Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/02835

 

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/02835

                       Улаанбаатар хот                               

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ш.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г. Г,

 

Хариуцагч: Б. Б нарт холбогдох,

 

34 120 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагч Г.Г, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “Х Ж” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээ ажиллуулдаг бөгөөд Г.Г, Б.Б нар нь 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүрч ирээд “тендер авсан тул урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна, автомашин барьцаанд тавина” гэж хэлээд бэлнээр 21 000 000 төгрөгийг, дараа нь 1 500 000 төгрөгийг надаас зээлж авсан. Эхний авсан 21 000 000 төгрөгийг 56 000 000 төгрөг болгож өгнө гэж гэрээ хийсэн. Түүнээс хойш барьцаанд тавина гэсэн автомашинаа барьцаанд тавиагүй, зээлсэн мөнгөө буцааж өгөхгүй хохироож байна. Иймд Г.Г, Б.Б нараас нийт 34 120 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Г.Г, Б.Б нар нь надаас 21 000 000 төгрөгийг зээлж авсан ба 56 000 000 төгрөг болгон буцааж өгнө гэж амаар тохирсон тул 56 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан боловч анх өгсөн 21 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс 5 000 000 төгрөгийг нь хариуцагч Б.Б надад буцаан төлсөн. Иймд хариуцагч нараас 21 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч Б.Б нь манай “Х Ж” ХХК-ийн барьцаат зээлийн газраас 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 10 хоногийн хугацаатай 1 000 000 төгрөгийг 80 000 төгрөгийн хүүтэй, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 17 хоногийн хугацаатай 500 000 төгрөгийг 80 000 төгрөгийн хүүтэй тус тус зээлж авсан. Уг үндсэн зээл болон хүү төлөөгүй байгаа тул үндсэн зээл 1 500 000 төгрөг, хүү 160 000 төгрөг, алданги 10 920 000 төгрөг, нийт 12 580 000 төгрөгийг хариуцагч Б.Боос гаргуулж өгнө үү. Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 34 120 000 төгрөгийг 33 580 000 төгрөг болгон багасгаж байна гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г бид хоёр 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Ш.Бөөс 21 000 000 төгрөгийн 20 700 000 төгрөгийг 56 000 000 төгрөг болгож өгөхөөр зээлж авсан нь үнэн. Учир нь уг мөнгөөр  тендерийн ажил авч, уг ажлаас цэвэр 100 000 000 төгрөгийн цэвэр ашиг олох боломжтой байсан. Уг 120 000 000 төгрөгийн 56 000 000 төгрөгийг Ш.Б, үлдсэн 44 000 000 төгрөгийг Г.Г бид 2 хувааж авах байсан. Мөн миний бие 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 10 хоногийн хугацаатай 1 000 000 төгрөгийг 80 000 төгрөгийн хүүтэй, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 17 хоногийн хугацаатай 500 000 төгрөгийг 80 000 төгрөгийн хүүтэй түүний “Х Ж” ХХК-иас зээлж авсан нь үнэн. Гэвч бид 2 Б.Боос авсан мөнгийг тендер олж өгөх Жон гэдэг хүнд бэлнээр өгсөн боловч тэрээр Украйн улсын иргэн байсан тул мөнгийг аваад нутаг буцсан. Миний бие 5 000 000 төгрөгийг Ш.Бөд буцааж өгсөн. Миний бие 16 500 000 төгрөгийг төлөх боломжтой, үлдэх төлбөрийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч Г.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Б.Бтой уулзахад “ажил авсан, урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна” гэсэн тул бид Ш.Бтэй уулзаж, зээлийн гэрээнд бид гурав гарын үсэг зурж, бэлнээр 20 700 000 төгрөгийг авсан боловч энэ мөнгөнөөс миний бие нэг ч төгрөгийг авч хэрэглээгүй. Уг мөнгийг Б.Бийн танил гэх нэг хүнд аваачиж өгсөн. Б.Б, Ш.Б нарын хооронд өгч, авалцсан 1 500 000 төгрөгийн асуудлыг би мэдэхгүй. Миний бие нэхэмжлэлийн шаардлагаас 300 000 төгрөгийг төлөх боломжтой гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Г.Г, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34 120 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нараас 21 000 000 төгрөг, мөн хариуцагч Б.Боос 12 580 000 төгрөг гаргуулах гэж тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагын нийт үнийн дүн 34 120 000 төгрөгийг 33 580 000 төгрөг болгон багасгажээ.

 

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...20 700 000 төгрөгөөс 5 000 000 төлсөн” гэж, хариуцагч Г.Г нь “...мөнгийг хэрэглээгүй тул зөвшөөрөхгүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хавтаст хэрэгт /хх 6 дугаар тал/ 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нарт 56 000 000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай хүүгүй зээлүүлэхээр талууд гэрээнд гарын үсэг зуржээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.

 

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу хариуцагч нарт 56 000 000 төгрөгийг биш 20 700 000 төгрөг шилжүүлсэн нь, мөн хариуцагч нар нэхэмжлэгчээс 20 700 000 төгрөгийг шилжүүлэн авсан нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна энэ талаар маргаагүй байна. Өөрөөр хэлбэл, талууд хэдийгээр зээлийн гэрээнд гэрээний зүйлийг 56 000 000 төгрөг гэж заасан байх боловч нэхэмжлэгч нь бодитоор 20 700 000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн нь тэдний тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэсний дагуу талуудын хооронд 20 700 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь гэрээнд заасан 56 000 000 төгрөгийн үүргийг бус, бодитоор шилжүүлсэн 20 700 000 төгрөгийг шаардсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгтэй нийцсэн байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 21 000 000 төгрөгийг бус, харин 20 700 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгчийн “...мөнгийг хариуцагч нарт өгсөн” гэх, хариуцагч нарын “...мөнгийг бид очиж авсан” гэх тайлбараас үзвэл хариуцагч нарыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэхээр байна. Түүнчлэн, хариуцагч нар зээлийн төлбөрийг ямар хэмжээгээр хариуцах талаар тохиролцоогүй байх тул мөн зүйлийн 242.11-д зааснаар нэхэмжлэгчийн өмнө хариуцагч тус бүрийн хүлээх үүрэг тэнцүү буюу хариуцагч Г.Гад 10 350 000 төгрөгийг, хариуцагч Б.Бт 10 350 000 төгрөгийг тус бүр нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэг үүссэн байна. Хариуцагч Б.Б дээрх гэрээний үүрэгт нэхэмжлэгчид 5 000 000 төгрөг төлснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул хариуцагч Б.Бт гэрээний үүрэгт 5 350 000 төгрөг төлөх үүрэг үлдсэн байна. Нөгөөтэйгүүр, хариуцагч Г.Г нь хэдийгээр зээлийн мөнгийг өөрөө хэрэглээгүй гэх боловч уг мөнгийг нэхэмжлэгчээс шилжүүлсэн авсан үйл баримтыг үгүйсгээгүй тул түүнийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Г.Г нь уг мөнгийг нэхэмжлэгчээс шилжүүлэн авч, өөрөө хэрэглээгүй нь гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Хавтаст хэрэг /хх 4-5 дугаар тал/-т “Х Ж” ХХК-иас 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 1 000 000 төгрөгийг 80 000 төгрөгийн хүүтэй, мөн оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 500 000 төгрөгийг, 80 000 төгрөгийн хүүтэй хариуцагч Б.Бт зээлүүлсэн талаар баримт авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх баримтыг үндэслэн хариуцагч Б.Боос 12 580 000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч үндсэн зээл 1 500 000 төгрөг, хүү 160 000 төгрөг, алданги 10 920 000 төгрөг, нийт 12 580 000 төгрөг гэж тодорхойлжээ. Дээрх баримтаас үзвэл гэрээний нэг тал нь “Х Ж” ХХК байх бөгөөд нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийг хариуцагч Б.Боос шаардах эрхтэй эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч уг гэрээний үүргийг хариуцагч Б.Боос шаардах эрхгүй.   

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Г.Гаас 10 350 000 төгрөг, хариуцагч Б.Боос 5 350 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 880 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Г.Гаас 10 350 000 төгрөг, хариуцагч Б.Боос 5 350 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Бөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 880 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 332 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гаас улсын тэмдэгтийн хураамжинд 180 550 төгрөг, хариуцагч Б.Боос улсын тэмдэгтийн хураамжинд 100 550 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                                                         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            М.БАЯСГАЛАН