Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/351

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч ****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****************холбогдох эрүүгийн 1938007590413 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ****************нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 01-41 ХӨҮ улсын дугаартай портер машинаар Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Хялганат” гэх газраас зохих зөвшөөрөлгүй 3.6 метр.куб хэмжээтэй шинэс мод тээвэрлэж экологи эдийн засагт 216.000 төгрөгний шууд хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ****************нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 01-41 ХӨҮ улсын дугаартай портер машинаар Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Хялганат” гэх газраас зохих зөвшөөрөлгүй 3.6 метр.куб хэмжээтэй шинэс мод тээвэрлэж экологи эдийн засагт 216.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938007590413 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Рашаант сумын Хялгант гэх газраас 2019 оны 10-р сарын 17-18-ны орчим унаанг хуурай мод бэлтгэж 2019 оны 10-р сарын 28-ны өдөр Рашаант сумаас Мөрөн сум руу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн бичиггүй тээвэрлэж яваад цагдаа нартай таарч журамлагдсан...Би учруулсан хохирлоо төлж барагдуулсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

      Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6-р хуудас/,

      Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/,

      Хохирогч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Экологи эдийн засгийн үнэлгээний дагуу учирсан хохирлыг орон нутгийн орлогын дансанд буруутай этгээд нь тушаах хэрэгтэй байна...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10-р сарын 28-ны өдрийн 20 цагийн орчим Мөрөн сумын 10 дугаар хорооны ертөнцийн зүгээр урд тушаа Дашваанжил газын кпонкын хажууд хот хоорондын чиглэлд явдаг засмал зам дээр зогсож байтал хулгайн замаар тээврийн хэрэгсэл орж ирж байгаа харагдсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн замыг тосож саатуулан шалгахад 01-41 хөү улсын дугаартай тээврийн хэрэгслээр мод ачиж явсан бөгөөд жолоочоос бичиг баримтаа шалгуулахыг шаардахад тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхээ үзүүлсэн ба миний бие жолоочоос тээвэрлэж яваа модныхоо эрхийн бичиг гарал үүслийн бичгээ шалгуул гэхэд мод бэлтгэх эрхийн бичиг болон гарал үүслийн бичгээ хөдөө гэртээ мартсан байна гэсэн. Тэгэхээр нь гарал үүслийн бичгээ хэзээ, хэн гэдэг хүнээс авсан. Хэний нэрээр авсан гэдгийг нь асуугаад яг мод бэлтгэх эрхийн бичиг авсан үгүйг чинь шалгаж тогтооно гэхэд тэр залуу би мод бэлтгэх эрхийн бичиг гарал үүслийн бичиг аваагүй гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2019/07 дугаартай дүгнэлтэд: “ Иргэн ****************бэлтгэж тээвэрлэсэн мод нь 3.6 метр куб хэмжээтэй түлшний зориулалтаар тайрч бэлтгэсэн хуурай шинэс мод болох нь тогтоогдов.

...Иргэн ****************хууль бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 216.000 төгрөг ” гэх дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/,

 Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын Улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 23-04-337/02 дугаартай актанд “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4/1 дэх заалт “ойн санд учирсан хохиролыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”, Ойн тухай хуулийн 42.2-т заасны дагуу БОАЖ-ын сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтанд заасан ёсоор нэг куб метр бүх төрлийн түлшний хуурай шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ 60.000 төгрөг байхаар тогтоосон зэргийг тус тус үндэслэн ойн нөөцөд учирсан хохирол 60.000*3.6*1.0*3.0=648.000 төгрөгийг гаргуулж нөхөн төлүүлж орон нутгийн орлогод оруулах гэсэн акт /хх-ийн 31-32-р хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 37-р хуудас/,

Хохирол төлсөн тухай Төрийн банкний 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 50-р хуудас/,

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтын хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-48, 51-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938007590413 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ****************нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 01-41 ХӨҮ улсын дугаартай портер машинаар Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Хялганат” гэх газраас зохих зөвшөөрөлгүй 3.6 метр.куб хэмжээтэй шинэс мод тээвэрлэж экологи эдийн засагт 216.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч ****************/хх-ийн 14-16-р хуудас/, гэрч ****************/хх-ийн 17-18-р хуудас/  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

      Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6-р хуудас/,

      Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/,

  Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2019/07 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/,

 Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын Улсын байцаагчийн акт /хх-ийн 31-32-р хуудас/,

  Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 37-р хуудас/,

  Хохирол төлсөн тухай Төрийн банкний 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 50-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч **************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч ****************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ****************нь экологи эдийн засагт 216.000 төгрөгний хоохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул шүүгдэгч ****************экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 648.000 төгрөгний хохирол учруулсан байна. Шүүгдэгч ****************нь уг хохирлоо нөхөн төлсөн байх тул  түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч **************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ****************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р хуудас/-аар тогтоогдож байна.

 Шүүгдэгч ****************нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч ****************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 1938007590413 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3.6 м.куб хуурай шинэс мод, хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг тус тус хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3.6 м.куб хуурай шинэс мод,  хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг тус тус хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      5. Эрүүгийн 1938007590413 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР