Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2016/0603

 

   Т.У*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Т.У*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б******* нарыг оролцуулан хийж, С*******э аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.У*******ын  нэхэмжлэлтэй, С*******э аймгийн Хүнс,*******д холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.У******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С*******э аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” 05 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү” гэжээ.

С*******э аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.У*******ын С*******э аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай “Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.У******* давж заалдах гомдолдоо: “...С*******э аймгийн Хүнс,******* намайг ажлаас халсан 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тушаалыг гаргахдаа хууль баримтлалгүй, зөвхөн Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны А/18 дугаар тушаалыг баримталсан. Хууль, хуулийн заалт огт баримтлаагүй тушаалыг хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Захиргааны акт хуулийг дээдэлсэн, хуульд үндэслэгдсэн байх зарчимтай. Гэтэл шүүх хууль баримтлаагүй захиргааны актыг хуульд нийцсэн гэж үзсэнийг зөвшөөрөхгүй.

Намайг ажлаас халсан 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 16 дугаартай тушаал гаргаж, Ж.С*******ийг миний ажиллаж байсан Төмс, хүнсний ногоо, хүлэмж зоорь агуулах, жимс жимсгэний үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтний орон тоонд авч цалинжуулан ажиллуулсан байх тул миний ажпын байр цомхотголд ороогүй нь тодорхой байна.

Х.Д******* дарга шүүхэд гэрчээр “Ер нь бол Т.У*******ын орон тоо хэвээр хадгалагдаж байгаа юм, харин Ж.С*******ийн хоршоо эксштейншины мэргэжилтний орон тоо цомхотголд орсон” гэж мэдүүлснээс үзвэл орон тоо нь цомхотголд орсон Ж.С*******ийг ажиллуулахын тулд намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан байна. Би энэ байгууллагад 12 жил зөрчил дутагдалгүй ажилласан үндсэн ажилтан бөгөөд Ж.С*******ийн ажлын байранд түр ажиллаж байсан ажилтан биш. Ж.С*******э бид хоёрын ажлын байр, албан тушаал тусдаа юм. Би жирэмсний амралттай байж байгаад ажилдаа ороод 5 сар болж байсан бөгөөд миний хүүхэд 1 нас 4 сартай байсан.

Манай ажлын газраас миний ажлын байрны орон тоо сул байгааг мэдэгдэж захиалгаа Төрийн албаны салбар зөвлөл рүү 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 242 тоот албан бичгийг хавсралтын хамт хүргүүлсэн байдаг бөгөөд захиалга ирүүлсэн нь үнэн талаар С*******э аймгийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 2/274 тоот албан бичгийг шүүхэд ирүүлсэн нь миний ажлын байр хэвээр байсныг баталж байна.

Ж.С*******э нь ажилд эргэж орох өргөдлөө 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гаргасан байхад түүнээс 1 сарын өмнө Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр тушаалын хавсралтаар ажилчдын албан тушаалын ангилал, үндсэн цалинг тогтоосон жагсаалтад миний нэрийг оруулалгүй Ж.С*******ийн нэрийг /ажилд ороогүй байсан/ оруулсан байгаа нь үндэслэлгүй юм. Энэ нь намайг ажлаас халах тушаал гарахаас 1 сарын өмнө намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан байсныг тодорхой харуулж байна.

Би миний ажлын байр хэвээр байгааг мэдээд Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны салбар зөвлөл “миний ажлын байрыг цомхотголд орсон гэж үзэх боломжгүй байна” гэж үзэж, намайг ажилд эгүүлэн авах талаар 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 33 тоот албан бичгийг хүргүүлсэн. Төрийн албаны тухай хуулийн дагуу Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байтал Х.Д******* дарга биелүүлээгүй. Намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан талаар нотлох баримтууд байсаар байхад шүүх нотлох баримтуудыг анхаарч, үнэлж дүгнээгүй атлаа зөвхөн хариуцагчийн орон тооны бүтцийн өөрчлөлтийн талаарх баримтыг дүгнэсэн байна.

Шүүх намайг ажлаас халагдсанаа хүлээн зөвшөөрөн өргөдлөө гаргаж, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж авсан гэсэн нь үндэслэлгүй. Учир нь би өөрийн санаачилгаар ажлаасаа гарах өргөдөл өгөөгүй. Дарга надад “чиний ажлын орон тоо хасагдсан учир тушаал гаргаж байна” гэж хэлсэн учир өргөдөл өгсөн...

Иймд С*******э аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Т.У******* нь С*******э аймгийн Хүнс,*******д холбогдуулан “С*******э аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “миний ажлын байрыг бүтцийн өөрчлөлтөөр байхгүй болсон гэж хэлэн намайг ажлаас чөлөөлсөн атлаа миний ажиллаж байсан Төмс, хүнсний ногоо, хүлэмж зоорь агуулах, жимс, жимсгэний үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтний орон тоон дээр Ж.С*******ийг авч ажиллуулсан” гэж тодорхойлон маргаж байна.

Нэхэмжлэгч Т.У******* нь С*******э аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар тушаалаар Төмс, хүнсний ногоо, хүлэмж зоорь агуулах, жимс, жимсгэний үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр томилогдон, мөн оны 11 дүгээр сараас уг ажил, албан тушаалд ажиллаж байжээ.

Гэтэл С*******э аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тушаалаар Хүнс, газар тариалангийн хэлтсийн мэргэжилтэн Т.У*******ыг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны А/18 дугаар тушаалыг үндэслэн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Дээрх тушаалын үндэслэл болсон Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А-18 дугаар тушаал гарч, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ерөнхий бүтцийг баталсантай холбогдуулан С*******э аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар тушаалаар тус газрын албан хаагчдыг ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн 09 дүгээр тушаалаар буцаан томилохдоо “Т.У*******ын ажиллаж байсан Төмс, хүнсний ногоо, хүлэмж зоорь агуулах, жимс, жимсгэний үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр түүнийг Хүнс, газар тариалангийн мэргэжилтний албан тушаалд түр томилсон атлаа мөн тушаал болон 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар тушаалаар Ж.С*******ийг Төмс, хүнсний ногоо, хүлэмж зоорь агуулах, жимс, жимсгэний үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр томилжээ.

 Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгч Т.У*******ын ажлын байрны орон тоог бүтцийн өөрчлөлтийн улмаас хасагдсан гэж тайлбарлан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн атлаа түүний ажиллаж байсан Төмс, хүнсний ногоо, хүлэмж зоорь агуулах, жимс, жимсгэний үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтний орон тоон дээр Ж.С*******ийг томилон ажиллуулсан нь тогтоогдож байх бөгөөд үүнээс дүгнэвэл Т.У*******ын ажлын байрны орон тоог хасагдсан гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн тухайн үед С*******э аймгийн Хүнс,*******ар ажиллаж байсан Х.Д*******гийн “Т.У*******ын орон тоо хэвээр хадгалагдаж байгаа. Харин Ж.С*******ийн хоршоо эксштейншиний мэргэжилтний орон тоо цомхотгогдсон” гэх тайлбар, С*******э аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр С*******э аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд Төмс, хүнсний ногоо, хүлэмж зоорь агуулах, жимс, жимсгэний үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтний сул орон тоог нөхөхөөр хүргүүлсэн захиалга зэргээс үзвэл хариуцагчийн “Т.У*******ын ажиллаж байсан ажлын байрны орон тоо хасагдсан, одоо уг орон тоо байхгүй” гэх тайлбар үндэслэлгүй юм.

Дээрх байдлаар маргаан бүхий акт болох С*******э аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн төрийн албанд ажиллах эрх болон Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг алдагдуулсан байхад анхан шатны шүүх “2015 оны бүтцийн өөрчлөлтөөр Т.У*******ын орон тоо хасагдсан, энэ үндэслэлээр Т.У*******ыг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Мөн нэхэмжлэгч Т.У*******ын “...өөрөөс үл хамаарах шалтгаанаар орон тооны цомхотголд орж ажилгүй болсон тул Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.4-д заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгож өгнө үү” гэсэн өргөдлийг Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д заасан “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэж үзэхгүй бөгөөд шүүх уг заалтыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд маргаан бүхий акт болох С*******э аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.У*******ыг С*******э аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Төмс, хүнсний ногоо, хүлэмж зоорь агуулах, жимс, жимсгэний үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй бөгөөд түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцон хариуцагчаас гаргуулж, уг олговроос Т.У*******д олгосон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болох 3240198 төгрөгийг хасаж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.У*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. С*******э аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.У*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан С*******э аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.У*******ыг тус газрын Төмс, хүнсний ногоо, хүлэмж зоорь агуулах, жимс, жимсгэний үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.У*******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцон С*******э аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргуулж, уг олговроос Т.У*******д олгосон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болох 3240198 төгрөгийг хасаж нэхэмжлэгчид олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

            ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

            ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

            ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН