Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
Хэргийн индекс | 130/2016/0028/Э |
Дугаар | 161/ШЦТ2016/00033 |
Огноо | 2016-07-05 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 161/ШЦТ2016/00033
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхөө даргалж
Нарийн бичгийн дарга Ц.С
Улсын яллагч: Х.Ө
Орчуулагч: А.Е
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.К
Шүүгдэгч: К.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жантекей-Атантай овогт К-Хд холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ж овгийн К-Х, ***************** регистрийн дугаартай, 1979 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Баян-Өлгий аймгийн Н сумын 4 дүгээр багт оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэгхариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч К.Х нь 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед архи уун согтуугаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын төвд 4 замын уулзварт тус сумын иргэн М.А "Тоёота Хайлукс" маркийн **-** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд талын хаалганы шилийг хувийн таарамжгүй харьцааны улмаас чулуу шидэж хагалан бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч К.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шууд санаатайгаар:
2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед архи уун согтуугаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын төвд 4 замын уулзварт тус сумын иргэн М.А "Тоёота Хайлукс" маркийн **-** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд талын хаалганы шилийг хувийн таарамжгүй харьцааны улмаас чулуу шидэж хагалан бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлджээ.
Шүүгдэгч К.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед архи уун согтуугаар иргэн М.А "Тоёота Хайлукс" маркийн машины шилийг хагалсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч К.Х нь гэм буруугаа хүлээсэн дээрх мэдүүлэг нь хэрэгт авагдсан доорх баримтаар давхар батлагдаж байна.
- 2016 оны 04-р сарын 03-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд, Тоёота Хайлукс маркийн **-** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд
үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9 дүгээр хуудас/,
- Хохирогч М.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "....2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр үдээс хойш 14 цагийн үед өөрийн эзэмшлийн "Хайлукс" маркийн 3459 БӨТ улсын дугаартай машинаа жолоодож Ногооннуур сумын төвд 4 замын уулзварт явж байхад Каке овогтой Х гэгч согтуу чулуу шидэж, миний машины баруун хойд талын хаалганы шилийг хагалсан юм. Чулуу шидэж миний машины цонхыг хагалах үед тус сумын ХААН банкны салбарын эрхлэгч К.Х, ЗДТГ-ын газрын даамал Т.М нар миний машин дотор сууж явж байсан. К.Хн согтуу байсан бөгөөд дахин газраас чулуу авч, машин руу шидэх гэхэд нь Т.М-ээр К.Хг бариулж байгаад машинаа асаагаад зугтаж явсан болно.
Миний машины баруун хойд талын хаалганы шилийг К.Х чулуу барьж, гүйж ирээд, санаатай шидэж хагалсан юм. Машины шилийг төлж өгч намайг хохиролгүй болгосон байгаа. Таарамжгүй асуудал гэвэл К.Х нь Ногооннуур сумын соёлын төвд 2009 оноос эхлэн 2015 оны хавар хүртэл галчаар ажиллаж байгаад ажилаасаа халагдсан юм. К.Х нь ажиллаж байх хугацаандаа ажлын цагаар удаа дараа архи ууж, цагдаагийн байгууллагад шалгагдаж хэсгийн төлөөлөгч С.Ж нар удаа дараа зөрчил арилгуулах талаар мэдэгдэл өгч байсан. К.Х нь гаргасан зөрчлөө давтан ажлын цагаар дахин архи уусан тул ажлаас нь чөлөөлсөн байсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 16-20 дугаар хуудас/,
- Гэрч К.Хн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "....2016 оны 02-р сарын 27-ны өдөр 14 цагийн орчим байх би "Од" дэлгүүрийн хажууд байж байхад М.А машинтайгаа ирээд зогсох үед би машины хойд талд суусан юм. М.Атай хамт тус сумын газрын даамал ажилтай Т.М ирсэн бөгөөд машины урд суудалд суусан байсан. Тэгээд Камелийн дэлгүүрийн урд очиж зогсоод би дэлгүүрт орж нэг ундаа, 2 ширхэг пиво аваад машинтай хөдлөж явж байхад баруун хаалганы шил нь хагарч машин дотор чулуу орж ирсэн. Цонх хагарах үед М.А шууд зогссон юм. Машины шил рүү К.Х гэгч чулуу шидэж хагалсан байсан. М.А машинаасаа бууж байхад К.Х шал согтуу Камелийн дэлгүүрийн хавиас гарч ирээд М.Атай ноцолдож цохих гэж байхад нь Т.М салгаж авч К.Хг барьж үлдсэн. Тэр үед М.А машинаа асаагаад яваад өгсөн юм" гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
- Гэрч Т.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн орчим байх тус сумын соёлын төвд теннис тоглож байсан юм Теннис тоглож байхад гаднаас соёлын төвийн эрхлэгч М.А орж иргсэн. Тэгээд М.А бид хоёр гадаа гарч М.А Хайлукс маркийн машинд сууж явж байхад "Од" дэлгүүрийн урд К.Х байхаар нь түүнийг суулгаад, Камелийн дэлгүүрийн урд зогсоод К.Х дэлгүүрт орж гарсан. Тэгээд сумын төвийн дөрвөн замын уулзвараас өнгөрч явж байхад уг машины баруун хойд талын хаалганы шил нь хагарсан юм. Машины урд суудалд би сууж явж байсан ба баруун хойд талын хаалганы хажууд К.Х сууж явж байхад хаалганы шил нь хагарч машин дотор чулуу орж ирсэн. Цонх хагарах үед М.А шууд зогссон юм. Машины шил рүү К.Х гэгч чулуу шидэж хагалсан юм. М.А машинаасаа бууж байхад К.Х шал согтуу Камелийн дэлгүүрийн хавиас гарч ирээд М.Атай ноцолдож цохих гэж байхад нь би салгаж авч К.Хг барьж үлдсэн. Тэр үед М.А машинаа асаагаад явсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
- Гэрч Т.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "Миний нэр дээр **-** БӨТ улсын дугаартай "Тоёото Хайлукс" маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Гэхдээ уг тээврийн хэрэгслийг миний нөхөр болох М.А унаж хэрэглэж эзэмшдэг юм. 2016 оны 02-р сарын 27-ны өдөр миний нөхөр М.А манай машиныг жолоодож явсан ба тэр үед гудамжинд иргэн К.Х гэгч согтуу ирж чулуугаар цохиж машины цонхыг хагалсан гэж хэлсэн юм. Манай машины жолооч талын хойд хаалганы том цонх нь хагарсан байсан. ...Энэ тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг нь үнэн. Нөхөр болох М.А эзэмшижунаж хэрэглэдэг юм. Иймд уг асуудалд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр нөхөр маань оролцож байгаа юм" гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар хуудас/,
- Гэрч Ж.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "....К.Хн зан байдлын талаар гэвэл дуу цөөнтэй даруухан, цайлган сэтгэлтэй, хүнд тусархаг, олон нийтийн ажилд идэвхтэй, санаачлагатай оролцдог манай багийн иргэдийн нэг" гэх мэдүүлэг /хх-ийн ЗЗ дугаар хуудас/,
- Гэрч К.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "К.Х гэр бүлгүй, ам бүл 4, ээж С, эгч К.Ж, дүү К.Т нарын хамт нэг гэрт амьдардаг. Ээж С, дүү К.Х нар нь 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 1, үхэр 3, хонь 33, ямаа 36 нийт 73 толгой мал тоолуулсан. К.Хн нэр дээр өөр ямар нэгэн эд хөрөнгө байхгүй. К.Хн зан байдлын талаар гэвэл дуу цөөнтэй, даруухан, цайлган сэтгэлтэй, хүнд тусархаг, хар ажил хийж мөнгө олдог юм. Хаяа архи уудаг, мөн тамхи таттаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,
- Сэжигтэн К.Хн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "....Би 2016 оны 02-р сарын 27-ны өдөр үдээс хойш 15 цагийн үе байсан байх тус сумын иргэн Камелийн дэлгүүрээс тамхи авах гээд очиход М.А машинтайгаа зогсож байсан юм. Тэгээд М.А намайг дуудах үед би хажууд нь очсон тэр машиныхаа хаалгыг онгойлгоод ямар нэгэн үг хэлэлгүй шууд гараараа миний цээж тус газар нэг удаа цохиход нь би барьж аваад ноцолдох үед машинаасаа бууж ирсэн. Тэр үед дэлгүүрээс М.А цуг явж байсан "ХААН" банкны эрхлэгч К.Х, тус сумын газрын даамал Т.М нар салгаж авсан. Тэгээд намайг Т.М барьж байсан М.А машинаа асаагаад явж байх үед нь би газраас нэг чулуу аваад уурандаа М.А машин руу нь шидэхэд машины баруун хойд талын шилэнд тусаж хагарсан юм. Уг өдөр би М.А уулзахын өмнө Камел гэх хүний дэлгүүрээс Ерөөл нэртэй 500 граммын архи аваад ганцаараа уугаад явж байсан юм. Би 2016 оны 04-р сарын 19-ний өдөр М.Ад машины шилний үнэ болох 160,000 / нэг зуун жаран мянган / төгрөгийг төлж өгч, хохиролгүй болгон М.А өөрөөс нь баримт бичүүлж авсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,
Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан бусдын хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг бүрэн агуулж байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч К.Хн үйлдсэн гэмт хэрэгт 21 тоот яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотлогдсон, эрүүгийн хуулийн холбогдох зүйл анги зөв байна.
Иймд дээр дурьдсан үндэслэл болон шүүгдэгч К.Хн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэрэгт авагдсан бусад мэдүүлгийн болон мэдүүлгийн бус тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж шүүгдэгч К.Хг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчөөгүй, нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт байхгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч К.Х нь урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй болох нь “цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй“ гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч К.Хд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн /эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1/, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн /мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн /мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9/ зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэж, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг /мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10/ хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус авч үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч К.Хг зүйлчилсэн хуулийн зүйл ангид хорих ял оногдуулах хэдий ч шүүгдэгч нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, уг хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тус тус үндэслэн ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй /шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр цагдаагийн байгууллагын хяналтанд хүмүүжих боломжтой/ гэж шүүх үзлээ.
Шүүхээс тогтоосон хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй, засарч хүмүүжсэнээ зан байдал, үйл ажиллагаагаараа баттай нотолсон бол шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхгүй бөгөөд тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг дахин үйлдээгүй бол ялгүй болохыг дурьдаж байна.
Хэрэв хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл шүүх сүүлчийн үйлдсэн гэмт хэрэгт нь зохих зүйл хэсгийн дагуу ял оногдуулсны дараа ял дээр өмнөх тэнсэгдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж, жинхэнэ эдлэх ялыг тогтоодгийг анхааруулж байна.
Хохирогчид төлөх өр төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч К.Хн нас бие гүйцсэн саалийн үхрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт К-Хг “бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Хг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Хд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Хд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсугай.
5. Шүүгдэгч К.Х нь цагдан хоригдож байгаагүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан К.Хд Цагдаагийн байгууллага хяналт тавьсугай.
7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар шүүгдэгч К.Х нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг анхааруулсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэргийн хамт шүүгдэгч К.Хн нас бие гүйцсэн саалийн үхрийг битүүмжилсэн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол К.Хг батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ