| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/01132/И |
| Дугаар | 1111 |
| Огноо | 2017-11-14 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 1111
| 2017 оны 11 сарын 14 өдөр | Дугаар 151/ШШ2017/01111 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 3 дугаар баг, Баянхошуу, 15 гудамж 4 тоотод оршин суух Боржигон овогт Шижирбаатарын Оюун-Эрдэнэ /НС94082624/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монос 1-13а тоотод оршин суух Лхамжав овогт Баттөмөрийн Дорж-Ойдов /ИБ94072218/-т холбогдох,
хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Оюун-Эрдэнэ, хариуцагч Б.Дорж-Ойдов, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2013 оноос хойш Б.Дорж-Ойдовтой үерхээд 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүү Д.Ганданлхавжаа төрсөн. Сүүлийн үед хүү бид 2 дээр ирэхгүй болсон ба ажил дээрээ М.Булгантуяатай явалддаг болсон. Урд нь ирдэг байсан сүүлийн 3 сар ирэхээ больсон. Сүүлд 10 сард өөр хүнтэй гэдгийг нь мэдээд хүүхэддээ тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандах болсон. Иймд хүү Д.Ганданлхавжаад хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү” гэв.
Хариуцагч Б.Дорж-Ойдов шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2013 оноос хойш Ш.Оюун-Эрдэнэтэй үерхсэн ба 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүү Д.Ганданлхавжаа төрсөн. Д.Ганданлхавжаа нь миний төрсөн хүү учир хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг сар бүр төлж байна” гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.Оюун-Эрдэнэ нь Б.Дорж-Ойдовт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид 2013 онд танилцаж, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байх хугацаанд тэдний дундаас 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүү Д.Ганданлхавжаа төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-4/-өөр тогтоогдож байна.
Хамтран амьдрагчид нь хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж 2017 оны 10 сараас хойш тусдаа амьдарч байгаа, хүү Д.Ганданлхавжаа нь /10 сартай/, төрснөөс хойш эх Ш.Оюун-Эрдэний асаргаанд хамт амьдарч байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж, хүү Д.Ганданлхавжааг Ш.Оюун-Эрдэний асрамжинд үлдээж, эцэг Б.Дорж-Ойдовоор хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 26 дугаар зүйлийн 26.2.2-д “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийн үүрэг гэж тус тус заажээ.
Иймд Б.Дорж-Ойдов нь Ш.Оюун-Эрдэнэтэй гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ч гэсэн тэдний дундаас төрсөн хүү Д.Ганданлхавжааг тэжээн тэтгэх үүрэгтэй ба цаашид элэг бүтэн амьдрах эрхийг үүгээр хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Оюун-Эрдэнэ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмжийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, хариуцагч Б.Дорж-Ойдовоос 28.209 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.8-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Лхамжав овогт Дорж-Ойдовын Ганданлхавжааг 18 насанд хүртэл эх Боржигон овогт Шижирбаатарын Оюун-Эрдэний асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Д.Ганданлхавжааг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ -тай болон насан хүрээгүй боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Дорж-Ойдовоор тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Оюун-Эрдэнэ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар шүүхийн энэ шийдвэрийг хариуцагч Б.Дорж-Ойдов нь сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР