Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2017/ШЦТ/09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэгийг суулцуулан

 Улсын яллагч Г.Ганхөлөг

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү

Шүүгдэгч М.Л************ нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Л************д холбогдох эрүүгийн 201622000691 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч:

Шүүгдэгч М.Л************ нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Мөрөн сумын 1 дүгээр баг 23-08 тоотод оршин суух иргэн Б.М************ийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн орж 32 инчийн shinco /шинко/ маркийн телевизор хулгайлан авч 600.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Л************ нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Мөрөн сумын 1 дүгээр баг 23-08 тоотод оршин суух иргэн Б.М************ийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн орж 32 инчийн shinco /шинко/ маркийн телевизор хулгайлан авч 600.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Л************ мэдүүлэхдээ: Намайг ах М************ийн гэрт очиход түүний гэрт хэн ч байгаагүй учраас телевизийг нь авч Баатар гэх найздаа 80.000 төгрөгөөр зарсан. Ингээд "Нэмэн" ХХК-ийн гадаа 2 найзтайгаа таарч, тоглож байгаад Мөрөн сумын 10 дугаар хороонд айлд очсон. Өөр ярих зүйлгүй гэв.

Хохирогч Б.М************ийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 18- ны өдөр орой ажлаасаа тараад манай эхнэрийг гэртээ ирэхэд манай хаалга онгорхой цоож цуурга байхгүй байсан гэсэн. Тэгээд гэртээ ороод гэрлээ асаахад гэрийн хойморт байх зурагт байхгүй байсан гэсэн. Манай эхнэр цагдаа дуудсан байсан. Цагдаа дуудсаныхаа дараа нь надад утсаар хэлсэн. Тэгээд би гэртээ ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан. Манай гэрээс хар өнгийн 32 инчийн shinco нэртэй зурагт хулгайд алдагдсан. Би 600.000 төгрөгөөр үнэлнэ гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч Б.Буянжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13-14 цагийн үед манай найз Л************ орж ирээд чи зурагт авах уу манай найз Мөрөнд тоглоом тоглуулах гээд болохгүй байгаа юм хэдэн зурагт авч ирээд зурагтнуудаа Улаанбаатар хот руу буцаагаад нэг зурагт нь үлдчихсэн байгаа юм тэр зурагтыг хөгшин чинь чамд хямдхан аваад өгье хөгшин чинь ч гэсэн дундаас нь 5.0-10.0 төгрөг хараад өгчихье гэж хэлсэн. Тэгээд зурагтыг 70.0 төгрөгөөр зарна би хэдэн төгрөгний ашиг хараад 80.0 төгрөгөөр өгчихье гэж хэлсэн. Тэгээд үзэж харж байгаад болъё гэсэн чинь Л************ за хөгшин чинь маргааш аваад ирье гээд яваад өгсөн. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13-14 цагийн үед Л************ манай сэлбэгийн газарт орж ирээд хөгшин чинь зурагтаа аваад ирлээ таксин дотор байгаа гараад авчих уу гэсэн тэгэхээр би найз нь ажилтай байна чи өөрөө аваад ир гэсэн. Тэгээд Л************ гараад авч ирсэн. Би хамт зогсдог эгч Жагаагаас 85.0 төгрөг зээлээр авсан. Тэгээд би Л************д 85.0 төгрөг өгөөд явуулсан гэх мэдүүлэг/ хх-ийн 21 дүгээр хуудас/,

Гэрч М.Лхагва-Эрдэний мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7 дугаар хуудас/, хураан авсан тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх -ийн 8-13 дугаар хуудас/, эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 25 дугаар хуудас/, шүүгдэгч М.Л************аас хураан авсан 1 хос ногоон өнгийн хагас түрүүтэй гутлын мөр нь хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гутлын улны мөрүүдтэй тохирсон талаарх Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 350 дугаартай М.Л************аас хураан авсан 1 хос ногоон өнгийн хагас түрүүтэй гутлын зүүн өмсгөлийн мөртэй хэргийн газраас илрүүлсэн гутлын мөр ерөнхий шинж тэмдэгээрээ тохирч байна дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 30-31 дүгээр хуудас / зэрэг дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Мөн шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээсэн нь хохирогч Б.М************, гэрч Б.Буянжаргал, М.Лхагва-Эрдэнэ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудаар батлагдсан гэж дүгнэв.

 Иймд шүүгдэгч М.Л************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Л************д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар шүүгдэгчээс эд хөрөнгө хураахгүйгээр, хорих ял оногдуулж, оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

 Хохирогч Б.М************т эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч Б.Буянжаргалын би 85.000 төгрөгөө авчихсан надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх[1]ийн 6,10,13 дугаар хуудас/, эвлэрлийн гэрээ зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 201622000691 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч М.Л************ нь 2 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч нь урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас тогтоогдож байна /хх-ийн 49 дүгээр хуудас/,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ихмэргэд овогт Мөнх-Эрдэний Л************ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч М.Л************ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.Л************д оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч М.Л************д оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, ялтны засрал хүмүүжилд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 5. Эрүүгийн 201622000691 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч М.Л************ нь 2 /хоёр/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Л************д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР