Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 648

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 04 өдөр             Дугаар 128/ШШ2019/0648             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.С,

Хариуцагч: Онцгой байдлын ерөнхий газрын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/182 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Даймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулах, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Миний бие Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 288 дугаар тушаалаар 7 жил 10 сарын хугацаанд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Даймаг дахь Улсын нөөцийн салбарт нягтлан бодогчоор эхлэн ажиллаж, Даймгийн Онцгой байдлын газарт нягтлан бодогчоор  тасралтгүй ажиллаж байсан. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/182 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас хүрсэн гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад алба хаасан хугацаагаар “цэргийн алба хаасны тэтгэвэр”-ийг авах эрх үүсдэг. Гэтэл хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад алба хаасан нийт хугацааг 20-оос доошгүй жил цэргийн алба хаасан тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй гэсэн шалгуурт багтаж байж цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүсэх учиртай. Түүнчлэн энгийн болон хөдөлмөрийн тухай хуулийн дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах гэхэд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтооолгон авч болох  шалгуурыг хангахгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах эрхээ хэрэгжүүлж чадахгүй эрх зүйн байдал дордож байгаа учир Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалын эрх зүйн үндэслэлийг хянан үзэж, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.С нь 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 288 тоот тушаалаар Даймгийн Онцгой байдлын газарт нягтлан бодогчоор томилогдон, 7 жил 10 сарын хугацаанд тухайн ажил үүргийг гүйцэтгэж Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн Онцгой байдлын ерөнхий газрын даргын Б/102 тоот тушаалаар цэргийн алба хаах насны хязгаарт хүрсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байдаг. Д.С нь дээрх ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Д.Сы хувьд цэргийн алба хаах насны хязгаарт хүрч ажлаас чөлөөлөгдсөн хэдий ч  Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан байх шаардлагыг хангахгүй байгаа тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа юм. Тэрээр дутуу байгаа 2 жил 2 сарын хугацааг дуустал үргэлжлүүлэн ажиллуулахыг хүссэн хүсэлтээ гаргасан боловч түүнийг хүсэлтийг хүлээн аваагүй байдаг. Нэхэмжлэгч Д.С нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар 5 жил хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой байхад энэ эрхийг нь эдлүүлэхгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байгаа юм. Д.С нь Нийгмийн даатгалын тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд зааснаар тэтгэвэр тогтоолгох боломжтой хэдий ч одоогийн байдлаар түүний нас дээрх хуулиудын шаардлагыг хангахгүй байгаа юм.  Иймд Онцгой байдлын ерөнхий газрын даргын Б/102 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин болох 12.023.243 төгрөгийг олгуулж, албан тушаалд эгүүлэн томилохыг хүсэж байгаа юм.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Гамшгаас хамгаалах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар онцгой байдлын байгууллага нь Монгол Улсын төрийн цэргийн байгууллын тогтолцоонд хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.

Нэхэмжлэгч Д.С /РД: Т*******/ нь хувийн хэвшилд ажиллаж байгаад төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэн төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн тул Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 288 дугаар тушаалаар Даймаг дахь Улсын нөөцийн салбарт нягтлан бодогчоор энгийнээр томилогдон Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 601 дүгээр тушаалаар цэргийн алба хаагчийн буюу офицерийн бүрэлдэхүүнд орж, шадар дэслэгч цол олгогдсон байна.

Д.С нь 1967 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, төрийн албанаас чөлөөлөгдөхөөс өмнө Даймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогчоор “ахмад” цолтой үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 6/182 дугаар тушаалаар түүнийг 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс төрийн албанаас чөлөөлөхөд нэхэмжлэгч нь 52 нас 5 хоногтой байсан байна.

Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Эмэгтэйчүүд офицерын албыг цэргийн цол харгалзахгүйгээр 47 нас хүртэл хаана”, 11.6-д “Алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлагатай офицерын цэргийн жинхэнэ алба хаах хугацааг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тав хүртэл жилээр нэг удаа сунгаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч Д.С 52 нас хэтэрсэн нь офицерийн албанд ажиллах боломжгүй бөгөөд харин Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41 2-т заасны дагуу цэргийн албанаас бусад төрийн албанд 65 нас хүртлээ ажиллаж тэтгэвэр тогтоолгох бүрэн эрхтэй.

Нэхэмжлэгчийн онцгой байдлын байгууллагад офицерийн буюу цэргийн алба хаасан хугацааг офицерийн бүрэлдэхүүнд орсон 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс төрийн албанаас чөлөөлөгдсөн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл тооцоход 7 жил 3 сар 17 хоног ажилласан байна.

Гамшгаас хамгаалах тухай хууль /2003 оны 6 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан/-ийн 33 дугаар зүйлийн 33.12.2-т онцгой байдлын байгууллагын төрийн тусгай алба хаагчийн алба хаасан жилийн хугацааг нь тогтооход ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцохоор, 2017 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс мөрдөгдсөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын 50 дугаар зүйлийн 50.1-т алба хаасан хугацааг тооцохдоо алба хаасан 6 сар тутмыг 8 сараар дүйцүүлэн тооцохоор тус тус зохицуулсан байдаг.

Д.Сы төрийн тусгай буюу цэргийн албанд ажилласан жилийг Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын 50 дугаар зүйлийн 50.1- т заасан нэг жилд 4 сар нэмэгдүүлэн тооцоход 28 сар буюу 2 жил 4 сар нэмэгдэхээр байгаа нь түүний ажилласан жил 9 жил 7 сар 17 хоног байхаар дүйцүүлэн тооцогдож байгаа болно.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т 20-оос доошгүй жил ажилласан эмэгтэй цэргийн алба хаагч цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байхаар, тус зүйлийн 8.2-т тус шаардлагыг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаагч цэргийн алба хаах нас хэтэрсэн бол цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох эрхтэй байхаар тус тус зохицуулсан байдаг.

Д.Сыг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу хувь тэнцүүлэн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох боломжгүй тул Онцгой байдлын ерөнхий газраас 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 3/412, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3/2521 дүгээр бичгээр тус тус өөрт нь мэдэгдэж байсан бөгөөд 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 6/182 дугаар тушаалаар төрийн албанаас чөлөөлсөн болно.

Д.Сыг Цэргийн албанын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6-д заасан зохицуулалтаар төрийн цэргийн байгууллагад ажиллуулах боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай байгууллагын зүгээс Д.Сыг ажил үүргээ сайн гүйцэтгэдэг болохоор 5 жилийн хугацаа сунгаж ажиллуулсан. Харин түүний өмнө нь гаргаж байсан зөрчил дутагдал нь ажлаас чөлөөлсөнтэй ямар нэгэн хамааралгүй байна. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар эрэгтэй цэргийн албан хаагч 25 жил, эмэгтэй цэргийн албан хаагч 20 жил ажилласан байвал тэтгэвэр тогтоолгох эрхтэй нь үүсдэг болохоор зарим албан хаагчид энгийнээр шилжин ажиллаад өндөр насны тэтгэвэр тогтоох насны дээд хязгаарт хүртэл ажиллах боломжтой. Дээрх нөхцөл байдлуудын улмаас Д.С нь хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон тул Онцгой байдлын байгууллагын 2018 оны 2 дугаар сарын 26-ны 3/412 тоот, 2018 оны 11 дүгээр сарын 6-ны 2/2511 албан бичгүүдээр өөрт нь мэдэгдэж байсан. Мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхтэй холбогдуулан хүний нөөцийн хэлтэст анхааруулан сонсох ажиллагааг хийсэн. Иймд Д.Сыг цаашид цэргийн албанд ажиллуулах хууль зүйн үндэслэл байхгүй байгаа юм. Д.С нь ажлаас чөлөөлөгдсөнийхөө дараа надтай ирж уулзах үед нь би түүнд хандаж таныг ажлаас чөлөөлсөн нь хуулийн дагуу явагдсан ямар нэгэн ашиг сонирхол байхгүй гэдгийг тайлбарлаж өгсөн. Тухайн үед Д.С нь гадаад руу явж ажиллах хүсэлтэй байна гэж хэлж байсан. Төрийн албаны тухайд хуульд албанаас чөлөөлөгдсөн хүнийг төлөөлж өөр бусад байгууллагад албан бичиг хүргүүлэх талаар зохицуулалт байхгүй. Манай байгууллагын зүгээс Д.Сыг ажлаа сайн хийдэг байсан болохоор мөн түүний цаашдын амьдралд тусалж дэм болох үүднээс түүнийг Америкийн Нэгдсэн Улсын визэнд орох үед нь байгууллагын тодорхойлолт гарган өгч байсныг дурдах нь зүйтэй. Иймд түүний гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.С нь “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/182 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Даймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулах, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах”-аар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Д.С нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 288 дугаар тушаалаар Даймаг дахь Улсын нөөцийн салбарт нягтлан бодогчоор анх томилогдож, 2017 оноос Даймаг дахь Онцгой байдлын газрын нягтлан бодогчоор ахмад цолтойгоор ажиллаж байгаад Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/182 дугаар тушаалаар Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5 дахь “ цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн” үндэслэлээр цэргийн албанаас 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгч нь “цэргийн алба хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгох ажилласан жил хүрээгүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас хүрээгүй үндэслэлээр цэргийн алба хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгох эрх үүстэл цэргийн албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй ийнхүү чөлөөлсөн тушаалыг хууль бус” хэмээн маргажээ.  

Түүнийг Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5-д заасан “цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн” үндэслэлээр цэргийн албанаас чөлөөлсөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/182 дугаар тушаал нь үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй байна гэж шүүх дараах үндэслэлээр дүгнэлээ.

Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар “Эмэгтэйчүүд офицерын албыг цэргийн цол харгалзахгүйгээр 47 нас хүртэл хаах” боломжтой ба мөн зүйлийн 11.6-д “Алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлагатай офицерын цэргийн жинхэнэ алба хаах хугацааг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тав хүртэл жилээр нэг удаа сунгаж болох”-оор заасан, Даймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогчоор ахмад цолтой ажиллаж байсан Д.С нь 1967 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн бөгөөд дээрх 11.5 дахь хэсэгт заасан эмэгтэй хүн офицерын алба хаших насны хязгаар болох 47 насыг тэрээр 2014 оны 3 дугаар сард хүрсэн, улмаар 11.6 дахь хэсэгт заасан 1 удаа сунгаж болох 5 хүртэл жил нь 2019 оны 3 дугаар сард дуусаж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/182 дугаар тушаалаар цэргийн албанаас ийнхүү дээрх үндэслэлээр чөлөөлсөн байна.

Өөрөөр хэлбэл Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6 –д зааснаар түүнийг 52 нас хүрч офицерийн албанд ажиллах боломжгүй болсон үндэслэлээр цэргийн албанаас чөлөөлсөн байна.

Хэдийгээр нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэр тогтоолгоход Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлээр тогтоосон насанд хүрээгүй, мөн цэргийн алба хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгоход Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-т заасан цэргийн алба хаасан хугацаа хүрээгүй байх боловч энэ нь түүнийг цэргийн албанд үргэлжлүүлэн ажиллуулах үндэслэл болохгүй.

Цэргийн алба хаасны тэтгэвэр бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоолгох, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх тухайн иргэний хөдөлмөрлөсөн хугацаа, насыг харгалзан хуулиар тусгайлан заасан нөхцлийг хангагдсаны эцэст үүсдэг эрх бөгөөд энэ нөхцлийг хангаагүй тохиолдолд үүсэх боломжгүйн дээр аль нэг байгууллага хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчин энэ эрхийг олгохгүй. Иймээс тухайн иргэн нь хуулиар тогтоосон өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх насанд хүрээд өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо цэргийн албанд ажилласан хугацаагаа Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар нэмэгдүүлэн тооцуулах боломжтой байна. 

Нэхэмжлэгч нь Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт заасан эмэгтэй хүн офицерын алба хаших насны хязгаар болох 47 насыг 2014 оны 3 дугаар сард хүрснээс хойш 2019 оны 3 дугаар сар хүртэл хариуцагч байгууллага түүнийг 5 жил офицер цолтойгоор цэргийн албанд ажиллуулсан байх тул мөн зүйлийн 11.6 дахь хэсэгт заасан 1 удаа сунгаж болох 5 хүртэл жилийг эдлүүлсэн гэж үзнэ. 

Нөгөө талаас нэхэмжлэгчийг цэргийн алба хаасны, эсхүл өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөөгүй бөгөөд маргаан бүхий акт нь түүний тэтгэвэр тогтоолгох, тэтгэвэр авах эрхийг хязгаарлаагүй болно.

Онцгой байдлын ерөнхий газраас 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 3/412, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3/2521 тоот албан бичгээр “эмэгтэй офицерын хувьд  цэргийн алба хаах насны хязгаар хүрсэн үндэслэлээр албанаас чөлөөлөгдөх болсон” талаар удаа дараа мэдэгдэж байсан, мөн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр энэ талаар мэдэгдэж шийдвэрийн төсөл танилцуулсан байдаг тул хариуцагч шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан байна гэж үзлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд талуудын маргаж буй үйл баримтын хүрээнд дүгнэлт хийсэн бөгөөд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлагын маргаж буй хүрээнд хамааралгүй баримтуудад дүгнэлт хийгээгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, 22 дугаар зүйлийн 22.1.5 дахь заалтыг баримтлан “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/182 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Даймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулах, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” тухай нэхэмжлэгч Д.Сы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА