| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2020/0125/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/128 |
| Огноо | 2020-12-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/128
2020 12 11 2020/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд,
Шүүгдэгч Ц.Б-ны өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,
Шүүгдэгч Б.М-Э, Н.М-Э нарын өмгөөлөгч С.Шинэбаяр,
Шүүгдэгч Ц.Б, Б.М-Э, Н.М-Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай анггийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-ийн Б, Б овогт Б-н М-Э, А овогт Н-ын М-Э нарт холбогдох эрүүгийн 2019000000095 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дундговь аймгийн Мандалговь сумын 1 дүгээр баг 9-34 тоотод ам бүл 6, 2 ах, 1 эгч, 1 дүү, ээж нарын хамт оршин суудаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Ц-ийн Б, /регистрийн дугаар ЗД79021511/, «
Монгол Улсын иргэн 1989 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 5- 21 тоотод ам бүл 5, аав, ээж, эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-н М-Э, /регистрийн дугаар ЕЮ89120616/,
Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүнбаян, манхан гудамжны 5-5 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 8-21 тоотод ам бүл 2, хүүхдийн хамт оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А овогт Н-ын М-Э,/ регистрийн дугаар ЕП75090604/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Ц.Б, Б.М-Э, Н.М-Э нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 23-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үгсэн тохиролцож бүлэглэн Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчигийн 9-27 тоотод оршин суух, Ж.Нэргүйгийн хашаанд байх амбаарын цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, гагнуурын аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан хохирогч Э.Ууганбаярт 150 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би Дундговь аймгаас 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ирсэн. Нэргүй гэдэг айлд очиж 2-3 хонож архи уусан. Нутаг буцах гээд зардал мөнгөгүй ядарч яваад Б.Мөнх-Эрдэнэтэй таараад танилцсан. Маргааш нь явж байгаад дахиж тааралдсан. Нэргүй гэдэг айлын амбаарын хаалга үргэлж нээлттэй байдаг байсан. Тэгэхээр нь хаалгыг нь нээж хараад дотор нь нэг аппарат байгааг мэдсэн. Дараа нь энэ хоёрт хэлж байгаад тэр аппаратыг авсан. Тэгээд цагдаагийн байгууллагын баруун талд байдаг нэг айлд аваачиж 60.000 төгрөгөөр зарсан. Аппаратаа эзэнд нь буцааж хүлээлгэж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Зардлын мөнгө олох гээд энэ хоёрыг уруу татаж заруулсан нь үнэн…” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.М-Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “… Ц.Баярсайхан надтай 1 өдрийн өмнө офицерт таарсан. Маргааш нь дахиж таараад хорооллын байранд манай ахынх байдаг, тэндээс нэг аппаратаа авмаар байна гэсэн. Тэгэхээр нь би тэр чинь арай хулгайн юм биш биз дээ гэж асуухад “хулгайн юм биш, барилга дээр ажиллаад цалингаа өгөхгүй байхаар нь аваад гарсан юм” гэж хэлсэн. Тэгээд хамт очоод гадаа нь хүлээгээд байж байтал төд удалгүй ороод ир гэж дуудсан. Яваад ортол тэр айлд нэг настай ах байсан. Гэрт нь сууж байтал Ц.Баярсайхан тэр айлд орж гараад хувцсаа бэлдээд байсан. Тэгээд удалгүй хувцсаа бэлдээд дуусчихлаа явъя гэхээр нь гэрээс гартал гадаа нэг аппарат байж байсан. Ганцаараа дийлэхгүй байна дамжлаад явъя гэхээр нь тэр аппаратыг дамжилж яваад Туяа гэдэг хүнд зарсан …” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Н.М-Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “… Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “...хэучрал болсон гэх газар нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р баг 9-27 тоот хашаа бүхий монгол гэртэй айл байна... Хулгай орсон гэх амбаар нь төмөр болон модоор баригдсан байв...
Хэргийн газраас олдсон цэнхэр өнгийн малгай байсныг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл /хх-ийн З-6 дугаар хуудас/,
Хохирогч Э.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оныдугаар сарын 24-ний өдөр ...хадам аавын гэрт очиход хашаан дотор байрлах эд зүйл хадгалдаг амбаарын хаалгыг эвдэж дотроос нь 220 квт-аар ажилладаг гагнуурын аппарат, төмөр тасдагч зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байна... Гагнуурын аппаратыг 2012 онд худалдаж авсан яг хэдэн төгрөгөөр авсанаа санахгүй байна. Төмөр тасдагчийг 2017 онд 90 000 төгрөгөөр худалдан авч байсан. Гагнуурын аппарат мөнгөлөг саарал өнгөтэй, 4 дугуйтай, ажиллагаа хэвийн байсан, төмөр тасдагчийн хувьд улаан хүрэн өнгөтэй дунд гарын тасдагч байсан... Эхнэр бид хоёрыг байхгүй үед хадам аавын гэрт Дундговь аймгийн харъяат гэх нэг үл таних залуу хадам аавтай архи ууж гэрт нь хамт хоносон байсан. Тэр залуу манай амбаараас эд зүйл хулгайлсан байж магадгүй... гагнуурын аппаратаа 200 000 төгрөг, тасдагчаа 90 000 төгрөгөөр үнэлнэ... би уг төмөр тасдагчийг хүнд түр хэрэглүүлэх гээд өгөөд мартчихсан байна лээ. Тэр хүн ч надаас авчихаад эргүүлж өгөөгүй хөдөө яваад удаасан байсан, тэгээд сүүлд нь буюу энэ хэрэг гарснаас хойш надад авчирч өгсөн. Би хүнд өгсөнөө мартчихсан байсан учир хулгай аваад явчихжээ гэж бодоод алдсан гэж мэдүүлсэн байна. Одоо төмөр тасдагчаа олоод авсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 9-10, 127-128 дугаар хуудас /,
Гэрч Н.Бурмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугсарын 24-ний өдөр Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчигийн 9-27 тоотод байх хашаандаа ирэхэд манай амбаарт хулгай орсон байна, амбаарын цоожийг эвдэж онгойлгоод орсон гэж аав надад хэлсэн. Аав хэлэхдээ миний мэдэж байгаагаар гагнуурын аппарат, тасдагч 2 алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд амбаарт орсон чинь цэнхэр өнгийн саравчтай малгай байсан... гагнуурын аппарат нь саарал өнгөтэй, 4 дугуйтай, тасдагч нь улаан хүрэн өнгөтэй дунд гарын хэмжээтэй... ” гэсэн мэдүүлэг /ххийн 7-8 дугаар хуудас/
Гэрч Ж.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2020 оны 05 дугсарын 22-ны өдөр охин болох Уянгаагийнд очиж хоноод өглөө нь гадуур ажилтай явж байгаад орой гэртээ ирээд унтаад өгсөн. 2020 оны 05 дугаар сарын 24-ний өглөө сэрээд харсан чинь амбаарын хаалга онгорхой байсан, очоод харсан цүүг нь эвдэлчихсэн доторхи нь эмх цэгцгүй болсон авдарны цаана байсан гагнуурын аппаратыг авсан байсан. Тэгээд өдөр нь манай том охин Бурмаа ирээд гагнуурын аппарат, төмөр тасдагч алга болсон байна гэж хэлсэн. 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хулгай орсон байна лээ. Намайг унтаж байхад гаднаас өмнө нь нэг удаа уулзаж байсан сайн танихгүй залуу согтуу орж ирсэн, тэгээд надаас гадна 2 хүн байгаа бид хонох айлгүй болчихлоо танайд хоноё гэхэд би хонуулаагүй юм. Би Баярсайхантай Сувдан өргөөгийн үүдэнд дээр таараад уулзсан, хонох айлгүй гэхээр нь би нэг удаа гэртээ дагуулж ирсэн юм. Тэгээд ийм зүйл болчих шиг боллоо... өөрийгөө Бууяа гэж танилцуулсан ...цэнхэр өнгийн саравчтай малгай, хөх өнгийн биеийн тамирын өмдтэй, бараан өнгийн подволктой байсан. ...манайд хонодог залууг л сэжиглэж байна...” гэсэн мэдүүлэг /ххийн 23-24 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 23-ны орой 21 цаг өнгөрч байхад Н.Мөнх-Эрдэнэ /эмэгтэй/ ирээд гагнуурын аппарат байгаа юм, энэ гагнуурын аппаратыг зараад барилгын ажилчдын явах зардлын мөнгө олж оройны вагоноор Улаанбаатар хот руу явуулах гэж байгаа юм, ажилчид нь тэр машинд сууж байгаа гээд гараараа машин руу заагаад энэ ажилчид 6 баатрын хөшөөны ар талд баригдаж байгаа цэцэрлэгт ажиллаж байгаа юм гэж хэлэхээр нь би итгээд 30 000 төгрөг, тэгээд архи асуугаад байхаар нь “Ерөөл” нэртэй 0.75 литрийн 3 ширхэг архи өгөөд худалдаж авсан... Мөнх-Эрдэнийг сайн танихгүй, хадам аав, ээж 2-ыг нь сайн танина. Асууж сураглахад Мөнх-Эрдэнэ бэр нь юм билээ, нөхрийг нь бас адилхан Мөнх-Эрдэнэ гэдэг...таксины жолооч, Н.Мөнх-Эрдэнэтэй нийлээд 4 хүн байсан. Таксины жолоочоос гадна 2 эрэгтэй хүн сууж байсан... надад хулгайн эд зүйл гэж хэлээгүй, ажилчдын гагнуурын аппарат байгаа юм, эд нар явах унааны зардалгүй болчихоод өөрсдийн эд зүйлийг зарж байгаа гэж хэлэхээр нь итгээд худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/, “Хас үнэлгээ” ХХК-ны хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний 2020 оны дугаар сарын 02-ны өдрийн №557 тоот “...гагнуурын аппарат /ВХ6300/ хуучин 150 000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авсан болон эд зүйл хүлээлгэн өгсөн “...Дорноговь аймгиСайншанд сумын 6 дугаар баг, Шинэ зууны 3-309 тоотод оршин суух хаягтай /РД: ЕЭ68120287/ дугаартай Их номгон овогтой Даринчулуугийн Энхтуяагаас 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ...гагнуурын аппаратны гаднах өнгө нь цайвар саарал өнгөтэй, хар кабелийн утастай, хэрэглээний элэгдэлтэй гагнуурын аппарат бүрэн бүтэн хураан авсан” тухай тэмдэглэл, ...Э.Ууганбаярт 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр... гагнуурын аппаратны гаднах өнгө нь цайвар саарал өнгөтэй, хар кабелийн утастай, хэрэглээний элэгдэлтэй гагнуурын аппарат бүрэн бүтэн хүлээлгэн өгөв гэсэн тэмдэглэлүүд /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсө“...тухайн үед надаас 3 шил архи, бэлнээр 30 000 төгрөг авсан ...гагнуурын аппарат л надад зарсан ...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 125-126 дугаар хуудас/, Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна, би нөхөр Мөнх-Эрдэнэтэйгээ хамт Сайншанд сумын залуус хорооллоос хойшоо байдаг холбооны байранд айлд очиж жоохон архи уучихаад гараад явж байтал Баярсайхантай таарсан, тэр манай нөхөртэй урьд өдөр нь танилцсан юм билээ. Тэр залуу хэлэхдээ Данзанваанчигт ойрхон манай ахынх байдаг юм, дүү нь эндээс хүн танихгүй, би тэндээс гагнуурын аппарат болон хувцас авах юм, тэгээд унааны зардал хийгээд харих, санаатай та хоёр минь туслаач гэж хэлэхээр нь манай нөхөр Мөнх-Эрдэнэ хулгайн юм айлаас авах гэж байгаа юм биш биз гэж асуухаар нь Баярсайхан хулгайн юм биш ээ миний өөрийн зүйл байгаа юм, би мэдэж байна гэж хэлэхээр нь бид 3 Данзанваанчигт байдаг айл руу явган алхаад очсон ...Баярсайхан орчихоод удалгүй гарч ирээд надад туслаач би гагнуурын аппаратыг өргөж дийлэхгүй байна гэж хэлэхэд манай нөхөр Мөнх-Эрдэнэ ороод хамт өргөж гарч ирсэн, бид ойрхон байдаг дэлгүүр хүртэл өргөж яваад тэндээс такси бариад хөдөлсөн. Тэгтэл гэнэт Баярсайхан би өнөөдөртөө явахгүй юм чинь архи уучихаад маргааш явдаг юм уу гэж хэлэхээр нь би Туяа гэгч эмэгтэйгийнд очсон. Би машинаас буугаад Туяа эгчтэй очиж уулзаад “энэ хүн барилга дээр ажиллаад буцах гээд зардлын мөнгөгүй болоод энэ гагнуурын аппаратыг зарах гэж байгаа юм” гэж хэлээд 3 шил ерөөл архи, 30 000 төгрөгөөр зарсан ...биднийг хүргэж өгсөн таксинд 10 000 төгрөг өгөөд үлдсэнээр нь архи уух гэж байгаа айлд очихоос өмнө дэлгүүр орж хиам, гоймон, тамхи авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.М-Э-ийн 2020-06-12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагагэрчээр өгсөн “...Баярсайхан надад манай ахынд очоод гагнуурын аппарат байгаа, тэрийг авъя...” гэж хэлсэн. Би наадах чинь хулгайн юм биш биз дээ гэхэд үгүй ээ, хулгайн юм биш, манай ахын юм байгаа юм гэж хэлээд Данзанваанчиг хороолол руу алхаж очсон. Хашаа руу Баярсайхан ороод буцаж гарч ирээд энийг даахгүй байна, өргөлцөөд өгөөч гэхээр нь хамт өргөж хашаанаас гарсан... хулгайн эд зүйл гэж мэдээгүй, Баярсайханыг тухайн хашаа руу ороод хувцас аваад гараад ирэхээр нь гэр нь юм байх гэж бодоод гагнуурын аппаратыг өргөлцөж явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33- 34/,
Шүүгдэгч Б.М-Э-ийн 2020-06-19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаяллагдагчаар өгсөн “...юм ярьж байгаад хоёулаа манай ахын гэрт очъё, ахын амбаарт гагнуурын аппарат байгаа гэж хэлэхээр нь би наадах чинь хулгайн эд биш биз дээ гэж асуухад бишээ, манай ахын гагнуурын аппарат байгаа юмаа гэж хэлж байсан...Баярсайхан нь надад хэлэхдээ манай ахын гэр юм гэж хэлээд гэрт хамт орсон. Гэрт 50 орчим насны эрэгтэй хүн байсан. Баярсайхан ь өнөөдөр хот явах гэж байна гэж хэлээд хувцсаа авч байсан. Тэгээд гэрийн гал тогооны түмбүүшиг нээгээд байх шиг байсан, би тухайн үед амбаарын түлхүүр авч байна гэж бодсон, тэгээд гадагшаа гараад удаагүй орж ирээд явъя гаргачихлаа гэхээр нь гадагшаа гарахад амбаар гэрийн голд ногоон өнгийн гагнуурын аппарат гаргасан байсан. Тэгээд Баярсайхан нь даахгүй байна гэж хэлээд бид хоёр дамжлаад явсан...би хулгайн эд зүйл гэж мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/,
Шүүгдэгч Ц.Б-ы 2020-05-27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагагэрчээр өгсөн “...би одоогоос 10 гаруй хоногийн өмнө ...Сайншанд суманд ирсэн өдрөө “Хул шанд” худалдааны төвийн ойролцоо явж байгаад Сүхбат гэдэг хүнтэй таараад Данзанваанчигийн тэнд байдаг Нэргүй гэх өвгөнийд архи ууж тэндээ нэг хоносон, тэгээд өглөө нь тэдний гэрээс гарч яваад Эрдэнэ гэх залуутай таарахад надаас ажил хийх үү гэж асуухаар нь дагаад Нэргүй гэх айлаас урагшаа Эрдэнэ гэх айлд очиж блокон хашаа барьж орой хүртэл ажиллаад 80.000 төгрөгний цалин аваад явж байгаад эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй таарсан, тэр 2 өөрсдийгөө эхнэр, нөхөр хоёулаа Мөөгий гэж танилцуулсан. Тэгээд бид 3 архи олж уугаад тухайн өдөртөө Нэргүй гэх айлд очсон, биднийг очиход тухайн хашаа болон гэр нь эзэнгүй байсан, хашааных нь гадаа архи уугаад хашаанд нь ороод амбаарынх нь хаалгыг хүчтэй татсан чинь цоож нь сугараад унасан, тэгээд дотор нь байсан гагнуурын аппарат болон төмөр тасдагчийг аваад өөрсдөө зөөж явж байгаад такси зогсоогоод Цагдаагийн газрын хойно байдаг айлд очсон. Нэг эмэгтэй гарч ирхээр нь хамт хулгай хийсэн Мөөгий гэх эмэгтэй бид 3 барилга дээр ажилладаг юм, хүн явуулах гэсэн зардлын мөнгө хэрэг болоод зарж байгаа юм, тэгээд энэ гагнуурын аппаратыг зарчихвал мөнгөтэй болох гээд байна гэж хэлээд барагцаалбал 60 000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн11-12/,
Шүүгдэгч Ц.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд 2020-06-19-ны өяллагдагчаар өгсөн “...би 2020 оны 05 дугаар сарын 22 юм уу 23-ны өдөр хулгай хийсэн... тухайн хашаа болон гэр нь эзэнгүй байсан, хашааных нь гадаа архи уугаад хашаанд нь ороод амбаарынх нь хаалгыг хүчтэй татсан чинь цоож нь сугараад унасан, тэгээд дотор нь байсан гагнуурын аппаратыг би авсан, нөгөө хоёр төмөр тасдагчийг авсан байх, тэгээд тэр 2 эд зүйлийг аваад такси бариад цагдаагийн газрын хойд талд байдаг айлд очсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-59/,
мөрдөн шалгах ажиллагаанд 2020- 09-22-ны өдөр өмгөөлөгчийн хамт яллагдагчаар өгсөн “...тэгээд өнөөх айл руу явж очоод хашаанд нь байх монгол гэрт бид 3 цуг эхлээд орсон. Тэгээд би гадагш түрүүлж гараад гагнуурын аппаратыг аваад Б.Мөнх-Эрдэнэтэй өргөлцөж дамжлаад явсан. Тэр айлын амбаарт байсан цэнхэр өнгийн малгай миний малгай, би аппарат авч байхдаа унагаасан байна лээ ... би Б.Мөнх-Эрдэнэ, Н.Мөнх-Эрдэнэ нарт анх хэлэхдээ “би Улаанбаатар хот руу явах гэсэн чинь зардал байхгүй болчихоод байна, энд нэг айлд гагнуурын аппарат байгаа тэрийг хулгай хийж мөнгөтэй болъё” гэж хэлсэн ...Б.МөнхЭрдэнэ амбаар луу ороогүй ...би эхлээд орж гагнуурын аппаратыг аваад дараа нь Б.Мөнх-Эрдэнэтэй өргөлцөж, дамжилж авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12, 130- 131 дүгээр хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27-30 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчигийн 9-27 тоотод оршин суух, Ж.Нэргүйгийн хашаанд байх амбаарын цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, гагнуурын аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан, хохирогч Э.Ууганбаярт 150 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, хулгайлсан эд зүйлээ Б.Мөнх-Эрдэнэ, Н.Мөнх-Эрдэнэ нарыг гуйж бусдад худалдуулж, уг мөнгөөрөө хүнсний зүйл, архи авч хэрэглэсэн үйл явдал болсон нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хэргийн газрын үзлэг хийсэн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “...хэрэг учрал болсон гэх газар нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р баг 9-27 тоот хашаа бүхий монгол гэртэй айл байна...хулгай орсон гэх амбаар нь төмөр болон модоор баригдсан байв... хэргийн газраас олдсон цэнхэр өнгийн малгай байсныг тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан болон эд зүйл хүлээлгэн өгсөн “...Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Шинэ зууны 3-309 тоотод оршин суух хаягтай /РД: ЕЭ68120287/ дугаартай Их номгон овогтой Даринчулуугийн Энхтуяагаас 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ...гагнуурын аппаратны гаднах өнгө нь цайвар саарал өнгөтэй, хар кабелийн утастай, хэрэглээний элэгдэлтэй гагнуурын аппарат бүрэн бүтэн хураан авсан”, ...Э.Ууганбаярт 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр... гагнуурын аппаратны гаднах өнгө нь цайвар саарал өнгөтэй, хар кабелийн утастай, хэрэглээний элэгдэлтэй гагнуурын аппарат бүрэн бүтэн хүлээлгэн өгөв гэсэн тэмдэглэлүүд, Хас үнэлгээ ХХК-ны хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №557 тоот “...гагнуурын аппарат /ВХ6300/ хуучин 150 000 төгрөг...” гэсэн дүгнэлт, шүүгдэгч Ц.Баярсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Тэгэхээр нь хаалгыг нь нээж хараад дотор нь нэг аппарат байгааг мэдсэн... Аппаратаа эзэнд нь буцааж хүлээлгэж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Зардлын мөнгө олох гээд энэ хоёрыг уруу татаж заруулсан нь үнэн… Энд нэг аппарат байгаа, би зардлын мөнгө хийгээд нутаг буцах гэсэн юм, өргөлцөөд зараад өгөөч гэж хэлсэн...Би амбаарт ганцаараа орсон” ...Б.Мөнх-Эрдэнэ, Н.Мөнх-Эрдэнэ нар амбаарт ороогүй, би гаргаж ирчихээд энэ хоёрыг дуудсан... амбаарын хаалгыг онгойлгож байхыг Б.Мөнх-Эрдэнэ, Н.Мөнх-Эрдэнэ хоёр гэрт байсан учраас хараагүй... Тэр айлын амбаарт байсан цэнхэр өнгийн малгай миний малгай, би аппарат авч байхдаа унагаасан байна лээ” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүххэлэлцүүлэгт өгсөн эдгээр мэдүүлгүүд нь хохирогч Э.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ...хадам аавын гэрт очиход хашаан дотор байрлах эд зүйл хадгалдаг амбаарын хаалгыг эвдэж дотроос нь 220 квт-аар ажилладаг гагнуурын аппарат, төмөр тасдагч зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байна... гагнуурын аппаратыг 2012 онд худалдаж авсан яг хэдэн төгрөгөөр авсанаа санахгүй байна, төмөр тасдагчийг 2017 онд 90 000 төгрөгөөр худалдан авч байсан. Гагнуурын аппарат мөнгөлөг саарал өнгөтэй, 4 дугуйтай, ажиллагаа хэвийн байсан, төмөр тасдагчийн хувьд улаан хүрэн өнгөтэй дунд гарын тасдагч байсан... эхнэр бид хоёрыг байхгүй үед хадам аавын гэрт Дундговь аймгийн харъяат гэх нэг үл таних залуу хадам аавтай архи ууж гэрт нь хамт хоносон байсан. Тэр залуу манай амбаараас эд зүйл хулгайлсан байж магадгүй... гагнуурын аппаратаа 200 000 төгрөг, тасдагчаа 90 000 төгрөгөөр үнэлнэ... би уг төмөр тасдагчийг хүнд түр хэрэглүүлэх гээд өгөөд мартчихсан байна лээ. Тэр хүн ч надаас авчихаад эргүүлж өгөөгүй хөдөө яваад удаасан байсан, тэгээд сүүлд нь буюу энэ хэрэг гарснаас хойш надад авчирч өгсөн. Би хүнд өгсөнөө мартчихсан байсан учир хулгай аваад явчихжээ гэж бодоод алдсан гэж мэдүүлсэн байна. Одоо төмөр тасдагчаа олоод авсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Бурмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугсарын 24-ний өдөр Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчигийн 9-27 тоотод байх хашаандаа ирэхэд манай амбаарт хулгай орсон байна, амбаарын цоожийг эвдэж онгойлгоод орсон гэж аав надад хэлсэн. Аав хэлэхдээ миний мэдэж байгаагаар гагнуурын аппарат, тасдагч 2 алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд амбаарт орсон чинь цэнхэр өнгийн саравчтай малгай байсан... гагнуурын аппарат нь саарал өнгөтэй, 4 дугуйтай, тасдагч нь улаан хүрэн өнгөтэй дунд гарын хэмжээтэй... ” гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Нэргүйгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр охин болох Уянгаагийнд очиж хоноод өглөө нь гадуур ажилтай явж байгаад орой гэртээ ирээд унтаад өгсөн, 2020 оны 05 дугаар сарын 24-ний өглөө босоод харсан чинь амбаарын хаалга онгорхой байсан, очоод харсан цүүг нь эвдэлчихсэн доторхи нь эмх цэгцгүй болсон авдарны цаана байсан гагнуурын аппаратыг авсан байсан, тэгээд өдөр нь манай том охин Бурмаа ирээд гагнуурын аппарат, төмөр тасдагч алга болсон байна гэж хэлсэн. 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хулгай орсон байна лээ. Намайг унтаж байхад гаднаас өмнө нь нэг удаа уулзаж байсан сайн танихгүй залуу согтуу орж ирсэн, тэгээд надаас гадна 2 хүн байгаа бид хонох айлгүй болчихлоо танайд хоноё гэхэд би хонуулаагүй юм. Би Баярсайхантай Сувдан өргөөгийн үүдэнд дээр таараад уулзсан, хонох айлгүй гэхээр нь би нэг удаа гэртээ дагуулж ирсэн юм. Тэгээд ийм зүйл болчих шиг боллоо... өөрийгөө Бууяа гэж танилцуулсан ...цэнхэр өнгийн саравчтай малгай, хөх өнгийн биеийн тамирын өмдтэй, бараан өнгийн подволктой байсан. ...манайд хонодог залууг л сэжиглэж байна...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт: “… Ц.Баярсайхан надтай 1 өдрийн өмнө офицерт таарсан. Маргааш нь дахиж таараад хорооллын байранд манай ахынх байдаг, тэндээс нэг аппаратаа авмаар байна гэсэн. Тэгэхээр нь би тэр чинь арай хулгайн юм биш биздээ гэж асуухад “хулгайн юм биш, барилга дээр ажиллаад цалингаа өгөхгүй байхаар нь аваад гарсан юм” гэж хэлсэн. Тэгээд хамт очоод гадаа нь хүлээгээд байж байтал төд удалгүй ороод ир гэж дуудсан. Яваад ортол тэр айлд нэг настай ах байсан. Гэрт нь сууж байтал Ц.Баярсайхан тэр айлд орж гараад хувцсаа бэлдээд байсан. Тэгээд удалгүй хувцсаа бэлдээд дуусчихлаа явъя гэхээр нь гэрээс гартал гадаа нэг аппарат байж байсан. … Хулгайн юм биш биз гэж асуухад хулгайн юм биш гэсэн. Дараа нь очихдоо дахиад хулгайн юм биш биз гэж асуухад “хулгайн юм биш, би барилга дээр ажиллаж байгаад авсан, манай ахынд байгаа, итгэхгүй бол ороод үз” гэхээр нь ороод үзтэл нэг настай ах хэвтэж байсан. Тэгээд Ц.Баярсайхан хувцсаа бэлдчихээд гаръя гэхээр нь гартал гэрийн нь зүүн урд талын баруун тийш харсан хаалгатай амбаарын гадаа нэг аппарат байсан. Тэрийг өргөж аваад гарсан гэв... Урьд нь офицерт анх таараад гаднах байдлыг нь харахад яаж ч магадгүй юм шиг харагдаад, бас сайн танихгүй болохоор тэгж асуусан. Хэрэв хамт явж аппарат хулгай хийе гэсэн бол ямар ч тэнэг хүн дагаж яваад хэрэгт орохыг бодохгүй... Ороод тэр ахтай юм яриад хот явах гэж байгаагаа хэлээд хувцас хунараа бэлдээд орж гараад байсан...үүдний баруун талд байсан 2-3 хувцсаа аваад торонд хийгээд орж гараад яваад байсан болохоор хулгай хийж байна гэж бодоогүй...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт: “…Б.Мөнх-Эрдэнэ буцаагаад “Хулгайн юм биш биздээ” гэж асуухад “Үгүй, би өөрөө юмаа мэдэлгүй яах вэ” гэж хариулсан... Ц.Баярсайхан өөрөө дотогшоо ороод бид хоёрыг хүлээж бай гээд гадаа нь үлдээсэн. Хэсэг хугацааны дараа бид хоёрыг ороод ир гээд дуудахаар нь ортол зүүн талынх нь орон дээр нэг настай хүн хэвтэж байсан. Бид 2 тэр хүнтэй мэндлээд шүүгээнийх нь хажууд сууж байх хооронд Ц.Баярсайхан хувцас хунараа бэлдээд орж гараад байсан. Тэгээд бэлдэж дуусаад тэр настай хүнд Ц.Баярсайхан “Одоо дүү нь ингээд явлаа” гэж хэлээд гарсан. Бид 2 араас нь гарахад гадаа нэг аппарат байсан. Ганцаараа даахгүй байна гэхээр нь Б.Мөнх-Эрдэнэ дамжилж өргөсөн…” гэсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдож, эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Шүүгдэгч Ц.Баярсайхан нь хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй, шинжээчийн дүгнэлтийн талаар эсрэг санал гаргаж үгүйсгээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв. Шүүгдэгч Ц.Баярсайханы гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, хэргийн зүйлчлэл үйл явдлын бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нэрлэж заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосноор шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг билээ. Дээрх хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоох талаар тодорхой заасан бөгөөд үүнийг тогтоох нь гэмт хэрэгт холбогдсон этгээд гэм буруутай эсэх, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх үндэслэл болдог тул нотолбол зохих байдлуудыг холбогдсон этгээд тус бүрээр нотолсон байхыг хуульд заасан. Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, Н.Мөнх-Эрдэнэ нарыг шүүгдэгч Ц.Баярсайхантай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, агуулахад нэвтэрч үйлдсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж шүүх үзэв. Шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.Баярсайхан нь “...хулгай хийж авах гэж байгаагаа Б.Мөнх-Эрдэнэ, Н.Мөнх-Эрдэнэ нарт хэлсэн гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн ба энэ мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, шүүгдэгч Ц.Баярсайханы мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт олон янзаар мэдүүлдэг, тухайлбал: 2020-05- 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй таарсан, тэр 2 өөрсдийгөө эхнэр, нөхөр хоёулаа Мөөгий гэж танилцуулсан. Тэгээд бид 3 архи олж уугаад тухайн өдөртөө Нэргүй гэх айлд очсон, биднийг очиход тухайн хашаа болон гэр нь эзэнгүй байсан, хашааных нь гадаа архи уугаад хашаанд нь ороод амбаарынх нь хаалгыг хүчтэй татсан чинь цоож нь сугараад унасан, тэгээд дотор нь байсан гагнуурын аппарат болон төмөр тасдагчийг аваад өөрсдөө зөөж явж байгаад такси зогсоогоод Цагдаагийн газрын хойно байдаг айлд очсон....” гэсэн мэдүүлэг, /ххийн11-12/, Мөрдөн шалгах ажиллагаанд 2020-06-19-ны өдөр яллагдагчаар өгсөн “...би 2020 оны 05 дугаар сарын 22 юм уу 23-ны өдөр хулгай хийсэн... тэгээд дотор нь байсан гагнуурын аппаратыг би авсан, нөгөө хоёр төмөр тасдагчийг авсан байх, тэгээд тэр 2 эд зүйлийг аваад такси бариад цагдаагийн газрын хойд талд байдаг айлд очсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-59/, мөрдөн шалгах ажиллагаанд 2020-09-22-ны өдөр өмгөөлөгчийн хамт яллагдагчаар өгсөн “...тэгээд өнөөх айл руу явж очоод хашаанд нь байх монгол гэрт бид 3 цуг эхлээд орсон. Тэгээд би гадагш түрүүлж гараад гагнуурын аппаратыг аваад Б.Мөнх-Эрдэнэтэй өргөлцөж дамжлаад явсан. ... би Б.Мөнх-Эрдэнэ, Н.МөнхЭрдэнэ нарт анх хэлэхдээ “би Улаанбаатар хот руу явах гэсэн чинь зардал байхгүй болчихоод байна, энд нэг айлд гагнуурын аппарат байгаа тэрийг хулгай хийж мөнгөтэй болъё” гэж хэлсэн гэх буюу шүүхийн хэлэлцүүлэгт ...Б.Мөнх-Эрдэнэ амбаар луу ороогүй ...би эхлээд орж гагнуурын аппаратыг аваад дараа нь Б.Мөнх-Эрдэнэтэй өргөлцөж, дамжилж авч явсан...” гэсэн мэдүүлэг, Зардлын мөнгө олох гээд энэ хоёрыг уруу татаж заруулсан нь үнэн… Энд нэг аппарат байгаа, би зардлын мөнгө хийгээд нутаг буцах гэсэн юм, өргөлцөөд зараад өгөөч гэж хэлсэн...Би амбаарт ганцаараа орсон” ...Б.МөнхЭрдэнэ, Н.Мөнх-Эрдэнэ нар амбаарт ороогүй, би гаргаж ирчихээд энэ хоёрыг дуудсан... амбаарын хаалгыг онгойлгож байхыг Б.Мөнх-Эрдэнэ, Н.Мөнх-Эрдэнэ хоёр гэрт байсан учраас хараагүй...” гэсэн тогтворгүй мэдүүлэг өгсөн байна. Шүүгдэгч Ц.Баярсайханы эдгээр мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдоогүй, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, Н.Мөнх-Эрдэнэ нар нь агуулахад нэвтэрсэн гэх объектив тал тогтоогдоогүй тул гэм буруутай гэж үзэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Шүүгдэгч Ц.Б нь өөрийн хамаатны ахын гэрт очиж хот явахаар болсон гэдгээ хэлж, өөрийн хувцсаа цуглуулж, гарч орж байгаа зэрэг үйлдэл нь Б.М-Э, Н.М-Энарт хулгайн эд зүйл аваагүй гэх итгэл үнэмшил төрүүлэхүйц байсан байна.
Б.М-Э, Н.М-Э нар нь шүүгдэгч Ц.Б-ы хүсэлт гуйлтаар түүнтэй хамт явж, хулгайлсан эд зүйлийг худалдан борлуулахад хамт оролцсон байгаа хэдий боловч хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгааг баттай мэдэж байсан, түүнчлэн уг үйлдэлд шунахай сэдэл, ямар нэг эдийн ашиг сонирхолд тулгуурласан субъектив санаа зорилгоор оролцсон болох, тийм зорилгын хүрээнд хамтарсан гэдгийг хангалттай, бодитой тогтоогоогүй байна.
Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив, субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог. Энэ хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцдог бөгөөд эдгээр шинжийн аль нэг нь тогтоогдоогүй байхад зөвхөн үр дагаварт түшиглэн, нөгөө шүүгдэгчийн мэдүүлгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй юм. Харин гэмт хэргийн субъектив талын зайлшгүй байх шинж чанар бол гэм буруу бөгөөд энэ нь үгүйсгэгдвэл гэмт хэрэг үйлдээгүйд тооцогдоно.
Гэм буруу нь сэдэл болон санаа зорилго гэсэн дотоод элементүүдээс бүрдэх тул эдгээрийг бодитой тогтоох шаардлагатай төдийгүй ингэснээр тодорхой хүний үйлдэлд хууль зүйн зөв дүгнэлт хийх боломжтой болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагддаг тул Б.М-Э, Н.М-Э нарыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтын агуулгад нийцнэ гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Ц.Б, Б.М-Э, Н.М-Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Баярсайханд урьд авсан хувбаталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга авах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б.М-Э, А овогт Н.М-Э нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгасугай.
2.Шүүгдэгч Б овогт Ц-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг заасныг баримтлан, мөн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА