Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 020/2013/0225/З |
Дугаар | 221/МА2015/0033 |
Огноо | 2015-01-15 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2015/0033
А.Б-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч А.Б, түүний өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.М, М.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 493 дугаар шийдвэртэй, А.Б-н нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч өмгөөлөгч Г.Н 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... А.Б-г ажлаас чөлөөлсөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 3 дугаар сарын 5-ны 44 дүгээр тушаалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрөн урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргасан. Уг тушаалын хууль зүйн үндэслэл болсон хэм хэмжээ нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлд хамаарахгүй байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг зөвхөн Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан үндэслэлээр чөлөөлөх бөгөөд бусад тохиолдолд Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлөх нь хуульд нийцэхгүй юм. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор уг 44 дүгээр тушаалыг гаргасан гэж байх боловч Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс А.Б-г албан тушаалаас нь чөлөөл гэсэн шийдвэр гараагүй байна. Хуулийн холбогдох заалтыг зөрчиж тухайн үед буюу 2011 онд албан тушаалд А.Б-г томилсон байж болох ч уг шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар гомдол гаргах эсхүл хуульд нийцэж байгаа эсэхийг хянах хуульд заасан хугацаа дуусгавар болсноор уг акт нь маргаан бүхий байдлаас ангижран хууль ёсны болдог. Иймд “сонгон шалгаруулалтын дүн болон албан тушаалд томилсон тушаал”-ыг хүчингүй болгож байгаа нь буруу юм. Дээрх гомдлыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл хүлээн аваагүй тул мөн үндэслэлээр уг тушаалыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 3 дугаар сарын 5-ны 44 дүгээр тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Г 2013 оны 5 дугаар сарын 7-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын зарим нэр бүхий ажилтнуудаас А.Б-г тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын орлогч даргын болон даргын үүрэгт ажилд томилогдсон болон төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалт хэрхэн явагдсаныг шалгуулахаар Төрийн албаны зөвлөлд хандаж гомдол гаргасныг тус зөвлөлөөс 2013 оны 133 тоот албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд шилжүүлсэн. Тус салбар зөвлөлийн даргын 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 01 дүгээр тушаалаар дээрх гомдол маргааныг хянан шалгах комиссыг томилон ажиллуулсан юм. Маргаан хянан шалгах комиссын дүгнэлтээр А.Б нь Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын орлогч даргаар томилох үед төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч, нөөцөд бүртгэгдээгүй байсан. 2011 онд удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орохдоо Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх хэсэгт болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан Аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан төрийн хяналт шалгалтын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг тухайн үед хангаагүй байсныг тогтоосон.
Ингээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс А.Б-г Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын орлогч даргын үүрэгт ажилд томилсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2010 оны 91 дүгээр тушаалын холбогдох хэсэг, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн салбар зөвлөлийн 2011 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 15 дугаар тогтоол, А.Б-г Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэгт ажилд томилсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2011 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 221 дүгээр тушаалын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон.
Мөн Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2011 оны 13 дугаар тогтоолыг хүчингүй болгосон тус салбар зөвлөлийн 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсон. Энэ нь Монгол улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуульд заасан "хууль дээдлэх" зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хууль зөрчиж гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгож, зөрчлийг арилгасан арга хэмжээ авсан гэж үзэж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 3 дугаар сарын 5-ны 44 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэл болсон хэм хэмжээ нь Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлд хамаарахгүй байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг зөвхөн Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан үндэслэлээр чөлөөлөх бөгөөд бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлөх нь хуульд нийцэхгүй. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйл нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх харилцааг зохицуулдаг. А.Б нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3-д заасан шаардлагуудыг хангаагүй, төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч, нөөцөд бүртгэгдээгүй байсан тул төрийн жинхэнэ албан хаагчийн адил Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөхгүй.
Харин Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэлд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор 44 дүгээр тушаалыг гаргасан гэх боловч Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс А.Б-г албан тушаалаас нь чөлөөл гэсэн шийдвэр гараагүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 “хууль тогтоомжийн актад нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг хангах”, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 126 дугаар тогтоолоор баталсан Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл ажиллах журмын 2 дугаар зүйлийн 2.1.21-д “Хууль тогтоомж, эрх зүйн актад нийцүүлэн эрх хэмжээнийхээ
асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх биелэлтийг хангах”-д заасан эрх, үүргийнхээ дагуу 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 03 тоот тогтоолоор хууль зөрчиж гаргасан эрх зүйн актуудыг хүчингүй болгосон.
3. Мөн нэхэмжлэлд хуулийн холбогдох заалтыг зөрчиж 2011 онд уг албан тушаалд А.Б-г томилсон байж болох ч уг шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д “...эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана...” гэж заасан байна.
Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 37 дугаар тогтоолын 3-д "хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “... хөөн хэлэлцэх хугацаа нь ..” мөн зүйлийн 6.1-д заасан “...холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоног...” гэсэн хугацаагаар тодорхойлогдоно” гэснийг үндэслэн Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэр бүхий ажилтнуудаас ирүүлсэн гомдлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс томилсон маргаан шалгах комисс шалгаж гомдолд дурдсан зөрчлийг тогтоосноор хөөн хэлэлцэх хугацаа үүсэж байна. Өөрөөр хэлбэл Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар томилогдон ажиллаж байсан А.Б-тай холбоотой асуудлыг шалгаж, илрүүлэн тогтоосноос хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолох ба энэ хугацаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл хууль зөрчиж гаргасан эрх зүйн актуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлд дурдсан шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 44 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул А.Б-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Т.С, түүний өмгөөлөгч З.А нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Миний бие нь Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2003-2009 он хүртэл улсын байцаагчаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 2009-2013 он хүртэл “Т” ХХК-д менежерийн үүрэг гүйцэтгэн ажилласан. 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Мэргэжлийн хяналтын газарт ажилд орох хүсэлтээ гарган улмаар дотоод ажил хариуцсан мэргэжилтэн хуулийн зөвлөхөөр томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлагдаж тус шалгалтад оролцож өндөр оноо авсны үндсэн дээр 2013 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байна. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т зааснаар Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө гэж заасны дагуу сонгон шалгаруулалтыг явуулсан байдаг. 2013 оны 5 дугаар сарын 21-ны өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Төрийн албаны салбар зөвлөлийн даргын 06 дугаар тушаалаар комисс томилогдсон байдаг. 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалын ажилтны сонгон шалгаруулах комиссын хуралд хуралдаанаар тэмдэглэл хөтлөгдөн тухайн болзол хангагдсан гэж үзэж сонгон шалгаруулалтад орсон. Сонгон шалгаруулалт явагдан 3 хүн өрсөлдсөнөөс нэгдүгээр байрыг Т.С нь багц оноогоор хамгийн дээд үнэлгээ буюу 75.2 оноог авсан. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалтын үнэлгээ дүгнэлт гаргах зааврын дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн байдаг. Т.С нь тухайн үед Орхон аймгийг мэргэжлийн хяналтыг газрын мэргэжлийн хяналтын байцаагч буюу төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан. Төрийн жинхэнэ албан хаагч байхын тулд төрийн жинхэнэ албан хаагчид гомдол гаргасан бол Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч уг албан тушаалд нэр дэвшигчийн хоорондын төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам буюу УИХ-ын 2003 оны 14 дүгээр тогтоолын хавсралтын Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрсөн маргааны гээд 5 дугаар зүйлийн 5.6 дахь зүйлийн хуулийн шаардлагыг хангасан гомдол гаргагч гомдлоо гарган үүнийг хуулийн дагуу Төрийн албаны салбар зөвлөл хянасан. Анхнаасаа сонгон шалгаруулалтад орох болзол хангагдаагүй байсан. Ийм учраас А.Б-г төрийн жинхэнэ албан хаагч биш гэж үзсэн. Өнөөдрийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуулиар А.Б-г Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэр гарсан байхад Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах үндэслэлээр халах нь үндэслэлгүй болж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэд хэдэн хариуцагч байж болох юм. Үнэхээр Төрийн албаны салбар зөвлөлтэй тухайн шийдвэр холбоотой маргаан байгаа бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг хариуцагчаар татан оролцуулах боломжтой байсан. Төрийн жинхэнэ албан хаагч биш гэж эрхий бүхий байгууллага нь тогтоосон байхад Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэл гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор 44 дүгээр тушаалыг гаргасан гэх боловч Төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн жинхэнэ албан тушаалтныг чөлөөлөх гэсэн шийдвэр гаргаагүй юм. А.Б нь анхнаасаа төрийн жинхэнэ албан хаагч биш. Тухайн сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдаагүй байна.
Мөн гомдол гаргаж байгаа хүмүүсийн гомдол үнэн зөв байна гэсэн шийдвэр гаргасан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргыг хариуцлага хүлээлгэхгүй байх үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ хийж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн гуравдугаар шаардлагад хуулийн холбогдох заалтыг зөрчиж, тухайн үед 2011 онд албан тушаалд А.Б-г томилсон байх боловч гэж хэлж байгааг үгүйсгэхгүй, тухай албан тушаалд хууль зөрчиж орсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагчийн тайлбарт дурдсан байдаг. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учир нь хөдөлмөрийн гэрээнд ажилтан, ажил олгогчийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан тохиолдолд ажлаас халах, чөлөөлөх үндэслэлтэй эсэх яригдах ёстой. Хуулийг дагаж мөрдөж байгаа үр дүнгийн гэрээ нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад хуулийн хариуцлагад үр дүнгийн гэрээ гэж байхгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 44 дүгээр тушаалыг хүчингүй болгож, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.1-ийг үндэслэн дараах байдлаар өөрчилж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 03 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, уг хууль бус актын үндсэн дээр нэхэмжлэгч А.Б-г албан тушаалаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй тул ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү.
Шаардлагын үндэслэл нь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгох эрх нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар Төрийн албаны зөвлөлд байхад өөрт байхгүй эрхийг салбар зөвлөл тухайн үед эдэлсэн байна...” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 3 дугаар сарын 5-ны 44 дүгээр тушаалыг хүчингүй болгож, албан тушаалд нь нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хамт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 03 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.1-ийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл нь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгох эрх нь Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлд байна. Гэтэл өөрт байхгүй эрх эдэлж, салбар зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгосон нь илт хууль бус юм...” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 493 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 16 дугаар зүйлийн 16.3, 39 дүгээр зүйлийн 39.5, 39.6, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 3 дугаар тогтоолын А.Б-д холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн “Хуулийн хэрэгжилт хангах тухай” 44 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Орхон аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах” тухай иргэн А.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 493 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
Гэтэл нэмэгдүүлсэн энэхүү шаардлагатай холбоотой дүгнэлтийг анхан шатны шүүх хийгээгүй ба хэрхэн хэрэгсэхгүй болгож байгаагаа тайлбарлаж чадаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.
Тэгэхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 44 дүгээр тушаалыг хууль ёсны хэмээн зөвтгөсөн шүүхийн дүгнэлт нь буруу бөгөөд хууль хэрэглээний алдаа гаргаж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч А.Б-н “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3 дугаар тогтоолын А.Б-д холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 44 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н давж заалдах гомдолдоо “...Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгох эрх нь гагцхүү Төрийн албаны зөвлөлд байдаг. ... нэмэгдүүлсэн энэхүү шаардлагатай холбоотой дүгнэлтийг анхан шатны шүүх хийгээгүй ба хэрхэн хэрэгсэхгүй болгож байгаагаа тайлбарлаж чадаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй” гэх үндэслэл заажээ.
Монгол Улсын Их Хурлын 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 87 дугаар тогтоолоор батлагдан тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт “Салбар зөвлөл нь орон тооны бус эсэхээс үл хамааран Зөвлөлийн бүтцийн нэгж байх бөгөөд Зөвлөлийн ажлыг аливаа байгууллага, албан тушаалтнаас хараат бус, бие даасан байдлаар явуулна. Салбар зөвлөлийн дарга нь төрийн албаны төв байгууллагын өмнө ажлаа хариуцна...”, 3.7.3 дахь хэсэгт “Төрийн албаны тухай хуулийн 35, 39 дүгээр зүйл, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 44, 65 дугаар зүйлд заасан бүрэн эрхээ салбар зөвлөлд шилжүүлж болох бөгөөд орон тооны болон орон тооны бус салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, эрх, үүрэг, үйл ажиллагааны хамрах хүрээ, ажиллах журмыг тогтоон мөрдүүлэх”-ээр тус тус заасны дагуу Төрийн албаны зөвлөл нь Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нэр бүхий хүмүүсээс ирүүлсэн “...ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй, төрийн албаны сонгон шалгаруулалт будлиантуулж, албан тушаалд томилогдсон...” гэсэн гомдлыг шийдвэрлүүлэхээр харьяа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд шилжүүлсэн байна.
Салбар зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 126 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 2.1.2, 2.1.12 дахь хэсэгт тус тус заасны дагуу уг гомдлыг шалгаад А.Б-г төрийн албаны мэргэжлийн шалгалт өгөөгүй, Мэргэжлийн хяналтын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан төрийн хяналт шалгалтын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй болохыг тогтоож, 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолоор сонгон шалгаруулалтын дүн болон түүнийг томилсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2011 оны 221 дүгээр тушаалын А.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргаж байгаагаар “өөрт олгогдоогүй эрх эдэлсэн тул илт хууль бус акт” гэж үзэх үндэсгүй бөгөөд уг тогтоолыг үндэслэн А.Б-г Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 44 дүгээр тушаалаар Орхон аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Учир нь зөрчигдсөн гэж үзэж буй этгээдийн эрх нь анхнаасаа хууль ёсны дагуу үүссэн байхыг шаарддаг бөгөөд нэхэмжлэгч А.Б-н тухайд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх хэсэгт “Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргыг төрийн хяналт шалгалтын байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно”, гэж зааснаар Мэргэжлийн хяналтын газрын даргын ажлын байранд тавигдах “төрийн хяналт шалгалтын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг хангаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
Тэрээр үүнийгээ мэдэж байсан, мэдэх боломжтой байсан хэдий ч сонгон шалгаруулалтад орж, улмаар Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар томилогдон ажилласан нь хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх зөрчигдөөгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч А.Б нь Орхон аймгийн мэргэжлийн хяналтын газрын орлогч даргын албан тушаалд томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3-д заасан шаардлагуудыг хангаагүй, төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч, нөөцөд бүртгэгдээгүй, төрийн жинхэнэ албан хаагч биш байсан болох нь хэрэгт авагдсан баримтууд, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон байх бөгөөд энэ тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх тухай Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан үндэслэл хамаарахгүй юм.
Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...хууль зөрчиж гарсан шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэж маргаж байгаа боловч захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан шийдвэрээ хуульд нийцсэн эсэхийг хянаж, хүчингүй болгох эрхийг хэрэгжүүлэхэд хөөн хэлэлцэх хугацаа хуулиар тогтоогоогүй, энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Төрийн албаны салбар зөвлөлөөс А.Б-г албан тушаалын ерөнхий шаардлагыг хангаагүй гэж үзэн 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар тогтоолоор сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож байсан ч, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гэрээний үндсэн дээр ажиллаж байсан гэх тодорхойлолтыг үндэслэж Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилсон байна. Уг албан тушаалд томилогдохдоо төрийн хяналт, шалгалтын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх хуулийн шаардлага хангаагүй байсан гэдгийг түүний өмгөөлөгч Г.Н шүү хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд “... хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, ... маргаан бүхий актын үндэслэл болсон Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол нь илт хууль бус акт...” гэх хоёр өөр үндэслэлээр маргаж, эдгээр үндэслэлүүд нь дээрх байдлаар няцаагдаж байна.
Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 493 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ