Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 522

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Г.Л, хариуцагч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Г.*******ын нэхэмжлэлтэй, Г.*******д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух А овгийн Г-ын Л шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2010 оны намар ******* их сургуульд суралцаж байхдаа Г-ийн Г-тай танилцсан. Мөн оны өвөл тодорхой шалтгааны улмаас ******* хотын *******д шилжин суралцсан. Шилжин суралцаж байх хугацаандаа буюу 2012 оны оюутны өвлийн амралтаар Г-тай уулзаж дараа нь хэсэг зуур утсаар ярьж байгаад үерхэж эхлэсэн. 2012-2014 онд Г бид 2 нэг нэгнийдээ очиж хоёр гэрээрээ орж гарч байх хугацаандаа жирэмсэн болж 2015 оны 09-р сарын 11-нд охин М-ыг төрүүлсэн. Би жирэмсэн байх хугацаандаа гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж байж хүүхдээ чиний нэрээр овоглож төрсний гэрчилгээ авдаг гэж удаа дараа Г-д хэлсэн боловч гэрлэлтээ батлуулаагүй. Үүний улмаас охин М-ыг өөрийн нэрээр овоглосон. Охиноо төрөөд удалгүй Г бид 2 зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон юм. Иймд Г.Г-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ

Хариуцагч Г.Г хариу тайлбартаа: Г.Л-ын талаас гаргаж буй хүүхдийн мөнгө төлүүлэх хүсэлтийн хариуг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Л.М-д охин нь 2015 оны 09 дүгээр сарын 11-нд төрсөн тул жирэмсэн эхийн төрсөн сарыг эхлэн тооцвол 12 дугаар сарын 11-нд жирэмсэн болох магадлалтай байна. Миний бие Г.Л-ын гэрээр сурагчийн 2-р улирал болох 2014-2015 оны хичээлийн жилийн амралтаар 2014 оны 01 дүгээр сарын 13-наас хойш очсон. Иймд эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэж өгнө үү гэжээ

Нэхэмжлэгч Г.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яагаад салах шийдвэрт хүрсэн юм бэ? гэхээр би 2015 оны 09 сарын 11-нд төрсөн. Тэр хугацаанд бид 2-т маргалдах зөрчилдөх асуудлууд зөндөө байсан. Би нилээд их тонус ихтэй хатуурал ихтэй байсан учраас аймгийн төв дээр байх нь зохимжгүй юм байна гээд утсаа ээжид үлдээгээд хөдөө явахаар болоод хөдөө явлаа гэдгээ Г-д хэлсэн. Ээжийн барьж байгаа утсаар залгаад яагаад утсаа авахгүй байгаа юм, утсаа аваач, дандаа ийм байхыг чинь харнаа гээд мессеж бичээд байсан гэсэн. Тэгээд би 2015 оны 09 сарын 10-ны шөнө аймагт ирээд төрөхөөр өвдөж байгаа талаараа энэ хүнд хэлсэн. Тэгээд би энэ хүнд танай сумд ******* банкны машин явж байгаа эрхлэгч нь манай ах байгаа чи наад машинтайгаа хүрээд ир гэж хэлсэн чинь би тэгж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд би төрөөд цус алдаад миний биеийн байдал их муу байсан. Тэгэхэд энэ хүн намайг загнаад л байж байсан. Тийм хүнтэй би яаж хамт амьдрах юм бэ. Би 3,4 хоног эмнэлэгт байж байгаад эмнэлэгээс гарахад энэ хүн ирсэн. Тэгээд би цус алдаж төрсөн учраас сайн тэнхэрч чадахгүй байсан. Тэгэхэд энэ хүн ирээд 4 хоноод би явлаа гэсэн. Тэгэхэд нь аавын 10 хоногийн чөлөө өгдөг гэсэн шүү дээ гэсэн. Тэгээд явахынхаа өмнөх орой гэрээс шээсний хувин барьж гараад хаалгаар шагайгаад намайг дуудахаар нь надад юм өгөх гэж байгаа юм байна гэж бодсон чинь ардаа шээсний хувин барьсан байсан. Тэрнээс нь би горьдчихсон байсан. Тэгээд надад 1 цайны печень авчирч өгөөд горьдоог чинь гаргачихсан шүү гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд би араас нь утасдаад би горьдчихсон юм шиг байна гэж хэлэхэд буцаж ирж миний горьдоог гаргаж өгөөгүй. Би тэрнээс нь болж 3-4 сар шаналсан. Тийм байхад энэ хүн чи ер нь яачихаад байгаа юм. Юундаа уурлаад байдийн гэж л мессеж бичдэг байсан. Тийм учраас би аргаа бараад Мобиком руу утсаар ярьж байгаад дугаараа хаалгасан. Надад захиа ирэх нь ирсэн. Гэхдээ би тэр захианд мөн л нөгөө хэрүүлийн үгээ бичсэн байх гэж бодсон учраас уншилгүй урсан гэв.

Хариуцагч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2 хол байгаа учраас ирсэнгүй гээд гомдол хэлж байна. Би төрийн үйлчилгээний албан хаагч учраас Төрийн албаны тухай хуульд зааснаар аавын 7 хоног байдаг. Тухайн үедээ 7 хоногийн чөлөө аваад 2 хоног нь ирж очих замд өнгөрсөн. Тэгээд үлдсэн хугацаагаа энд өнгөрөөсөн. Энэ хугацааны талаар сайн ойлгоогүй юм болов уу гэж бодож байна. Тэр захиаг уншсан бол бидний харилцаа ийм болохгүй байх байсан байх. Тэр захиандаа яагаад таг чимээгүй болчихвоо хоёулаа ойлголцъё гэсэн утга санаатай зүйл бичсэн байсан. Хэрвээ хайртай байсан бол гомдсон ч гэсэн эргээд холбоо бариад ямар байдалтай байгаа талаараа хэлсэн бол бид ойлголцох байсан байх. Чамайг эмнэлэгт хэвтэж байхад чинь нагац эгчийгээ чам дээр очоод горьдоог нь гаргаарай гэсэн. Очиж горьдоог чинь гаргах арга хэмжээ авсан юм байна лээ. Би бүр огт таг чиг хаяагүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Л.Л нь Г.Г-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд ирүүлжээ.

Л-ын М 2015 оны 09-р сарын 11-ний өдөр төрсөн болох нь түүний ******* бүртгэлийн, АА******** ригестрийн дугаартай төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.

Г.Г нь Л.М-ын биологийн эцэг мөн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10-р сарын 26-ны өдрийн 9552 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Түүнчлэн хариуцагч Г.Г нэгэнт миний хүүхэд мөн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан, хүүхдээ том болсон цагаас нь хойш хараагүй байж байгаад шинжилгээ хийлгэх үед харахад надтай адилхан байсан тул хүүхэддээ тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэж мэдүүлсэн тул Гэр бүлийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр хүүхдийн тэтгэлэгийг эцэг Г.Г-аас сар бүр гаргуулан хүү Л.М-ыг тэжээн тэтгүүлэх үндэстэй.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзаж гүйцэтгэхийг шийдвэр гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийг гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс тооцож 28526 төгрөгийн тэмдэгтийн хураамж гаргуулж улсын орлого болгох үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсгүүдийгудирдлага болгон

ТОГТООХ нь

1. Монгол улсын гэр бүлийн тухай хуулийн Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Л-ын М-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагттогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г-ийн Г-аас нь сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2. Монгол Улсын Гэр бүлийн хуулийн 38-р зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй байдал тогтоогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

3. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзаж гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Монгол улсын гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоосон шүүхийн шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулахыг шүүгчийн туслах О.Түвшинжаргалд даалгасугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэхүүнэхэмжлэлийг гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэдхянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж 28526 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

6. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

7. Зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ