Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1335

 

 

 

 

 

 

 

 

 

“Ариг банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/01128 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Баяр-Очир, Г.Баярбаясгалан нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 002 487 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бямбасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Санчир

Хариуцагч: Г.Баяр-Очир

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ариг банк” ХХК, иргэн Г.Баяр-Очир нар нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2105005532 тоот “Санхүүгийн түрээсийн зээлийн гэрээ” байгуулж 11 475 000 төгрөгийн зээлийг хариуцагчид олгосон. Гэвч хариуцагч Г.Баяр-Очир нь зээлийн гэрээний үүргээ билүүлээгүй тул хамтран үүрэг гүйцэтгэгчээр Г.Баярбаясгаланг оролцуулж нэмэлт гэрээ байгуулсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээнд барьцаалсан 94-14 УБВ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашиныг банкны зүгээс үнэлгээ хийлгэхэд 7 000 000 төгрөгөөр үнэлж бусдад худалдан борлуулсан. Иймд зээлийн гэрээний үлдэгдэл 4 971 616 төгрөг, зээлийн хүү 30 870 төгрөг, нийт 5 002 487 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Баяр-Очир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр автомашин худалдан авах зорилгоор Ариг банк ХХК-иас 11 475 000 төгрөгийг 37.2 хувийн хүүтэйгээр 36 сарын хугаццатайгаар санхүүгийн түрээс авсан ба Тоёота Приус 20 маркийн 94-14 УБВ улсын дугаартай автомашин худалдан авсан болно. Санхүүгийн түрээсийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлсөн ба санхүүгийн хүндрэлд орсны улмаас 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн уг эргэн төлөлтийн хуваарийн дагуу санхүүгийн түрээсийг төлж чадаагүй болно. Энэ үед санхүүгийн түрээсийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 10 096 580 төгрөг байсан болно. Эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй 9, 10, 11 сарын хүүгийн нийлбэр төлбөр 926 074 төгрөг ба 2105005532 тоот зээлийн гэрээний 1.11 дэх заалтын дагуу нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлэхгүй гэж заасныг үндэслэн тооцоход торгуулийн хүү хамгийн ихдээ 185 214 төгрөг болж байна. 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 1 500 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 650 000 төгрөгийг тус тус зээлийн өрөнд шилжүүлсэн ба 2016 оны 10 дугаар сард зээлийн барьцаанд буй автомашиныг хүлээлгэн өгсөн. Энэ үед банкны зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 11 207 882 төгрөг байсан ба 2016 оны 5, 6 дугаар саруудад шилжүүлсэн дүнг хасвал 9 057 882 төгрөг болж байна. Мөн 2105005532 тоот зээлийн барьцааны гэрээнд уг Тоёота Приус 20 маркийн автомашиныг харилцан тохиролцож 13 500 000 төгрөгөөр үнэлсэн байдаг ба машин хүлээлгэж өгсөн үед ижил үзүүлэлт бүхий автомашины зах зээлийн ханш нь 9 000 000 төгрөгөөс 9 500 000 төгрөгийн хооронд байсан. Иймд Ариг банк ХХК-ийн нэхэмжилсэн 5 002 487 төгрөг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Г.Баярбаясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ нэхэмжилсэн мөнгөнд миний бие ямар ч хамааралгүй, би банктай гэрээ байгуулж зээл аваагүй, ашиглаагүй болно. 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зээлийн нөхцлийг өөрчлөх гэрээ хийсэн хамтран зээлдэгчээр оруулахаар тохиролцсоны дагуу оролцсон тул зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Баяр-Очир, Г.Баярбаясгалан нараас 5 002 487 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 989 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бямбасүрэн давж заалдах гомдолдоо “...Шүүх талуудын хооронд байгуулсан "Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ"-г дүгнэхдээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан Фидуцийн гэрээ байна гэж дүгнэсэн нь буруу дүгнэлт болсон гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл “Ариг банк” ХХК нь иргэн Г.Баяр-Очир, Г.Баярбаясгалан нартай Хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан бөгөөд зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр барьцаа хөрөнгийг 7 000 000 төгрөгөөр худалдан борлуулах тухай мэдэгдсэн бөгөөд хариуцагч нарын зүгээс энэ талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байдаг. Банк нь мэдэгдлийн дагуу 7 000 000 төгрөгөөр иргэн Г.Энхтүвшин-д барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан бөгөөд дээрх үйл ажиллагаанууд нь Иргэний хуулийн 163 дугаар зүйлд заасан Хөдлөх эд хөрөнгийн барьцааны зохицуулалтад хамаарах юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК нь хариуцагч Г.Баяр-Очир, Г.Баярбаясгалан нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 002 487 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэрэгт авагдсан 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “ААА” ХХК-ийн автотээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан /хх 14-17/ гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн шаардлагыг хангаагүй байна. Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

 

            Түүнчлэн анхан шатны шүүх талуудын мэтгэлцээгүй асуудлаар буюу Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний талаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь диспозитив зарчимд нийцээгүй болно.

 

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх замаар маргааны үйл баримтыг тогтоох, шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/01128 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 989 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосныг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

                                           ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

                                                                                               Д.ЦОГТСАЙХАН