| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/0898/И |
| Дугаар | 1080 |
| Огноо | 2017-10-31 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 1080
| 2017 оны 10 сарын 31 өдөр | Дугаар 151/ШШ2017/01080 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Баянжаргалан сум, 1 дүгээр баг, Жаргалант гэх газар оршин суух Алаг овогт Ойдовын Батцэнгэл /НЕ84070376/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Баянжаргалан сум, 1 дүгээр баг, Жаргалант гэх газар оршин суух Боржигин овогт Дашзэвэгийн Бямбасүрэн /ЕА87053000/-д холбогдох,
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Батцэнгэл, хариуцагч Д.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч О.Батцэнгэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О.Батцэнгэл миний бие Говь-Сүмбэр аймгийн иргэн Д.Бямбасүрэнтэй 2008 онд танилцаж, 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 08 дугаар сарын 24-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 12 дугаарт бүртгүүлж, гэрчилгээ авсан. Намайг анх энэ охинтой танилцахад Дашзэвэг гуайх манай сумын Мэндбаярын малыг маллаж манайхтай ойрхон нутаглаж байсан. Бидний дундаас 2009 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүү Б.Очирбатыг төрүүлсэн. Д.Бямбасүрэнтэй 2009 оны 02 сараас 2010 он хүртэл хамтран амьдарч байгаад хоорондоо таарч тохирохгүй, муудалцах нь ихэссэн. Үүнээс хойш Д.Бямбасүрэн нь гэртээ тогтохоо больж, өөр хүнтэй холбогдох болсон. Бид 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд үүнээс хойш Д.Бямбасүрэнтэй эргэж холбогдоогүй. Д.Бямбасүрэн нь явахдаа хүү Б.Очирбатыг надтай хамт орхиод явсан. Тухайн үед хүү маань бие муутай, хөдөлгөөн муу, мөлхөж босож чаддаггүй байсан. ...Миний хувьд хөдөө мал маллаж амьдардаг, сүүлд 2012 онд Т.Эрдэнэчулуунтай гэр бүл болж, одоо 2 хүүхэдтэй болсон. Одоо Д.Бямбасүрэнгээс гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.Очирбатыг өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна” гэв.
Нэхэмжлэгч О.Батцэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, нэмж ярих зүйлгүй” гэв
Хариуцагч Д.Бямбасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “О.Батцэнгэлтэй 2008 онд танилцаад 2009 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2009 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүү Б.Очирбат төрсөн. Би О.Батцэнгэлтэй суухдаа ой гарантай хүүтэй байсан бөгөөд О.Батцэнгэл нь хүүг маань ад үзэхгүй, хамт амьдаръя гэдэг байсан, О.Батцэнгэлийн аав, ээж хоёр ч гэсэн манай том хүүд сайн байсан. Тэгээд хүү Б.Очирбатыг төрснөөс хойш нөхөр О.Батцэнгэл том хүүг маань ад үзэж, цохиж, зоддог болсон. Би том хүүгээ өмөөрөөд бид хоёр хааяа маргадаг болсон. ...Нөхөр О.Батцэнгэл нь Т.Эрдэнэчулуун гэдэг 1 хүүхэдтэй эмэгтэйтэй суугаад 2 хүүхэд төрүүлсэн, одоо эхнэр нь жирэмсэн. Би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа, харин хүүгээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байгаа тул хүү Б.Очирбатыг миний асрамжинд үлдээж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Бямбасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Батцэнгэлтэй 2008 онд суухад би 1 хүүтэй байсан. Тэгээд хүү Очирбат гарснаас хойш Батцэнгэлийн ааш, авир өөрчлөгдсөн. Танай хүүхэд миний хүүхдийн хоолыг идсэн байна гэх зүйлс ярьдаг бас хүүхдийг минь зоддог байсан. Намайг ч мөн адил зоддог байсан. Тэгээд намайг хүүхдээ аваад яв гэж хэлэхэд би явсан. 2011 онд буцаж ирэхэд мөн хөөж явуулаад би буцаж очихоосоо айдаг болсон“ гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О.Батцэнгэл хариуцагч Д.Бямбасүрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид 2008 онд гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор 2009 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бүртгүүлэн хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2009 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүү Б.Очирбат төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-6/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Зохигчдийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад гэрлэгчид эвлэрэх боломжгүй болох нь тогтоогдож байна гэж үзлээ.
Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж 2010 оноос хойш тусдаа амьдарч, өөр гэр бүлтэй болсон, цаашид хэн аль нь хамт амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан арга хэмжээг авалгүйгээр тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч О.Батцэнгэл байнгын ажлын байртай, орлоготой байх тул түүний ахуйн нөхцөл, бололцоо болон хүүхэд бага наснаас эхлэн эцэгтэйгээ хамт өсөж, эцэгдээ илүү ээнэгшин дассан байдал зэргийг харгалзан үзэж Б.Очирбатыг эцэг О.Батцэнгэлийн асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.
Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй, мөн нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Алаг овогт Ойдовын Батцэнгэл, Боржигин овогт Дашзэвэгийн Бямбасүрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Очирбатыг эцэг О.Батцэнгэлийн асрамжинд үлдээсүгэй.
3.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, эрхийг нь хамгаалах үүрэг хэвээр үргэлжлэхийг эцэг О.Батцэнгэл, эх Д.Бямбасүрэн нарт үүрэг болгосугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бямбасүрэнгээс 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Батцэнгэлд олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар шүүхийн энэ шийдвэрийг хариуцагч Д.Бямбасүрэн сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Эрдэнэцэцэгт даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР