Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 1093

 

 

 

 

 

 

   2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2017/01093

                                               Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Эрдэнэ сум, 2 дугаар баг, Чулуут багт оршин суух Боржигон овогт Сүхбаатарын Бямбатуяа /НУ94050607/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Эрдэнэ сум, 1 дүгээр баг, Баянбулаг гэх газар оршин суух Түмэт овогт Өөдөсийн Өнөболд /ДМ88110811/-д холбогдох,

 

хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Бямбатуяа, хариуцагч Ө.Өнөболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч С.Бямбатуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Ө.Өнөболдтой 2014 онд танилцаад 2015 оноос эхлэн надтай сууна, гэрлэнэ гэж аав Сүхбаатар, ээж Эрдэнэцэцэгээс албан ёсоор гуйж авсан тул би Өнөболдын ах Өлзийгийн гэрт хамтран амьдарч байсан. Энэ хугацаанд 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр охин Б.Энхзул төрсөн. Одоо охинтойгоо хамт амьдарч байна. Өнөболд нь зан араншин нь хувирч охин бид хоёрыг орхиод явсан. ...Иймд эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Ө.Өнөболд шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Энхзулыг өөрийн хүүхэд гэдгийг мэддэг. С.Бямбатуяа нь удаа дараа Б.Энхзулыг миний хүүхэд биш гэж хэлдэг. Манай аавынд согтуу ирээд агсам тавьсан. Архи уугаад байхаар сэтгэл хөрдөг юм билээ. Би охиндоо өөрт нь хадгаламжинд мөнгө хийж өгье гэж хэлдэг. Цаашид хамтран амьдрах боломжгүй.” гэв.

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Бямбатуяа нь Ө.Өнөболдод холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид 2014 онд танилцаж, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байх хугацаанд тэдний дундаас 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр охин Б.Энхзул төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 3/-аар тогтоогдож байна. 

 

Хамтран амьдрагчид нь хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа, охин Б.Энхзул нь /1 настай/, төрснөөс хойш эх С.Бямбатуяагийн асаргаанд хамт амьдарч байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж, охин Б.Энхзулыг С.Бямбатуяагийн асрамжинд үлдээж, эцэг Ө.Өнөболдоор хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 26 дугаар зүйлийн 26.2.2-д “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийн үүрэг гэж тус тус заажээ.

 

Иймд Ө.Өнөболд нь С.Бямбатуяатай гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ч гэсэн тэдний дундаас төрсөн охин Б.Энхзулыг тэжээн тэтгэх үүрэгтэй ба цаашид элэг бүтэн амьдрах эрхийг үүгээр хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Бямбатуяа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмжийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, хариуцагч Ө.Өнөболдоос 28.209 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.8-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Боржигон овогт Бямбатуяагийн Энхзулыг 18 насанд хүртэл эх Боржигон овогт Сүхбаатарын Бямбатуяагийн асрамжинд үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.Энхзулыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ -тай болон насан хүрээгүй боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ө.Өнөболдоор тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Бямбатуяа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар шүүхийн энэ шийдвэрийг хариуцагч Ө.Өнөболд нь сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.ЭНХТӨР