Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 0007

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

2019        02             25                                               07

 

П.Лд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Т.Ганбат, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Л.Отгончимэг,

Шүүгдэгч: П.Л,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батдорж,

Нарийн бичгийн дарга: Ж.Лхамдолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолтой П.Лд холбогдох 1838007810398 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдоржийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Халзан овогт П-ын Л, …. оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, …. настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: .............../.

Шүүгдэгч П.Л нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын  Хорголын-Бэрхэт гэх газраас иргэн Б.Баасандагвын 15 тооны хонь хулгайлж 450,000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 05 дугаар сарын 16-ны үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Наранцэцэгийн 69 тооны бог малыг буюу олон тооны мал хулгайлж 4,290,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Халзан П-ын Л-г бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч П-ын Л г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П-ын Л-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн 1838007810398 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.Лд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж давж заалдах гомдолдоо: П.Л нь хийсэн болон үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үр нөлөөг ухамсарлаж чадахгүй үедээ гэмт хэрэг үйлджээ. Түүний талаар Нэгдсэн эмнэлгийн шүүх шинжилгээний комиссийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 34 дугаартай дүгнэлтийн 3 дахь заалтад “... сэтгэл санааны цочирдлын байдалтай холбоотой байх магадлалтай байна” гэсэн нь шийтгэгдэх үндэслэл болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-д заахдаа ... гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг нотолбол зохих байдалд хамааруулсан байхад түүнийг нэг мөр то

гтоогоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хангалттай хийгээгүй, шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул хүчингүй болгож, шүүгдэгч П.Лд сэтгэцийн дүгнэлтийг мэргэжлийн комиссийн хэмжээнд гаргуулах боломжийг бүрдүүлж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2-т “...сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлох” шинжилгээг заавал хийлгэхээр заасан бөгөөд шинжээч нь шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх үүрэгтэй.

Мөрдөн байцаалтын явцад мөрдөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолоор “П.Л нь гэмт хэрэг үйлдэхдээ болон гэмт хэрэг үйлдэхээс өмнө сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлттэй байсан эсэхийг тогтооход тусгай мэдлэг бүхий шинжээчээр үзлэг хийлгэх шаардлагатай” гэсэн үндэслэлээр түүний сэтгэцийн байдлыг тодорхойлж, дүгнэлт гаргахыг нэгдсэн эмнэлгийн орлогч дарга Д.Эрдэнэбаатарт даалгажээ.

 Гэтэл Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн шинжээчид нь дүгнэлтээ  Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан “Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байх” шаардлагад нийцүүлж гаргаагүй  байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ...тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол ...шинжилгээ” хийлгэдэг атал шинжээчийн дүгнэлтэд “...П.Л гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг удирдан хянах чадвартай байсан эсэхийг одоо тогтоох боломжгүй” гэсэн нь ойлгомжгүй бөгөөд энэ байдлыг хэн тогтоох нь тодорхойгүй, шинжээч нар тогтоолд дурдсан асуултад бүрэн хариулаагүй байна.

Мөн дүгнэлтэд “П.Л нь болсон хэргийн талаар өөрт  шүүмжлэл султай, эмх замбараагүй ярьж байгаа нь сэтгэл санааны цочирдлын байдалтай холбоотой байх магадлалтай байна” гэсэн атал “сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, шинжээчийн дүгнэлт шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан бүрэн, бодитой гарсан эсэх нь эргэлзээтэй байхад шүүх уг нотлох баримтад тулгуурлан хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2-т “...өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй” болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцохоор заасан ба гэмт хэрэг үйлдэгдэх үед гэмт хэрэгт холбогдсон этгээдийн сэтгэхүйн хэвийн байдал алдагдсан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй байсан тохиолдолд ял оногдуулах боломжгүй болно.

Иймд шүүгдэгч П.Л нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон үйлдсэний дараа  өөрийн үйлдлийн бодит шинж чанарыг ухамсарлаж, өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан эсэхийг бодитой тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч П.Лд урд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Н.БАЯРХҮҮ

  ШҮҮГЧИД                                                        Т.ГАНБАТ

                                                                           Б.СОСОРБАРАМ