Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 88

 

Ц.Алтангэрэл, Э.Октябрь,

Д.Далайбаяр нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Ц.Алтангэрэл, Д.Далайбаяр, нэхэмжлэгч З.Октябрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өнөржаргал, Х.Энхцэцэг, харуицагчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2017/0025 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч, хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор Ц.Алтангэрэл, Э.Октябрь, Д.Далайбаяр нарын нэхэмжлэлтэй, Стандартчилал, хэмжил зүйн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 684 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Алтангэрэл, Э.Октябрь нарын гаргасан “Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаар тушаалын Ц.Алтангэрэл, Э.Октябрь нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг ханган, Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Б/13 дугаар тушаалын Д.Далайбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Алтангэрэл, Э.Октябрь, Д.Далайбаяр нарыг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохыг Стандартчилал, хэмжил зүйн газрын даргад даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан 2015 оны 1 дүгээр сарын 10, 1 дүгээр сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох Ц.Алтангэрэлд 11126591,26 /Арван нэгэн сая нэг зуун хорин зургаан мянга таван зуун ерэн нэг/ төгрөгийг, Э.Октябрьт 10839487,78 /Арван сая найман зуун гучин есөн мянга дөрвөн зуун наян долоо/ төгрөгийг, Д.Далайбаярт 12727995,58 /Арван хоёр сая долоон зуун хорин долоон мянга есөн зуун ерэн тав/ төгрөгийг тус тус олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Стандартчилал, хэмжил зүйн газарт даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2017/0025 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 684 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн удирдлага болгосон заалтад баримталсан “103.3.4, 103.3.13” гэснийг “106.3.1, 106.3.13” гэж, 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 23 дугаар зүйлийн 23.5, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Алтангэрэл, Э.Октябрь, Д.Далайбаяр нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/05 дугаар тушаалын Ц.Алтангэрэл, Э.Октябрь нарт холбогдох хэсэг, 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Б/13 дугаар тушаалын Д.Далайбаярт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгон, Ц.Алтангэрэлийг Стандартчилал, техникийн зохицуулалтын газрын мэргэжилтний, Э.Октябрийг Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын мэргэжилтний ажилд тус тус эгүүлэн тогтоож, Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаар тушаалын Ц.Алтангэрэл, Э.Октябрь нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Д.Далайбаярын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт Ц.Алтангэрэлд 7.617.082 /долоон сая зургаан зуун арван долоон мянга наян хоёр/ төгрөг, Э.Октябрьт 6.940.148 /зургаан сая есөн зуун дөчин мянга нэг зуун дөчин найм/ төгрөг тус тус олгож нийгмийн даатгалын дэвтэрт нь зохих бичилт хийхийг Стандартчилал, хэмжил зүйн газарт даалгасугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Далайбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17,4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасны дагуу эрх бүхий албан тушаалтан нь төрийн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагын нэн тэргүүнд харгалзан тухайн шаардлагыг хангаж байгаа иргэнийг төрийн албан тушаалд авч ажиллуулах ёстой.

Мөн Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн "Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" 08 дугаар тогтоолын 4-т "Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг "сул орон тоо гарсан" гэдэгт хамааруулж үзнэ" гэж тайлбарласан байна.

Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд "...нөөцөд тооцогдох Д.Далайбаяр нь сул орон тоо гарсан тохиолдолд ...эргээд төрийн албанд орох зохицуулалттай" гэж дүгнэсэн нь хуулийн дээрх зохицуулалт болон тайлбарт нийцэхгүй байна.

Хариуцагч Стандартчилал хэмжил зүйн газрын дарга нь тухайн байгууллагад 9 жил ажилласан, төрийн албан хаагчийн тангараг өргөсөн ажилтныг "чиний орон тоо цөөрсөн" гэж ажилд авахаас татгалзсан атлаа миний мэргэжил, туршлагын хөрвөн ажиллах чадварыг үл харгалзсан хувийн сонирхлоор хандан ажилд томилоогүй төдийгүй Стандартчилал, хэмжил зүйн газрын Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газрын Цахилгаан хэмжих хэрэгсэл, Эзлэхүүн зарцуулалтын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лабораториудад 2015 онд 5, 2016 онд 1, нийт 6 улсын шалгагчийн ажлын байранд тухайн байгууллагад ажиллаж байгаагүй хүмүүсийг авч ажиллуулсан байдаг.

Стандартчилал хэмжил зүйн газрын хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газрын дээрх лабораториудад техникч гэдэг албан тушаал огт байгаагүй, одоо ч байхгүй бөгөөд эдгээр хүмүүс техникч нэрийн дор улсын шалгагчийн тэмдэг бариад хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын ажил, албан тушаалыг эрхэлж байгаа нь хууль тогтоомжийг зөрчиж байгаа юм.

Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг харгалзан үзэлгүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт хөтлөгдөж миний бие мэргэжил, туршлагын хувьд аль ч лабораторид сэлгэн ажиллах боломжтой төдийгүй тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч болохынхоо хувьд дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг хамгийн их хангаж байгааг анхаарч үзсэнгүй.

Мөн ажилдаа орох хүсэлтээ өгөөд байхад намайг ажилд авахгүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасан сул орон тоог төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас нөхөх боломжгүй бол нөөцөд бүртгэлтэй иргэдээс авах үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогддог тул төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх хуулиар тогтоосон дараалал зөрчигдөж байна гэж үзэж улсын шалгагчийн ажилд эргүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагч Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга нь миний ажилдаа орох хүсэлтийг хүлээж авсны дараа төрийн албанаас чөлөөлөх тухай Б/13 дугаар тушаалыг гаргаж байгааг "намайг ажилд томилохоос татгалзсан эс үйлдэхүй" гэдгээс өөрөөр юу гэж ойлгохыг магадлалдаа тайлбарлаагүй атлаа "албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй"-тэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаа хууль зүйн хэллэгээр бичээгүй гэж намайг буруутгаж миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ойлгоогүй юм уу ойлгохыг хүсээгүйгээс хариуцагчийн хууль бус үйлдлийг зөвтгөсөн, өөгшүүлсэн шийдвэр гаргаж тангараг өргөсөн төрийн албан хаагчийн ажил, албан тушаал хадгалагдах Хөдөлмөрийн хуулийн зохих заалт болон төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах миний эрхийг зөрчсөн шийдвэр гаргалаа.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй, челоолөгдохгуй байх баталгаагаар хангагдах, Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.3-т зааснаар захиргааны чөлөөтэй байгаа албан хаагчийн ажил, албан тушаал хэвээр хадгалагдах зохицуулалтыг мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх харгалзан үзсэнгүй.

Миний бие хэдийгээр Төрийн албаны тухай хуулийн дагуу миний бие захиргааны чөлөө авч төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн хэдий ч хууль тогтоомжийн дагуу нөөцөд байх хугацаа дуусаагүй байхад ажилдаа эргэн орох өргөдлөө гаргасан тул ажил, албан тушаал хадгалагдаж байх ёстой байсан.

"Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 11-т ...ажил албан тушаал хэвээр хадгалагдах гэдэг нь энэ хэсэгт заасан үндэслэл шалтгаан арилсан буюу хугацаа дууссаны дараа ажилтан урьд нь ажиллаж байсан ажил. албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргасан тохиолдолд ажилтан тухайн ажил, албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэй байхыг хэлнэ" гэж тайлбарлажээ.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2017/0025 дугаар магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 684 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 355 дугаар тогтоолд заасан шийдвэрийг гүйцэтгээгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрт хариуцагчийн талаас давж заалдах гомдолдоо тусгасан байхад хэлэлцэхгүйгээр нотлох баримтад үндэслэн шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалаас харагдаж байна.

Улсын Дээд шүүхийн тогтоол нь хуулийн адил үйлчилдэг заавал биелүүлэх шинж чанартай шийдвэр юм. Хуульд заасны дагуу Улсын дээд шүүхээс гарсан шийдвэрийг Анхан шатны болон давж заалдах шатны шүүх хэрэгжүүлээгүй.

Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0025 дугаар магадлалын хянах хэсэгт хариуцсан нэгжийн дарга нарын ажлын хэсэгт гаргасан санал хэрэгт авагдсан байх тул тэднийг гэрчээр асуух шаардлагагүй, хариуцагчийн "гэрчээр асуух ажиллагааг шүүх хийгээгүй" гэх гомдлыг хангах боломжгүй гэж шийдвэрлэж хариуцсан нэгжийн дарга нарын гаргасан санал. ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэж ажлаас чөлөөлсөн гэдгийг нотолж байна. Гэтэл тус агентлагийн хариуцсан нэгжийн дарга нарын гаргасан санал, ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэж ажлаас чөлөөлснийг сонгон шалгаруулалт хийгээгүй гэх шүүхийн дүгнэлтүүд өөр хоорондоо зөрчилдөж байгаа нь эндээс харагдана.

Нэхэмжлэгч нар нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Стандартчилал хэмжил зүйн газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн № Б/03 дугаар тушаалын Ц.Алтангэрэл, Э.Октябрь нарт холбогдох хэсэг болон Стандартчилал хэмжил зүйн газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасан байдаг.

Хэргийг хянан шийдвэрлэх явцад буюу 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд Стандартчилал хэмжил зүйн газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/05 дугаар тушаалын Ц.Алтангэрэл, Э.Октябрь нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын хэмжээг ихэсгэсэн.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй ч Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2015 оны 1 дүгээр 10 № Б/05 дугаар тушаалын Ц.Алтангэрэл, Э.Октябрь нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүсээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч анхан болон давж заалдах шатны шүүхүүд шийдвэрлэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасныг зөрчиж байна.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх бус дахин өөр акттай маргаж байгаа тул шүүх шууд хүлээн авч шийдвэрлэх эрх хэмжээгүй гэж үзэж байна. Тодруулбал хэрэг урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж шинэ акттай маргаж байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой.

Хариуцагч нь Монгол улсын 2015 оны төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Засгийн газрын "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 2014 оны 387 дугаар тогтоолын 6 дугаар зүйл, Шадар сайдын 2015 оны 02 дугаар тушаалыг үндэслэсэн чиг үүргийн давхардалгүй, илүү шат дамжлагагүй, ур чадвар, туршлагад суурилсан,  хэлтэс албагүй, нэгжийн орон тоо 7-оос доошгүй байх гэсэн зарчмын баримталж ажлын хэсэг гаргаж, ажлын үр дүн, ур чадвар, мэргэшлийн түвшин, ажлын дадлага туршлага. ажилласан жил зэргийг харгалзан үзэж, газар нэгжийн даргын саналд үндэслэн цомхтголд хамруулах 14 албан хаагчдын нэрсийг гаргаж ажлаас чөлөөлсөн.

Тус комисс нь ажилчдын ажлын үр дүн, ур чадвар, мэргэшлийн түвшин, ажлын дадлага туршлага, ажилласан жил зэргийг хувийн хэрэг, үр дүнгийн гэрээ дүгнүүлсэн байдлыг харгалзан дүгнэлтээ гаргаж танилцуулгыг үндэслэж газрын дарга шийдвэр гаргасан П.Долгормаагийн тухайд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан шаардлагыг илүү хангаж байна гэж үзээд өөрчлөн байгуулагдсан Хяналт шинжилгээ үнэлгээний газарт мэргэжилтнээр шилжүүлэн ажиллуулсан.

Гомдол гаргагч Ц.Алтангэрэл нь Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтэст ижил мэргэжлийн буюу газрын тосны салбарын мэргэжилтэн 2 байснаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар. ажлын дадлага. туршлага, хэлтсийн стандартчиллын техникийн хорооны нарийн бичгийн дарга нарын ажлын гүйцэтгэл, Стандартчиллын хөтөлбөр төлөвлөгөөний биелэлт зэргийг харьцуулж үзээд Ц.Алтангэрэлийг чөлөөлөх саналыг ажлын хэсэг болон хариуцсан нэгжийн дарга нь гаргаснаар чөлөөлөх шийдвэр гарсан болох нь хэрэгт хавсаргасан нотлох баримтаар нотлогдоно.

Мөн Ц.Алтангэрэл нь ажлын туршлагажсан хугацаа, мэргэжлийн ур чадварын хувьд С.Соронзонболд төдийгүй бусад мэргэжилтэнтэй харьцуулахад тэднээс дутмаг байгаа нь харьцуулсан судалгаагаар нотлогдоно.

Э.Октябрь нь Хяналт шинжилгээ, үнэлгээний албаны мэргэжилтнээр ажиллаж байсан. Энэ алба нь шинэ бүтэц зохион байгуулалтаар чиг үүрэг нь нэмэгдсэн бөгөөд хуучин чиг үүргийн хүрээнд ажиллах гурван мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэшил, туршлага, ур чадвар, тусгай шаардлагыг хэн нь илүү хангаж байгаа талаар ажлын хэсгээс дүгнэлт гаргахад Э.Октябрь нь Б.Ууганбаяр, Э.Эрдэнэцэцэгээс үр дүнгийн гэрээний үнэлгээгээр 80 /В/ үнэлгээ авч доогуур үнэлэгдсэн, ажилласан жил нь 4,8 жил байдаг. Мөн Э.Октябрь нь 2014 оны үр дүнгийн гэрээг харьяалах үндсэн нэгжийн даргад илтгэхдээ тайланд тавигдах шаардлагыг хангаагүй мэргэжилтэн Б.Ууганбаярын 2014 оны жилийн эцсийн эцсийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх илтгэх хуудаст заасан гүйцэтгэл, үр дүнг хуулж бичсэн, үр дүнгийн гэрээний 1.1.2, 3.1.2.6-д заасан ажил үүргийг тайлагнаагүй. Энэ нь төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ зөрчсөнийг харуулж байна.

Б.Ууганбаяр нь бусад хоёроо илүү үнэлгээтэй бөгөөд Э.Эрдэнэцэцэг нь хүүхэд харах чөлөөтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт зааснаар ажлын байр хэвээр хадгалагдаж байсан учир Э.Октябрь ажлаас чөлөөлөгдсөн.

Шүүх Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-ыг хэрэглэхдээ үр дүнгийн гэрээний үнэлэгдсэн байдлаар дүгнэх бус тухайн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэшил, туршлага, ур чадвар, тусгай шаардлагыг хэн хэрхэн хамгийн сайн хангаж байгааг бодит байдалд нийцүүлэн дүгнэх шаардлагатай гэсэн нь Төрийн албаны зөвлөлөөс "Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам" гаргаж ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг тухайн улирал, жилд хэрхэн хэрэгжүүлж ирсэнд үр дүнгийн гэрээний биелэлтээр дүгнэлт өгч байхаар журамласны дагуу бид үр дүнгийн гэрээг дүгнэж шалгаруулалтын үзүүлэлт болгосон.

Төрийн албаны зөвлөлөөс баталсан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 5.2-т зааснаар хяналт-шинжилгээ хийж үр дүнгийн гэрээгээ дүгнүүлэн 2014 оны 12 сард бүх ажилчид үр дүнгийн гэрээний урамшуулал авсан. Хэрэгт урамшуулал олгох тухай тушаал 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/183 дугаар тушаал нотлох баримтаар байгаа болно. Учир нь гомдол гаргагч нар нь бид сайн ажиллаж байсан гэж тайлбар өгч байсан.

Эндээс үзвэл бид үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үр дүнгийн гэрээний биелэлтийг нэг үзүүлэлт болгож дүгнэж, Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-ыг баримтлан, заасан шаардлага, шалгуурын дагуу сонгон шалгаруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно.

Шүүхээс Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хууль зүйн хувьд үндэслэлтэй тул энэ тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл бүтэц зохион байгуулалтаар албан хаагчдыг чөлөөлсөн шийдвэр нь хүчин төгөлдөр акт гэж шийдвэрлэсэн.

Газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан нь буруу гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна, Учир нь уг тушаалаар Стандартчилал хэмжил зүйн газрын Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний 123 албан хаагчийг томилсон буюу тэтгэмж олгох шийдвэрийг гаргасан.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын Ц.Алтангэрэл, Э.Октябрь нарт холбогдох хэсэг, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон нэхэмжлэгч Д.Далайбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.Алтангэрэл, Э.Октябрь, Д.Далайбаяр нар нь Стандартчилал хэмжил зүйн газрын даргад холбогдуулан ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Стандартчилал хэмжил зүйн газрын бүтэц орон тоо өөрчлөгдөж, цөөрсөн байх бөгөөд энэхүү үйл баримттай холбогдуулан хэргийн оролцогчид маргаагүй, зөвхөн хуулийн дагуу сонгон шалгаруулсан эсэхтэй холбогдуулан маргаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авахаар зохицуулжээ.

Хуулийн дээрх зүйл заалтаар захиргааны байгууллага нь албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнг үнэлж, дүгнэх, сонгон шалгаруулах эрхтэй боловч тухайн тохиолдолд энэхүү эрхээ буруу хэрэгжүүлсэн гэж үзлээ.

Тухайлбал, нэхэмжлэгч Ц.Алтангэрэлийн үйл ажиллагааны үр дүнг ахлах мэргэжилтэнтэй харьцуулсан, ажлын гүйцэтгэл хангалтгүй, “25 стандарт боловсруулж батлуулахаас 6 стандарт батлуулсан” хэмээн буруутгасан байх бөгөөд дээрх стандартыг батлах үйл ажиллагааг зөвхөн нэхэмжлэгчийн ажлын чиг үүрэгтэй холбон тайлбарлах боломжгүй, төсөв, санхүүг шийдээгүйгээс шалтгаалан хэрэгжээгүй тухай баримт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгч Э.Октябрийг ажлын байранд тавигдах шаардлагад заагдаагүй үндэслэлээр буюу хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн эсэх үйл баримтыг үндэслэн, эрх зүйн байдлыг дордуулсан, ажлын байрны зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагаас чөлөөлөгдөх албан тушаалтныг сонгохдоо зөвхөн нэг үзүүлэлтээр бус, хуульд заасан бүх шалгуурыг үнэлж, дүгнэн, хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулах замаар сонгох эрхээ хэрэгжүүлэх ёстой.

Гэтэл энэ тохиолдолд захиргааны байгууллага зөвхөн үр дүнгийн гэрээгээр үнэлж дүгнэгдсэн байдлыг гол шалгуур болгосон, бусад шалгуурыг хэрхэн үнэлж дүгнэсэн нь тодорхойгүй, үндэслэл бүхий тайлбар гаргаагүй байна.  

Иймээс Ц.Алтангэрэл, Э.Октябрь нарыг ажлаас чөлөөлсөн үндэслэл буруу байсан тухай анхан болон давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Нэхэмжлэгч Д.Далайбаярын тухайд өөрийн хүсэлтээр суралцах зорилгоор ажлаас түр чөлөөлөгдсөн байсан бөгөөд чөлөөний хугацаа дуусахад Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт зааснаар төрийн албаны нөөцөд байгаад тооцогдох учиртай.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Д.Далайбаярыг ажлаас чөлөөлсөн 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх бөгөөд нэгэнт төрийн албанаас чөлөөлөгдөж, нөөцөд байгаа албан хаагчийг төрийн албанаас дахин чөлөөлсөн нь агуулгын хувьд зөрчилтэй захиргааны акт байна.   

Харин төрийн албаны нөөцөд байгаад тооцогдсон нэхэмжлэгч Д.Далайбаярыг ажилд шууд эргүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Төрийн албаны хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар тухайн байгууллагад сул орон тоо гарсан тохиолдолд нэхэмжлэгчийн ажилд томилогдох эрх нээгдэхээр байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2015 онд тухайн захиргааны байгууллагад сул орон тоо гарсан байх боловч нэхэмжлэгч энэхүү үйл баримттай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой маргаагүй, энэ талаар давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.

Хариуцагчийн “урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй” тухай гомдол үндэслэлгүй бөгөөд шүүхээс хоорондоо харилцан хамаарал бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж байгаа тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг тусад нь салгах, заавал дээд шатны захиргааны байгууллагад хянуулах шаардлагагүй юм.

Мөн хариуцагчийн “гэрч асуугаагүй” тухай гомдол нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлөхөөргүй, хэрэгт ач холбогдолгүй, хариуцагчийн гэрчээр асуулгахыг хүссэн холбогдох албан тушаалтнууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санал гаргах замаар тайлбар өгч байсан байна.

Энэхүү тогтоол нь захиргааны байгууллагаас эрх хэмжээний хүрээнд батлагдсан орон тооны хязгаарт багтаан, хуульд нийцүүлэн ажлын байрны шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авахад болон нэхэмжлэгч Д.Далайбаяраас захиргааны байгууллагад сул орон тоо гарсан үйл баримттай холбогдуулан гомдол гаргах эрхийг тус тус хязгаарлахгүй болохыг дурдав.

Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2017/0025 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон нэхэмжлэгч Д.Далайбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                     Х.БАТСҮРЭН      

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ