| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/00865/И |
| Дугаар | 1013 |
| Огноо | 2017-10-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 1013
|
2017 оны 10 сарын 10 өдөр |
Дугаар 151/ШШ2017/01013 |
Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, 29-10 тоотод оршин суух Боржигон овогт Өвгөнхүүгийн Саранцацрал /НЮ82060260/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 5 дугаар баг, Зүүнбаян 3-52 тоотод оршин суух Хүү овогт Осоржамын Ганхуяг /НЗ83122676/-т холбогдох,
хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Саранцацрал, хариуцагч О.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ө.Саранцацрал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие О.Ганхуягтай 2009 онд танилцаж бидний дундаас 2011 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр охин Г.Сэлэнгээ төрсөн. Одоо Г.Сэлэнгээ нь миний асрамжинд байгаа. Бидний хувьд гэрлэлтийн баталгаа байхгүй учир гэрлэлт цуцлах асуудал байхгүй, мөн бидний дунд эд хөрөнгийн ямар ч маргаан байхгүй. Иймд охин Г.Сэлэнгээг миний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч О.Ганхуяг шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Ө.Саранцацралтай 2009 онд танилцаж бидний дундаас 2011 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр охин Г.Сэлэнгээ төрсөн. Иймд охин Г.Сэлэнгээс эх Ө.Саранцацралын асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Охин Г.Сэлэнгээд хүүхдийн тэтгэлэг төлнө.” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ө.Саранцацрал нь О.Ганхуягт холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид 2009 онд танилцаж, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байх хугацаанд тэдний дундаас 2011 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр охин Г.Сэлэнгээ төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 7/-аар тогтоогдож байна.
Хамтран амьдрагчид нь хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж 2009 оноос хойш тусдаа амьдарч байгаа, охин Г.Сэлэнгээ нь /6 настай/, төрснөөс хойш эх Ө.Саранцацралын асаргаанд хамт амьдарч байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж, охин Г.Сэлэнгээг эх Ө.Саранцацралын асрамжинд үлдээж, эцэг О.Ганхуягаар хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийн үүрэг гэж тус тус заажээ.
Иймд Ө.Саранцацрал нь О.Ганхуягтай гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ч гэсэн тэдний дундаас төрсөн охин Г.Сэлэнгээг тэжээн тэтгэх үүрэгтэй ба цаашид элэг бүтэн амьдрах эрхийг үүгээр хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Хишигжаргал нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Х.Төрбаяраас нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 28,483 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.8-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Хүү овогт Ганхуягийн Сэлэнгээг 18 насанд хүртэл эх Боржигон овогт Өвгөнхүүгийн Саранцацралын асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Г.Сэлэнгээг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ -тай болон насан хүрээгүй боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг О.Ганхуягаар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Х.Төрбаяраас нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,483 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д зааснаар охин Г.Сэлэнгээг эцэг О.Ганхуягтай хүссэн үед нь уулзуулж байхыг эх Ө.Саранцацралд даалгасугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Саранцацрал нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар шүүхийн энэ шийдвэрийг хариуцагч О.Ганхуяг нь сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР