Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1364

 

 

 

 

 

 

 

 

 

А.Ганхуяг, Г.Насан-Өлзий нарын

нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2017/00850 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Ганхуяг, Г.Насан-Өлзий нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Баатарсүрэн, Т.Норовсүрэн нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 30 164 462 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Жаргалсайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Насанбаяр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Ням

Хариуцагч: Т.Баатарсүрэн

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Жаргалсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баянжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч А.Ганхуяг, Г.Насан-Өлзий нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2012 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 45 000 000 төгрөгийг 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сарын 1.8 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Хугацаандаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд хүү алдангийн хамт төлнө гэж гэрээндээ тусгасан. Т.Баатарсүрэн 45 000 000 төгрөгийг төрсөн дүү Норовсүрэнгийн дансанд шилжүүлж авсан. Бид хоёр хариуцагч нарт мөнгө зээлсэн мөнгийг Төрийн банкнаас өөрсдийн нэр дээр сарын 8 хувийн хүүтэйгээр зээл авч тэдэнд өгсөн. Хариуцагч нар нь биднээс авсан мөнгөөрөө том оврын даацын ачааны машин худалдан авч уул уурхайн компаниудад ачаа тээвэрлэж их хэмжээний мөнгө орлого олж байгаа боловч зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлбөрөө төлөхгүй, зээлийн хүү, алданги зэргийг дутуу төлж биднийг хохироож байна. Иймд хариуцагч Т.Баатарсүрэн, Т.Норовсүрэн нараас 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний 3 дахь заалтын дагуу 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл болох 32 447 956 төгрөгийн алдангиас дутуу төлөгдсөн 6 223 978 төгрөгийн алданги, дутуу төлсөн хүү 3 776 022 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 10 162 927 төгрөг нийт 20 162 927 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэж,

нэхэмжлэгч нар нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа “...2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 32 447 620 төгрөг, 2012 оны 07, 09 дүгээр сард дутуу төлсөн хүү болох 1 156 022 төгрөг, 2013 оны 1, 2, 4, 6, 7 дугаар саруудын дутуу төлсөн хүүнд 6 165 000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын хүүгийн дутуу төлөлтөд 993 000 төгрөг, 5 сарын хүүгийн дутуу төлөлтөд 33 000 төгрөг, 8 дугаар сарын хүүгийн дутуу төлөлтөд 32 970 төгрөг нийт 7 223 970 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын хүүгийн дутуу төлөлтөд 1 000 000 төгрөг, 6 дугаар сарын хүүгийн дутуу төлөлтөд 92 000 төгрөг, нийт 1 092 000 төгрөг, гэрээний 3 дахь заалтаар алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн үндсэн зээлийн үлдэгдэл болох 32 447 620 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 950 хоногоор бодож, 1 хоногт 16 223 төгрөгөөр тооцож, нийт алданги 15 411 850 төгрөг, нийт 57 331 462 төгрөгөөс хариуцагч Баатарсүрэнгийн төлсөн 27 167 000 төгрөгийг хасч тооцож, үлдэх хэсгийг нэхэмжилж байна. Зээлийн гэрээний дагуу анх нэхэмжилсэн 20 162 927 төгрөгийн шаардлагаа 10 001 535 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 30 164 462 төгрөгийг хариуцагч Т.Баатарсүрэнгээс нэхэмжилж байна. Хариуцагч Т.Норовсүрэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Мөн энэ хэрэгт нэгтгэсэн Н.Насан-Өлзийгийн нэхэмжлэлтэй, Т.Баатарсүрэнд холбогдох 6 597 972 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч Г.Насан-Өлзий нэхэмжлэлээ татан авч байгаа тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Т.Норовсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Т.Баатарсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Г.Насан-Өлзийгөөс 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 45 000 000 төгрөг зээлж, энэ талаар А.Ганхуягтай зээлийн гэрээ байгуулсан. 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл байгуулсан, хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги төлнө гэж заасан. Зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргахгүй. Миний бие 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд 41 удаагийн төлөлт хийсэн байдаг. Зээлийн гэрээний дагуу Г.Насан-Өлзий, А.Ганхуяг нарт нийт 72 000 000 төгрөг төлсөн. Дээрх зээлийн төлбөрийг Г.Насан-Өлзийгийн 5591044538 гэсэн Хаан банкны дансаар 2 889 000 төгрөгийг шилжүүлж, үлдсэнийг нь түүний Төрийн банкин дахь 210600042215 гэсэн данс болон баримтаар төлж барагдуулсан. Төрийн банкны зээл энэ хэрэгт хамааралгүй юм. Иймд миний бие зээлсэн мөнгөө бүрэн төлж дуусгасан учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Баатарсүрэнгээс 17 584 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Ганхуяг, Г.Насан-Өлзий нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 580 262 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Т.Норовсүрэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, мөн нэхэмжлэгч Г.Насан-Өлзий нь Т.Баатарсүрэнд холбогдох 6 597 409 төгрөг гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч нар тэмдэгтийн хураамжид нийт 498 450 төгрөг төлснийг дурдаж, илүү төлсөн 119 478 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, хариуцагч Т.Баатарсүрэнгээс 245 871 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч А.Ганхуяг, Г.Насан-Өлзий нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Жаргалсайхан давж заалдах гомдолдоо “...Г.Насан-Өлзийгийн Төрийн банкны 92106002190 дугаартай дансны хуулга 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх дансны хуулгаар 660 723.73 төгрөг, 583 882.39 төгрөг, хэргийн 49 дүгээр талд авагдсан 629 491.57 төгрөг, нийт 1 874 097.69 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байхад шүүх үнэлээгүй. Хэргийн 101 талд 450 000 төгрөг, 103 дугаар талд 132 000 төгрөг, 400 000 төгрөг, 125 дугаар талд 500 000 төгрөг, 129, 130, 131, 132, 136, 137, 138, 141, 142, 143 дугаар хуудаснуудад нийт 12 удаагийн гүйлгээний дүнгээр 12 952 000 төгрөг, 155 дугаар талд 1 300 000 төгрөг, 159 дүгээр талд 1 100 000 төгрөг, 160 дугаар талд 1 300 000 төгрөг,163 дугаар талд 400 000 төгрөг, 164 дүгээр талд 600 000 төгрөг, 171 дүгээр талд 1 000 000 төгрөг, нийт 20 134 000 төгрөгийг шилжүүлсэн баримтууд хэрэгт авагдсан байдаг. Дээрх нотлох баримтуудыг шүүх үнэлээгүй. Хариуцагч талаас шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан нотлох баримтын хүрээнд нийт 72 000 000 төгрөг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлж зээлийг бүрэн төлсөн. Иймд хэргийг бүхэлд нь хянаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.2 дахь зааснаар нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөх боломжтой байна.

            Нэхэмжлэгч А.Ганхуяг, Г.Насан-Өлзий нар нь хариуцагч Т.Баатарсүрэн, Т.Норовсүрэн нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 162 927 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 30 164 462 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар төлбөрийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч А.Ганхуяг хариуцагч Т.Баатарсүрэн нар нь 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Зээлийн гэрээ”-г байгуулж, зээлдүүлэгч нь 45 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргийг харилцан хүлээсэн, зээлдэгч нь уг мөнгийг өөрийн дүү Т.Норовсүрэнгийн Хадгаламж банк дахь харилцах дансаар хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон, уг үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. /хх 6, 241, 242, 263, 264, 270/

 

            Хэрэгт авагдсан баримтаар А.Ганхуяг, Г.Насан-Өлзий нар нь 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хадгаламж банкны Өмнөговь аймгийн Манлай сум дахь салбараас 45 000 000 төгрөгийг зээлэн авч хариуцагч нарт хүлээлгэн өгсөн, хариуцагч нар нь нэхэмжлэгч нарын харилцах болон зээлийн дансаар зээлийн төлбөрийг төлж байсан талаар зохигчид хэн аль нь маргаагүй тул нэхэмжлэгч нарыг үндсэн төлбөр, зээлийн хүү, алдангийг шаардах эрхтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зээлийн төлбөрийн тооцоолол хийхдээ алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт дараах байдлаар өөрчлөлт оруулав.

 

            Хэрэгт авагдсан Г.Насан-Өлзийгийн Төрийн банк дахь 2106000042215 тоот харилцах дансны 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны хуулгаар хариуцагч нар нь 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 46 удаагийн гүйлгээгээр 50 314 200 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх ба хариуцагч нараас Г.Насан-Өлзийгийн Хаан банк дахь 5591044538 тоот дансанд 2 889 000 төгрөг, Г.Насанбаярын Төрийн банк дахь 21060004092 тоот дансаар 1 300 000 төгрөг, мөн түүний Төрийн банк дахь 21060004092 тоот дансаар 2 400 000 төгрөг, Г.Насан-Өлзийгийн Төрийн банк дахь 210600042215 тоот харилцах дансанд 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр н.Мөнхтулгаас 800 000 төгрөг /хх 223/, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Т.Баатасүрэнгээс 1 000 000 төгрөг /хх 170/ тус тус төлсөн талаар зохигчид маргаагүй байна.

 

            Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд дутуу тооцогдсон гэх 2 098 000 төгрөг, мөн дээрх төлбөрийн тооцоонд тусгагдаагүй Г.Наса-Өлзийгийн Төрийн банк дахь 210600042215 тоот харилцах дансанд Т.Норовсүрэнгээс 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 500 000 төгрөг, Т.Баатарсүрэнгээс 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 600 000 төгрөг, Т.Баатарсүрэнгээс А.Ганхуягт 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 400 000 төгрөг, Г.Насан-Өлзийгийн Төрийн банк дахь 92106002190 тоот зээлийн дансанд Т.Баатарсүрэнгээс 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 629 491,57 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 660 723,73 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 583 882,39 төгрөг, нийт 5 472 097 төгрөгийг хариуцагч нарын төлбөл зохих төлбөрөөс /11 722 800 - 5 472 097 = 6 250 703/ хасч тооцох үндэслэлтэй байна. /хх 16, 49, 123-147, 162, 163, 184-219/

 

            Хариуцагч Т.Баатарсүрэн, Т.Норовсүрэн нар нь гэрээний хугацаа дууссан 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү төлөх үүргээ байнга зөрчиж байсан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцож 3 125 351 /6 250 703 х 50 %/ төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

 

            Иймд хариуцагч нараас үндсэн зээл, зээлийн хүү 6 250 703 төгрөг, алдангид 3 125 351 төгрөг, нийт 9 376 054 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгч М.Жаргалсайханы гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2017/00850 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...17 584 200 төгрөг...” гэснийг “...9 376 054 төгрөг...” гэж, “...12 580 262 төгрөг...” гэснийг “...20 788 408 төгрөг...” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...245 871 төгрөг...” гэснийг “...164 967 төгрөг...” гэж тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Т.Баатарсүрэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 871 төгрөгийг буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                            ШҮҮГЧИД                                        Т.ТУЯА

 

                                                                                     Д.ЦОГТСАЙХАН