Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 143/2015/00255/И |
Дугаар | 2188 |
Огноо | 2017-10-10 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2188
Б.Анэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/01812 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Б.А-ын, хариуцагч ЧМНС ХХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 200 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, хариуцагчийн өмгөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Аитгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: н.Б, н.Б нар нь 2007 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ЧМНС ХХК-ийн ашиглалтын талбайд газар ухаж нөөцөлсөн усанд живж, зуурдаар амь насаа алдсан. Уг хэрэг гарснаас хойш нэхэмжлэгч Б.А нь хүүхдүүдийнхээ амь насны хохирлыг хэнээс нэхэмжлэхээ мэдэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад хэрэгсэхгүй болгосон. Хоёр хүүхдийн амь нас хохирсноос хойш талийгаач нарын ээж Б.Абие маш их доройтсон. Хүний эрхийн үндэсний комиссын дарга н.Б орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компанид хүний эрх хэрхэн хэрэгжиж байгаатай танилцаж, мөн ТВ-9 телевизээр “Эзэнгүй төрийн эмгэнэл” нэртэй нэвтрүүлэг гарч, тухайн өдөр болсон эмгэнэлт явдлын тухай ярилцлагыг Б.А өгсөн. Энэ үеэс эхлэн нэхэмжлэгч Б.Аамьдралд тохиолдсон уй гашууг бүх хүмүүс мэддэг болж, иргэд хоорондоо ярьж, олон нийтийг хамарсан цуглаан, найр наадамд явах боломжгүй болсон. Энэ бүхнээс болоод Б.Анэр хүнд нь гутаагдсан бөгөөд Б.А дээрх үйл явдлын улмаас БНХАУ руу явж эмчилгээнд орж, Улаанбаатар хотод ирж сэтгэл заслын эмчилгээнд орсон, цаашид гэр бүлийн хүн Л.Б-ыг хамт орох шаардлагатай гэсэн.
Иймд хуульд зааснаар бүрдүүлж өгсөн зардлын баримтаар тогтоогдож байгаа буюу Эрүүгийн хэргийн төв архиваас баримт хуулбарлахад төлсөн 56 000 төгрөг, Сэтгэшгүй ухаан эмнэлэгт үзүүлсэн төлбөрт 30 000 төгрөг, шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахад үзүүлсэн төлбөр 30 000 төгрөг, нотариатын хөлс 46 800 төгрөг, МШ ХХК-д тушаасан 28 380 төгрөг, замын зардалд 44 300 төгрөг, зуун наст эмнэлэгт шинжилгээний төлбөрт 60 000 төгрөг, хэвтэн эмчлүүлсэн төлбөрт 245 000 төгрөг, “ИУ” ХХК-ийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн төлбөрт 450 000 төгрөг, өмгөөллийн хөлс 20 000 000 төгрөг, шатахууны зардалд 302 000 төгрөг, буудлын зардалд 275 000, малчин авч ажиллуулсны зардалд 8 400 000 төгрөг, эм авч уусан 90 000 төгрөг, БНХАУ-ын Өвөр монголын эзэнт хошууны эмнэлгийн эмчилгээ хийлгэсэн зардалд 357 450 төгрөг, 2017 онд хагалгаанд орсон 1 218 550 төгрөгийг тус тус төлж, нийт 31 997 780 төгрөг, сэтгэл санаа нэр хүндийг сэргээхэд шаардлагатай 137 402 220 төгрөг, мөн цаашид гарах эмчилгээний зардал болох 30 600 000 төгрөг, нийт 200 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ЧМНС ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Энэ хэрэг нь манай компанийн ашиглалтын талбайд гарсан. Уг хэрэг гарсан газар нь н.Б эзэмшлийн газар, малын бэлчээр байсан бол өөр хэрэг, гэтэл энэ нь ашиглалтын хайгуулын талбай бөгөөд өөр бусад этгээд ордог газар биш. Талийгаач нарын эцэг, эх дан ганц энэ үйл явдлаас болж сэтгэл гутралд орсон гэж үзэхэд хэцүү, Б.Атом хүү н.А хил давж гараад, буцаж ирээд нас барсан, бэр нь амиа хорлосон, удаах хүү н.Чулуунбаатар нь эрүүгийн хэрэгт холбогдсон, энэ бүхэн нөлөөлж байгаа гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээдүйд гарах зардлыг нэхэмжилж байна, үүнийгээ хэрхэн нотолж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжилж байгаа мөнгөнөөс 20 000 000 төгрөг нь өмгөөлөгч Д.Ж-д төлсөн мөнгө юм. Д.Ж эхэндээ Б.Аөмгөөлөгч байсан, сүүлд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байна. Нэхэмжлэгч Б.Ад өмгөөлөгчид бэлнээр өгөх 20 000 000 төгрөг байна гэдэг нь бодох л асуудлын нэг юм. Иймд нэхэмжлэгчийн цаашид гарах зардал гэж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, мөн Б.Анэр төр нь яаж гутаагдаад байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг баримтлан ЧМНС ХХК-иас 200 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би Өмнөговь аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 2 хүүхдийн амь насны хохиролд 200 000 000 төгрөгийг хариуцагч ЧМНС ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч хэрэг болсон үйл баримтын талаар маргаагүй, хариуцагч тал тодорхой хэмжээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч үүнийг шүүх анхааралгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байна. 2 хүүхдээ алдсан эх хүний сэтгэл 10 жилийн зовлон шаналал, сэтгэлийн зовиураас шалтгаалж, бие эрхтэнд гарсан өөрчлөлт, хэвийн амьдралтай хүн шиг амьдарч чадахгүй болсон, өвчнөө эдгээх гэж нэхэмжилсэн нэхэмжлэлийг хариуцагчид гэм буруу байхгүй, хариуцагчийн буруутай үйлдэл шалтгаант холбоо байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэлд худалд зүйл байхгүй, хариуцагчийн буруутай үйлдлийн талаар прокурорын байгууллага тогтоосон хэргийг иргэний шүүх авч хэлэлцэхдээ хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Мөн шүүх өв залгамжлагч нар нь нэхэмжлэх эрхтэй гэж үзсэнд туйлын харамсалтай байна. Нэхэмжлэгч Б.А Эрүүгийн хэрэгт хохирогчоор, иргэний хэрэгт нэхэмжлэгчээр тогтоогдсон ба шүүх өв залгамжлах эрхийн гэрчилгээ нээлгэх ёстой байсан мэтээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч “ЧМНС” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 200 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч зохигч талууд эвлэрэн хэлэлцээд гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр нэхэмжлэгч тал 200 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч “ЧМНС” ХХК-иас гэм хорын хохирол буюу 2 хүүхдийн амь насны хохиролд 20 000 000 төгрөг бэлнээр хүлээн авч, энэ асуудлаар дахин маргахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгохоор харилцан тохиролцжээ.
Талуудын хооронд байгуулагдсан дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул давж заалдах шатны шүүхээс мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/01812 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэм хорын хохиролд хариуцагч нь нэхэмжлэгчид 20 000 000 төгрөг төлж, эвлэрэхээр гэрээ байгуулсныг баталж, Б.Аын, ЧМНС ХХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 200 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Т.ТУЯА
Ч.ЦЭНД