Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 15

 

Б.Х-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:

Прокурор                                       Н.Идэр          

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Д.Оюунчимэг

Нарийн бичгийн дарга                 Ц.Туяацэцэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны 975 дугаар захирамжтай Б-гийн Х-т холбогдох 1818004980391 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Б.Х- нь согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутаг  дэвсгэрт,   сумын Соёлын төвийн эрхлэгч С.Б-г “та нарын хүн удирдана гэж юу байдаг юм” гэж хэлсэн гэсэн  шалтгааны улмаас нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны битүү хугарал, зүүн нүд, зовхи, хамар хэсгийн шарх, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 975 дугаар захирамжаар:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2.т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Б-гийн Х-т холбогдох эрүүгийн 1818004980391 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцааж,

         -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2.т заасныг баримтлан хэргийг прокурорт очтол Б.Х-т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр... шийдвэрлэжээ.

  Давж заалдах шатны шүүхэд бичсэн Прокурорын  эсэргүүцэлд:

...Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч яллагдагч Б.Х-ын өмгөөлөгч Д.Оюунчимэгээс гаргасан “...тэнд байсан тамгын газрын 10-20 хүмүүсийг хамруулж мэдүүлэг аваагүй, зөвхөн хэдэн хүмүүсээс мэдүүлэг авсан нь хэт нэг талыг буюу яллах талыг барьж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, яллагдагчийн эрх ашгийг хохироосон байж болзошгүй гэж үзэж байгаа тул шүүх хуралдаанаар урьчилсан хэлэлцүүлэг явуулах боломжоор хангаж өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэргийг прокурорт буцаасан 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 975 дугаартай захирамжинд дурдсан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж эсэргүүцэл гаргаж байна.

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2.т шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол хэргийг прокурорт буцаахаар заажээ.

Гэтэл эрүүгийн 1818004980391 дугаартай хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлгүй, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон, хохирогч С.Б- нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг шууд заасан, энэ талаар бусад гэрчүүд гэрчилсэн, яллагдагч Б Х- нь хэргээ хүлээн мэдүүлсэн байхад анхан шатны шүүхээс хэргийг гэм буруугийн хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгээс прокурорт буцааж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна...

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12.т урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж. анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэхээр хуульчилсан.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 975 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.3.т заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.т заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Идэр дүгнэлтдээ:

...Эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг тайлбартаа:

...Анхан шатны шүүхийн захирамж  үндэслэлтэй тул  хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Прокурорын эсэргүүцэл хуулийн үндэслэл бүхий байх тул  хүлээн авч, анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг  мөн   шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт  буцаах  нь зүйтэй гэж үзлээ.

            Учир нь: хэрэгт авагдсан нотлох баримт болон тухайн үед болсон үйл баримтаас үзвэл  яллагдагч Б.Х- нь   архи ууж согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутагт  дэвсгэрт   сумын Соёлын төвийн эрхлэгч С.Б-г “...та нарын хүн удирдана гэж юу байдаг юм...” гэж хэлсэн гэсэн  шалтгааны улмаас түүний нүүрэн тус газар нь цохисон бөгөөд үүний улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны битүү хугарал, зүүн нүд, зовхи, хамар хэсгийн шарх, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан талаар эрх бүхий этгээдийн дүгнэлт гарсан.,  ямар нэг  маргаангүй,

          -Мөн хэрэгт хохирогч С.Б- мэдүүлгийнхээ эх сурвалжийг шууд заасан, энэ талаар бусад гэрчүүд гэрчилсэн, түүнчлэн  яллагдагч Б Х- нь хэргээ хүлээн мэдүүлсэн байх бөгөөд тэдний мэдүүлэг  харилцан зөрүүтэй,  нэгнийхээ  мэдүүлгийг үгүйсгэсэн эсхүл  үйл баримт нь яллагдагч, гэрч, хохирогчийн мэдүүлгийг  болон шинжээчийн дүгнэлттэй зөрчилдсөн  зэрэг байдал байхгүй,

          -Түүнчлэн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйгээс гадна шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал  гэж үзэх үндэслэл  тогтоогдохгүй байна.

            Иймд анхан шатны  шүүх яллагдагч Б.Х-т холбогдох хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн, прокуророос ирүүлсэн  хэргийн хэмжээний дотор хэлэлцэх бүрэн  боломжтой байхад заавал “...хэргийн газарт байсан бүх хүмүүсээс мэдүүлэг авах...” шаардлагатай гэж  хэргийг  буцаасан нь хуулийн үндэслэлгүй байх тул  захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 11 дугаар сарын 23-ны өдрийн 975 дугаар захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Б-гийн Х-т холбогдох, 1818004980391 дугаартай,  1 хавтастай, эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Б.Х-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНЛАЙБААТАР

                                                     ШҮҮГЧИД                                  Ц.ТУЯА

                                                                                                       Ц.АМАРЖАРГАЛ