Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 14

 

Х.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2018/0390/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд

Прокурор                                                      А.Оргилбаяр

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч           Б.Удвал

Нарийн бичгийн дарга                                 Ц.Туяацэцэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 427 дугаар шийтгэх тогтоолтой Х-ийн Н-д холбогдох 1818007810450 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Удвалын давж заалдах гомдлыг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай,  Ц- овогт Х-ийн Н-.

Шүүгдэгч Х.Н- нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр болох Ханжаргалангийн 8 дугаар гудамжны асфальтан зам дээр өөрийн өмчлөлийн 4226 СЭА улсын дугаартай “Хюьндэй маяти” маркийн хөх өнгийн авто машиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1.т заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2.т “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч гүйсэн явган зорчигч 7 настай У.М-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 427 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Ц- овогт Х-ийн Н-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Ц- овогт Х-ийн Н-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6.д зааснаар торгох ялын 600.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч Х.Н-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Х.Н-д анхааруулж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9.д зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, 42-26 СЭА улсын дугаартай Х.Н-ын эзэмшлийн нийт 18.000.000 төгрөгийн үнэ бүхий “Хюьндэй маяти” маркийн хар хөх өнгийн автомашиныг битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19 дугаар прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр... шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Удвал давж заалдах гомдолдоо:

...Шүүгдэгч Х.Н-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх үед миний төрсөн хүүхэд болох 7 настай У.М-ийн баруун нүд нь огт харахгүй болсон юм. Хэрэг болох үед шинжээчийн дүгнэлтээр баруун нүд нь гадна талаасаа хавдсан байсан учир тухайн үед шинжээч эмч нүдний гэмтлийг бүрэн тогтоож чадаагүй, хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байна гэж дүгнэсэн юм.

Гэтэл одоо баруун нүд ер харахгүй байгаа, шүүгдэгч Х.Н-д энэ тухай хэлж “Улаанбаатар хот руу цуг явж шинээр шинжилгээ хийлгэж үзүүлье” гэж хэлэхэд “хэрэг шийдэгдсэн” гээд хүлээж авахгүй, үл тоомсорлож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин шийдвэрлүүлэхээр энэхүү гомдол, хүсэлтийг гаргаж байна... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Удвал тайлбартаа:

...Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оргилбаяр дүгнэлтдээ:

...Анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасанчлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Х.Н-ыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр болох Ханжаргалангийн 8 дугаар гудамжны асфальтан зам дээр, өөрийн өмчлөлийн 4226 СЭА улсын дугаартай, “Хюьндэй маяти” маркийн хөх өнгийн авто машиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1.т заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2.т “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч гүйсэн явган зорчигч 7 настай У.М-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэж, шүүгдэгч Х.Н-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.т зааснаар  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Удвалын гаргасан  давж заалдах гомдлыг  үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж үзэхэд :

Шүүгдэгч Х.Н- дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь  хэрэгт авагдаж,  шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан  нотлох баримт болох  насанд хүрээгүй хохирогч У.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн  ...Тэр өдөр би ах М-ы хамт эгч Х-ийн гэрээс гараад өөрийнхөө гэр лүү алхаад явж байтал тэр машин намайг ирж мөргөхөд  би машин зам дээр унаад, баруун хөмсөгнөөс цус гарсан..,  тэгээд эмнэлэг дээр ирсэн..,  Миний нуруу, хөл өвдөж байна...гэсэн мэдүүлэг,

-шүүгдэгч Х.Н-ын ...2018 оны 10 сарын 01-ний өдөр хоосон ачааны машинтайгаа Дархан луу явж байтал “Баянгол” гэдэг газар эхнэр, нөхөр хоёр тааралдаад тэдний гуйлтаар   машиныг өөрийнхөө машин дээр ачаад орой 18.00 цаг өнгөрч байхад Дарханд луу орж  “Гэгээ” дэлгүүрийн хажуугаар зүүн гар тийш эргээд гэр хорооллын замаар явж засварын газар машиныг буулгах гээд явтал  миний баруун гар талаас гэр хорооллын гудамжнаас 2-3 хүүхэд гүйгээд гараад ирэхээр нь дохио өгөөд тормозоо гишгэсэн чинь 2 хүүхэд нь буцаад , нэг нь  машины урдуур зам хөндлөн гүйсэн.

Тэр үед би  тэр хүүхдийг мөргөхгүй гээд зүүн гар тал руугаа даялаад дарсан чинь тэр хүүхэд бас миний машиныг дагаад гүйхээр нь  тормозлоод зогссон., тэгээд  би сандраад машинаа зам чөлөөлж буугаад хүүхэд дээр ирэхэд уйлаад зам дээр мөлхөж байхаар очоод тэвэрсэн.., гэтэл хажуугаар  эмнэлгийн машин явж байсныг гар өргөж  зогсоогоод эмнэлэг дээр ирсэн.., гэм буруу дээр маргахгүй, хохирогчийн эмчилгээний зардал, хоол ундны материал авч өгөх зэрэгт 1.300.000 төгрөг өгсөн... гэсэн мэдүүлэг,   

Дархан-Уул аймгийн Замын цагдаагийн тасгийн  2018 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 43 дугаартай 

.....Х.Н- нь тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1.т заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2.т “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэсэн заалтыг зөрчсөн..,  Насанд хүрээгүй хохирогч У.М-ийн асран хамгаалагч ээж Б.Удвал нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 54.т заасан  “Эцэг, эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан арав хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно... гэснийг  зөрчсөн..., гэсэн ослын  дүгнэлт,

       Дархан-Уул  аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2018 оны 10 дугаар  сарын  04-ны өдрийн  1005 дугаартай        

       ...У.М-ийн биед зүүн шилбэ ясны битүү хугарал, баруун хөмсөгний шарх, баруун, зүүн нүдний зовхи, хацар, хамар, зүүн шанаа, баруун, зүүн тохой, сарвуу, шуу, өвдөг, гуяны зулгаралт, цус хуралт, баруун нүдний зовхи, баруун шилбэ, тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон ба эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Н-ын үйлдсэн хэргийн талаар хийсэн дүгнэлт хуулийн үндэслэлтэй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, түүнд оногдуулсан ял  үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

Мөн шүүх шийтгэх тогтоолд хохирогчийн нэхэмжилсэн  гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан  тогтоогдож байгаа нотлох баримтын хэмжээнд хохирлыг тооцож гаргасан., түүнчлэн  цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа  хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрдүүлэн  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй., энэ тухай  нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг   ч тодорхой заажээ.

         Иймд анхан шатны  шүүх хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор  шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул    шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Удвалын гаргасан  ...У.М-ийн баруун нүд нь огт харахгүй болсон учраас  шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин шалгуулах хүсэлтэй байна... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй  байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл хохирогч У.М- нь  урьд нь харааны бэрхшээлтэй байсан,  осолд орохоос өмнө түүний  баруун нүдэнд нь шил орсны улмаас хагалгаа хийлгэсэн талаар ээж Б.Удвал нь мөрдөн байцаалтанд мэдүүлсэнээс үзвэл хохирогч нь энэ ослын улмаас хараагүй болсон гэж үзэх боломжгүйгээс гадна хэрэгт  хохирогч хараагүй болсон тухай эрх бүхий этгээдийн  дүгнэлт тодорхойлолт  байхгүйгээс гадна  хэрвээ  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Удвал  шинжээчийн дүгнэлт  дахин гаргуулах хүсэлтэй бол  холбогдох баримт, эмчийн магадлагаа, эмчилгээний түүх зэргийг үндэслэн нотлох баримтаа бүрдүүлж прокурорт хандаж шийдвэрлүүлэх эрхтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 427 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Удвалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНЛАЙБААТАР

                                                        ШҮҮГЧИД                                    Ц.ТУЯА

                                                                                                             Ц.АМАРЖАРГАЛ