Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 0006

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

2019        02             25                                               06

 

Г.Д, Д.Бнарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: П.Итгэл,

Нарийн бичгийн дарга: Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 41 дүгээр захирамжтай Г.Д, Д.Бнарт холбогдох 1838000560390 дугаартай эрүүгийн хэргийг прокурор П.Итгэлийн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Хонин онход овогт Г-ын Д, … оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, … настай, эрэгтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны ... дүгээр сарын ...-ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг, 145 дугаар зүйлийн 145.2, т зааснаар 2 жил хорих ял оногдуулж 2 жилийн хорих ялыг тэнссэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэн /регистрийн дугаар: ............./.

Монгол Улсын иргэн, Өндөр овогт Д....ийн Б, .... оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн ... настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ................/.

Шүүгдэгч Г.Д, Д.Бнар нь бүлэглэн 2017 оны 6 дугаар сард Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Маргад дэлгүүрийн агуулахад хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан иргэн Г.Цэцэгсайханд 270,200 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Г.Д  нь 2017 оны 7 дугаар сард Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Маргад дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан иргэн Г.Цэцэгсайханд 1,049,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 41 дүгээр захирамжаар шүүгдэгч Г.Д, Д.Бнарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол шүүгдэгч Д.Б.т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай, шүүгдэгч Г.Д.д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, энэ захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор П.Итгэл эсэргүүцэлдээ: ... Шүүгдэгч Г.Д нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэн байх бөгөөд гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт хуульчилсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан.  Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулсан талаар захирамжид дурдсан байх боловч шүүгдэгч Г.Д-ийн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн гэмт хэргээс өмнө буюу 2017 оны 06, 07 дугаар сард ганцаараа болон бусадтай бүлэглэн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Маргад дэлгүүрт болон дэлгүүрийн агуулахад хууль бусаар нэвтрэн орж хулгайлах гэмт хэргүүд нь шүүхээр ял шийтгүүлсний дараа илэрсэн боловч эдгээр гэмт хэргүүдийг өмнөх ял шийтгүүлсэн гэмт хэрэгтэй нэгтгэн шалгахад гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй бөгөөд шүүгдэгч нарт хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу нэгтгэн шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч Г.Д, Д.Бнарт холбогдох хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 41 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон прокурор эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 368 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч Г.Д нь 2017 оны 7 дугаар сард Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Маргад дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан иргэн Г.Цэцэгсайханд 270,200 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, шүүгдэгч Г.Д нь Д.Б-тай бүлэглэн 2017 оны 6 дугаар сард Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Маргад дэлгүүрийн агуулахад хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан иргэн Г.Цэцэгсайханд 1,049,200 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэж үзэн тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна гэж дүгнэн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргүүдийг нэгтгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсгүүдийг зөрчсөн” гэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Учир нь Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах зохицуулалтыг Г.Д-д хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Д-г Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байх ба уг шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдсэн гэмт хэрэг нь шүүхээр ял шийтгүүлсний дараа илэрчээ.

Эрүүгийн хуульд шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдсэн гэмт хэрэг илэрсэн тохиолдолд хэрхэх талаар зохицуулаагүй учир хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэхээр буцаасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” заалтыг  “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн” тохиолдолд хэрэглэхээр хуульчилсан учир энэ заалтыг шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдсэн гэмт хэргийг нэгтгэхэд хэрэглэх боломжгүй. Учир нь Эрүүгийн хуульд заагаагүй тохиолдолд энэ заалтыг баримтлан ялыг нэмж нэгтгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна.

Мөн гэрч Н.Батмягмарын огноо засвартай “...Д нь миний утсыг хулгай хийгээд намайг утсаа олохгүй хайж эхлэхээр гараад явсан байсан. Миний алдсан утас самсунг маркийн ЖИ-5 гэдэг утас байсан...” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байх ба Г.Д-г энэхүү гэмт хэрэгт холбогдуулан шалгаагүй байна /хх-ийн 23 хуудас  ар тал/. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн        2.1-д заасныг зөрчжээ.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг шалгаагүй, хэрэгт 5776ХӨҮ улсын дугаартай Бэрс капитал ХХК Хөвсгөл аймаг дахь салбарын өмчлөлийн 00997568 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, татварын гэрчилгээний хуулбар авагдсан хэдий ч энэхүү тээврийн хэрэгсэл нь гэрч О.Алдарбилэгийн унаж явсан тээврийн хэрэгсэл мөн эсэх, уг тээврийн хэрэгсэл нь ямар хэлцлийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдсөн эсэх зэргийг тогтоох шаардлагатай. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасныг зөрчсөн гэж үзэх юм. Иймд дээрх мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Г.Д, Д.Бнарт холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Итгэлийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаартай эсэргүүцлийн хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 41 дүгээр захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор +оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Б.СОСОРБАРАМ

           ШҮҮГЧИД                                                                                Т.ГАНБАТ

                                                                                         Н.БАЯРХҮҮ