Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1363

 

 

 

 

 

 

 

 

 

“ААТА интернейшнл инк” ХХК-ийн итгэмжлэгдсэн

төлөөлөгч Н.Буянжаргалын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00441 дүгээр шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч “ААТА интернейшнл инк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Их тохойрол” ХХК-д холбогдох

2 038 332 788 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Чинцогтын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Халиунаа

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Эрдэнэбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баянжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АНУ-ын ААТА Интернейшнл Инк компани нь Монгол улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай “Их тохойрол” ХХК-нд гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн. Гэвч “Их тохойрол” ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүрэн төлж барагдуулаагүй тул талууд тооцоо нийлж “Их тохойрол” ХХК 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Вексель үйлдэж ААТА Интернейшнл Инк компанид өгсөн. Уг хэлцлээр “Их тохойрол” ХХК нь 752 500 ам долларыг ААТА Интернейшнл Инк компанид 2013 оны 03 дугаар сарын 31-нд 417 500 ам доллар, 2013 оны 7-11 дүгээр сарын хооронд сар бүр 50 000 ам доллар, нийт 250 000 ам доллар, үлдэгдэл 85 000 ам долларыг 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр баталгаа гаргасан. “Их тохойрол” ХХК нь дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй тул үндсэн төлбөр, хүү торгуулийг тооцон тус компанийн захирал Уоллос Мэйсийн цахим шуудангаар нэхэмжлэл явуулж байсан. “Их тохойрол” ХХК, захирал Уоллос Мэйс, түүний хуульч нарын зүгээс манай явуулж байсан нэхэмжлэлд ямар нэгэн хариу өгөөгүй. 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Вексельд 752 500 ам долларт жилийн 8 хувийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй бол хугацаа хэтрүүлсний торгуульд 5 хувийг төлөхөөр заасан. “Их тохойрол” ХХК нь үндсэн үүрэг, түүний хүүг огт төлөөгүй тул хэлцэлд заасны дагуу хүү, торгуулийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар тооцож 269 021 ам доллар буюу 536 801 813 төгрөгийг нэмж, үндсэн үүрэгт 752 500 ам доллар буюу 1 501 530 975 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл торгууль 269 021 ам доллар буюу 536 801 813 төгрөг, нийт 2 038 332 788 төгрөгийг “Их тохойрол” ХХК-иас нэхэмжилж байна. Ам долларын ханшийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ханш болох 1 995.39 төгрөгөөр тооцсон болно гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан Вексельд Вексель бичигч гэдэгт “Их тохойрол” ХХК болон WM Mining компанийг дурьджээ. WM Mining компани нь АНУ-ын Колорода мужид бүртгэлтэй хуулийн этгээд болохыг ч уг Вексельд дурьджээ. Векселийн 9 дүгээр зүйлийн доор Энэхүү Векселийн хүчин төгөлдөр байдал, тайлбар, бүтэц, үйлчлэл болон бусад холбогдох зүйлсийг АНУ-ын Колорода мужийн хууль болон шийдвэрээр зохицуулна гэж заасан. Энэ Вексельтэй холбоотой шийдвэрүүдийг Колорода мужид байрлах холбооны болон мужийн шүүх шийдвэрлэх тухай заасан байна. Талууд аль улсын ямар хууль тогтоомж, эрх зүйн эх сурвалжийг хэрэглэж маргааныг шийдвэрлэх, хаанахын ямар шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх эсэхээ Вексельдээ тусгаж тохиролцсон байна. Энэ тохиролцоонд Вексельтэй холбоотой маргааныг Монгол Улсын үндэсний хууль тогтоомжоор Монгол Улсын шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх үг, үсэг байдаггүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1. дэх хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заасан. Талууд маргаанаа хэрхэн шийдвэрлэх болон харъяаллын талаар тохиролцсон байх бөгөөд тэр нь Монгол Улсын шүүхийн харъяалал биш байхаас гадна маргаан шийдвэрлэх хууль тогтоомж нь Монгол Улсын үндэсний хууль тогтоомжууд биш байгаа байдал, АНУ-ын Колорода мужийн хууль тогтоомж, эрх зүйн актуудыг Монгол Улсын шүүх хэрэглэх нь хуулиар хязгаарласан нөхцөл байдлууд тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагаа нотлохоор гаргасан үндсэн нотлох баримт бол 2012 оны 12 дугаар сарын 21-ны өдөр гаргасан Вексель юм. Монгол Улсын Векселийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Вексель" гэж төлбөр хариуцагчаас тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаанд ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр үл маргалдах журмаар вексель эзэмшигчид төлөхийг харилцан тохиролцож баталсан төлбөрийн баримтыг хэлнэ. Вексель нь төлбөр тооцооны үнэт цаас мөн гэж тодорхойлсон байна. Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Векселийн бүрдүүлбэр болох 11 зүйлийг заасан байна. ААТА Интернэшнл Инк компаний эзэмшиж буй Вексель нь бүрдүүлбэрийн дараах заалтуудыг хангахгүй байна. Үүнд: Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т төлбөр хариуцагчийн нэр, хаяг, төлбөр хийх банкин дахь харилцах дансны дугаар /энгийн вексельд төлбөр хариуцагч болон вексель бичигчийн нэр адилхан байна/ гэсэн байхад Вексельд төлбөр хийх харилцах дансны дугаарыг тусгаагүй байна. Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т төлбөр гүйцэтгэх газар, төлбөр хариуцагчийн харилцах данс байгаа банкны нэр, хаяг гэсэн байхад төлбөр гүйцэтгэх газрыг тодорхойлоогүй, хариуцагчийн харилцах данс байгаа банкны нэр, хаягийг тусгаагүй байна.

Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11-т Вексельд заасан төлбөрийг үл маргалдах журмаар гүйцэтгэнэ. /Векселийн тухай хуулиас/гэсэн бичвэр байх ёстой гэж хуульчилсан байхад энэ бичвэр Вексель дээр байдаггүй. Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт Векселийн загвар, хэрэглэх журмыг Монголбанк тогтооно гэж заасан байна. ААТА Интернэшнл Инк компаний эзэмшиж буй Вексель нь Монголбанкнаас батлагдсан загварын дагуу хийгдээгүй байна. Векселийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийн бичилт дутуу, мөн зүйлийн 3-т векселийг батлагдсан загвар бүхий маягтан дээр бичээгүй нөхцөлд векселийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж тус тус заасан байна. Вексель бичигч нь Вексель гаргах гэж байгаагаа Монгол банкинд бүртгүүлж батлагдсан загварын дагуу Векселийн маягтыг худалдан авч Векселээ үйлдэх журамтай. ААТА Интернэшнл Инк компаний эзэмшиж буй Вексель нь дээрх журмын дагуу гаргаагүй байна. Иймд 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан ААТА Интернэшнл Инк компаний эзэмшиж буй 752 500 ам.долларын Векселийг Монгол Улсын Векселийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 болон 3 дахь хэсэгт заасныг үндэслэн хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ААТА Интернэйшнл Инк компанийн өмнө хүлээсэн үүргийг үл маргах журмаар төлж барагдуулахаар 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Их тохойрол ХХК нь АНУ -ын Колорода мужид бүртгэлтэй, одоогийн “Их тохойрол” ХХК-ийн толгой компани болох Даблью Эм Майнинг компани ХХК /WM Mining Company LLC/-тай хамтран Вексель бичиж өгсөн байдаг. Энэхүү векселийг АНУ-ын 1933 оны Үнэт цаасны хууль, түүнд орсон нэмэлтийн дагуу болон мужийн бусад хууль тогтоомжид нийцүүлэн хийсэн байна. “Даблью Эм Майнинг” ХХК болон “Их тохойрол” ХХК -ийн захирал нь ноён Уоллос Мэйс бөгөөд тэрбээр Монгол Улсад байнга оршин сууж байсан тул Вексель эзэмшигч нь өөр харъяалалтай аливаа шүүхэд хандаж болно, Вексель бичигчдийн үүрэг нь хамтын болоод дангаар хүлээх үүрэг байна гэж Вексельд заасны дагуу ААТА Интернэйшнл Инк компани Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2.1-т зааснаар Монгол Улсад бүртгэлтэй “Их тохойрол” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Уг вексельд энэхүү Векселийн хүчин төгөлдөр байдал, тайлбар, бүтэц, үйлчлэл болон бусад холбогдох зүйлсийг Колорода мужийн хууль болон шийдвэрээр зохицуулна гэж заасан. Ингэснээр Векселийн хүчин төгөлдөр эсэх талаар хариуцагч Монгол Улсын шүүхэд маргахгүй байхаар өөрсдийн бичиж өгсөн хэлцэлд тусгажээ. Иймд сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.3, Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан “Их тохойрол” ХХК-иас 2 038 332 788 төгрөгийг гаргуулан ААТА Интернейшнл Инк компанид олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, Векселийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 752 500 ам.долларын Векселийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай “Их тохойрол” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2., 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ААТА Интернейшнл Инк компаниас улсын тэмдэгтийн хураамжид 10 126 664 төгрөг төлөхөөс 7 663 605 төгрөг төлснийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 2 463 059 төгрөг төлөхийг, хариуцагч “Их тохойрол” ХХК-иас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 7 663 605 төгрөг төлөхийг тус тус хойшлуулсан болохыг дурьдаж, хариуцагч “Их тохойрол” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 7 663 605 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, 10 126 664 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Д.Чинцогт давж заалдах гомдолдоо “...Талуудын хооронд үйлдэгдсэн Вексель нь хүчин төгөлдөр байдал, тайлбар, бүтэц, үйлчлэл болон бусад бүхий л нөхцлийн хувьд АНУ-ын Колорода муж улсын хууль болон шийдвэрээр /апостиль бол шийдвэр биш/ зохицуулагдах байтал үл хайхран "Монгол Улсын хууль тогтоомжтой нийцэж байна” хэмээн үнэлж талуудын гэрээгээр харилцан тохиролцсон гэрээний хууль тогтоомжийг үл хүндэтгэн гэрээний бус Монгол Улсын хуулийг хэрэглэж тайлбарлан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг ноцтой зөрчсөн байна.

            Зүй нь нэгэнт талууд гэрээнд хэрэглэгдэх хууль тогтоомжийг өөрсдөө сайн дураар харилцан тохиролцон сонгосон тохиолдолд маргаан шийдвэрлэх эрх бүхий этгээд нь өөрийн үйл ажиллагааны онцлогоос хамааран заавал шүүхээр хянан шийдвэрлэгдэх боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл, өөр улсын хууль хэрэглэх гэрээний маргааныг аливаа улсын төрийн шүүх хянан шийдвэрлэх боломжгүй байдаг бол харин энэ тохиолдолд талууд тухайн хариуцагчийн байгаа улсын арбитрын шүүхэд хандаж маргаанаа шийдвэрлүүлж болдог. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ талаар гомдол, хүсэлт гаргасаар байтал шүүх хэргийг шийдвэрлэсэн нь ийнхүү хууль зөрчигдөхөд хүргэжээ.

            Нэгэнт анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэсэн тул Монгол Улсын хуулийн этгээд болох "Их тохойрол" ХХК нь Вексель дээрээ АНУ-д байрлах толгой компанийн байрлалаар бизнесийн үйл ажиллагаа явуулдаг болохоо тодорхой тэмдэглэсэнчлэн Монголд буюу өөрийн эзэмшилд байхгүй байгаа бизнесийн баримт бичгээ нэхэмжлэгчээс өөрөөс нь хугацаа алдалгүй гаргуулж хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгохоор хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан 2008 оны “Ажил гүйцэтгэх үндсэн гэрээ”-ний дагуу үйлдсэн бусад гэрээ баримт бичиг, төлбөр төлсөн баримт зэргийг нэхэмжлэгчээс гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх үл хэрэгсэн, хэргийг зөвхөн векселийн хүрээнд хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт анхан шатны шүүх Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.3, Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтласан нь талуудын харилцан тохиролцож сонгосон гэрээний хуулиар зохицуулах тухай Иргэний хуулийн 549 дүгээр зүйлийн 549.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг мөн хуулийн 549 дүгээр зүйлийн 549.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            “ААТА Интэрнейшнл Инк” ХХК-ийн төлөөлөн нэхэмжлэгч Н.Буянжаргалын нэхэмжлэлтэй “Их тохойрол” ХХК-д холбогдуулан 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Векселийн төлбөрт 752 500 ам.доллар буюу 1 501 530 975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хүү, торгуульд 269 021 ам.доллар буюу 536 801 813 төгрөг гаргуулахаар шаардаж, нийт 1 021 521 ам.доллар буюу 2 038 332 788 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг Векселийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

            Хэрэгт авагдсан Вексельд “...Энэхүү Векселийн хүчин төгөлдөр байдал, тайлбар, бүтэц, үйлчлэл болон бусад холбогдох зүйлсийг Колорода мужийн хууль болон шийдвэрээр зохицуулна. Колорода мужид байрлах холбооны болон мужийн шүүх нь энэхүү Векселийн дагуу албадан биелүүлэх, хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагааг шийдвэрлэх шүүх эрх мэдлийн байгууллага болохыг Вексель бичигч, түүний төлөөлөгч, батлан даагч нь зөвшөөрч байгаа ба, үүнийг хэрэгжүүлснээр, сайн дураар уг шүүхэд хандана; гэхдээ уг шүүхийн харъяалал нь онцгой харъяалал биш бөгөөд Вексель эзэмшигч нь өөр харъяалалтай аливаа шүүхэд хандах эрхтэй...” гэж тусгажээ. /хх 16/

            “ААТА Интэрнейшнл Инк” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь шүүхийн онцгой харьяалалд хамаарахгүй боловч талуудын хоорондын уг маргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр гэрээ байгуулсан нь тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг зөрчөөгүй, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.  

            Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 540 дүгээр зүйлийн 540.1 дэх хэсэгт “Шаардлагатай бол шүүх иргэний хэрэг, маргаан шийдвэрлэх буюу иргэний эрх зүйн бусад харилцааг зохицуулахад Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд харшлаагүй гадаад улсын хууль, эрх зүйн болон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн заншлын хэм хэмжээг хэрэглэж болно”, гэж мөн хуулийн 541 дүгээр зүйлийн 541.1 дэх хэсэгт “Шүүх, арбитр гадаад улсын хуулийг хэрэглэхдээ түүний хэм хэмжээний агуулгыг тэдгээрийн албан ёсны тайлбар хэрэглэдэг практикт нийцүүлэн тогтооно” гэж тус тус заасныг анхаараагүй байна.

            Талуудын хоорондын гэрээнд векселтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд АНУ-ын Колорадо мужийн хуулийг баримтлах талаар заасан байх бөгөөд шүүх уг гадаад улсын хуулийн агуулгыг тодорхойлох боломжгүй гэх нөхцөл байдал бүрдсэн тухай баримтгүй атлаа талуудын диспозитив зарчмыг зөрчин Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.3 дахь хэсэг, Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалтыг тус тус хэрэглэсэн нь буруу байна. Иргэний хуулийн 541 дүгээр зүйлийн 541.4 дэх хэсэгт зааснаар гадаад улсын хуулийн агуулгыг тодорхойлоход зохих арга хэмжээ авсан боловч тодорхойлох боломжгүй бол Монгол Улсын хуулийг хэрэглэх учиртай.

            Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд “ААТА Интэрнейшнл Инк” ХХК нь болон WM Mining Inc компанийн хооронд 2008 оны 05 дугаар сарын 12, 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хийгдсэн гэрээнүүд, “ААТА Интэрнейшнл Инк” ХХК болон WM Mining Inc компани, “Их тохойрол” ХХК нарын хооронд 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн Векселийн гэрээ, уг гэрээнүүдийн үйлчлэлтэй холбоотой WM Mining Inc компанийн зүгээс “ААТА Интэрнейшнл Инк” ХХК-д төлсөн төлбөрийн баримтуудыг гаргуулах хүсэлт гаргахдаа уг нотлох баримтуудыг Векселийн төлбөртэй холбон тайлбарласан байхад шүүх тодорхой үндэслэлээ заалгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн /хх 83, 87/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн гэж үзнэ.

            Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, зөвтгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00441 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Их тохойрол” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 349 613 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                                         ШҮҮГЧИД                                   Т.ТУЯА

 

                                                                                             Д.ЦОГТСАЙХАН