| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/0615/И |
| Дугаар | 1006 |
| Огноо | 2017-10-05 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 1006
| 2017 оны 10 сарын 05 өдөр | Дугаар 151/ШШ2017/01006 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Батсүмбэр сум, 1-р баг, Мандал улаан худаг, 1 гудамж, 16 тоотод оршин суух Савар овогт Сономын Одсүрэн /ОА84110901/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Батсүмбэр сум, 1 дүгээр баг, Мандал багт оршин суух Боржигон овогт Хэнбишийн Төрбаяр /НБ90032433/-т холбогдох,
хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сайнсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.Одсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би 2009 оноос эхлэн Х.Төрбаяртай хамтран амьдарч байх хугацаанд жирэмсэн байхад Улаанбаатар хот явж ажил хийнэ гэж яваад ирээгүй. Х.Төрбаяр хамт амьдрах хугацаандаа ямар нэг орлого олдоггүй, гэр орондоо тогтвор суурьшилтай амьдардаггүй, яваад алга болчихдог байсан. Одоо хүү О.Одбаяр 6 настай миний асрамжинд байгаа. Төрбаяр хүүхдээ өөрийн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Иймд Х.Төрбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сайнсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ээж С.Одсүрэн өөр хүнтэй амьдрал зохиож Увс аймагт амьдарч байгаа, хүү О.Одбаяр эмээ болон миний асрамжинд Төв аймагт өдийг хүртэл хамт амьдарч байна. Хүүхдийн тэтгэлгийг гаргуулах нэхэмжлэлээ дэмжиж байна.” гэв.
Хариуцагч Х.Төрбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Бид хоёр хэдий тусдаа амьдралтай ч хүү О.Одбаярыг харж хандах талаас нь би бодож явдаг. Хүнтэй сууж явахдаа хүүхдийг минь төрсөн эгчдээ өргүүлснийг Батсүмбэр сумынхан бүгд мэднэ. Хүүдээ өгөх ёстой юмыг нь өгнө.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болормаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа, хүү О.Одбаярыг ээж нь харж асардаггүй, өөр хүнтэй суусан тул хүүхдийг өөрсдийн асрамжинд авах хүсэлтэй байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.Одсүрэн нь хариуцагч Х.Төрбаярт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид 2009 онд танилцаж, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байх хугацаанд тэдний дундаас 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүү О.Одбаяр төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-4/, зохигчдийн тайлбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 25 дугаар зүйлийн 25.2-т “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн ... хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг, сонирхлыг нь хохироохыг хориглоно”, 26 дугаар зүйлийн 26.2.2-д “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийн үүрэг гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл С.Одсүрэн, Х.Төрбаяр нар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ч гэсэн тэдний дундаас төрсөн хүү О.Одбаярыг тэжээн тэтгэх үүрэгтэй ба цаашид элэг бүтэн амьдрах эрхийг үүгээр хязгаарлаагүй болохыг дурдаж хүү О.Одбаярт эцэг Х.Төрбаяраас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг "Хас” банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч С.Одсүрэнд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Х.Төрбаяраас нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэгт хэмжээнд ногдох 28,483 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.8-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Одсүрэнгийн Одбаярыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насан хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Х.Төрбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг "Хас” банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч С.Одсүрэнд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Х.Төрбаяраас нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,483 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д зааснаар хүү О.Одбаярыг эцэг Х.Төрбаяртай хүссэн үед нь уулзуулж байхыг эх С.Одсүрэнд даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар шүүхийн энэ шийдвэрийг хариуцагч Х.Төрбаяр нь сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР