Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2020/00594

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/01783 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1629 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Д.Б-

          Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “МТС финанс ББСБ” ХХК

           үнэлгээ дахин тогтоолгох ажиллагаа явуулахыг даалгах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Доржсүрэнгийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “МТС финанс ББСБ” ХХК-н төлөөлөгч Х.Сэлэнгэ, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: СХД-н ИХАШШ-н шүүгчийн 2017 оны 09884 дугаар захирамж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 11026 дугаар захирамж, 01211 дугаартай гүйцэтгэх хуудсын дагуу НШШГГ-т явагдаж буй албадан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Д.Б-ийн өмчлөлийн СХД-н ..-р хороо, ..-р хороолол, ..-р байр .. тоот хаягт байрлах, 39,4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг үнэлсэн. Шинжээч томилох тухай тогтоол 2018-02-02-ны өдөр гарч, хөрөнгийн үнэлгээний “Баян модот” ХХК нь 2018-02-12-ны өдөр дээрх орон сууцыг 54,040,000 төгрөгөөр, зах зээлийн бодит үнэ ханшаас хамаагүй багаар үнэлсэн. 2018 оны хугацаанд манай улсын эдийн засаг сэргэж, Засгийн газраас орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, улмаар орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг нэг дахин нэмэгдүүлж, сонгуулийн жил болж байгаатай уялдан зогсонги байдалд байсан барилгын салбарын үйл ажиллагаа идэвхижиж, орон сууцны үнэ ханш өссөн. ШШГТХ-н 55.5-д зааснаар өөрийн өмчлөлийн орон сууцанд дахин үнэлгээ хийлгүүлэх тухай хүсэлтийг НШШГГ-т 2018-12-27-ны өдөр гаргасныг 2019-01-03-ны өдөр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тухай мэдэгдсэн. Улмаар НШШГГ нь Д.Б-ийн өмчлөлийн орон сууцыг “Баян модот” ХХК-ийн 2018-02-12-ны өдрийн буюу нэг жилийн өмнө хийлгэсэн 54,040,000 төгрөгийн үнэлгээнээс тооцон 2019-01-18-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулахаар зарласан байна. Иймд ШШГТХ-н 55.5-р төлбөр төлөгчид олгогдсон эрхийг зөрчиж буй НШШГГ-н хууль бус үйлд, эс үйлдлийг үл хүлээн зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. 2 өрөө орон сууцанд дахин шинжээчээр үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Б-ийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, ИХ-н 177.1-д заасны дагуу харилцан тохиролцож үнийн санал ирүүлэх тухай 2018-01-10-ны өдөр 4/684 тоот мэдэгдлийг талуудад хүргүүлэхэд харилцан тохиролцоогүй тул ШШГТХ-н 55.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ хийлгэхэд орон сууцыг 54,040,000 төгрөгөөр үнэлсэн. ШШГТХ-н 55.5 нь заавал үнэлгээ хийлгэнэ гэсэн үг биш бөгөөд зах зээлийн үнэлгээнд гуравны нэгтэй тэнцэх буюу 18,013,333 төгрөгийн үнийн өөрчлөлт орсон нь тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “МТС финанс ББСБ” ХХК тайлбартаа: ..Одоогийн зах зээлийн ханшаар тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 3/1-ээс багагүйгээр өссөн, буурсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Д.Б- нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид дахин үнэлгээ хийлгэх болсон үндэслэл бүхий баримт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч нь манай байгууллагаас зээл хүсэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний хуудсанд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 60.0 сая төгрөгөөр үнэлснийг зээлийн эдийн засагч 47.0 сая төгрөгөөр бууруулан үнэлэхэд хүлээн зөвшөөрч байсан. Д.Б- нь манай компанид төлөх төлбөрийн хэмжээнд маргадаггүй. Одоогоор 50 орчим хувийг барагдуулсан, үлдэгдэл 12,039,600 төгрөг байна. Энэ төлбөрийг бусад хэлбэрээр төлөх бүрэн боломжтой. Гэтэл одоог хүртэл төлбөрөө төлөхгүй, шүүхэд ямарваа нэгэн хэлбэрээр нэхэмжлэл гаргаж явж байгаа нь хугацаа хожих эсхүл уг төлбөрийг төлөхгүй байх санаа зорилго агуулагдаж байгаа нь илэрхий байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 184/ШШ2019/01783 дугаар шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар Д.Б-ийн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох орон сууцны үнэлгээ дахин тогтоох ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1629 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/01783 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээжээ.

       Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Доржсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ..Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон ХХША-ны журам зөрчсөн байна. Давж заалдах шатны шүүх “... шинжээч танилцаж гарын үсгээ зурсан нь хэргийн 58-р талд авагдсан байна. Иймд нэхэмжлэгчийн шинжээч томилох тогтоолд гаргасан гомдол үндэслэлгүй ...” гэж дүгнэн шийдвэрлэсэнг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулахдаа үнэлгээтэй холбоотой бус үнэлгээ хийлгэхээр шинжээч томилж тогтоол гаргаж байгаа ажиллагаа өөрөө хуульд нийцээгүй буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан ба хууль зүйн үндэслэлээ мөн ийм байдлаар тайлбарлаж гомдол гаргасан байдаг. СХД-н ИХАШШ-н шүүгчийн 2017-10-20-ны өдрийн 09884 дугаартай захирамж, 2017-10-27-ны өдрийн 11026 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, Шүүхийн 2017-10-27-ны өдрийн 01211 дугаартай гүйцэтгэх хуудсын дагуу НШШГГ-т явагдаж буй албадан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч Д.Б-ийн өмчлөлийн ..39,4 м2 талбайтай, 2 өрөө орон сууцанд мэргэжлийн шинжээчээр үнэлгээ тогтоохоор 2018-02-02-ны өдрийн 28 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолын дагуу хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК нь 2018-02-12-ны өдөр дээрх орон сууцыг 54,040,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Баян модот ХХК-ийн үнэлсэн үнэлгээний талаар тухайн үед гомдол гарган шийдвэрлүүлсэн тул түүний талаар дахин маргаагүй. Дээрх орон сууцанд мэргэжлийн шинжээчээр үнэлгээ тогтоохоор шийдвэрлэсэн 2018-02-02-ны өдрийн 28 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол нь хууль бусаар гарсан байдаг. Хууль бусаар гарсан тогтоолын дагуу хийгдсэн үнэлгээ нь хүчингүй бөгөөд үнэлгээг дахин хийх нь төлбөр төлөгч, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатай болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1-т ..зааснаар урьдчилан тодруулах ажиллагааг огт хийгээгүй байдаг бөгөөд шинжээч гэрчээр мэдүүлэг өгөхөд энэхүү байдлыг тодруулахад ажиллагаа хийгээгүй нь нотлогддог. Мөн хуулийн 9.2-т “..Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна ...” гэж зааснаар 9.1 дэх хэсэгт заасан ажиллагааг огт явуулаагүй байдаг. Гэтэл энэ тухай давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1-т заасан ажиллагааг хийсэн гэж дүгнэн хууль буруу тайлбарлан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Д.Б- 2019-01-07-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ..-р хороо, ..-р хороолол, ..-р байр .. тоот 2 өрөө орон сууцанд үнэлгээ хийх ажиллагаа дахин явуулахыг хариуцагчид даалгахыг шаарджээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Д.Б- нь МТС Финанс ББСБ ХХК-д 21,909,600 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2017-10-02-ны өдөр 184/ШЗ2017/09884 дугаартай захирамж гаргасан, Д.Б- уг захирамжийг сайн дураар эс биелүүлсэн тул албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн, хариуцагч Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ..-р хорооны, ..-р хороолол, ..-р байрны .. тоот 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураан авч, 2018-02-02-ны өдрийн 28 дугаар тогтоолоор шинжээч томилсон зэрэг нь тогтоогдсон байна.  

        2018-02-02-ны өдрийн 28 дугаар тогтоолоор хийгдсэн үнэлгээг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд хандаж, “...үнэлгээг хүчингүй болгуулах...” тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Д.Б-ийн нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 184/ШШ2018/00946 дугаар шийдвэрээр 2018-04-17-ны өдөр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байжээ.    

        Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

        Иймд Сонгинохайрхан дүүргийн ..-р хороо, ..-р хороолол, ..-р байр .. тоот 2 өрөө орон сууцанд үнэлгээ хийлгэх тухай хариуцагчийн 2018-02-02-ны өдрийн 28 дугаар тогтоол  Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т нийцээгүй тухай хяналтын гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т нийцэхгүй юм.

        2. Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно.

       Хэрэгт авагдсан баримтаар, үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан Сонгинохайрхан дүүргийн ..-р хороо, ..-р хороолол, ..-р байр .. тоот 2 өрөө орон сууцны үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэж үзэх нөхцөл байдал нотлогдоогүй байх тул төлбөр төлөгчид 2019-01-02-ны өдрийн 56 дугаар мэдэгдэх хуудсаар хариу өгөхдөө хариуцагч хууль зөрчөөгүй талаарх шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд нийцжээ.

       3. Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хянан шийдвэрлэнэ.

       Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан шаардлага, түүний үндэслэлийг баримтаар нотлож чадаагүй байх тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 116 дугаар зүйлийн 116.2,116.3 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ. 

       4. Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлага,зохигчийн тайлбарын талаар дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр,магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/01783 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1629 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Доржсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Доржсүрэнгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ