Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2017/ШЦТ/08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэг,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч Д.Батбаяр нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Даваасүрэнгийн Батбаярт холбогдох эрүүгийн 201622000680 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Д.Батбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн нутагт иргэн Уламжаргалыг ташуурдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

 Шүүгдэгч Д.Батбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн нутагт иргэн Уламжаргалыг ташуурдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Хохирогч Н.Уламжаргалын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Би нөхөр Батзоригоос шүүхээр албан ёсоор салсан юм. Шүүх бид хоёрын эд хөрөнгийг шийдвэрлэж өгсөн юм. Шүүх надад малын хашаа, мотоцикль, зуны гэр 2 тугалтай үхэр, нэг гунжин үхэр, зэргийг гаргаж өгсөн юм. Би 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2 тугалтай үхэр, нэг гунжин үхрээ авах гээд 11 цагийн үед өөрийн төрсөн ах Аюуштай хамт өөрийнхөө авах ёстой 2 үхэр дээр нь нэмээд миний эзэмшлийн 10 үхэр нийт 13 орчим үхэр Талын ус багийн худаг дээрээс туугаад ахынхруугаа авч явах гээд явж байтал араас манай салсан нөхөр Батзориг 2 дүү болох Ууганболд, Батбаяр нартай ирж миний тууж явсан үхрүүдийг эргүүлж хөөсөн. Тэгэхээр нь би тэр гуравт би авах ёстой үхрээ авч явна гэсэн чинь намайг Батзоригийн дүү Батбаяр ирээд чиний юм гэж юу байдаг юм бэ пиздаа минь гээд миний толгой болон нуруу хэсэг рүү ташуурдсан гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Отгонбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Манай гэр Батзориг ахынхаас 4-5 км зайтай байдаг. Тэгээд бид 4 очоод худаг дээр байсан үхэрнээс 10 гаран үхэр ялгаж туугаад явж байтал Батбаяр ах морьтой ирээд Уламжаргал эгчийг чи малаар яадаг юм бэ янхан минь, гичий минь гэж хэлээд бид нарын туугаад явж байсан үхрийг эргүүлээд туугаад явсан. Тэгэхэд Уламжаргал эгч үхрээ авъя гээд хашгирсан, тэгтэл Батбаяр ах морьтой ирээд Уламжаргал эгчийн нуруу хэсэг рүү нь ташуурдаад гараараа толгой хэсэг рүү цохичихоод үхрээ туугаад яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

 Гэрч Н.Батзоригийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 04- ний өдөр Аюуш гээд ахтайгаа хамт манай бүх үхрийг туугаад явж байсан. Тэгэхээр нь би очоод Уламжаргалыг чи өөрийнхөө авах ёстой юмыг шүүхийн байгууллага чамайг 2 тугалтай үхэр нэг охин шүдлэн үхэр ав гэж хэлээ биз дээ тэрийгээ л ав гэж хэлээд үхрээ буцаагаад туугаад 2 тугалтай үхэр нэг гунжин үхэртэй нь үлдээгээд явсан. Тэгэхэд Уламжаргал миний араас халзан толгойг чинь мэрж иднэ та нар миний юмаар баяжаа биз дээ хулгайчуудаа гээд хараагаад байсан. Тэгэхээр нь би чи наад авах юмаа аваад яв хэрүүл уруул хийгээд яахав гэж хэлчихээд яваад өгсөн. Батбаяр Уламжаргалын нуруу хэсэг рүү суран ташуураар ороолгож байгаа харагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

Гэрч Б.Ууганболдын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Тухайн өдөр би үхрээ услах гээд худаг дээр ирэхэд Уламжаргал, Аюуш гээд ах өөрийнхөө том хүү бас нэг жоохон хүүхэдтэй хамт үхэр хөөгөөд явж байсан. Тэгээд Батзориг, Батбаяр хоёр бас худаг дээр ирсэн байсан. Бид гурав хамт Уламжаргал дээр очоод Зоригоо ах Уламжаргалд хандаж зүсэлсэн үхрээ авах юм биш үү гэж хэлсэн. Тэгэхэд Уламжаргал би бүгдийг нь тууж явна гээд бид гурвыг гуйлагчингууд миний малаар баяжлаа намайг миний малаар хуримаа хийгээ биз дээ гэх мэтээр доромжлоод байсан. Тэгэхээр нь бид гурав хоёр тугалтай үхэр нэг гунжин үхэр үлдээгээд бусдыг нь эргүүлээд хөөсөн юм аа. Тэгэхэд Батбаяр ах эргэж очоод суран ташуураараа Уламжаргалыг нэг ороолгочихоод ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Гэрч Б.Наранцэцэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би тэр талаар саяхан сонссон Уламжаргал үхэр туугаад явж байхад нь Батбаяр, Батзориг, Ууганболд гурав очиж үхрийг нь эргүүлээд хөөхөд Уламжаргал тэр гурван залуучуудыг янз бүрийн үгээр хэл амаар доромжилсон байсан. Тэгэхэд Батбаяр уурандаа Уламжаргалыг ташуурдсан гэж сонссон гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

 Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 612 тоот: Н.Уламжаргалын биед гэмтэл тогтоогдлоо. Н.Уламжаргалын биед тархи доргилт,зүүн зулайд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 20-р тал/,

Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаар дүгнэлтэд: Шинжээч эмч Р.Ням-Осорын 2016 оны 11 дүгээр сарын 09- ний өдрийн 612 тоот дүгнэлт үндэслэлтэй. Учир нь зүүг зулай хэсэг 1х1 см овойж хавдсан, тархины даралт ихсэж, хавагнасан байна. Н.Уламжаргалын биед зүүн зулай орчимд 1х1 овойж хавдсан эмзэглэлтэй ба тархины даралт ихсэн, хаван үүссэн гэмтэл үүсчээ.

Н.Уламжаргалын биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Н.Уламжаргалын гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Н.Уламжаргалын биед үүссэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар тал/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Д.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1- т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн эвлэрлийн гэрээ, улсын яллагчийн "хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" санал зэргийг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг "шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр" хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Батбаяр нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-р тал/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Эрүүгийн 201622000680 эд мөрийн баримтаар хураагдан ирсэн их бие нь 40 см, бариул хэсэг нь 30 см, нийт 70 см урттай дөрвөөр сүлжсэн гүрмэл суран ташуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслахад даалгаж, шүүгдэгчийг цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдлаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаарт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Даваасүрэнгийн Батбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Д.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 201622000680 дугаар хэрэгт хураагдсан их бие нь 40 см, бариул хэсэг нь 30 см, нийт 70 см урттай дөрвөөр сүлжсэн гүрмэл суран ташуур 1 ширхэгийг устгахыг шүүгчийн туслах Б.Мөнхзоригт даалгасугай.

 4. Эрүүгийн 201622000680 дугаартай хавтаст хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч Д.Батбаяр нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Батбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР