| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2017/02982/И |
| Дугаар | 102/ШШ2017/02838 |
| Огноо | 2017-10-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2017/02838
| 2017 оны 10 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2017/02838 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М-д холбогдох,
123 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С”-ийн төлөөлөгч Н.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” нь 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “М”-тай “Материалын захиалгын гэрээ” байгуулж, улмаар тус гэрээнд заасан хугацаа, журмын дагуу битумын эмульсыг нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн. Гэвч “М” нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэлгүй өнөөдрийг хүрсэн. Гэрээний төлбөрийн асуудлаар талуудын төлөөлөгчид хамгийн сүүлд 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж 92 200 000 төгрөгөөр тогтсон. Үүнээс 10 000 000 төгрөгийг “М” нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай компанид төлсөн. Манай компани нь “М”-иас үлдэгдэл 82 200 000 төгрөгийг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч төлөлгүй өнөөдрийг хүрсэн. “М”-тай байгуулсан “Материалын захиалгын гэрээ”-ний 6.2-т заасны дагуу хамгийн сүүлд тооцоо нийлсэн өдөр болох 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны 82 200 000 төгрөгний алданги 55 156 200 төгрөг байна. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 82 200 000 төгрөг, төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн алданги 55 156 200 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасанд нийцүүлэн адданги 41 100 000 төгрөг, нийт 123 300 000 төгрөгийг “М”-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “М”-ийн төлөөлөгч Г.Т шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “М”-ийн санхүүгийн асуудлаас болж төлбөрийг төлөхгүй удааширсан асуудал байдаг. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн төлбөрийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд Н.Ч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. “С”-ийн гэрчилгээ дээр Н.Чулуунтулгыг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд гэсэн тэмдэглэгээ байхгүй. Тиймээс Н.Ч гэдэг хүн “С”-ийг төлөөлөх эрх бүхий этгээд биш тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Си Кэй Эйч” нь хариуцагч “М”-д холбогдуулан гэрээний үүрэгт 82 200 000 төгрөг, алданги 41 100 000 төгрөг, нийт 123 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...Н.Ч нь нэхэмжлэгч “С”-ийг итгэмжлэлгүйгээр бүрэн төлөөлөх эрхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэв.
2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр талуудын хооронд “Материалын захиалгын гэрээ” байгуулагдсан байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдрийн талаар маргаагүй байна. Гэрээний 1.1, 2.1, 2.3, 3.2, 6.2, гэрээний 2, 3 хавсралтад зааснаар нийлүүлэгч буюу нэхэмжлэгч нь эрхийн болон биет байдлын доголдолгүй, стандартын шаардлагад нийцсэн 356 тонн битумын эмульсийг 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд, хуваарийн дагуу захиалагч буюу хариуцагчид нийлүүлэх, хариуцагч нь гэрээний зүйл болох битумын эмульсийг хүлээн авч, нэг тонныг нь 450 000 төгрөгөөр тооцож төлбөрийг нэхэмжлэхийг үндэслэн нэхэмжлэгчид төлөх, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алдангийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Талууд дээрх байдлаар гэрээний зүйл, үнэ болон төлбөр төлөх нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, энэ талаар маргаагүй байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх тул нэхэмжлэгчид гэрээнд заасан 356 тонн битумын эмульсийг тохиролцсон хугацаанд хариуцагчид шилжүүлэх, хариуцагчид хуваарийн дагуу 356 тонн битумын эмульсийн үнэ 160 200 000 төгрөгийг төлөх үүрэг талуудад үүссэн байна.
Талуудын байгуулсан “Тооцоо нийлсэн акт”-аар 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хариуцагч нь дээрх гэрээний үүрэгт нийт 92 200 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүйг баталгаажуулсан байх бөгөөд уг актын үнэн зөв талаар болон хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр уг төлбөрөөс 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, үлдэгдэл 82 200 000 төгрөгийг төлөөгүй үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан төлбөр төлөх гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байхаас гадна хариуцагч нь гэрээний зүйлийн талаар гомдлын шаардлага гаргаагүй байх тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэрээний 6.1-д зааснаар хариуцагч төлбөр төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алдаги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэсэнтэй, мөн зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэсэнтэй тус тус нийцсэн байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь алданги тооцсон хугацааг “Тооцоо нийлсэн акт”-ыг байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалттай харшлаагүй байна.
Хариуцагч нь 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл гэрээний үүрэгт нийт 82 200 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй байх бөгөөд уг гүйцэтгээгүй үүргийн алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул нэхэмжлэгч нь алдангийн хэмжээг 41 100 000 төгрөг байхаар тодорхойлсон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтад нийцсэн байна.
Нэхэмжлэгч “С” нь 1 гишүүтэй, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шинэчилсэн дүрмээр Н.Ч нь компанийн үүсгэн байгуулагч буюу компанийн гишүүн болох нь компанийн дүрэм болон гэрчилгээгээр нотлогдож байна. Хэдийгээр улсын бүртгэлийн гэрчилгээнд компанийн гүйцэтгэх захирлын талаар бүртгэл хийгдээгүй байх боловч Н.Ч нь компанийн үүсгэн байгуулагч буюу компанийн гишүүнийн хувьд нэхэмжлэгч “С”-ийг төлөөлөн нэхэмжлэл гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, компанийн гэрчилгээнд гүйцэтгэх удирдлагын талаар заагаагүй байх боловч Н.Ч-ыг төлөөлөх эрхийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд хариуцагчийн “...нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх татгалзал үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гэрээний үлдэгдэл төлбөрт 82 200 000 төгрөг, алданги 41 100 000 төгрөг, нийт 123 300 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч “М”-иас 123 300 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С”-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “М”-иас 123 300 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С”-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 774 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 774 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН