Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/204

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн

Улсын яллагч: С.Мөнхгэрэл

Өөрийгөө өмгөөлөн оролцож байгаа шүүгдэгч Ц.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Цогтбаатарын Гантулгад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 201725020609  дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 13-272а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цогтбаатарын Ц.Г/регистрийн дугаар .....................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.Гнь согтуугаар 2017 оны 02 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лазер” баарны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Ц.Оюун-Эрдэнийг шүргэж үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Ц.Гшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү…” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би 2017 оны 02 сарын 13-ны өдөр эхнэр хүүхдээ Түнхэл рүү явуулахаар вагонд суулгаж өгчхөөд гэр лүүгээ харих замдаа Баатарцогттой уулзаж Дэнжийн мянгад байдаг нийтийн караокед орж гурав, гурван шил пиво уусан. Тэндээс нэлээн оройхон багцаагаар 23 цагийн үед гараад 5 буудлын "Лазер" бааранд орсон. Тэнд хоёр, хоёр шил пиво авч суугаад уусан. Би тамхи татахаар гарсан. Намайг тамхи татахаар гарахад хаалганы хажууд шатан дээр 2 хүүхэн зогсож байсан, би тэгээд гичий гэж хэлсэн юм шиг байгаа юм, би санахгүй байна. Би нэлээн согтсон байсан учраас зарим зүйлийг сайн санахгүй байна. Би нэг эмэгтэйг нь гараараа 1 удаа цээж рүү нь цохьсноо санаж байна. Тэр эмэгтэй зогсож байсан газраа хойшоо саваад уначихсан юм. Надад цохиулсан эмэгтэй нь гараа бариад тэндээ сууж байсан, тэр эмэгтэйтэй хамт явсан эмэгтэй нь "цагдаа дуудчихсан, чи байж байгаарай" гэж хэлж байсан. Би тэндээ байж байсан, төд удалгүй цагдаа ирсэн. Тухайн үед тэр хоёр эмэгтэй над руу дайрсан, цохисон...” гэсэн мэдүүлэг \хх-39-40\,

 

Хохирогч Ц.Оюун-Эрдэнийн "...би өөрийн найз Одончимэгийн хамт 2017 оны 02 сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Лазер” бааранд орж үйлчлүүлсэн. Тэгээд тамхи татахаар найзын хамт гарч ирээд шатан дээр зогсож байсан чинь үл таних согтуу залуу баарнаас гарч ирээд мөрөөрөө шүргэчихээд “муусайн гичийнүүд” гэж хэлээд дээшээ явчихсан юм. Тэгэхээр нь би араас нь юу гээд байгаа юм бэ” гэсэн чинь эргэж хараад “ална шүү” гэж хэлээд миний нүүр лүү 1 удаа гараараа цохисон. Тэгтэл миний хамараас цус садарсан. Би болон манай найз Одончимэг нь “та одоо эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ” гэсэн чинь нуруу руу өшиглөсөн. Би тэр үед унахдаа зүүн гараараа хаалганы буланг цохиод унасан. Тэгээд гар аймаар өвдөөд хөдөлж болохоо байсан. Тэгээд би орилоод уйлаад зогссон. Манай найз хүүхэн цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг \хх-10-12\,

 

Гэрч Т.Одончимэгийн “…2017 оны 02 сарын 13-ны орой би ажлаа тараад найз Оюун-Эрдэнийдн гэрт очсон. Тэднийд ороод хоол идчихээд гараад 5 буудлын ойролцоо байдаг Лазер бааранд орсон. Бааранд ороод эхлээд 2 шил пиво аваад уусан, дараа нь дахин 2 пиво аваад задлаад ууж сууж байгаад Оюун-Эрдэнэ гарч тамхи татахаар бопсон. Тэгэхээр нь би ганцааранг нь гаргаад яахав гээд хамт гарсан. Бид хоёр доод давхрын диско бааранд байсан, баарнаас дөнгөж дээш  гараад шатан дээр зогсож байсан чинь үл таних согтуу залуу баарнаас гарч ирэхдээ манай найз Оюун-Эрдэнийг мөрлөчхөөд "гичий" гэх зэргээр амандаа үглээд явсан. Оюун-Эрдэнэ “чи юу гээд байгаа юм бэ” гэсэн. Тэгтэл тэр залуу эргэж харангуутаа Оюун-Эрдэнийн нүүр лүү нэг удаа гараар цохисон. Оюун-Эрдэнийн хамраас нь цус гарсан. Хамраа дараад суусан. Тэгэхлээр нь Оюун-Эрдэнийг босгохдоо "чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ" гээд хэлчихсэн чинь Оюун-Эрдэнийг шууд нуруу руу нь өшиглөсөн. Оюун-Эрдэнэ шатны уруу өнхөрч унахдаа зүүн гараа дараад уначихсан. Тэгээд тэр залуу очоод Оюун-Эрдэнэ рүү очоод цохих гэхээр нь би очоод араас нь татсан чинь тэр залуу зам хөндлөн гараад явчихсан…” гэсэн мэдүүлэг \хх-15-16\,

 

Гэрч Ш.Ганболдын “…би тэр орой ажиллаж байсан. Цагийг нь санахгүй байна, шөнө намайг гадагшаа гарахад машины төв замын хажууд нэг хүүхэн нэг залууг зуурчихсан зогсож байсан. Би очоод "юу болоод байна" гэж асуусан чинь тэр хүүхэн "энэ залуу манай найзыг зөрөхдөө цохьчихлоо гэлүү түлхчихлээ гэл үү нэг юм хэлээд тэр залууг зугтаах гээд байна" гээд бариад зогсож байсан. Тэгээд цагдаа ирээд нөгөө залууг аваад явсан...” гэсэн мэдүүлэг \хх-17-18\,

 

Гэрч З.Баатарцогтын “…2017 оны 02 сарын 13-ны өдөр найз Ц.Гбид хоёр уулзаад Дэнжийн мянгад нэг караокед суусан. Тэр үед би согтоод тасраад унтчихаад сэрсэн чинь Ц.Галга болсон байсан. Тухайн үед би Гантулгыг гэрлүүгээ харьчихсан юм болов уу гэж бодоод би өөрөө гэртээ хариад унтчихсан. Тэгтэл маргааш өглөө нь Ц.Гнад руу залгаад "би цагдаа дээр байна, бичиг баримттайгаа ирээд авчих" гэсэн. Тэгэхээр нь би цагдаа дээр очсон. Ц.Гнадад "баарны гадна хүнтэй муудалцсан" гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг \хх-19-20\,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹2885 тоот актын “…Ц.Оюун-Эрдэнийн биед зүүн тохойнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-25/,

 

Ц.Гантулгын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-42/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-37/, фото гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-28/, Ц.Гантулгын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримт /хх-63/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-55-56/ зэргийг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Ц.Гнь согтуугаар 2017 оны 02 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лазер” баарны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Ц.Оюун-Эрдэнийг шүргэж үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Ц.Оюун-Эрдэнэ, гэрч Т.Одончимэг, гэрч Ш.Ганболд, гэрч З.Баатарцогт нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹2885 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Ц.Гантулгын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Ц.Гантулгын бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэргийг дошгин авирлаж буюу хохирогч Ц.Оюун-Эрдэнийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүгдийг шалгасан байна.

 

Хохирогч Ц.Оюун-Эрдэнэ нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд "…гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй" гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.Гантулгыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцлоо.

 

Шүүх шүүгдэгч Ц.Гантулгад ял шийтгэл оногдуулахдаа хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогч нь гомдол саналгүй гэсэн, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Гнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Цогтбаатарын Гантулгыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Цогтбаатарын Гантулгыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Гантулгад оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн 201725020609 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Гнь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. .

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ц.Гантулгад оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Гантулгад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР