Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2017/02891

 

   2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2017/02891

                      Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.Н-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.А/-д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т, хариуцагч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 онд С.Атой танилцаж, 2013-2014 онд хамтран амьдарч, 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр бидний дундаас охин А.Юмжир төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй боловч охин Юмжир нь Ариунболдоор овоглодог. Хоорондын таарамжгүй харьцаанаас болж бид 2014 оноос тус тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд С.А нь охин бид 2-ыг нэг ч удаа эргэж ирж байгаагүй, охинд санаа тавиагүй. Иймд охиныг миний асрамжинд үлдээж, эцэг С.Аоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч С.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Нтэй хамт амьдарч байсан удаа байхгүй. Тэрээр хоёр өөр эцэгийн 2 хүүхэдтэй. Шинжээчийн дүгнэлтээр хүүхэд миний хүүхэд гэж гарсан тул маргах зүйл байхгүй. Хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хэмжээгээр төлнө. Хүүхдийн асрамжийн тал дээр тухайлсан саналгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

          

Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч С.Аод холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Талууд 2012 онд танилцан хамтран амьдарч, хамтран амьдрах хугацаанд буюу 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр охин Ариунболдын Юмжир төрсөн нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон хүүхдийн 1107001666 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар болон шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 8836 дугаар дүгнэлтээр нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна.

 

Талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй, хүүхэд эцэгээр овоглодог, хүүхэд төрсөн үеэс эхлэн эхийн асрамжинд өсөн торниж байгаа үйл баримт болон хүүхдийн насны онцлог, мөн хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдийг эхийн асрамжинд үлдээх үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр охин А.Ю-т эцэг С.Аоос тэтгэлэг гаргуулж олгох нь хүүхдүүдийн эрх ашигт нийцэхээр байна.

 

Дээрх үндэслэлээр охин А.Юийг эх Э.Нийн асрамжинд үлдээж, эцэг  С.Аоос тэтгэлэг гаргуулж олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин А-ын Ю-ийг эх Э.Нийн асрамжинд үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин А.Ю-т 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг С.Аоос гаргуулан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтран хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            М.БАЯСГАЛАН