” ХХК-ийн худалдан авалтын борлуулалтыг үгүйсгэж байж татвар төлөх үүрэг үүсэх гээд байгаа. Татварын ерөнхий хуульд зааснаар худалдан авалт тал нь үгүйсгэгдэж байж татвар төлөх үүрэг үүсэхээр байдаг.

“Д” ХХК борлуулалтын орлогоо тайлагнасан. Одоо дахин татвар ногдуулвал 1 орлого дээр 2 татвар ногдуулсан харагдана. Тайландаа орлогоо тайлагнаж байна гэдэг бол татвар төлөгч нь хуулийн дагуу ногдуулалтаа хийж байна гэсэн үг. Шинжээч дүгнэлт гаргаад дахиад борлуулалтын орлогод нь татвар ногдуулвал борлуулалтын орлогод нь давхар татвар ногдуулалт болно. Худалдан авагч талд ахин зөрчил үүсгээд акт тавих нь гуравдах татварын нөхцлийг үүсгэхээр байгаа юм. Тэгээд шинжээчийн “Д” ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татварыг нь  тэглэдэг нь орлогыг бодитой гэж үзэж байгаа үндэслэл, татварын тайлагналыг зөвшөөрч байна гэсэн үг.

Тараагч компаниудын хувьд манай байгууллагаас дүгнэлт бичиж цагдаад өгөхгүй бол татварын хувьд татвараа тайлагнасан байдаг. Татварын хуулийн дагуу үүргээ биелүүлсэн байдаг. Тиймээс татвар дээр зөрчил гарахгүй байдаг, гэтэл мэдээлэл нь хуурамч байгаад байдаг. Тэр зөрчил нь татварын хуулиар шийтгэхээр зөрчил биш байдаг. Тиймээс Цагдаагийн байгууллагад өгөхөөр Цагдаагийн газраас эрүүгийн гэмт хэргийн шинж чанаргүй гэж хариу өгөхөөр биднээс зөвхөн илтгэх хуудас л бичдэг. “М” ХХК, “Д” ХХК-уудын хувьд орлогын талаасаа Цагдаагийн газар шалгагдаж байгаа юу, эсхүл худалдан авалт талаасаа шалгагдаж байгаа гэдгээс хамаарна.

“Ш” ХХК-ийн худалдан авалтыг бодитой байж магадгүй гэж Шүүхийн шинжилгээ хийлгэх зорилгоор Цагдаагийн газарт дүгнэлтийг хүргүүлсэн. Энэ баримтыг бодитой эсэхийг тогтоохын тулд манай байгууллагаас Цагдаагийн газарт дүгнэлт бичсэн. Эрүүгийн хуулийн заалтаар “Ш” ХХК-д холбогдуулж Цагдаагийн байгууллага руу дүгнэлт бичих хэмжээ хүрч байсан. Тухайн үед Эрүүгийн хуульд өөрчлөлт ороогүй байсан учир Зөрчлийн тухай хуулиар шийдэж байгаатай холбогдуулж их хэмжээний хохирол гэж үзэж 50.0000 мянган нэгжээр торгохоор байсан. Бидний зүгээс удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуу  баримт сэлтийг хуурамч гэж үзнэ гэсэн байгаа.

Эрүүгийн Цагдаагийн газраас акт тавь гэсэн болохоор акт тавьсан. Баримтыг үзээд падаан худалдаж авсан байгууллагуудтай ярилцлага хийдэг. “Ш” ХХК-ийн хувьд харилцахаар орсон бодит орлогыг нь бодитой бус байсан гэж үзсэн учир О.М байцаагч бид хоёр Цагдаагийн газарт өгчихвөл “Ш” ХХК дээр шинжээчийн дүгнэлт гарчих юм болов уу гэж бодож өгсөн. Гэтэл Цагдаагаас тийм дүгнэлт гаргаагүй учир шууд шийтгэлийн хуудас бичиж нөхөн татвар, торгууль, алданги тавьсан.

Шинжээчийн дүгнэлтээс харахад “Д” ХХК-ийн падаануудын зөрчилтэй аж ахуйн нэгжийн жагсаалтад “Ш” ХХК-ийн нэр нь байхгүй байна л гэж ойлгож байна. “М” ХХК-д хяналт шалгалт хийсэн байцаагчаас асуулаа. Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсноос хойш дахин шалгалт хийгээгүй. Падаан бичигдсэн аж ахуйн нэгжүүдийн асуудал шийдэгдэж дуусахаар акт тавигдаагүй хэсэгт нь шалгаж акт тавина гэж байна. Одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй, падаан бичигдсэн компаниудын татварын асуудлыг хүлээж байгаа гэж байна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

“Ш” ХХК нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан бөгөөд энэ хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг хангаж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10д/3641 тоот “ ...“М” ХХК, “Д” ХХК-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Эдгээр аж ахуйн нэгжээс худалдан авалт хийсэн хавсралтад нэр дурдсан аж ахуйн нэгжүүдэд татварын хяналт шалгалт хийж үр дүнг ирүүл” гэсэн агуулгатай албан бичгээр хавсралтад нэр дурдагдсан ****** регистрийн дугаартай “Ш” ХХК-ийн 2015, 2016 онд “М” ХХК, “Д” ХХК-тай хийгдсэн худалдан авалтын дагуу бичигдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 25170900702 дугаартай томилолтоор Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Н, О.М нар хэсэгчилсэн хяналт шалгалт хийж “2015, 2016 онд “М” ХХК, “Д” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, төлбөрийн баримтаар нийт 202,190.908.54 төгрөгийн барилгын материал худалдан авснаар тайланд тусгасныг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл байж болзошгүй гэж эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 250000821 дугаартай дүгнэлт бичиж тус татварын хэлтсийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 05/3295 тоотоор Эрүүгийн цагдаагийн албанд шилжүүлсэн байдаг.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 10а3/164 тоотоор “250000821 дугаартай дүгнэлтэд тусгагдсан 202,190.908.54 төгрөгийн зөрчил нь эрүүгийн хэрэг үүсгэгдэх хохирлын хэмжээ хүрэхгүй” үндэслэлээр татварын хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахуулахаар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст шилжүүлж, татварын улсын байцаагч  Б.Н, О.М нар 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар  нийт 202,190.908.54 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй худалдан авалт хийж нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” хэсэгт тусган, төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар албан татвар суутган төлөгчийн бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй үндэслэлээр уг албан татварыг хасаж тооцохгүй байсан гэж үзэн Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3-т заасан “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах” үүргээ зөрчсөн гэж мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар  20,219,090.82 төгрөгийн нөхөн татвар, 6,065,727.26 төгрөгийн торгууль, 4,043818.17 төгрөгийн алданги, нийт 30,328,636.28 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийтгэл оногдуулжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцох”-оор, 14 дүгээр зүйлийн 14.5-д “албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж  тус тус заажээ. Уг хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд өөрийн эрхэлдэг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах зориулалтаар бусдаас худалдан авсан барааны хувьд түүнийг худалдан авахдаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн этгээдийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор, харин худалдан авагч нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь падаан, холбогдох санхүүгийн баримтуудаар тогтоогдсон байх хуулийн зохицуулалттай байна.

“Ш” ХХК нь "М" ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0018312790 тоот падаанаар 38,272,727.00 төгрөгийн, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0018412286 тоот падаанаар 20,909,090.91 төгрөгийн, 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 001842982 тоот падаанаар 52,272.727.00 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0018682263 тоот падаанаар 22,672,727.27 төгрөгийн, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 23102832 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримтаар 17,518,181.82 төгрөгийн, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 24455594 тоот төлбөрийн баримтаар 13,909,090.91 төгрөгийн, ******* регистрийн дугаартай “Д” ХХК-иас 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 519784155 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримтаар 11,181,818.18 төгрөгийн, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 312323398 тоот төлбөрийн баримтаар 25,454,545.45 төгрөгийн, нийт 202,190.908.54 төгрөгийн барааг нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр худалдан авсан гэх ба үүнийгээ нэмэгдсэн өртгийн албан татварын дээрх падаанууд, төлбөрийн баримтуудаас гадна худалдан авагч “Ш” ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримтууд, борлуулагч "М" ХХК, “Д” ХХК-ийн санхүүгийн тэмдэг бүхий бэлэн мөнгөний орлогын баримтууд, мөн тус компаниудын санхүүгийн тэмдэг бүхий барааны төрөл, тоо хэмжээ, нэгжийн үнэ бүхий зарлагын баримтууд, тухайн компаниудтай байгуулсан барилгын материал худалдах, худалдан авах гэрээ буюу санхүүгийн анхан шатны баримтуудаар[1] нотлохоор татварын хяналт шалгалтад[2] болон шүүхэд ирүүлсэн байдаг.

Тус компани “М" ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 15/20, 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 16/228, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 16/204, 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 16/201 тоот, “Д” ХХК-тай 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 16/201 тоот бараа, материал худалдах, худалдан авах гэрээ байгуулсан[3], гэрээний дагуу худалдан авсан барааны болон төлбөрийг төлсөн үнийн дүнг тооцоо нийлсэн акт[4] үйлдэж баталгаажуулжээ.  

Барилгын материалыг худалдан авах гэрээ байгуулахдаа тухайн барилгын материалыг Барилгын хөгжлийн төвийн Барилгын материалын сорилт шинжилгээний төвд шинжлүүлсэн 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 15000591, 15000592 дугаартай Сорилт шинжилгээний дүнгүүдийг[5] мөн худалдан авалтаа нотлох баримтаар татварын хяналт шалгалтад болон шүүхэд ирүүлжээ.

Ш ХХК нь дээрх падаанаарх худалдан авалтуудаа  мөнгөн гүйлгээний тайланд кредитийн гүйлгээнд[6], бараа материалын тайланд[7], тооцооны бүртгэлийн товчоонд[8] тусгасан байна.

Мөн ийнхүү худалдан авсан барилгын материалаа “Т” ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 0805 тоот, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1014 тоот, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1118 тоот, 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1605 тоот, “Ө” ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 44 тоот барилгын материал нийлүүлэх гэрээгээр нийлүүлсэн хэмээн уг гэрээнүүд болон гэрээний дагуу хийгдсэн борлуулалтыг нотлохоор санхүүгийн анхан шатны баримтуудыг татварын хяналт шалгалт болон шүүхэд ирүүлсэн байна.

Тухайлбал, “Ш” ХХК нэмэгдсэн өртгийн албан татварын 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 0016195714 тоот падаанаар 21,187,272.73 төгрөгийн, 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн  төлбөрийн баримтаар 9,090,909.09 төгрөгийн барааг “Т” ХХК-д, 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 0016195713 тоот падаанаар 13,500,000.00 төгрөгийн,  2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0016195715 тоот падаанаар 59,400,000.00 төгрөгийн, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0016 195716 тоот падаанаар 37,911,818.2 төгрөгийн, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн төлбөрийн баримтаар 18,690,909.09 төгрөгийн, 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн төлбөрийн баримтаар 18,300,000.00 төгрөгийн барааг “Т” ХХК-д, 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн төлбөрийн баримтаар 25,454,090.91 төгрөгийн, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн төлбөрийн баримтаар 13,643,181.82 төгрөгийн барааг “Ө” ХХК-д тус тус борлуулсан болох нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, төлбөрийн баримтууд болон тус компанийн нэхэмжлэх, бараа материалын зарлагын баримтаар тогтоогдож[9] байх бөгөөд дээрх борлуулалтуудын нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээрх орлогууд Голомт банк дахь тус компанийн дансаар хийгдсэн болох нь 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх дансны хуулгаас[10] тус тус тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл “Ш” ХХК нь барилгын материал худалдан авч нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр борлуулсан болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар хариуцагч татварын улсын байцаагч маргаагүй болно.

Гэхдээ ийнхүү барилгын материалыг худалдан авахдаа  "М" ХХК, “Д” ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлогдоогүй гэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийснийг зөрчил гэж үзсэн нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

Шийтгэлийн хуудаст “М” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0018312790, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0018412286, 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 001842982, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0018682263 тоот падаан, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 23102832, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 24455594 тоот төлбөрийн баримт, “Д” ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 519784155, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 312323398 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн 202,190.908.54 төгрөгийн баримтыг “20,219,090.80 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй” гэж татварын улсын байцаагч үзэхдээ татвар төлөгчийн татварын хяналт шалгалтад гаргаж өгсөн дээрх бараа материал худалдан авах гэрээнүүд, бараа материалын зарлагын баримтууд, бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтууд, тооцоо нийлсэн акт, мөнгөн гүйлгээний тайлан, тус компанийн 2015, 2016 оны санхүүгийн тайлан баланс зэргийг огт үнэлээгүй, зөвхөн Эрүүгийн цагдаагийн албанаас ирүүлсэн “ “М” ХХК, “Д” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичигдсэн аж ахуй нэгжүүдийн жагсаалт” хүргүүлсэн мэдээллээр дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, төлбөрийн баримт бүхий худалдан авалтыг хий бичилттэй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Татвар төлөгч нь татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төсөвт төлөх үүрэгтэйн дээр төсөвт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авах, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх эрхтэй, харин ийнхүү худалдан авалтдаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн болохоо буюу худалдан авалтаа бодитойгоор хийгдсэн болохоо санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлох үүрэгтэй.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.3-т “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 3.1.4-т “журнал” гэж ажил, гүйлгээг ерөнхий дэвтрийн дансанд шилжүүлэхийн өмнө цаг хугацааны дарааллаар нь бүртгэх бичилтийг, 3.1.5-д “ерөнхий дэвтэр” гэж аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг бүрдүүлж байгаа бүх дансыг ойлгохоор тодорхойлсон ба “Ш” ХХК нь мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дарааллын дагуу гүйцэтгэж, 14.3.1-т заасан анхан шатны баримт болох барилгын материал худалдан авах, борлуулах гэрээнүүд, барааны үнийг нэхэмжилсэн нэхэмжлэх, төлбөр төлсөн бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтууд, барааны зарлагын баримтууд, барилгын материалын сорилт, шинжилгээний дүн гэсэн баримтуудыг бүрдүүлсэн, үүнийгээ 14.3.2-т зааснаар мөнгөн гүйлгээний тайлан, кассын харилцах, авлага өглөгийн тооцооны бүртгэлийн товчоо, бараа материалын тайланд бүртгэсэн, 14.3.5-д зааснаар санхүүгийн тайланд тусгаж, худалдан авалтын болон борлуулалтын санхүүгийн анхан шатны баримтуудыг үнэн зөв бүрдүүлсэн байна.

Татварын хяналт шалгалтад хамрагдаж буй татвар төлөгч санхүүгийн анхан шатны бүхий л баримтуудаа гаргаж өгөх үүрэгтэй, нөгөө талаас татварын улсын байцаагч хяналт шалгалтад хамрагдаж буй бүхий л баримтуудад дүгнэлт хийж, татварын хасалт хийсэн нь үндэслэлгүй байна гэж үзвэл шалгалтад хамрагдсан санхүүгийн баримтуудад няцаалт өгөх, яагаад албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй гэж үзсэнээ тайлбарлах учиртай. Гэтэл зөвхөн "М" ХХК, “Д” ХХК –иудаас хийсэн худалдан авалтуудын нэмэгдсэн өртгийн албан татварууд хий бичилттэй гэсэн дүгнэлтээр нотлох баримтуудыг үнэлэхгүй орхисон нь үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр "М" ХХК, “Д” ХХК-ийг огт үйл ажиллагаа явуулаагүй, борлуулалт хийгээгүй гэж дүгнэх боломжгүй байна. Тухайлбал "М" ХХК, “Д” ХХК-иудын захирал Р.Б-т холбогдох эрүүгийн 201725020896 дугаартай хэрэгт хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаартай дүгнэлтэд “гаалийн улсын байцаагчийн дүгнэлтээр "М" ХХК 2015 онд 342,979,405.00 төгрөгийн бараа импортлосон, “Д” ХХК 2016 онд 452,571,841.75 төгрөгийн бараа импортлосон гэж үзсэнийг үндэслэлтэй” болохыг тогтоосон[11], өөрөөр хэлбэл дээрх компаниуд тухайн онуудад ийм үнийн дүнтэй бараа  импортлосон нь тогтоогдсон байна.

Мөн гомдол гаргагч “Ш” ХХК нь “М” ХХК, “Д” ХХК-тай бараа материал худалдан авах гэрээ хийгээгүй, эрх зүйн харилцаа үүсгээгүй гэж үзэх боломжгүй. Учир нь хэрэгт дурьдагдаж буй гэрээнүүдийг  хуурамч, дүр үзүүлсэн, хүчин төгөлдөр бус гэж тогтоогоогүйн дээр тус компаниудын захирал Р.Б-н 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 15/20 дугаартай бараа материал худалдах, худалдан авах гэрээнд[12] зурагдсан гарын үсэг эрүүгийн 201725020896 дугаартай хэрэгт сэжигтнээр тооцсон тогтоол, сэжигтнээр байцаалт авсан мэдүүлэгт[13] Р.Б-н зурсан гарын үсэгтэй ижил байна. 

Мөн “Д” ХХК, “М” ХХК борлуулалтын бүртгэлдээ “Ш” ХХК-д хийсэн борлуулалтаа бүртгэсэн[14], өөрөөр хэлбэл “Ш” ХХК-ийн хувьд худалдан авалт болон борлуулалт нь нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр хийгдсэн болох нь тус компанийн худалдан авалтын болоод борлуулалтын санхүүгийн анхан шатны баримтуудаас гадна борлуулагч талын борлуулалтын бүртгэлд тусгагдсанаар нотлогдож байна.

Ийнхүү “Ш” ХХК барилгын материал худалдан авч, борлуулдаг тодорхой үйл ажиллагаа явуулдаг, өөрөөр хэлбэл борлуулсан бараагаа худалдан авсан нь санхүүгийн анхан шатны баримтуудаас гадна тухайн барилгын материалын сорилт шинжилгээний дүн зэргээр тогтоогдож байх тул худалдан авалтыг хуурамч гэж, нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хий бичилттэй гэж дүгнэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, хохирлыг нотлох шаардлагагүй, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, зөрчил үйлдсэн нь хэмжилт, хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон” гэсэн зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх зохицуулалтыг нарийвчлан заасан, эдгээрээс аль нь ч бүрдээгүй байхад зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нотлох баримтуудыг үнэлээгүй атлаа зөрчлийг тогтоогдсон гэж үзсэн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэхгүй байна.

“М” ХХК, “Д” ХХК-ийн тухайд: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 250000817 дугаартай дүгнэлтээр “М” ХХК-ийг 368,690,515,795.5 төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлийн ажиллагаагаар шалгуулахаар, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 340000494 дугаартай дүгнэлтээр “Д” ХХК-ийг 89,826,217,211.00 төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар шалгуулахаар тус тус Эрүүгийн цагдаагийн албанд шилжүүлсэн.

Энэ дагуу тус компаниудын захирал Р.Б-т холбогдуулан эрүүгийн  201725020896 дугаартай хэрэг үүсгэн шалгаж, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолоор “Р.Б нь “М” ХХК-ийн нэрээр 2012 он, 2015-2016 онуудад 640 аж ахуйн нэгжид 184,217,012,097 төгрөгийн бараа худалдан борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын цахим шивэлт хийсэн, 545,127,788.17 төгрөгийн бараа худалдан аваагүй атлаа авсан мэтээр тайлагнасан, мөн 183,928,375,910.00 төгрөгийн бараа импортлоогүй атлаа импортлосон мэтээр тайлагнаж татвар ногдуулах орлогыг бууруулан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн, мөн “Д” ХХК-ийн нэрээр 2016 онд 255 аж ахуйн нэгжид 50,130,099,617 төгрөгийн бараа худалдан борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын цахим шивэлт хийсэн, 30,842,698,205.00 төгрөгийн бараа худалдан авч төлбөр төлөөгүй атлаа нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд худалдан авсан мэтээр тайлагнасан, 8,853,419,389.00 төгрөгийн бараа импортлоогүй атлаа импортлосон мэтээр тайлагнаж татвар ногдуулах орлогыг бууруулан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаартай дүгнэлт болон хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон. “М” ХХК-иас цахим шивэлт хийсэн дээрх 640 аж ахуйн нэгжээс 156 аж ахуйн нэгж татварын тайландаа засвар оруулж 5,334,388,792.7 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг улсад төлж барагдуулахаа илэрхийлсэн, үлдсэн 13,087,312,417.21 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг 484 аж ахуйн нэгж төлөхөөр дээрх дүгнэлтэд тусгагдсан, “Д” ХХК-иас цахим шивэлт хийсэн аж ахуйн нэгжээс 96 аж ахуйн нэгж татварын тайландаа засвар оруулж 3,364,943,294.1 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг улсад төлж барагдуулахаа илэрхийлсэн, үлдсэн 1,648,066,667.52 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг 159 аж ахуйн нэгж төлөхөөр дээрх дүгнэлтэд тусгагдсан, татварын тайландаа залруулга хийгээгүй аж ахуйн нэгжүүдийн үйлдэл эс үйлдэхүй Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй зөрчлийн шинжтэй тул татварын хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар аж ахуйн нэгжийн нэрсийг татварын байгууллагад хүргүүлсэн, харин худалдан авалтын буцаалтаа тайлагнаагүй 39 аж ахуйн нэгжийн үйлдэл, эс үйлдэхүй нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан ...” гэж дүгнээд хэргийг хаажээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаартай дүгнэлтээр “Д” ХХК-ийн борлуулалтын зөрчлийн тооцоонд[15] “Ш” ХХК-д бичигдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 312323398 тоот төлбөрийн баримтаарх 25,454,545.45 төгрөгийн, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 11,181,818.18 төгрөгийн төлбөрийн баримтаарх борлуулалтыг хий бичилттэй зөрчил гэж үзсэн ч уг зөрчилд хамаарах нөхөн татвар, торгууль, алдангийг “Д” ХХК-д ногдуулаагүй, “2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 250000821 дугаартай дүгнэлт бичигдсэн” гэж, мөн “М” ХХК-ийн борлуулалтын зөрчлийн тооцоонд[16] “Ш” ХХК-д бичигдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 38,272,727.00 төгрөгийн, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 20,909,090.91 төгрөгийн, 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 52,272.727.00 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 22,672,727.27 төгрөгийн, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 17,518,181.82 төгрөгийн, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 13,909,090.91 төгрөгийн борлуулалтыг хий бичилттэй гэж үзсэн ч уг зөрчилд хамаарах нөхөн татвар, торгууль, алдангийг мөн л “М” ХХК-д ногдуулаагүй, “2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 250000821 дугаартай дүгнэлт бичигдсэн” гэж  “Ш” ХХК-д татварын улсын байцаагчийн бичсэн дүгнэлтийг тус тус тусгасан байна.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэгийн шинжээчийн дүгнэлтээр “Д” ХХК-иас “Ш” ХХК-д хийсэн 2 падааны борлуулалтыг зөрчлөөс хасаж, шинжилгээгээр тогтоогдсон зөрчлийн жагсаалтад оруулаагүй байхад үүнийг татварын хяналт шалгалт хамааруулж зөрчил гэж үзжээ.  

Дээрхээс дүгнэвэл борлуулалт хийгээгүй, падаан хий бичиж тараасан гэж үзсэн “Д” ХХК, “М” ХХК-д эрүүгийн болон татварын хариуцлага хүлээлгээгүй атлаа худалдан авалтаа нэмэгдсэн өртгийн албан татвартай хийсэн болохоо хуулиар шаардсан санхүүгийн анхан шатны баримтаар  нотолсон “Ш” ХХК-д татварын хариуцлага хүлээлгэж буй нь үндэслэлгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтыг баримтлан “Ш” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 100-152 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 71 дүгээр хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 112-116, 135-136, 141-142, 151-152 дугаар хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 153 дугаар хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 65-68 дугаар хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтсын 72-74 дүгээр хуудас

[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 78-80 дүгээр хуудас

[8] Хэргийн 1 дүгээр хавтсын 82-87 дугаар хуудас

[9] Хэргийн 1 дүгээр хавтсын 26-61 дүгээр хуудас

[10] Хэргийн 1 дүгээр хавтсын 62-64 дүгээр хуудас

[11] Хэргийн 2 дугаар хавтсын 26, 27 дугаар хуудас

[12] Хэргийн 1 дүгээр хавтсын 112, 115 дугаар хуудас

[13] Хэргийн 2 дугаар хавтсын 9-11 дүгээр хуудас

[14]  Хэргийн 2 дугаар хавтсын 236 дугаар хуудас

[15] Хэргийн 2 дугаар хавтсын 38 дугаар хуудас

[16] Хэргийн 2 дугаар хавтсын 52, 53, 54, 56, 62, 68 дугаар хуудас