Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/188

 

20170720


    

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0187/Э 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Батжаргал,
Иргэдийн төлөөлөгч Б.Батбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн,  
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, 
Хохирогч Ч.О, түүний өмгөөлөгч ***
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган,
Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанааар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж.Б холбогдох 20179000136 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.


Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 05 дугаар сарын 19-нд Ховд аймгийн . . . суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Ховд аймгийн . . . сум, . . . тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Ж.Б, регистрийн дугаар: РД/. . ./.


Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ж.Б- нь шунахайн сэдэлтээр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт 2016 оны 05 сард Дархан-Уул аймгийн харьяат иргэн Ч.О түүний эзэмшлийн . . . ДАХ улсын дугаартай цагаан алаг өнгийн “. . .” маркийн 45 хүний суудалтай хүн тээврийн зориулалтай том оврын автобусыг “зээл авах банкаа яриад тохирсон байгаа, худалдаж авах автобусаа олоод ир гэж банкнаас надад хэлсэн” хэмээн 25 сая төгрөгөөр зээлээр худалдаж авах, тээврийн хэрэгслийн гэрчилгээг эхэлж өөрийн нэр дээр шилжүүлсний дараа автобусыг Ховд аймаг дахь “. . .” банкны салбарт зээлийн барьцаанд тавьж үнийг нь 14 хоногийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон боловч уг автобусны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн Ховд аймаг дахь “Г” банкны салбарт 15,000,000 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан боловч автобусны үнийг Ч.О төлөлгүй хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж 25,000,000 /Хорин таван сая/ төгрөгийн, 
Мөн давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр Ховд аймгийн харьяат иргэн Н.О өмчлөлийн зарахаар зар өгсөн байсан Ховд аймгийн . . . сум, 3 дугаар баг, . . . тоотод байрлах 69.5мкв хувийн сууц болон 1044.6 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөх эрхийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 20,000,000 /Хорин сая/ төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төлбөрийг бүрэн барагдуулна хэмээн хуурч мэхлэх аргаар урьдчилгаа төлбөр огт төлөлгүйгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч иргэн Ч.О-аас залилан мэхлэж авсан автобусны хамт Ховд аймаг дахь “Г” банкны салбарт 15,000,000 /арван таван сая/ төгрөгийн зээлийн барьцаанд тавьж 10,000,000 /Арван сая/ төгрөгийг нь төлж үлдэгдэл мөнгийг нь төлөхгүй гэсэн субьектив санаа зорилгоор 10.000.000 /арван сая/ төгрөгийн хохирол, нийт бусдад 35,000,000 /гучин таван сая/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 


ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Б- нь 2016 оны 05 сарын 10-ны өдөр . . . ДАХ улсын дугаартай “. . . маркийн том оврын автобусыг “тээврийн хэрэгслийн гэрчилгээг эхэлж өөрийн нэр дээр шилжүүлчихвэл 25,000,000 төгрөгийн зээл авахаар тохиролцсон байгаа, барьцаанд 14 хоногийн дотор мөнгийг төлнө” гэж Дархан-Уул аймгийн харьяат Ч.О-аас автобусны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авчээ.
Тохирсон хугацаа өнгөрөхөд төлбөрийг төлөөгүй байх ба Ховд аймгийн харьяат Н.О мөн зээлийн барьцаанд тавиад үнийг төлнө гэж хэлж өмчлөх эрхийг шилжүүлэн авсан хувийн сууц, газрын хамт Ч.О-ын автобусыг барьцаалан 2016 оны 9-р сарын 23-ны өдөр 15 сая төгрөгийн зээл авч 10,000,000 төгрөгийг Н.О өгчээ.
2016 оны 8 дугаар сар хүртэл автобусаар хүн тээвэрлэж байгаад хөдөлгүүр нь эвдэрсний улмаас ашиглаагүй байна.
Шүүгдэгч Ж.Б- нь Ч.О-аас автобусыг авах үед тохирсон хугацаанд үнийг төлөх боломжгүй, уг автобусыг 25,000,000 төгрөгт барьцаалан зээл авах боломжгүй байсан боловч бодит байдлыг нууж хуурч 25,000,000 төгрөгийн хохирол учруулж бусдыг төөрөгдүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Би Ховдод фаз автобус барьдаг байсан. Үүнийгээ солих гээд Бааст гэдэг залуутай уулзтал Дарханы нэг хүн танина, тэр хүн автобусаа зарна гэсэн гэхээр нь бид хоёр Ч.О-тай уулзаад авахаар болсон юм. Автобус авах гээд банкнаас зээл авах гэсэн чинь анх удаа зээл авч байгаа болохоор их хэмжээний зээл олгохгүй гэсэн. Автобусаа унаад явахаар ямар нэг асуудал гарч ирээд эвдэрчихээд байдаг юм. Ч.О-аас автобус аваад 2 сарын дараа автобусандаа дарагдсан юм. Автобусандаа дарагдсаны улмаас аймгийн эмнэлэгт тав хоноод болохгүй болохоор Улаанбаатар хотын эмнэлэгт хэвтсэн.Ингэж явсаар өдий хүртэл автобусны үнийг төлөөгүй байгаа, миний буруу би авсан нь үнэн, төлөх нь үнэн”  гэх мэдүүлэг,
Ж.Б-ын иргэн Ч.Оаас авсан гэх . . . ДАХ улсын дугаартай цагаан алаг өнгийн “. . .” маркийн автобусанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас/,

Хохирогч Ч.О нь өөрийн өмчлөлийн . . . ДАХ улсын дугаартай цагаан алаг өнгийн “. . . маркийн автобусыг “Шар зам ирээдүй хоршоо”-ны нэр дээр бүртгүүлэн ажил үйлчилгээнд явж байгаад өөрийн хүсэлтээр 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тус хоршооноос хасалт хийлгэж Ж овогтой Б нэр дээр шилжүүлсэн тухай албан тоот /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,
Хохирогч Ч.О-ын шүүх хуралдаанд өгсөн: “...2016 оны 5 дугаар сард Ж.Б- гэдэг хүн Ховд аймгаас ирж Б дамжуулж надтай ирж уулзаад миний автобусыг 25,000,000 төгрөгөөр авахаар тохироод би автобусыг чинь өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч яваад Ховд аймагт банкнаас зээл аваад мөнгийг чинь шилжүүлье 14 хоногийн дотор шилжүүлнэ гэж ярьж тохирсон. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй, асуухаар утсаа авахгүй салгадаг. Тэгээд 2016 оны 8 сарын дундуур нэг өдөр Б гэнэт над руу яриад автобусны чинь мотор цохичихлоо, хямдхан мотор олоод өгөөч, банкнаас мөнгө гарч байгаа удахгүй автобусны чинь мөнгийг өгнөө гэж хэлсэн, моторын үнэ гэж 4 сая шилжүүлсний дагуу уг мөнгөөр мотор аваад хүрч ирээд мотороо ав гэж хэлэх гэсэн боловч холбоо бариагүй алга болчихсон, сүүлд автобусыг барьцаанд тавьсныг мэдсэн, 4 сая төгрөгийг хасаад одоо 21,000,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, 

Гэрч Н.Б “... Би Ч.О гэгч рүү 2016 оны 12 сарын үед утсаар залгаж яриад та тэргээ буцааж авсан нь дээр, Бат-Очирт өгөх мөнгө байхгүй шүү гэж Ч.О хэлсэн. Дараа нь над руу залгаад гэрчилгээ нь миний нэр дээр байна уу, би очиж авмаар байна гэж хэлсэн. Би автобус банкны нэр дээр тавьсан байхаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,
Гэрч С.Б “...Хэрэв автобусыг дангаар нь барьцаалсан бол 12,500,000 төгрөгийн зээл гарах боломжтой байсан ...Надад хэлэхдээ Дархан-Уул аймгаас автобус 25 саяар худалдаж авч байгаа 15 сая төгрөгийг нь өгсөн 10 сая дутуу байгаа. Хашаа байшингаа 20 саяар худалдаж авч байгаа 5 сая төгрөг дутуу байгаа гэж хэлж байсан өөр зүйл яриагүй. ...Зээл олгох үед мотор нь эвдэрсэн байсан талаар мэдэхгүй байна. Ж.Б- нь надад “автобус зүгээр хэвийн явж байгаа” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/,


Капитал зууч ХХК-ийн “...” Маркийн цагаан алаг өнгийн 45 хүний суудалтай том оврын автобусын зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 25,000,000 төгрөг байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/

Ж.Б-ын Г банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний хуулбар  /хавтаст хэргийн 117-125 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэгт авагдаж хуулийн дагуу бэхжүүлэгдсэн бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгчийн үйлдэл” гэмт хэргийн шинжгүй тул цагаатгах дүгнэлт гаргасан нь дээрх үндэслэлүүдээр няцаагдаж байна.

Харин Ж.Б-ыг шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн харьяат иргэн Н.О өмчлөлийн Ховд аймгийн . . .сум, 3 дугаар баг, . . . тоотод байрлах 69.5мкв хувийн сууц болон 1044.6 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөх эрхийг 20,000,000 төгрөгөөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төлбөрийг бүрэн барагдуулна хэмээн хуурч мэхлэх аргаар урьдчилгаа төлбөр огт төлөлгүйгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, иргэн Ч.О-аас залилан мэхлэж авсан автобусны хамт Ховд аймаг дахь “Г” банкны салбарт 15,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж 10.000.000 төгрөгийг нь төлж үлдэгдэл мөнгийг нь төлөхгүй гэсэн субьектив санаа зорилгоор 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

Залилах гэмт хэрэг нь хохирогчийн гомдлоор үүсэх ба хохирогч залилуулсан, эд хөрөнгийн хохирол хүлээсэн талаар гомдол гаргаагүй байхад хуулийн байгууллага даалгавар бичих замаар хохирогчоор тогтоож байцаасан нь үндэслэлгүй байх ба Н.О 50 хувийн төлбөрөө авсан талаар мэдүүлсэн,  Г- улсын бүртгэлийн дугаартай 1044,6 мкв газар, Ү- улсын бүртгэлийн дугаартай 69.5 мкв талбайтай 2 өрөө орон хувийн сууцыг худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг шүүгдэгч Ж.Б-ын өмчлөлд шилжин банкны барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж банкны зээлийн гэрээний үүргийг хангаснаас үлдсэн төлбөрөөс хангуулах боломжтой, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх иргэд хоорондын маргаан болох нь

Хохирогч Н.О “...Би өөрийн хашаа байшинг зарах гээд зарсан өгсөн байсан. Мөн Б эхнэрийнх нь дүү болох ***г таньдаг байсан. Б манай гэрт эхнэртэйгээ ирээд манай хашаа байшинг харж үзээд хоорондоо яриад эхлээд хашаа байшингаа миний нэр дээр шилжүүлэх би банкнаас зээл авч мөнгийг чинь өгье гэж хэлээд бид хоёр хоорондоо худалдах, худалдан авах гэрээ байгуулж байсан. Үлдэгдэл 10 сая төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/,

Амины орон сууц үнэлсэн тухай тайлан /хавтаст хэргийн 76-79 дүгээр хуудас/,

Г банкны зээлийн гэрээ, барьцааны гэрээ /хавтаст хэргийн 117-115 дугаар хуудас/,

Г- улсын бүртгэлийн дугаартай 1044,6 мкв газар, Ү- улсын бүртгэлийн дугаартай 69.5 мкв талбайтай 2 өрөө орон хувийн сууцны өмчлөгч нь Ж.Б байгаа талаарх Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт /хавтаст хэргийн 112-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул уг үйлдэл холбогдол, хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар иргэний нэхэмжлэгч Ч.О-ын нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхисон болохыг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч Ч.О Ж.Б-ын “моторын мөнгө” гэж шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг хохиролд тооцон үлдэгдэл 21,000,000 төгрөгийг нэхэмжилсэн ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ч.О олгохоор шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага, бусад байдлын талаар:


Шүүгдэгч Ж.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэргийн улмаас учруулсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх үндэслэлгүй байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Ж.Б-ыг Н.О 10,000,000 төгрөгийн эд хөрөнгийн эрхийг залилсан гэх үйлдэл, холбогдол хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б овогт Ж.Б хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч 25,000,000 төгрөгийн хохирол учруулж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар Б овогт Ж.Б 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Ж.Б-т оногдуулсан 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Ж.Б-оос 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.От олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар иргэний нэхэмжлэгч Н.О нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болохыг дурдаж, Н.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гарган жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон хураасан хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-т өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс тоолсугай. 
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Г.ГЭРЭЛТ-ОД
                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Я.ТУУЛ
                              ШҮҮГЧ            Т.БАТЖАРГАЛ