Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2014/0000/3 |
Дугаар | 221/МА2014/0483 |
Огноо | 2014-12-17 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2014/0483
2014 оны 12 сарын 17 өдөр Дугаар 483 Улаанбаатар хот
Ч.Ч, Ү.Б, З.Ё,
Д.Б нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, түүний өмгөөлөгч Ш.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.С, Ц.Н нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 421 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Ч.Ч нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ч, Д.Б, Ү.Б, З.Б нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Т” компани 2007 онд Баянзүрх дүүргийн ^Засаг даргын захирамжаар Гачуурт тосгоны нутагт Туул голын ундны усны эх үүсвэр бүхий газарт газар олгосныг хууль зөрчсөн байна гэж дүгнэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2009 оны 88 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон. Уг асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй хяналтын шатны шүүх дээр байх хугацаанд буюу 2009 оны 07 дугаар сарын 29-нд Нийслэлийн Засаг дарга 392 дугаар захирамж гарган “Т” ХХК-нд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутагт 60 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгосон байдаг. Гэтэл “Т” ХХК Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг болох Цоохорын гармын орчимд хашаа барьж мод бут
сугалан заримыг шилжүүлэн газрын хөрсийг хуулах зэргээр үйл ажиллагаа явуулж эхэлснийг нутгийн оршин суугч иргэд эсэргүүцэж байсан юм. Үүнээс болж 14 дүгээр хороог 12 дугаар хороо болгон залруулж Нийслэлийн Засаг дарга 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 204 дүгээр захирамждаа 2009 оны 392 дүгээр захирамжийн “Т” компанид хамаарах заалтыг хүчингүй болгосонд тооцож шийдвэрлэсэн байдаг. УИХ-аас баталсан “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д экологийн аюулгүй байдлын талаарх асуудлыг тусгайлан тусгасан.
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 204 дүгээр захирамж нь Үндсэн хуулийн 5.5, 16.1,2 дахь заалт, Усны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.1, 31.3, 34.1 дэх заалтууд, Ариун цэврийн тухай хуулийн 5.1, 5.2 дахь заалтууд, Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрүүдийн тэжээлийн дотоод мужийн хилийн цэсийн хоёрдугаар хавсралтын нэг, гуравдугаар хавсралтын 2.1, 2.4 дэх заалтууд, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2009 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 51/75 тоот “Дэглэм батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтын 11.1, 12.5, 14.2, 14.7 дугаар зүйлүүдийг зөрчсөн, гольфийн талбайг байгуулан мөрдөн ажиллах тухай Монгол улсын МЫЗ болон Олон улсын 150 стандарт шаардлага байдаггүй атал үйл ажиллагаа явуулж байгаа тул Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр захирамжийн “Т” компанид газрын байршил шилжүүлэн ашиглуулахтай холбоотой хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т” ХХК нь манай албанд 2009 оны 07 дугаар сард Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших тухай албан хүсэлтээ өгсөн байна.
Уг асуудлыг судлан Нийслэлийн газрын алба, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн хурлаар орж, 600.000 м2 газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 392 дугаар захирамжаар Хан- Уул дүүргийн 14 дүгээр хороо гэж техникийн алдаа гаргасныг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо болгон газар ашиглуулах гэрээ байгуулж.гэрчилгээ олгосон гэжээ.
Гуравдагч этгээд “Т " ХХК-иас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компани гольфийн талбайн тодорхой хэсэгт хэрэглэхээр 19 тонн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Хилийн мэргэжлийн хяналтын хатуу хяналт доор гаалийн лабораторийн шинжилгээний дүгнэлт азот, фосфорын хосолмол бордоо гэсэн хариу гаргасны дагуу БНСУ-аас импортоор оруулж ирсэн гольфийн талбайд хэрэглэх бордоонд Монгол Улсын шинжлэх
ухааны академийн Газар зүйн хүрээлэнгийн Хөрс судлалын лаборатори 2010 оны 05 дугаар сараас эхлэн гольфийн талбайн хөрсөнд 3 жил дараалан мониторинг шинжилгээ хийсэн болно.
Бордооны тун, нормыг тохируулж, зохих журмын дагуу ашиглахад байгаль ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй гэдгийг тогтоосон. Иймээс бид иргэдийг аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог хаасан, орчныг бохирдуулсан, байгалийн тэнцэл алдагдуулсан үйл ажиллагаа явуулаагүй болно.
Түүнчлэн тус компани нь Туул голын ойр орчмын байгалийг хамгаалах, хөрсийг талхлагдахаас сэргийлж өөрийн зардал, хүчээр 1.2 км хайрган хучилттай сайжруулсан замыг 58 сая төгрөгөөр барьж байгуулсан, 2010 онд болсон үерийн улмаас Хан-Уул дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт үүссэн гуу жалга дахь хогийг цэвэрлэж газрыг нь тэгшлэхэд 10 гаруй сая төгрөгийг зарцуулаад байна.
Мөн нийт 200 гаруй орон нутгийн иргэдийг жил бүрийн 04 дүгээр сарын 01-ээс 11 дүгээр сарын 01-нийг хүртэл тогтмол ажлын байраар хангаж ажиллуулж байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-т “нэхэмжлэл” гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ” гэжээ. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Ц.Т нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй иргэдэд буруу ойлголт өгч, манай компанийн эсрэг турхирсан үйл ажиллагааг удаа дараа явуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 421 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, түүний өмгөөлөгч Ш.Ж нараас давж заалдах гомдолдоо: Энэхүү захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзжээ. Учир нь "Т” ХХК-д газар олгосон захирамж нь Монгол улсын Үндсэн хууль, Усны тухай хууль, түүний, түүний дагаж, мөрдөх "Усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл, ахуйн бүсийн дэглэм" зөрчин голын онцгой хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа эрхлэх захирамж олгон хууль зөрчин гарсан гарсан байдаг.
Гэтэл шүүх нэхэмжлэгчийн зөвхөн малын бэлчээрийн асуудал, хариуцагчийн гаргасан хэрэгт ач холбогдолгүй худал дүгнэлт, гүтгэлгийн шинжтэй, гомдол хариуцагчийн өмгөөлөгчийн хуулийг мушгин гуйвуулсан тайлбар, гуравдагч этгээдийн худал баримт бичигт хөтлөгдөн хэтэрхий нэг талыг баримтлан асуудалд хандаж шийдвэр гаргаж байна гэж үзэж байна. Гомдол гаргах үндэслэлийн хувьд:
Хууль хэрэглээний асуудлаар Үндсэн хуулийн 172-ийн 1.1-д Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх гэж заажээ.
Гэтэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77. 1.3-д зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад "Т" ХХК-д газар олгодог. Хүчин төгөлдөр болоогүй захиргааны хэргийн 2009 оны 88 дугаартай шийдвэрт “Т” ХХК газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасныг зөрчиж хүсэлт гаргаагүй байхад газар олгосон нь хууль зөрчсөн байна" гээд Баянзүрх дүүргийн 130 дугаартай захирамжийг хүчингүй болгосон байдаг. Гэтэл байршил шилжүүлэх хүсэлтийг үндэслэн 392 дугаар захирамжаар Хан- Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар олгосон байгаа нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-д заасан шаардлагыг зөрчсөн байдаг.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78 1-д зааснаар " хэргийн оролцогчид ... шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн биелүүлэх үүрэгтэй гэснийг зөрчөөд хүчин төгөлдөр болоогүй шийдвэрийг биелүүлсэн.
Шүүхийн 421 дугаартай шийдвэр нь хууль зөрчиж болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн явдлыг эсэргүүцэж байгаа юм. Учир нь Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1.1-д Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх гэсэн заалттай зөрчилдөж байна. Тухайлбал Үндсэн хуулийн 16. 1.2, Усны тухай хуулийн 31 дүгээр зүйл, Ариун цэврийн тухай хуулийн 5 дугаар зүйл.
Тухайн захирамж гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан цаг хугацаагаар асуудалд хандахаас биш шийдвэрийн үндэслэх хэсэгт заасанчлан шинэчлэн боловсруулж байгаа гэдэг нь хүчингүй болсон гэсэн ойлголт огт биш юм. Аливаа захиргааны шийдвэр гаргасан этгээд түүнийг хүчингүй болгосноор үйлчлэл нь зогсдог. Шинэчлэн боловсруулагдаж байгаа журам гартал тухайн журам хүчинтэй үйлчилсээр байдаг хууль зүйн наад захын зарчмыг мэддэггүй шүүгч шүүхэд ажиллаж байгаа гэж ойлгохгүй байна. Харин нөлөөллөөр зориуд ийм дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Эрүүл мэндийн яамны албан бичигт Усны тухай 31 дүгээр заалт хүчингүй болсон тул 51/75 дугаартай тушаал хүчингүй болсон гэж ойлгож болно гэдэг нь албан тоотоор нэг талын санаачлагчаар хүчингүй болгодог шинэ жишиг бий болсон гэж шүүх дүгнэж байна. Хэрэв нэг талыг бариагүй гэж үзэж байгаа бол Шинэчлэн батлагдсан Усны тухай хуулийн 22 дугаарт заасан дэглэмийг харж үндэслэх хэсэгтээ оруулмаар юм.
Усны тухай хуулийн дагуу Ч.Чулуунханд нарын этгээд тухайн газарт газар эзэмших хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа бол Усны хамгааллын дэглэмээр “Т” ХХК-д ч мөн л байхгүй.
Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т ... байгаль орчноо хамгаалах журамт үүрэгтэй уг үүргээ хэрэгжүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг хянан
шийдвэрлэх тухай хууль, Үндсэн хуультайгаа зөрчилдөөд байна гэдэг ойлголт ч төрөхөөр байна.
Нийслэлийн Засаг даргын 392 захирамжийн "Т " ХХК-д холбогдох заалт нь анхнаасаа олгогдохдоо "Т " ХХК-ийн Баянзүрх дүүрэг олгосон 50 га газрын асуудал Улсын Дээд шүүхээс дээр эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй байхад, дүүргийн болон нийслэлийн хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөнд ороогүй, дүүргийн Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэгдээгүй санал аваагүй ердөө хуулийг гажуудуулан мөнгөтэй компанид давуу эрх олгосон, олон нийтийн анхаарлыг сарниулж санаатай төөрөгдүүлэх далд санаа зорилготой гарсан.
Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт, шинжээчийн дүгнэлтэд Туул голын онцгой хамгаалалтын бүсийн дэглэм зөрчсөн гэдгийг тодорхой нотолсон байтал шүүх зөвхөн нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй гэдэг үндэслэл барьж шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг барьж буруу шийдвэр гаргаж байна гэж үзэж байна. Иймд хянан хэлэлцэж манай нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Нэхэмжлэгч Ч.Ч, Ү.Б, Д.Б, З.Б нараас “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн өдрийн 204 дүгээр захирамжаар “Т " ХХК-д туул голын сав газарт 60 га газрыг хууль бусаар аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулсны улмаас байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна” гэж маргажээ.
Маргаан бүхий уг захирамжаар “Т” ХХК-д Хан-Уул дүүргийн .. дугаар хороонд аялал жуулчлалын зориулалтаар 600000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд уг захирамж нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 392 дугаар захирамжийг үндэслэн гарсан байна.
Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын 2009 оны 392 дугаар захирамжаар гуравдагч этгээд “Т” ХХК-д Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд аялал жуулчлалын зориулалтаар 60 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар байсныг байршлыг өөрчлөн 12 дугаар хороонд газар ашиглуулжээ.
Дээрх захирамж нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/64 дүгээр тогтоолоор Нийслэлийн 2008 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд аялал жуулчлал, амралт сувиллын чиглэлээр
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгинохайрхан уулын урд талд Туул голын хойд талд Гольфийн талбайн зориулалтаар 40 га газрыг эзэмшүүлж, ашиглуулахаар орсны дагуу гарсан байна.
Нэхэмжлэгч нараас “Нийслэлийн Засаг даргын 392 дугаар захирамжаар “Т” ХХК-д анхнаасаа газрыг олгохдоо “Т” ХХК- ийн Баянзүрх дүүрэгт олгосон 50 га газрын асуудал Улсын Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй байхад ашиглуулах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй” гэж маргаж байгаа боловч Баянзүрх дүүрэгт газар олгосонтой холбоотой маргаан нь энэ Хан-Уул дүүрэгт газар олгосонтой хамааралгүй, тусдаа шинэ захиргааны актаар эрх үүссэн, түүнчлэн нэхэмжлэгч нараас Нийслэлийн Засаг даргын 392 дугаар захирамжид > маргаагүй байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Хэдийгээр маргаан бүхий захирамжаар ашиглаж буй “Т” ХХК-ийн газар нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2009 оны 51/75 дугаар тушаалаар баталсан “Усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэмийн 12, 12.5-д заасныг зөрчсөн боловч уг тушаалын үндэслэл болсон Усны тухай хуулийн /2004 оны/ 31 дүгээр зүйлийн 31.4-д заалт нь 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хүчингүй болсон, үүнтэй холбогдуулан “Дэглэм батлах тухай 51/75 тоот хамтарсан тушаалыг хүчингүй болсон гэж ойлгож болно” гэж Эрүүл мэндийн яамны 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1 а/1 дугаартай тайлбарыг ирүүлжээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүхээс нэхэлцэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй юм.
Харин тухайн тохиолдолд нэхэмжлэгч З.Ё “тус хороонд тус хороонд оршин суугч иргэний хувьд нэхэмжлэл гаргаж байгаа” гэх боловч 12 дугаар хороонд оршин суудаггүй, Ү.Биндэръяа, Д.Бямбажав, Ч.Чулуунханд нар нь тухайн хороонд оршин суудаг, Ч.Чулуунханд нь цөөн тооны малтай боловч маргаан бүхий захиргааны I актын улмаас нэхэмжлэгч нарын эрүүл мэнд, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх хэрхэн зөрчигдсөн болох нь тогтоогдоогүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 421 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.