Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
Хэргийн индекс | 130/2016/0029/Э |
Дугаар | 161/ШЦТ2016/00034 |
Огноо | 2016-07-05 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Б.Ботакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 161/ШЦТ2016/00034
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхөө даргалж,
нарийн бичгийн дарга: Ц.С,
улсын яллагч: Б.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.К, Т.Б,
хохирогч Д.Д,
орчуулагч А.Е,
шүүгдэгч Р.Ж, Т.С нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Р Ж, Т овогт Тий С нарт холбогдох ********************* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, *************** регистрийн дугаартай, Т овогт Р Ж, 1995 оны 01 сарын 01-ны өдөр Баян-Өлгий аймгийн У суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс казах, тусгай дунд боловсролтой, барилгын засалчийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, бэр эгч, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн У сумын 4 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2013 оны 02 сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, Т овогт Т-ий С, ************** регистрийн дугаартай, 1997 оны 10 сарын 01-ны өдөр Баян-Өлгий аймгийн У суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс казах, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 4 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.Ж, Т.С нар нь 2016 оны 02 сарын 14-ний шөнийн 00 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын. 8 дугаар багт байдаг иргэн Д.Д-ийн байшингийн гаднаас БНХАУ-д үйлдвэрлэгдсэн "Мустанг-5" маркийн хөх өнгийн, улсын дугааргүй, хуучин мотоциклыг хулгайлж Д.Дэд 450000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2016 оны 03 сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 2 дугаар багт байдаг иргэн Р.М ын амбаарын хаалгыг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж амбаарт байсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн "Мустанг-150" маркийн **-**БӨЗ улсын дугаартай хуучин мотоциклыг хулгайлж Р.М ад 750000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус бүлэглэн, давтан үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Р.Ж, Т.С нар нь:
Р.Ж нь Т.Сай бүлэглэн 2016 оны 02 сарын 14-ний шөнийн 00 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 8 дугаар багт байдаг иргэн Д.Дийн байшингийн гаднаас БНХАУ-д үйлдвэрлэгдсэн " Мустанг-5" маркийн хөх өнгийн, улсын дугааргүй, хуучин мотоциклыг хулгайлж Д.Дэд 450000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2016 оны 03 сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 2 дугаар багт байдаг иргэн Р.М ын амбаарын хаалгыг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж амбаарт байсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн "Мустанг-150" маркийн **-**БӨЗ улсын дугаартай хуучин мотоциклыг хулгайлж Р.М ад 750000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус бүлэглэн, гэмт хэрэг давтан үйлдэж нийт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
Гэмт хэргийн нотлогдох байдлууд нь:
- Иргэн Д.Дийн мотоцикль хулгайд алдагдсан хэрэг гарах үед хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: мотоцикль тавьсан гэх газарт ямар нэгэн ул мөр байхгүй. Мотоциклыг урагшаа хөтлөөд явсан гэх газарт байсан мөрийг гар утасны аппаратаар шугам тавьж бэхжүүлж авсан. Үзлэгийн явцад 1 ширхэг "Казакстан" нэртэй архины шил байсныг гэрэл фото зургуудаар бэхжүүлж авсан / хх-ийн 7-9-р хуудас/.
- Иргэн Р.М ын мотоцикль хулгайд алдагдсан хэрэг гарах үед хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон үзлэгийн явцад бэхжүүлсэн фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13 хуудас/.
- 2016 оны 03 сарын 28-ний өдрийн хураан авах тогтоолд: … **************** регистрийн дугаартай Р.Жаас Д.Дийн өмчлөлийн БНХАУ-д Үйлдвэрлэсэн "Мустанг-5" маркын улаан өнгийн, улсын дугааргүй, ************************* гэсэн арлын дугаартай, ************** гэсэн хөдөлгүүрийн дугаартай мотоциклыг хураан авав гэжээ. /хх-ийн 16-17-р хуудас/.
- 2016 оны 03 сарын 28-ний өдрийн хураан авах тогтоолд: …* регистрийн******************** дугаартай Т.Саатаас Р.М ын өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн "Мустанг-150" маркийн улаан өнгийн, улсын дугааргүй, ********************* гэсэн арлын дугаартай, ****************** гэсэн хөдөлгүүрийн дугаартай мотоциклыг хураан авав гэжээ. /хх-ийн 18-19-р хуудас/.
- Хохирогч Д.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: … 2016 оны 02 дугаар сарын 13-ний шөнө 00 цаг 30 минутын үед миний бие гэрээсээ гадаа гарч бие засах үед байшингийн цонхны хажууд тавьсан миний өөрийн Мустанг 150 маркийн хөх өнгийн, улсын дугааргүй ****************9 /320529/, хөдөлгүүр нь ************** дугаартай мотоцикль тухайн үед байсан юм. Би бие засаж гэрт орж унтсан байсан. Өглөө 10 цагт босч гадаа гарахад байшингийн цонхны хажууд тавьсан мотоцикль алга байсан юм. ...манай малын хашааны буланд байсан шинээр уусан "Казакстан" гэсэн бичигтэй дөрвөлжин архины шил байсныг өөрөө барилгүй байж төлөөлөгч Т.Т д өгсөн юм. ...Би хулгайд алдагдсан мотоциклоо буцаагаад хүлээж авлаа. Зарим эд ангиудыг сольсон байна. Гэхдээ надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би уг мотоциклыг 2011 онд байх ХААН банкны зээлээр 1300000 төгрөгөөр худалдаж авч байсан ба одоо хүртэл мотоцикльд улсын дугаар аваагүй. Би уг мотоциклыг 5-6 жил унаж хэрэглэж байсан гэх мэдүүлэг / хх-ийн 34-39 дүгээр хуудас/.
- Хохирогч Р.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: … 2016 оны 03 сарын 23-ны өдар орой 17 цагийн үед Улаанхус сумын 4 дүгээр баг "Согог"-т оршин суудаг Р.Ж, Т.С хоёр улаан өнгийн ямар ч гэсэн "Мустанг" маркийн улсын дугааргүй мотоциклоор ирээд надаас бензин байгаа юм уу гэж асуухаар нь би 1400 төгрөгт 1 литр бензин өгсөн. Тэр хоёр манай гэрийн гадаа бензин асууж ирэх үед миний өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн "Мустанг-150" маркын **-**БӨЗ улсын дугаартай мотоцикль гэрийн гадаа хаалганы үүдэнд байсан. Тухайн үед би тэр хоёрт бензин гаргаж өгөх гээд амбаарт ороход тэр хоёр миний гэрийн гадаа тавьсан мотоцикльд бензин байгаа эсэхийг шалгасан байна. Миний хөгшин аав орой 22 цаг өнгөрч байхад амарсан ба би гадаа малаа хашаанд оруулж ирээд шөнийн 23 цагийн үед хоёр хүүхэдтэй хамт унтаж амарсан юм. Дараа нь 2016 оны 03 сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 02 цагийн үед бие засах гээд гадаа гарах гэсэн боловч байшингийн хамгийн гадна талын хаалгыг гаднаас модоор хөшиж дотроос нь түлхээд гадагш онгойхгүй болгосон байна. Тэгээд 10-15 минут зууралдаж арай гэж хаалгыг дотроос нь түлхэж онгойлгосон юм. Би гадаа гараад бие засаад буцаад орох гээд явж байхад мотоцикль оруулж тавьсан амбаарын хаалга нь онгорхой байсан ба очиж үзэхэд дотор нь байсан мотоцикль алга болсон байсан. ...Би 2016 оны 04 сарын 12-ний өдөр өөрийн эзэмшлийн алдагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн, "Мустанг-150" маркийн, арлын дугаар нь ************, хөдөлгүүрийн дугаар нь ***************** гэсэн мотоциклыг бүрэн бүтэн хүлээж авлаа. Миний мотоциклийн улсын дугаарыг болон суудлын бүрээсийг авч хаясан байна. Тэр хоёрыг төлүүлж авсан. Мөн өмгөөллийн хөлсийг бас төлсөн. Одоо миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй болно гэх мэдүүлэг /хх-ийн 44-47-р хуудас/.
- Гэрч М.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …Би 2016 оны 02 сарын 13-ний шөнийн 23 цагийн үед унтаж амарсан байсан ба харин нөхөр маань интернет ороод 13-наас 14-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад унтаж амарсан. Тэгээд маргааш өглөө нь 09 цагийн үед босоод гадаа гарахад хашаанд байсан нөхрийн хөх өнгийн " Мустанг-5" маркийн улсын дугааргүй мотоцикль алга болсон байсан гэх мэдүүлэг / хх-ийн 61-62-р хуудас/.
-Гэрч Р.Б н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: … Миний дүү Р.Ж нь 2016 оны 02 сарын 13-ны өдөр орой гэр нь манай гэрийн хажууд ойрхон байдаг Тий хүү Стай хамт сумын төв рүү миний хар хөх өнгийн "Мустанг-5" маркийн улсын дугааргүй мотоциклыг унаад Сын хамаатан ахын хүүхдийн гэр бүл болсон цайллагад оролцохоор явчихсан байсан. 2016 оны 02 сарын 14-ний шөнийн 02 цагийн үед дүү маань мотоциклиор гэрт ирсэн. Цайллагаас оройтож гараад сая Сыг гэрт нь хүргэж өгөөд ирлээ гэж ирсэн. Тэгээд 2016 оны 03 сарын 23-ны өдөр орой 17 цагийн үед байх цагийн сайн санахгүй байна би гэрт сууж байхад Т.С улаан өнгийн "Мустанг-5" маркийн, улсын дугааргүй мотоциклоор ирээд төрсөн ах Кадирханы гэрийн хажууд бэлчээрт байсан адуу алга болсон байна. Тэрийг Жтай хамт хайгаад ирье гэж надад хэлээд Жыг сундалж аваад явчихсан. ...2016 оны 03 сарын 24-ний шөнийн 04 цагийн үед Р.Ж тэр өдөр Сын унаад явж байсан улаан өнгийн "Мустанг-5" маркийн мотоциклыг унаж ирсэн. Тэгэнгүүт би дүүгээс асуусан яагаад би Т.Сын мотоциклыг унаад ирсэн бэ гэж асуухад тэр надад С оторт байгаа ах Кадирханы гэрт хонь хариулахаар үлдсэн ба тэр ирэх хүртэл би энэ мотоциклыг унаад явж байхаар болсон гэж хэлэхэд би итгэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 68-71-р хуудас/.
-Р.М аас хулгайлсан мотоцикльд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтэнд: …”2016 оны 05 сарын байдлаар Улаанхус суманд "Мустанг-5" маркийн мотоцикль 750.000 төгрөг /хх-ийн 106-р хуудас/,
-Д.Дээс хулгайлсан мотоцикльд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтэнд: 2016 оны 05 сарын байдлаар Улаанхус суманд "Мустанг-5" маркийн мотоцикль 450.000 төгрөг /хх-ийн 113-р хуудас/,
- Шүүгдэгч Т.Сын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: … Би 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед байх манай хөрш айлын залуу Р.Жын гэрт нь очсон. Очиход Р.Ж гэрт сууж байсан ба би түүнд “өнөөдөр орой сумын төвд манай хамаатан ахын охин нэг залуутай гэр бүл болж байгаа, тэр хоёрын хурим найранд очоод ирье, би унаагүй болчих гээд байна, мотоциклын бензинийг би хийж өгье” гэж хэлсэн, тэгэхэд тэр тэгье гэж хэлсэн. Тэр өдөр орой 17 цагийн үед байх цагийг сайн санахгүй байна бид хоёр мотоциклоор гараад 18 цагийн үед сумын төвд орж ирсэн. Бид хоёр сумын төд очиж Ж унаж байсан мотоциклын хамаатан айлын хашаанд оруулж тавиад бид хоёр уг айлаас хурим найр болж байгаа "С" гэх үйлчилгээний газар луу явж байх замдаа нэг задгай хашаагүй байшингийн хажууд хөх өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байсныг бид хоёр харсан ба Р.Ж тэр мотоциклын хундахторт түлхүүр зоолттой байсныг хараад тэр надад шөнө хурим найрнаас гараад гэрлүүгээ буцах замдаа энэ мотоциклыг хулгайлж аваад явъя гэж анх хэлсэн болно. Тэгэнгүүт би түүнд тэгье гэж хэлсэн. Дараа бид хоёр хурим найранд оролцож шөнийн 23 цаг өнгөрч байхад гарсан ба бид хоёр гарах гээд явж байхад Ж ширээн дээр байгаа 1 шил тал "Казахстан" нэртэй архийг аваад гарсан ба авч гарсан тал шил архийг хувааж уусан байсан. Архийг уусны дараа бид хоёр уг байшингийн гадаа байсан мотоциклын хажууд очиж би мотоциклын толгой хэсгийн түрсэн ба Ж хойд талаас түрээд уг айлаас 250-350 орчим метр зайтай газарт аваачиж, тэр надад чи энэ мотоциклын урд гэрэл, дохиог асаахгүйгээр жолоодож дээшээ яваад намайг хүлээгээд байж бай, шөнө харанхуйд миний нүд сайн хардаггүй юм гэж хэлсэн. Тэгээд би уг мотоциклыг асаагаад дээшээ гудамны дээд талд очиж түүнийг хүлээгээд байж байхад миний араас нэг удалгүй Ж явган ирсэн ба тэр мотоцикльд сундалдаж, бид хоёр түүний мотоциклыг тавьсан айлын гадаа очиж зогссон юм. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэх /хх-ийн 131-134-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл /.
Шүүгдэгч Р.Жын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: … 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 10 минутын үед миний найз хоч нэр С /С/ манай гэрт ирээд хоёулаа энэ орой сумын төвд очоод ирэх үү, өнөөдөр орой 16 цагийн үед манай хамаатан ах гэсэн байх А-ы /Б/ хүүхэд нь гэрлэх гэж байгаа чиний мотоциклоор яваад ирье, очиж ирсэн шатахууныг би өгье гэж хэлсэн. Тэгэнгүүт би найз Сад тэгвэл хоёулаа миний мотоциклоор очоод ирье гэж хэлсэн. Хоёулаа сумын төвд орж ирэхэд хоч нэр С /С/ надад би гаднаас сумын төвд байдаг нэг айлын хашаанаас нэг мотоцикл харсан байсан ба хоёулаа шөнө буцахдаа уг мотоциклийг хулгайлж аваад явна гэж хэлээд нэг айл руу дагуулж очсон байсан. Шөнийн 23 цагийн үед найрнаас гарах гэж байтал С надад тэр ширээн дээр байгаа 1 шил тал "Казахстан" нэртэй архийг аваад гарчих хоёулаа нөгөө мотоцикль хулгайлах гэж байгаа айлын хажууд очиж ууна гэхээр нь би архийг авч гарсан үнэн. Хоёулаа уг хашааны буланд сууж байгаад авч гарсан тал архийг хувааж уусан. Ямар ч гэсэн шөнийн 00 цаг өнгөрсөн байсан тэр айлын хүмүүс унтаж амарсны дараа хоёулаа байшингийн гадаа байсан хөх өнгийн мотоциклын хажууд очиход мотоциклын түлхүүр кундакторт /асаагуурт/ байсан. Тэгээд хоёулаа уг мотоциклыг хоёр талаас нь түрч гаргаад хашааны гадна талд гаргаж ирээд уг мотоциклийг асаагаад "Согоог" руу С унаад явсан.
Дараа нь бид хоёр хоорондоо ярилцаж Улаанхус сумын 2 дугаар баг "Сары бөктер" гэх газарт гэр нь байдаг Р.М ын шинэвтэр мотоциклыг хулгайлахаар тохиролцсон юм. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр орой 17 цагийн С урьд нь сумын төвөөс хулгайлсан эд ангийг нь сольсон мотоциклыг унаад манай гэрт ирсэн. Тэгээд хоёулаа уг мотоциклоор Р.М ын мотоциклыг хулгайлахаар гэрээс гараад орой 18 цагийн үед Р.М ын гэрт нь очсон. Бид хоёр очиход Р.М ын мотоцикль гэрийн гадаа байсан. С Р.М ад 1400 төгрөг өгөөд 1 литр бензин худалдаж авсан. Тэр хооронд би Р.М ын гэрийн гадаа байсан мотоцикльд бензин байгаа эсэхийг шалгаж үзэхэд хангалттай бензин байсан. Бид хоёр мотоциклоор ойртож очоод мотоциклын тавиад хоёулаа явган Р.М ын гэрт нь очсон.. Дараа нь бид хоёр мотоциклийг тавьсан амбаарт нь очиж хаалганд байсан цоожийг төмрөөр гөнжиж онгойлгох гэсэн боловч онгойлгож чадаагүй дараа нь амбаарын хаалганы нэг талын нугас суудаг багана модыг сугалж хаалгыг онгойлгож дотор нь байгаа мотоциклыг С түрж гаргаж ирсэн ба хоёулаа хоёр талаас нь түрээд хашааны гадна талд гаргасан. Тэгээд уг мотоциклыг Р.М ын гэрийн хойд талд байдаг айлын урдаар мотоциклыг хоёулаа хоёр талаас нь түрээд Р.М ын гэрээс доошоо 50-70 метрийн зайд очиж би мотоциклын кундактрын салгаж цахилгааны утаснуудыг хоорондоо холбож асаагаад уг хулгайлсан мотоциклийг С унаад харин би С унаж ирсэн мотоциклыг унаад хоёулаа "Согоог"т байдаг гэрт очсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 140-142-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шүүх үнэлж, шүүгдэгч Р.Ж, Т.С нарыг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хангалттай үндэслэл байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Р.Ж, Т.С нар нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тайлбараар авсан тэмдэглэлүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад мэдүүлгийн болон мэдүүлгийн бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.
Хулгайлах гэмт хэргийн зайлшгүй байх шинж тэмдэг нь гэм буруутанд үл хамаарах, түүнийг өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй бусдын өмч хөрөнгө, эд зүйлийг хууль зөрчиж, нууц далд хэлбэрээр, хууль бусаар, ямар ч үнэ төлбөргүйгээр өөрт болон бусад этгээдэд ашигтайгаар авах үйлдэл байдаг. Эд зүйлс, өмч хөрөнгийн хэлбэрийг үл харгалзан өмчлөгчийн өөрт оногдох эд зүйлс өмч хөрөнгийг өмчлөх дархан эрх нь хэргийн объект болдог.
Хулгайлах гэмт хэргийн объектив тал нь гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, орчин тойрны хүмүүс болон өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авах үйлдэл байдаг. Хууль ёсны өмчлөгчийн эд зүйлс, өмч хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр өөрийн мэдэлд авч, захиран зарцуулах боломж бий болгосноор төгсдөг. Иймд шүүгдэгч Р.Ж, Т.С нар нь хохирогч Д.Д, Р.М нарын мотоциклыг хулгайлж нийт 1200000 төгрөгний эд зүйлийг хулгайлсан нь хууль ёсны өмчлөх дархан эрхийг зөвшөөрөлгүйгээр өөрийн мэдэлд авч, захиран зарцуулах боломж бүрдүүлсэн нь гэмт хэргийн бүрэлдэхүүний объект болон объектив талын шинжийг бүрэн агуулсан байна.
Субъектив тал нь зөвхөн шууд санаатай, шунахайн сэдэлттэй байна. Шүүгдэгч Р.Ж, Т.С нар нь хохирогч Р.М ын амбаарт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан нь шууд санаатай, шунахайн сэдэлтэй байна. Субъект нь 14 нас хүрсэн, хэрэг хариуцах чадвартай Монгол улсын иргэн, гадаад улсын иргэн, харьяалалгүй иргэн байна.
Иймд шүүгдэгч Р.Ж, Т.С нарын гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг дээр дурдсанаар бүрэн агуулж байна үзлээ.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Р.Ж, Т.С нарт холбогдох үйлдлийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Мөрдөн байцаалтын явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан мөрдөн байцаах шүүн таслах ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул шүүгдэгчид хуульд заасан ялыг оногдуулах бүрэн үндэслэлтэй байна. Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчөөгүй, нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт байхгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Р.Ж, Т.С нар нь энэ хэргийн учир урьдчилан цагдан хоригдож байгаагүй, энэ хэрэгт Т.Сын хувьд ногдох эд хөрөнгөнөөс нас гүйцсэн морь 1, нас гүйцсэн гүү 1, гунжин гүү 1, даага 1 зэргийг, Р.Жын ХААН банк дахь 000000000 тоот дансан дахь 64900 төгрөгийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Хохирогч Д.Д нь “ би шүүгдэгч тус бүрээс 450000-500000 төгрөг нэхэмжилж байна. Т.С хохирлыг төлж өгсөн. Р.Ж надад учирсан хохирлыг төлж өгөөгүй. Шүүгдэгч нар миний мотоциклыг бүлэглэж хулгайлж ашиглаж, хэрэглэсэн. Мөн миний мотоциклын эд анги, агергатийг нь сольсон. Өнөөдрийн байдлаар мотоциклд 400.000 төгрөгөөс 500.000 төгрөгийн сэлбэг худалдаж авч тавих шаардлагатай байна. Мөн мотоциклоо хайхад зарцуулсан шатахууны мөнгө, нэгжийн мөнгө, хүмүүст өгсөн мөнгө зэргийг нэхэмжилнэ. Би мотоциклоо хайж Цэнгэл сум, Сагсай сум руу машин хөлсөлж явсан зэрэг зардлаа тооцож гаргасан. Сад ямар нэгэн гомдолгүй. Ж надтай ирж уулзаагүй” гэжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогч Д.Д дээрх мэдүүлгийг өгсөн бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар “тооцоог бүрэн хийх боломжгүй бөгөөд энэ нь гэм бурууг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй” гэснийг харгалзан үзээд уг хохирлыг гаргах боломжгүй гэж үзэв. Учир нь: хохирлын талаар хавтаст болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтаа гаргаж өгөөгүй нотлоогүй байна.
Иймд хохирогч өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Р.Ж, Т.С нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлахад Р.Жын эзэмшлийн Мустанг-150 маркийн мотоциклыг хэрэглэсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар Мустанг-150 маркийн мотоциклыг хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “Казакстан” нэртэй архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгах зүйтэй байна.
Шүүхийн шүүмжлэлд хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор дүгнэсэн бөгөөд гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэргийн зүйлчлэлд мэтгэлцээнгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.С урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар, шүүгдэгч Р.Ж нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн болох нь 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан шийтгэх тогтоол болон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.Ж, Т.С нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэргийн анх удаа үйлдсэн /эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1/, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан /эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн /мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9/ зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг давтан үйлдсэн /эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1/, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн /эрүүгийн хуулийн 56.1.2/, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг 56 дугаар зүйлийн 56.1.10/ хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус авч үзэв.
Шүүгдэгч Р.Ж нь хэдийгээр ял шийтгэлгүй болсон боловч өмнө нь хулгайн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн этгээдийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Р.Ж, Т.С нарт баривчлах ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Р.Ж, Т.С нарт оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Р.Ж, Т.С нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6, 286.1.11, 286.3, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Р Ж, Т овогт Тий С нарыг “бүлэглэн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Р.Жыг 6 /зургаан/ сарын, Т.Сыг 3 /гурван/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тус тус баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Р.Жд оногдуулсан 6 сарын, Т.Сад оногдуулсан 3 /гурван/ сар 10 /арав/ хоногийн баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ж, Т.С нар урьдчилсан цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч Р.Ж, Т.С нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлахад үед ашигласан Р.Жын эзэмшлийн Мустанг-150, маркийн, цэнхэр өнгийн, улсын дугааргүй мотоциклыг хурааж улсын орлого болгосугай.
6. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Д өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “казакстан” нэртэй архиний шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Шүүгдэгч Р.Ж, Т.С нарт урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Т.Сын хувьд ногдох эд хөрөнгөнөөс нас гүйцсэн морь 1, нас гүйцсэн гүү 1, гунжин гүү 1, даага 1 зэргийг, шүүгдэгч Р.Жын ХААН банк дахь 000000000 тоот дансан дахь 64.900 төгрөгийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ