| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2019/0654/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/661 |
| Огноо | 2019-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2019/ШЦТ/661
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,
улсын яллагч Г.Цэрэнжамц,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.А холбогдох эрүүгийн 1906 01963 0788 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б А,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” амралтын газарт хохирогч У.У ус буцалгагчаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэх мэдүүлэг,
Хохирогч У-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо ****** амралтанд найз А , М гэх 2 найзын хамт архи уусан. Найз М бид 2 үл ойлголцон маргалдаад М намайг барьж Б.А намайг нэг юмаар цохьсон, юугаар цохьсоныг мэдэхгүй байна. Тэгээд толгойноос цус гараад би ухаан ... эмнэлэгт сэрсэн. Гэмтлийн эмнэлэгт зүүн нүдэндээ оёдол хийлгээд тэгээд энд ирсэн. ... Намайг А , М хоёр тарвага боогоод өг гээд аваад явсан. Амралтын газар очоод бид тав 0,750 граммын 3 шил Экс архи хувааж уусан. Гэнэт М бид хоёрын дунд хэрүүл маргаан үүсээд амралтын гэр дотор М бид хоёр ноцолдож байтал миний араас нуруу, толгойн дагзан тус газар ямар нэгэн зүйлээр 2-3 удаа хүчтэй цохихоор нь би эргээд хартал зууван хэлбэртэй төмөр зүйлээр миний нүүрний зүүн хэсэгт нүдэн тус газар 2-3 удаа цохьсон. Б.А намайг зодсон. М намайг доошоо тонгойлгоод хүзүүн дээрээс дараад тэвэрчихсэн байхад Б.А намайг зодсон. Тэр үед М А г “чи хүн алчихлаа ш дээ” гэж хэлж байсан. Тэгээд л цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 5-7 дугаар тал/
Гэрч Б.М мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Т**** гэх амралтын газар А , У, М, С, А бид 6 очсон. Тэнд очоод бид нар бага хэмжээнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд байж байтал А яваад өгсөн. Би хойморийн орон дээр буруу хараад унтаж байтал У гадагшаа гарчихаад ороод ирсэн. Орж ирээд У миний араас татаад намайг 4-5 удаа миний гэдэс, нүүр лүү цохьсон. “Чи яагаад байгаан бэ Ууганаа” гэж асуухад надад хариулт хэлэхгүй байсан. Тэгсэн А , М хоёр хамт хэвтэж байгаад орон дээрээс босч ирсэн. Тэгсэн Б.А У ын толгойн хэсэг рүү нэг зүйл шидэх шиг болсон. Тэгээд би А г түлхээд У ыг тэврээд автал У ын толгой, нүүрнээс нь цус гараад байсан. Тэгэхээр нь би өмсөж байсан фудболкоо тайлаад У ын цусыг дарсан. Тэгээд эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. Би унтаж байсан болохоор сайн мэдэхгүй байна. У намайг гэнэт л цохиод авсан. Би бол цохиж, зодоогүй.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 9 дүгээр тал/
Гэрч У.М мөрдөн байцаалтад өгсөн: “..2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Мөнх-Эрдэнэ, А , У , С, А бид 6 ойрхон салхинд гаръя гэж тохироод Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул Гарден амралтын газарт очсон. Тэнд очоод идэж уугаад байж байтал А , Мхоёрын найз гээд Тамираа гэх залуу ирсэн. Тэгтэл У өөрийгөө цагдаагийн байгууллагад ажилладаг, цагдаа гээд байсан. Тэгснээ Тамираа гэх залуу руу агсраад байсан. Удалгүй Тамираа гэх залуу явах болоод А хамт явсан. Тэгсэн У тэр хоёрын араас гараад машины зогсоол дээр очоод Ауг чирч гулдраад агсраад байхаар нь А С руу утасдаад гараад ир гэхээр нь С гараад иртэл У Сотой зөрөөд бид нарын амарч байсан амралтын гэрт ороод ирсэн. Гэрт орж ирэнгүүтээ гэрийн хаалга цоожлоод унасан. Тэгснээ Мөнх-Эрдэнийг орноос чирч буулгаад номхон зогсоогоод Мөнх-Эрдэнийг шанаадаад унагаачихсан. Тэгэхээр нь би “яаж байгаа юм” гэж хэлээд байж байтал Мдахиад босоод иртэл У Мөнх-Эрдэнийг элэгдээд унагачихсан. Тэгсэн Б.А босч ирээд У ыг цохиод унасан. Тэгээд хартал Б.А ус буцалгагч гартаа барьчихсан У ыг цохьсон байсан, У ын хөмсөг хавьцаанаас маш их цус гараад Мөмсөж явсан фудболкоо тайлаад цусыг нь дарж тогтоосон. Тэгээд Со орж ирээд түргэн дуудсан. Мминий хажууд зогсож байсан, У т ерөөсөө ойртоогүй. Харин У л Мөнх-Эрдэнийг шанаадаж унагааж байсан. Б.А У ыг ус буцалгагчаар цохиж тухайн гэмтлүүдийг учруулсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 14-15 дугаар тал/
Гэрч Б.С мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Мөнх-Эрдэнэ, А , У , С, А бид 6 ойрхон салхинд гарья гээд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг Туул Гарден амралтын газарт очсон. ...байж байтал А , Мхоёрын найз болох Тамираа гэх залуу ирсэн. Тэгсэн Т явахдаа Аг аваад явсан. Тэгсэн У тэр хоёрын араас гараад явахаар нь би араас нь гараад машины зогсоол руу очтол хүн байгаагүй. Тэгээд буцаад гэр лүү ортол У , Мхоёр маргалдаж байсан. Тэгсэн У Мөнх-Эрдэнийг түлхээд унагаачихсан. Тэгтэл Б.А орон дээр хэвтэж байснаа босч ирээд ус буцалгагчаар У ын нүүр толгойн тус газар 1-2 удаа цохичих шиг болсон. Яг хэдэн удаа цохисныг нь хараагүй. У ын нүүр толгойн зүүн хэсгээс нь нэлээн цус гараад Мөмсөж явсан фудболкоо тайлаад цусыг нь дарж тогтоосон. Тэгээд түргэн дуудсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 17 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3635 дүгээр:
1. У-ийн биед хамрын ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, зүүн хөмсөг, нүдний зовхи, хацарт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёроос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,
/хх-ийн 23 дугаар тал/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа
/хх-ийн 19 дүгээр тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ревир Бич” амралтын газарт хохирогч У.У ус буцалгагчаар нүүрэн тус газар цохиж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А-ийн өгсөн “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэх,
мөрдөн байцаалтад Б.А-ийн яллагдагчаар өгсөн “...баахан хараал хэлээд Мөнх-Эрдэнийн гэдэс, цээж рүү нь цохиод “номхон зогс пизда минь” гэх мэтээр дарамталж эхэлсэн. Тэгсэн Мөнх-Эрдэнэ, У хоёр зууралдаад эхлэхээр нь би У ыг ус буцалгагчаар толгой, нүүрний зүүн хэсэгт нь 2 удаа цохьсон, нуруун тус газар нь гараараа 1 удаа цохьсон.” гэх /хх-12/,
хохирогч У-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Найз М бид 2 үл ойлголцон маргалдаад М намайг барьж Б.А намайг нэг юмаар цохьсон, юугаар цохьсоныг мэдэхгүй байна. Тэгээд толгойноос цус гараад би ухаан ... эмнэлэгт сэрсэн. Гэмтлийн эмнэлэгт зүүн нүдэндээ оёдол хийлгээд тэгээд энд ирсэн. ... Намайг А , М хоёр тарвага боогоод өг гээд аваад явсан. Амралтын газар очоод бид тав 0,750 граммын 3 шил Экс архи хувааж уусан. Гэнэт М бид хоёрын дунд хэрүүл маргаан үүсээд амралтын гэр дотор М бид хоёр ноцолдож байтал миний араас нуруу, толгойн дагзан тус газар ямар нэгэн зүйлээр 2-3 удаа хүчтэй цохихоор нь би эргээд хартал зууван хэлбэртэй төмөр зүйлээр миний нүүрний зүүн хэсэгт нүдэн тус газар 2-3 удаа цохьсон. Б.А намайг зодсон.” гэх /хх-5-7/,
гэрч Б.М мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул Гарден гэх амралтын газар А , У, М, С, А бид 6 очсон. ...Би хойморийн орон дээр буруу хараад унтаж байтал У гадагшаа гарчихаад ороод ирсэн. Орж ирээд У миний араас татаад намайг 4-5 удаа миний гэдэс, нүүр лүү цохьсон. “Чи яагаад байгаан бэ Ууганаа” гэж асуухад надад хариулт хэлэхгүй байсан. Тэгсэн А , М хоёр хамт хэвтэж байгаад орон дээрээс босч ирсэн. Тэгсэн Б.А У ын толгойн хэсэг рүү нэг зүйл шидэх шиг болсон. Тэгээд би А г түлхээд У ыг тэврээд автал У ын толгой, нүүрнээс нь цус гараад байсан. Тэгэхээр нь би өмсөж байсан фудболкоо тайлаад У ын цусыг дарсан.” гэх /хх-9/,
гэрч У.М мөрдөн байцаалтад өгсөн “..2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Мөнх-Эрдэнэ, А , У , С, А бид 6 ойрхон салхинд гаръя гэж тохироод Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул Гарден амралтын газарт очсон. Тэнд очоод идэж уугаад байж байтал А , Мхоёрын найз гээд Тамираа гэх залуу ирсэн. Тэгтэл У өөрийгөө цагдаагийн байгууллагад ажилладаг, цагдаа гээд байсан. Тэгснээ Тамираа гэх залуу руу агсраад байсан. ...Тэгснээ Мөнх-Эрдэнийг орноос чирч буулгаад номхон зогсоогоод Мөнх-Эрдэнийг шанаадаад унагаачихсан. Тэгэхээр нь би “яаж байгаа юм” гэж хэлээд байж байтал Мдахиад босоод иртэл У Мөнх-Эрдэнийг элэгдээд унагачихсан. Тэгсэн Б.А босч ирээд У ыг цохиод унасан. Тэгээд хартал Б.А ус буцалгагч гартаа барьчихсан У ыг цохьсон байсан, У ын хөмсөг хавьцаанаас маш их цус гараад Мөмсөж явсан фудболкоо тайлаад цусыг нь дарж тогтоосон.” гэх /хх-14-15/,
гэрч Б.С мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Мөнх-Эрдэнэ, А , У , С, А бид 6 ойрхон салхинд гарья гээд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг Туул Гарден амралтын газарт очсон. ...байж байтал А , Мхоёрын найз болох Тамираа гэх залуу ирсэн. ...Тэгсэн У Мөнх-Эрдэнийг түлхээд унагаачихсан. Тэгтэл Б.А орон дээр хэвтэж байснаа босч ирээд ус буцалгагчаар У ын нүүр толгойн тус газар 1-2 удаа цохичих шиг болсон. Яг хэдэн удаа цохисныг нь хараагүй. У ын нүүр толгойн зүүн хэсгээс нь нэлээн цус гараад Мөмсөж явсан фудболкоо тайлаад цусыг нь дарж тогтоосон.” гэх /хх-17/ мэдүүлгүүд, хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3635 дүгээр дүгнэлт /хх-23/, толгойн зураг авхуулсан орлогын баримт /хх-24/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-19/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.А г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч У-ийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Б.А 3.500.000 төгрөгийг төлсөн, хохирогч У.У прокурорын байгууллагад гаргасан хүсэлтдээ “Б.А 3.500.000 төгрөг төлсөн, нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” /хх-37/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.А д оногдуулсан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох шаардлагагүй байх ба торгох ялыг шүүгдэгч нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.А г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ