Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
Хэргийн индекс | 185/2022/0184/Э |
Дугаар | 2022/ШЦТ/245 |
Огноо | 2022-03-11 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/245
2022 03 11 2022/ШЦТ/245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дуламрагчаа,
Улсын яллагч: Г.Түвшинбаяр,
Хохирогч: Ч.Н,
Шүүгдэгч: Б.Ц, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нар оролцсон эрүүгийн ............. дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1980 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, ............. тоотод оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “......................” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, ..................... цонхны үйлдвэрт Ч.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь аягаар цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний дээд зовхи, баруун чихний дэлбэнд зулгаралт, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “....Би 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 12 цагийн үед ажлаа хийгээд өрөөндөө сууж байхад Н орж ирээд үг хэлэхгүй хавтас авч нүүр рүү шидсэн, шидсэний улмаас миний нүүр цээжийг урсан. Намайг сууж байхад үсдээд ширээ мөргүүлсэн. Би буцаад Ныг үсдэхэд Н ширээн дээр унасан. Би өөрийг нь дагаад унасан. Салаад тавихад ахиад Н ус буцалгагч аваад нуруу руу шидсэн, гадаа байсан шилийг авч шидсэн. Н унахдаа ширээн дээр унасан..” гэв.
Хохирогч Ч.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...11 цагийн үед “чи яагаад биднийг доромжлоод байгаа юм бэ” гэж хэлэхэд маргалдсан. Та хямдхан хийлээ гэсэн. Хэлсэн ажил булааж авлаа гээд өөрөө хавтсаа шидэхэд би эргүүлээд шидсэн. Аяга нүүр рүү шидэхэд ухаан алдсан байхад миний гэдэс рүү өшиглөсөн. 770.000 төгрөгөө нэхэмжилнэ. Гомдолтой байна...” гэв.
Эрүүгийн .................... дугаартай хэргээс:
Хохирогч Ч.Ны цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Хохирогч Ч.Ны мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр манай хажуу талд үйл ажиллагаа явуулдаг Арвижих нэртэй вакум цонхны үйлдвэрийг ажиллуулдаг Ц гэх эмэгтэйтэй их хэмжээний орлоготой хүнийг зах зээлийн үнэлгээнээс доош буулгаж худалдан авалт хийсэн гэх шалтгаанаар муудалцсан. ... маргааш өдөр нь Цтэй уулзтал шууд намайг аягаар зүүн нүд рүү цохисон ... ухаан алдаад газар хэвтэж байхад гэдэс рүү өшиглөөд би сэрсэн. Тэгээд би гарч яваад эмнэлэгт үзүүлсэн. Миний биед гарсан зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний дээд зовхи зэрэг гэмтлийг Ц миний нүүр хэсэгт аягаар цохиж учруулсан. Чихний дэлбэнд зулгаралт гэмтлийг намайг газар уначихсан байхад толгойноос татаж босгоход учирсан. Баруун гуянд цус хуралт гэмтлийг газар уначихсан байхад намайг өшиглөөд үүссэн гэмтэл байна.. “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Гэрч Д.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...өрөөн дотор байсан ус буцалгагч, аяга, шаазан зэргийг бие бие рүүгээ авч шидэлцээд байсан. Ны нөхөр гадаа хаалганы араас хараад зогсож байсан. Хоёр эмэгтэй хүн хоорондоо зодолдоод байхаар нь би салгаагүй. Яг тухайн үед эхнэрээ өмөөрөх үү, нөгөө хүнээ өмөөрөх үү гээд яаж ч чадаагүй...хоорондоо бие биеэ үсдэлцээд цохилцоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
Гэрч Э.Даянжалбын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Н гаднаас орж ирээд шууд ширээн дээр байсан хавтсыг аваад ширээний ард сууж байсан Ц эгч рүү шууд шидсэн. Араас залгуулаад шууд хоёр гараараа үсдэж дараад ширээний ардаас татаж гаргаж ирээд зодолдоод байхаар нь би дундуур нь ороод салгасан.... 2 талаасаа үсдэлцээд зогсож байсан болохоор бие биедээ хүрсэн..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
Гэрч У.Гантөмөрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Манай эхнэр Н ажлынхаа өрөөнд байхгүй байхаар нь би Цийн өрөө рүү очиход Цийн өрөөний шилэн хаалга дотроосоо цоожтой дотор нь Ц манай эхнэрийг газар унагаачихсан манай эхнэрийн цээж хэсэг рүү өшиглөж байсан. Хажууд нь Цийн нөхөр Энх-Амгалан зогсож байсан. Ямар нэг байдлаар манай эхнэрийг зодож байхыг болиулах санаа зорилгогүй, харин ч алаад хаячих гээд зогсож байсан...Би дотогшоо орох гэсэн орж чадахгүй гаднаас нь “болиулаач” гээд хашгираад зогсож байтал вакум цонхны туслах материал зардаг Даваацэрэн гэх эмэгтэй ирээд “юу болсон, яасан” гээд тэгээд Даваацэрэн бид хоёр Цийн хаалгыг хүчээр мөрлөж онгойлгож ороод Ц, Н хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
Гэрч Д.Даваацэрэнгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...склад руугаа явж байтал Цийн ажлын газрын үүдэн дээр Ны нөхөр Гантөмөр зогсож байсан. Би Гантөмөрт хандаж “наанаа юу хийж зогсож байгаа юм” гэж асуухад тэрээр надад “..манай эхнэр Цийн өрөөнд орсон байна..” гэж хэлсэн. Тэгээд шилэн хаалгаар харсан чинь дотор нь Н нүд нь хөхөрчихсөн, цус гарсан, үс нь сэгсийчихсэн байдалтай байсан. Тэгэхээр нь би орохгүй яаж байгаа юм гэтэл хаалга нь дотроосоо цоожтой би орж чадахгүй байна гэж хэлсэн. Тэгээд “чи хаалгыг нь эвдээд ч хамаагүй орооч” гээд хаалгаар харсан чинь Ц, Н хоёр нэг нэгэнтэйгээ зууралдаад үсдэлцээд байж байсан юм. Тэгэхээр нь хаалгыг нь хүчээр түлхэж ороод Гантөмөр бид хоёр Ц, Н нар нь үснээсээ зулгаалцсан байхад нь салгаж аваад Ныг аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/,
Шүүгдэгч Б.Цийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн /хх-ийн дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11863 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Хохирлын баримтууд /хх-ийн 65-66 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Цийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Аривжих” вакум цонхны үйлдвэрт Ч.Наас “ажлын захиалга өгсөн хүмүүст манайхыг ажлаа муу хийдэг гэж биднийг доромжиллоо” хэмээн хэлснээс болж хоорондоо маргалдаж, улмаар Б.Цээс Ч.Ны нүүр хэсэгт нь аягаар цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр биед нь хүч хэрэглэж эрүүл мэндэд нь “баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний дээд зовхи, баруун чихний дэлбэнд зулгаралт, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогч Ч.Ны цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл,
Хохирогч Ч.Ны “...Ц гэх эмэгтэйтэй зах зээлийн үнэлгээнээс доогуур худалдан авалт хийсэн гэх шалтгаанаар муудалцсан.... маргааш өдөр нь Цтэй уулзтал шууд намайг аягаар зүүн нүд рүү цохисон....ухаан алдаад газар хэвтэж байхад гэдэс рүү өшиглөөд би сэрсэн....Миний биед гарсан зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний дээд зовхи зэрэг гэмтлийг Ц миний нүүр хэсэгт аягаар цохиж учруулсан. Чихний дэлбэнд зулгаралт гэмтлийг намайг газар уначихсан байхад толгойноос татаж босгоход учирсан. Баруун гуянд цус хуралт гэмтлийг газар уначихсан байхад намайг өшиглөөд үүссэн гэмтэл байна... “ гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Энх-Амгалангийн “...өрөөн дотор байсан ус буцалгагч, аяга, шаазан зэргийг бие бие рүүгээ авч шидэлцээд байсан. Ны нөхөр гадаа хаалганы араас хараад зогсож байсан. Хоёр эмэгтэй хүн хоорондоо зодолдоод байхаар нь би салгаагүй...хоорондоо бие биеэ үсдэлцээд цохилцоод байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Э.Даянжалбын “...2 талаасаа үсдэлцээд зогсож байсан болохоор бие биедээ хүрсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч У.Гантөмөрийн “...Цийн өрөөний шилэн хаалга дотроосоо цоожтой дотор нь Ц манай эхнэрийг газар унагаачихсан манай эхнэрийн цээж хэсэг рүү өшиглөж байсан. Хажууд нь Цийн нөхөр Энх-Амгалан зогсож байсан.....Даваацэрэн гэх эмэгтэй ирээд Даваацэрэн бид хоёр Цийн хаалгыг хүчээр мөрлөж онгойлгож ороод Ц, Н хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Даваацэрэнгийн “...Цийн ажлын газрын үүдэн дээр Ны нөхөр Гантөмөр зогсож байсан. Би Гантөмөрт хандаж “наанаа юу хийж зогсож байгаа юм” гэж асуухад тэрээр надад “..манай эхнэр Цийн өрөөнд орсон байна..” гэж хэлсэн. Тэгээд шилэн хаалгаар харсан чинь дотор нь Н нүд нь хөхөрчихсөн, цус гарсан, үс нь сэгсийчихсэн байдалтай байсан......хаалгаар харсан чинь Ц, Н хоёр нэг нэгэнтэйгээ зууралдаад үсдэлцээд байж байсан юм. Тэгэхээр нь хаалгыг нь хүчээр түлхэж ороод Гантөмөр бид хоёр Ц, Н нар нь үснээсээ зулгаалцсан байхад нь салгаж аваад Ныг аваад гарсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11863 дугаартай: 1. Ч.Ны биед баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний дээд зовхи, баруун чихний дэлбэнд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой....” гэсэн дүгнэлт мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ц хохирогч Ч.Н нар вакум цонхны үйлдвэр эрхэлдэг ба Ч.Наас “ажлын захиалга авсан хүмүүст буруу ойлголт өгч биднийг доромжиллоо” гэж Б.Цийн ажлын байран дээр очиж шаардлага тавихад хоорондоо маргалдаж, шүүгдэгчээс хохирогчийн биед хүч хэрэглэсэн болохыг хохирогч Ч.Н, гэрч Д.Энх-Амгалан, Э.Даянжалба, У.Гантөмөр, Д.Даваацэрэн нараас тус тус мэдүүлж, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Тодруулбал Б.Ц нь хохирогчийн нүүр хэсэгт нь аягаар цохих, хөл рүү нь өшиглөж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас Ч.Ны биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчилан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмтэл учруулаагүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтууд болох хохирогч Ч.Ны мэдүүлгээс гадна гэрч Д.Энх-Амгалангийн “...өрөөн дотор байсан ус буцалгагч, аяга, шаазан зэргийг бие бие рүүгээ авч шидэлцээд байсан. Ны нөхөр гадаа хаалганы араас хараад зогсож байсан. Хоёр эмэгтэй хүн хоорондоо зодолдоод байхаар нь би салгаагүй...хоорондоо бие биеэ үсдэлцээд цохилцоод байсан...” гэж гэрч У.Гантөмөрийн “...Цийн өрөөний шилэн хаалга дотроосоо цоожтой дотор нь Ц манай эхнэрийг газар унагаачихсан манай эхнэрийн цээж хэсэг рүү өшиглөж байсан...” гэж, гэрч Д.Даваацэрэнгийн “...шилэн хаалгаар харсан чинь дотор нь Н нүд нь хөхөрчихсөн, цус гарсан, үс нь сэгсийчихсэн байдалтай байсан......хаалгаар харсан чинь Ц, Н хоёр нэг нэгэнтэйгээ зууралдаад үсдэлцээд байж байсан юм...” гэж мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11863 дугаартай дүгнэлтээр хэрэг гарсан цаг хугацаанд хохирогчийн биеийн олон хэсэг газар гэмтэл учирсан болохыг тогтоосон байх ба шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нараас дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, тийнхүү няцаасан баримт хэрэгт байхгүй тул тэдгээрийн санал хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Хохирол, төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, түүнийг хохирогчоос нэхэмжилсэн 770.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн ба шүүгдэгчээс тэр даруй хохирогчийн гэм хорын хохирлыг төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Б.Цийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм хорын хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цт оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН