Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 596

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 20 өдөр            Дугаар 128/ШШ2019/0596              Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х” ХХК /РД:*******/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: иргэн Э.Г,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 360 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын  25-ны өдрийн А/916 дугаар захирамжуудын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 17530 м.кв газар эзэмших эрхийг сэргээлгэх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газрын албаны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4602 дугаар албан бичгээр хангахгүй орхиж, татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгох,  Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 17530 м.кв газар эзэмших эрхийг сэргээсэн захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, Ч.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 360 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д тус тус заасан захиргааны акт илт хууль бус байх нөхцлийг хангасан байна.

Нэгдүгээрт, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай” гэснийг зөрчсөн байна. Нийслэлийн Засаг дарга нь 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 360 дугаар захирамжийг гаргахдаа 2001 оны 231 дүгээр захирамжаар олгосон газар эзэмших эрхийн хугацааг сунгасан байна. Гэтэл дээрх Нийслэлийн Засаг даргын 231 дүгээр захирамжаар олгосон газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болоод Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 160 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацаа шинээр сунгагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг дарга нь 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 360 дугаар захирамжаар 4 жилийн өмнө газар эзэмших эрхийг дуусгавар болгосон захирамжийг дахин хүчингүйд тооцож, хугацааг нь сунгасан хэнд ч илэрхий утга агуулгын алдаатай байна.

Хоёрдугаарт, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэснийг зөрчсөн гэх тухайд, нэхэмжлэгч “Х” ХХК нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 160 дугаар захирамжаар 17530 м.кв газар эзэмших эрхтэй байсныг Нийслэлийн Засаг даргын 2009 оны 360 дугаар захирамжаар 15945 м.кв болгож ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр хасаж газар эзэмших эрхэд халдсан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариу тайлбартаа 17530 м.кв газар эзэмшүүлсэн ямар ч шийдвэр байгаагүй, мэдээгүй хэмээн маргадаг. Хавтас хэрэгт “Х” ХХК-д 17530 м.кв газар эзэмших эрхтэй болох нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 160 дугаар захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зургууд, кадастрын зурган дээр хэрхэн хасах талаар тэмдэглэсэн зураг, төлбөр төлсөн баримтууд зэрэг баримтаар хангалттай нотлогдоно.

   Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 7406 дугаар захирамжаар 2004 оноос үйлчилсэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан хугацаанд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан хэдий ч Засаг даргад гомдол хүсэлт гаргаж байгаагүй, 9 жил хүлээн зөвшөөрч, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн хэмээн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Харин давж заалдах шатны шүүхийн 2018 оны 775 дугаар тогтоолоор дээрх захирамжийг хүчингүйд тооцож, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй хэмээн шийдвэрлэсэн. Иймд илт хууль бус актын хувьд иргэн эрхээ зөрчигдсөн, өөрөөр хэлбэл тухайн илт хууль бус актыг биелүүлэхийг шаардсан үеэс эхлээд гомдол, нэхэмжлэл гаргах боломжтой.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 675 дугаар захирамжаар хашааны хаалгыг албадан буулгаж хууль бусаар хассан газрыг чөлөөлөх, өөрөөр хэлбэл илт хууль бус Нийслэлийн Засаг даргын 2009 оны 360 дугаар захирамжийг биелүүлэхийг шаардан албадлага хэрэглэсэн учир гомдол, нэхэмжлэл гаргаж хуулийн дагуу эрхээ хамгаалсан болно.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 360 дугаар захирамж, түүний хугацааг сунгасан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/916 дугаар захирамжуудын “Х” ХХК-тай холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож, “Х” ХХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээж Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 160 дугаар захирамжид заасан 17530 м.кв газар эзэмших эрхийг сунгасан захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмж гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 360 дугаар захирамж, түүний хугацааг сунгасан 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/916 дугаар захирамжуудын “Х” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргад гаргасан 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 77 тоот гомдлыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газрын албаны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4602 дугаар албан бичгээр хангахгүй орхиж, татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, “Х” ХХК-ийн газар эзэмших эрхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн захирамжид заасан 17.530 м.кв хэмжээгээр сэргээлгэх тухай захиргааны акт гаргахыг даалгах” гэж тодруулж байна.

 Нийслэлийн Засаг даргын 2009 оны 360 дугаар захирамж хууль бус болохыг тогтоочих юм бол “Х” ХХК-ийн эрх сэргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл 2006 оны захирамж автоматаар сэргэх ёстой. 17.530 м.кв хэмжээгээр газар эзэмших эрхээ сэргээлгэх хүсэлт өгсөн, хэргийн 1 дэх хавтсын 6 дахь талд авагдсан байгаа. Нийслэлийн Засаг даргын татгалзсан шийдвэр сая бид нотлох баримтаар өгсөн. Нийслэлийн Засаг даргаас манай компанийн гаргасан гомдолд татгалзсан шийдвэр гаргасан учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу тухайн захиргааны байгууллагад тухайн захиргааны актыг гаргахыг даалгах нэхэмжлэл гаргаж байгаа.

Хариуцагчаас илт хууль бус актыг үндэслээд “Х” ХХК-ийн эзэмшил газарт халдсан. “Х” ХХК-ийн газраас хасалт хийсэн нь хангалттай харагдлаа. Газрын тухай хуульд зааснаар нийтийн эзэмшилд нөхөх олговортойгоор авах, газар эзэмших эрхийг шилжүүлэх, хүчингүйд тооцсоны үндсэн дээр гэсэн 3 төрлөөр газарт хасалт хийдэг. Маргаан бүхий захиргааны актад эдгээр үндэслэлүүдийн аль нь ч байхгүй байна. Мөн хариуцагч талаас “...“Х” ХХК хүлээн зөвшөөрөөд, багасгасан талбайд газар эзэмших гэрээнд гарын үсэг зурсан” гэж ярьдаг. Манай эрх, ашгийг зөрчсөн үйл ажиллагаа явагдаж эхэлсэн үеэс хойш бид шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлсэн. Тэгэхээр ямар нэгэн байдлаар биднийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл байхгүй.

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 360 дугаар захирамж нь илт хууль бус буюу хүчин төгөлдөр бус болох нь дээр дурдсан үндэслэлүүдээс гадна уг захирамжийн захирамжлах хэсгийн нэг дэх хэсэгт зааснаас тодорхой харагдаж байна. Үүнээс уг захиргааны акт гарах болсон үндэслэл нь Нийслэлийн Газрын алба, Барилга, хот байгуулалтын газрын Техникийн зөвлөлийн 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хурлын дүгнэлт гэж үзэж байна. Эхлээд хариуцагчаас уг нотлох баримтыг гаргаж өгдөггүй. Шүүхээс 2, 3 удаа шаардсаны дараа уг нотлох баримтыг гаргаж өгсөн. Уг нотлох баримтыг ирүүлсэн хэргийн 2 дугаар хавтсын 26 дугаар талд авагдсан албан бичигт “ ... Техникийн зөвлөлийн 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтийг шаардсан албан бичигтэй танилцаад, судлахад их хугацаа авсан. Мэргэжлийн комисс хуралдаагүй байна” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагчаас аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг өөрчлөн баталгаажуулахдаа үндэслэл болгож дурдсан тухайн дүгнэлтийг байхгүй гэдэг хариуг өөрсдөө ирүүлсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт “...Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж заасан үндэслэлд хамааралтай гэж үзэж байна. “Х” ХХК-ийн газрын хэмжээг газрын хэмжээг өөрчилж, багасгах, шинэ захирамж гаргах үндэслэл байхгүй байсан байна. Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаартай захирамжийг бүхэлд нь байхгүй мэтээр огт тооцож үзэлгүйгээр өөр актыг үндэслэл болгож, уг захиргааны актынхаа холбогдох хэсгийг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, нэг талаасаа илт хууль бус болох нь харагдаж, нөгөө талаасаа утга, агуулгын илэрхий алдаатай болох нь харагдаж байна.

Мөн нэхэмжлэгч компани 17.530  м.кв-аар гэрчилгээгээ авчихсан, захирамжтай байсан учир газраа хашаалж, тухайн газраа хамгаалж өнөөдрийг хүрсэн. 1 дүгээр хавтсын 228 дугаар талд авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас шүүхэд ирүүлсэн нотлох баримтын тайлбар албан бичигт “Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд архивын зурган мэдээллийн 2006 оны 09 дүгээр сараас эхлэн хадгалагдаж байгаагаар шүүж үзэхэд, 2007 оны 11 дүгээр сар,  2008 оны 09 дүгээр сарын байдлаар манай эзэмшил газар 17.530 м.кв-аар байгаа. Харин 2009 оны 05 дугаар сараас эхлэн 16.995 м.кв болж багассан байгаа. Ямар үндэслэлээр манай газрыг 16.995 м.кв болгож хассан нь харагддаггүй. Мөн сүүлд манай газрын хувийн хэрэгт засвар оруулах гэсэн оролдлого хийсэн, тэр оролдлогоо хуульд нийцүүлсэн хэлбэрээр хийгээгүй нь харагдаж байна. Гэхдээ энэ нь уг хэрэгт шууд нөлөөлөхөөргүй учир бид үүнийг тусад нь шалгуулна. Дээрх нотлох баримтуудаар хариуцагч байгууллагын холбогдох албан тушаалтнууд нь хариуцлага алдсанаас болоод манай эзэмшил газрыг Газрын тухай хуульд байхгүй үндэслэлээр багасгасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад Нийслэлийн Засаг даргын 2014 оны газар эзэмших эрхийг сунгасан захирамж 2009 оны захирамжийг удирдлага болгосон байдаг. 2009 оны захирамжийг гаргахдаа 2001 оны захирамжийг хүчинтэй гэж үзсэн байдаг. Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд гаргасан захирамж нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны захирамжийг гарах үед хугацаа нь дуусаагүй буюу эрх зүйн үйлчлэлтэй байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байна. Тэгэхээр манай нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байгаа гэж үзэж байна.

Хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй. Хариуцагч талаас эхлээд “17.530 м.кв-аар газар эзэмших эрх олгосон эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй байна” гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, шүүхэд үнэн бодит байдлыг тодруулах ажиллагаагаа хийгээгүй байна. Хариуцагчаас Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж гарч ирсний дараа “Чингэлтэй дүүргийн Засаг дарга хууль зөрчиж, газар эзэмших эрх олгосон юм шиг. Танай удирдлагууд үүнийг мэдэж байгаа” гэсэн утгатай тайлбар хэлж байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжийг хуульд нийцээгүй гэж тогтоосон ямар нэгэн баримт байхгүй. Тэгэхээр ямар нэгэн нотлогдоогүй зүйлийг үндэслээд “Тийм учраас бид ийм шийдвэр гаргасан. Өмнө гаргасан байсан шийдвэрийг бид зөвтгөж хамгаална” гэсэн ямар ч ойлгомжгүй тайлбаруудыг хэлж байна. Мөн гуравдагч этгээдээс “Танайх өөрсдөө бага м.кв-аар нь газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлт тавиад яваад байсан. Танайх өөрөө газар хасагдсан байсныг зөвшөөрсөн юм чинь өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж яриад байна. Үүнийг шүүхийн харьяаллаа бүрэн гүйцэд үнэлээгүй үндсэн дээр өгсөн тайлбар гэж ойлгож байна. Энэ нь иргэний эрх зүйн харилцаа биш. Бид хууль тогтоомжоор олгогдсон эрхийнхээ хүрээнд, тодорхой үндэслэлтэйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Мөн захиргааны байгууллагын хувьд газар эзэмшигч хүсэлт тавьсан бол хууль зөрчиж болдог мэт тайлбарлах боломжгүй. Өөрөөр хэлбэл, иргэн зөвшөөрсөн учир Засаг дарга хууль зөрчиж болно гэсэн үг биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эхлээд хөөн хэлэлцэх хугацааны талаар тодруулга хийе. Анх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна” гээд, манай нэхэмжлэлийн шаардлагыг буцаасан. Манай зүгээс үүнд гомдол гаргасан. Үүний дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцээд “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт “...Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэж зааснаар илт хууль бус актын хувьд хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй. Илт хууль бус актыг биелүүлэхийг шаардсан, түүний улмаас эрх, ашиг нь зөрчигдсөн бол тэр үеэс гомдол гаргах эрхтэй” гэж үзсэн байгаа.

Манай зүгээс маргаан бүхий захиргааны актад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 дахь хэсэгт заасан 2 үндэслэлээр маргаж байгаа. Уг захиргааны актад хэнд ч илэрхий, маш тодорхой алдаанууд байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт “...утга агуулгын илэрхий алдаатай” гэж заасан байдаг. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 360 дугаар захирамжаар 4 жилийн өмнө дуусгавар болсон 2001 оны захирамжийг сунгасан байгаа. Уг 2001 оны захирамж нь 2006 онд дуусгавар болоод, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны захирамжаар газар эзэмших эрхийг нь сунгаад явчихсан байдаг. Гэтэл хариуцагч 2006 онд хүчин төгөлдөр байгаа актын хугацааг сунгахгүйгээр 4 жилийн өмнө хүчингүй болсон актын хугацааг сунгасан нь утга, агуулгын илэрхий алдаа болж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа “2006 онд газар эзэмших эрхийг сунгасан захирамж байхгүй байна” гэдэг. Хавтаст хэрэгт хүчин төгөлдөр захирамж, гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг авагдсан байгаа.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт “...иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан байдаг. Хариуцагч талаас “Бид газрыг хасаагүй” гэж хэлдэг. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан 17.530 м.кв газрыг 15.945 м.кв болгож хассан баримт авагдсан байгаа. Ийм илэрхий үндэслэлүүд байгаа учир Нийслэлийн Засаг даргын 2006, 2009 оны захирамжуудыг илт хууль бус болгож өгнө үү.

Уг газарт анх тээврийн компани байсныг “Х” ХХК хувьчлалаар авсан. Уг газар нь анхнаасаа нэг том хашаа байсан. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 360 дугаар захирамжаар 2001 оны захирамжийг сунгасан байгаа. “Х” ХХК 2006 оны 09 дүгээр сарын 12-ны 160 тоот захирамжаар газар эзэмших гэрчилгээ аваад, 2006 онд гэрээ байгуулаад, кадастрын зураг хийлгэсэн. 2001 оны захирамж нь 5 жилийн хугацаатай байсан. 2006 оны захирамжаар 17.000 м.кв болгож томсгосон байгаа.

Гуравдагч этгээдийн газар 400 м.кв байсан, одоо ч 400 м.кв байгаа. Зөвхөн кадастрын зургийг өөрчлөөд, манайх руу оруулчихсан байгаа. Гэхдээ одоо бодит байдал дээр “Х” ХХК уг газрыг бүгдийг нь эзэмшиж байгаа.

Хариуцагчаас “17.000 м.кв газар эзэмшүүлсэн шийдвэр байгаагүй учир бид 2001 оны захирамжийг сунгасан” гэж хэлдэг. Дараа нь хариуцагч талаас “Бид “Х” ХХК-ийн газрыг хасаагүй” гэж хэлдэг. Гэтэл нотлох баримтаар “Х” ХХК-ийн газраас хасаад явчихсан байгаа. Бидэнд “Х” ХХК 17.530 м.кв газар эзэмшиж байсан гэдгийг төлбөр төлсөн баримтаар нотолно. “Х” ХХК 17.530 м.кв-аар гэрээ хийж, кадастрын зураг хийлгэж, төлбөр төлсөн байна. 2007 оноос 2009 он  хүртэл дандаа 17.530 м.кв-аар газрын төлбөрөө төлсөн байгаа. Тийм учраас маргаан бүхий захирамж нь илэрхий алдаатай захиргааны акт болох нь нотлогдож байна. Тухайн үед энэ талаар маргаад явахад “энэ газар угаасаа танайд байна, хэн ч ашиглахгүй” гэсэн. Доогуур нь цэвэр усны шугам байгаа.” гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох хэрэгт Нийслэлийн Засаг даргыг хамтран хариуцагчаар татаж, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 360 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/916 дугаар захирамжийн “Х” ХХК-п холбогдох хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна.

“Х” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 1996 оны А/76 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн ** дугаар хороонд худалдааны зориулалтаар 1.28 га газрыг ашиглах эрхийг 4 жилийн хугацаатайгаар олгож, Барилгын байршил тогтоох тухай Нийслэлийн Засаг даргын 2000 оны 116 дугаар захирамжаар хүнсний захын өргөтгөлын барилгад зориулж 0.1 га газрыг Чингэлтэй дүүргийн ТҮК-ийн баруун талд байршуулан тус тус олгожээ.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2000 оны 231 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүнсний захын зориулалттай талбайн хэмжээг 14700 м.кв хэмжээтэй байхаар баталгаажуулж, Нийслэлийн Засаг даргын 2009 оны “Газар эзэмших эрхийн талбай, зориулалт өөрчлөх тухай” 360 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн талбайн хэмжээг 15945 м.кв хэмжээтэй болгон өөрчилсөн байна.

“Х” ХХК нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн өмчийн харилцааны газарт 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 93 дугаар албан бичгээр 15945 м.кв талбай бүхий эзэмшил газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан тул сунгаж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/916 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч компанид 17530 м.кв газар эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй, нэхэмжлэгчийн эзэмшил газрын талбайн хэмжээг багасгасан шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын зүгээс гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад тайлбараа шүүх хуралдаанд тайлбарлаад явья. “Х” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 1996 оны А/76 дугаар захирамжаар Ч дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдааны зориулалтаар 1,28 га газар ашиглах эрхийг 4 жилийн хугацаатай олгосон. Нийслэлийн Засаг даргын 2000 оны 115 дугаар захирамжаар хүнсний захын өргөтгөлийн барилгад зориулж 0,1 га газрыг Ч дүүргийн Т баруун талд олгосон байдаг. Нийслэлийн Засаг даргын 2000 оны 231 дүгээр захирамжаар “Х” ХХК-ийн эзэмших эрх бүхий талбайг 14.700 м.кв хэмжээтэйгээр баталгаажуулж, 2009 оны 360 дугаар захирамжаар 15.945 м.кв болгож өөрчилсөн байдаг. Мөн “Х” ХХК-иас Нийслэлийн Засаг даргаас 2010 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 93 тоот албан бичгээр хандсан байдаг. Ингээд хүсэлт гаргасных нь дагуу газар эзэмших хугацааг нь сунгасан.

“Х” ХХК нь 18642313107778 нэгж талбарын дугаартай, Ч дүүрэг, ** дүгээр хороо, Д гудамж, **-* тоот гэсэн хаягтай нэгж талбар, 18642013015848 нэгж талбарын дугаартай, Ч дүүрэг, ** дүгээр хороо, Д гудамж, **-** тоот гэсэн хаягтай нэгж талбаруудыг эзэмшдэг байсан. Гэтэл “Х” ХХК 2006 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 18642313089773 дугаар нэгж талбарын дугаартай, Улаанбаатар хот, Ч дүүрэг, ** дүгээр хороо, Д гудамж, ** тоот гэсэн хаягтай 17.539 м.кв газар авсан байна. Үүнийг яаж авсан нь тодорхойгүй. Нэгж талбар бүр хувийн хэрэгтэй байдаг. Миний өмнө хэлсэн 2 нэгж талбарын хувийн хэрэг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны архивт байгаа. Нэхэмжлэгч “Х” ХХК-д шинээр нэгж талбар үүссэнийг мэдэхгүй. "Х” ХХК-ийн захирал үүнийг мэдэж байгаа байх. Нэхэмжлэгч компаниас нэг газар дээр шинээр газар олголт хийлгүүлээд, хаягийн өөрчлөлттэй нэгж талбарын шинэ дугаартай болсон байна. Тэгсэн хэрнээ 2009 онд Нийслэлийн Засаг даргад хугацаагаа сунгуулах хүсэлт өгсөн байгаа. Нийслэлийн Засаг даргаас уг хүсэлтийг нь мэдээж хэрэгжүүлэгч агентлаг руугаа шилжүүлнэ. Хэрэгжүүлэгч агентлаг нь өөрийн архивт  байгаа нэгж талбарын дугаар бүхий хэргээ тулгаж үзнэ. Ингээд хугацааг нь сунгаж өгдөг. “Х” ХХК-иас үүнийг хүлээн зөвшөөрч, гэрээгээ байгуулаад өдийг хүртэл явж байгаа Нийслэлийн Засаг даргын захирамжтай хувийн хэрэг нь Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг буюу Нийслэлийн Газрын албаны архивт хадгалагддаг. Дүүргийн Засаг даргын захирамжтай хувийн хэрэг манайд хадгалагдахгүй. Тухайн дүүргийн Газрын албаны архивт хадгалагдана. Танай компани өөрөө 1 газар дээр 2 давхар газар олголт хийлгүүлээд, нэгж талбарын дугаар нь өөрчлөгдсөн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ ... “Х” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 360 дугаар захирамж, мөн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/916 дугаар захирамжуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээж, газрын кадастрын зургийг 2006 оны байдлаар сэргээлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээдийн зүгээс эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэгдүгээрт, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 360 дугаар захирамж, мөн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/916 дугаар захирамжуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд;

Нийслэлийн Засаг даргын 1999 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/76 дугаар захирамжаар “Х” ХХК-д Ч дүүргийн ** дугаар хороонд 1.28 га газрыг 4 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2001  оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 231 дүгээр захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлэн 1.47 га газар болгон эзэмшүүлжээ.

“Х” ХХК нь Нийслэлийн газрын албанд хандан 2004 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03 тоот албан бичгээр “Газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах” хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 360 дугаар захирамжаар 15945 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, тус компанийн Нийслэлийн өмчийн харилцааны газарт гаргасан 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 93 тоот “газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах” хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/916 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилийн хугацаатайгаар сунгаж шийдвэрлэжээ. “Х” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 360 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын хэмжээнд огт гомдол гаргаж байгаагүй, захирамжаар эзэмшүүлсэн газрын хэмжээг хүлээн зөвшөөрч 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гарын үсэг зурж, гэрээнд заасан газрын төлбөрийг 10 жилийн турш төлсөн, мөн түүнчлэн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр газар эзэмших хугацаа сунгуулах хүсэлтдээ “...15945 м.кв газар эзэмшдэг” тухай дурдсан байдаг боловч 2009 оноос хойш 10 жилийн дараа ийнхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу маргаан бүхий актуудыг илт хууль бусад тооцуулах хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна.

Хоёрдугаарт, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээж, газрын кадастрын зургийг 2006 оны байдлаар сэргээлгэх шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцалсан ямар нэгэн захирамж гараагүй байгаа бөгөөд тус компани нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/916 дугаар захирамжаар 15945 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмших эрх үүссэн байна. Иймд “нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээлгэх” шаардлага нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн түүнчлэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 160 дугаар захирамжаар “Х” ХХК-д 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн газрын “газар эзэмших эрхийн хугацаа” буюу захирамжийн үйлчлэл 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш дуусгавар болсон бөгөөд тус компаниас уг захирамжийн хугацааг сунгуулах талаар Чингэлтэй дүүргийн Засаг даргад хүсэлт гаргаагүй тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу газар эзэмших эрх дуусгавар болжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудын үндэслэл тодорхойгүй, ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 360 дугаар захирамж, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 960 дугаар захирамжуудын “Х” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Нийслэлийн Засаг даргын 1996 оны А/76 дугаар захирамжаар “Х” ХХК-д 4 жилийн хугацаатай газар эзэмшүүлээд, 2001 оны 231 дүгээр захирамжаар газрын хэмжээг нь нэмэгдүүлж,  1.47 га болгож, 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг. “Х” ХХК-иас 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03 тоот албан бичгээр Нийслэлийн Газрын албанд газар эзэмших эрх сунгуулах хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2009 оны 360 дугаар захирамжаар 15.945 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. Мөн тус компанийн Нийслэлийн Өмч, газрын харилцааны албанд гаргасан 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 93 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтийн дагуу 2014 оны А/916 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатайгаар сунгаад явж байгаа.

“Х” ХХК Нийслэлийн Засаг даргын 2009 оны 360 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газар дээр огт маргаагүй байж байгаад, 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээнд гарын үсэг зурсан байдаг. Мөн гэрээнд заасны дагуу газрын төлбөрөө 10 жилийн хугацаанд төлөөд явж байгаа. Мөн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан газар эзэмших эрх сунгуулах хүсэлтдээ “Манай компани нь 15.945 м.кв газар эзэмшдэг” гэж тодорхойлсон байдаг. Гэтэл одоо 2009 оноос хойш 10 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 2018 оны 4602 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгаа. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Мөн “Газар эзэмших эрхийг сэргээж, кадастрын зургийг 2006 оны байдлаар сэргээлгэх” нэхэмжлэлийн шаардлага гаргадаг. Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 2006 оны 160 дугаар захирамжаар 5  жилийн хугацаатайгаар нэхэмжлэгч компанид газар эзэмших эрх олгоод, энэ нь 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болсон байдаг. Нэхэмжлэгч компаниас уг газар эзэмших эрхээ сунгуулахыг хүссэн бол Чингэлтэй дүүргийн Засаг даргад газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтээ хуульд заасны дагуу гаргах ёстой байсан. Гэтэл хавтаст хэрэгт уг захирамжийн хувийн хэрэг ирсэн болохоос биш, газар эзэмших эрхээ сунгуулах талаар ямар нэгэн хүсэлт ирээгүй. Иймд нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн хугацаа дууссан байна. Түүнээс биш 2006 оны захирамжийг хүчингүй болгосон захиргааны акт гаргаагүй байдаг.

Нэхэмжлэгч талаас “2009 оны захирамж нь 2006 оны захирамжийн хугацаа дуусаагүй байхад гарсан” гэж тайлбарлаад байна. “Х” ХХК-иас газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулахаар Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргасан учир Нийслэлийн Засаг дарга өмнө гаргасан актаа үндэслээд 2009 оны захирамжийг гаргасан. Мөн “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 160 дугаар захирамж хуульд нийцэж гарсан” гэж тайлбарлаж байна. Өнөөдрийн хурлаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж хуульд нийцсэн эсэхийг ярихгүй. Гэхдээ уг захирамжаар эзэмшүүлсэн газрын хувийн хэрэгт Чингэлтэй дүүргийн Засаг даргаас ирсэн. Гэхдээ уг захирамжаар “Х” ХХК-иас ямар нэгэн газар эзэмших хүсэлт гаргаагүй байхад Чингэлтэй дүүргийн Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлэн газар эзэмшүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 360 дугаар захирамж нь нэхэмжлэгч компаниас гаргасан хүсэлтийн дагуу гарсан.  Түүнээс хойш нэхэмжлэгч компанийн эзэмшиж байгаа газрын хэмжээнд хасалт хийсэн, өөрчлөлт оруулсан ямар нэгэн эрх зүйн акт байхгүй. Хавтаст хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй. Хариуцагч талаас мөн адил энэ талаар тайлбарладаг. Нэхэмжлэгч талаас газар албадан чөлөөлөх асуудал яриад байна. Мөн “Бид 17.530 м.кв газраа хашаалчихаад байгаа” гэж тайлбарладаг. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийгээд, “Х” ХХК гэр хороолол руу орсон газрыг бүхэлд нь хашаалаад, хаалт хийгээд, орсон машинуудаас мөнгө авах байдлаар зөрчил гаргасныг тогтоож, уг газарт акт тавьсан байгаа. Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга илүү хашаагаа чөлөөлөх албан шаардлага өгсөн. Нэхэмжлэгч талаас өөрсдөө газрын хэмжээгээ хэтрүүлэн хашаалсан асуудал үүссэн. Энэ талаарх маргаан тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа. Мөн торгосон 400.000 төгрөгийг нэхэмжлэгч компани хүлээн зөвшөөрөөд төлчихсөн байдаг. Мөн нэхэмжлэгч талаас Тохижилт, үйлчилгээний компани, “Х” ХХК-ийн хооронд гудамж байгаагүй гэж тайлбарлаж байна. Үүслийн хувьд Тохижилт, үйлчилгээний компани 1970 оноос хойш уурын зуухыг ашигласан гэдэг. Тэгэхээр “Х” ХХК-ийг газраа ашиглаж эхлэхээс өмнө Тохижилт, үйлчилгээний компани байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 360 дугаар захирамж, түүний хугацааг сунгасан 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/916 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, тус компанийн газар эзэмших эрхийг сэргээж, газрын кадастрын зургийг 2006 оны байдлаар сэргээлгэх”-ээр нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчээс итгэмжлэлээр эрх олгосноор түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа  “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 360, 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/916 дугаар захирамжуудын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 17530 м.кв газар эзэмших эрхийг сэргээлгэх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газрын албаны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4602 дугаар албан бичгээр хангахгүй орхиж, татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгох,  Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 160 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 17530 м.кв газар эзэмших эрхийг сэргээсэн захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” хэмээн тодорхойлжээ.

Нэг. Хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Нийслэлийн Засаг даргын 1996 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/76 дугаар захирамжаар[1] аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар газар ашиглуулахаар шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч “Х” ХХК-д Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороонд худалдааны зориулалтаар 1.28 га /баталгаат хэмжээ тогтоосон байршлын зургаар 12894 м.кв/[2] газрыг ашиглах эрхийг 4 жилийн хугацаатайгаар олгож, мөн Нийслэлийн Засаг даргын 2000 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 116 дугаар “барилгын байршил тогтоох” захирамжаар[3] хүнсний захын өргөтгөлийн барилгад нь зориулж тус компанид 0.1 га /1000 орчим м.кв/ газрыг Чингэлтэй дүүргийн ТҮК-ийн баруун талд буюу дээрх 12894 м.кв газрын хойд хэсэгт тусад нь байршуулан нэмж олгосон байна.  

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2001 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 231 дүгээр захирамжаар дээрх 2 газрын нийт хэмжээгээр 1.47 га /14665 м.кв/ газар ашиглах эрхийг хүнсний захын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар баталгаажуулсан, энэ нь баталгаат хэмжээ тогтоосон актад[4] тодорхой зурагдсан ба газар ашиглуулах гэрчилгээ, гэрээнд[5] энэ хэмжээгээр тусгагдаж, энэ хэмжээнээс газрын төлбөрийг тогтоосон байна.

 “Х” ХХК 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 03 тоотоор Нийслэлийн Газрын албанд “Чингэлтэй дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрын гэрээ, гэрчилгээ сунгуулах” хүсэлт гаргаж, Нийслэлийн Газрын алба, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн хурлаар тус компанийн хугацаа сунгуулахаас гадна талбайн хэмжээ өөрчлөх хүсэлтийг хэлэлцээд[6] Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 360 дугаар захирамжаар тус компанийн ашиглах эрхтэй 14665 м.кв газрын хэмжээг 15945 м.кв болгон нэмэгдүүлж, эзэмших эрх болгон баталгаажуулж, энэ захирамжаар өмнөх 2001 оны 231 дүгээр захирамжийг хүчингүйд тооцжээ.

Дээрх шийдвэрийг үндэслэн 2009 оны 7 дугаар сарын 17-нд газар эзэмшүүлэх гэрчилгээ олгож, мөн өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан[7] бөгөөд гэрээнд газар эзэмшигчийг төлөөлж тус компанийн захирал Т.С гарын үсэг зурсан байна.

Мөн нэхэмжлэгч “Х” ХХК-иас Нийслэлийн өмчийн харилцааны газарт 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 93 тоот албан бичгээр “эзэмшлийн 15945 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар” хүсэлт гаргаж, хүсэлтдээ 2009 оноос 15945 м.кв хэмжээгээр эзэмшиж байсан баримтууд буюу 2009 оны 360 дугаартай захирамж, гэрчилгээ, гэрээ, гэрээнд заасан 15945 м.кв газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, газрын чанарын хянан баталгааны дүгнэлт, 15945 м.кв газрын буюу нэгж талбарын 18642313107778 дугаартай 13179 м.кв урд талын газрын, нэгж талбарын 18642313015848 дугаартай 2766 м.кв хойд талын газрын кадастрын зургийг хавсарган[8] хандсан, энэ хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/916 дугаар захирамжаар[9] тус компанийн 15945 м.кв газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, 2014 оны 11 дүгээр сарын 06-нд гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан, гэрээнд мөн л газар эзэмшигчийн төлөөлж тус компанийн захирал Т.С гарын үсэг зурсан[10] байдаг.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаартай энэ захирамжийг үндэслэн 17350 м.кв газрыг “Х” ХХК-д эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн 0062739 дугаартай гэрчилгээг 2006 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр олгож, 2008 оны 3 дугаар сарын 21-нд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, гэрээнд тус компанийг төлөөлж Б.Ч гэсэн гарын үсэг зурсан байдаг[11]. Энэ шийдвэрээр газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18642313089773 дугаарт 17530 м.кв газрыг бүртгэсэн[12], энэ зургаас харахад нийслэлийн Засаг даргын 2001 оны 231 дүгээр захирамжаар ашиглах эрх олгосон 2 тусдаа газрыг холбох байдлаар нийлүүлж тэдгээрийн хоорондох газрыг нэмж 17530 м.кв хэмжээгээр эзэмшүүлсэн байна.

Ийнхүү “Х” ХХК-ийг энэ хэмжээгээр хашаалж үйл ажиллагаа явуулж байхад Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/675 дугаар захирамжаар “нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан хашааг албадан буулгаж, газар чөлөөлөх”-өөр шийдвэрлэж, эндээс газрын хэмжээ, байршлын талаарх энэ маргаан үүсчээ.  

“Х” ХХК-иас ийнхүү газар эзэмших эрхээ баталгаажуулахаар, тэр дундаа 17530 м.кв хэмжээгээр эзэмшихээр Чингэлтэй дүүргийн Засаг даргад, тус дүүргийн Газрын албанд хүсэлт гаргасан гэх баримт үгүй, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаартай захирамжтай 17530 м.кв газрын хувийн хэрэг Чингэлтэй дүүргийн болон нийслэлийн Газрын албанд байхгүй гэх бөгөөд тус компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн хувийн хэргээс бүртгэлийн байгууллагын хуулбар үнэн тэмдэгтэйгээр дээрх газар эзэмшүүлэх гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг хэрэгт авагджээ.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн мэдээллийн сангийн зургаас үзвэл 2006 оны 9 дүгээр сард 21156 м.кв газрыг нэгж талбарын 18642313056793 дугаартайгаар “Х” ХХК-ийн эзэмшилд бүртгэсэн боловч энэ хэмжээгээр тус компанид газар эзэмшүүлсэн шийдвэр эрх бүхий этгээдээс гараагүй, өөрөөр хэлбэл эрх бүхий этгээдийн газар эзэмшүүлсэн шийдвэргүйгээр мэдээллийн санд зургийг бүртгэсэн, улмаар уг газрын баруун урд хэсгээс хасаж хэмжээг багасган 2007 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 360 дугаар захирамжаар эзэмших эрх олгогдсон 17530 м.кв газрыг нэгж талбарын 18642313089773 дугаартайгаар бүртгэсэн байна. Энэ газар нь гуравдагч этгээд Э.Гын  нэр дээр 2008 оны 9 дүгээр сард бүртгэгдсэн 409 м.кв газартай 167 м.кв-аар давхцалтай, 2008 оны 9 сард энэ давхцлыг арилгаж “Х” ХХК-ийн газрыг 17363 м.кв хэмжээгээр мөн 18642313089773 нэгж талбартаа бүртгэсэн, дахин 2009 оны 5 дугаар сард (нийслэлийн Засаг даргын 2001 оны 231 дүгээр захирамжаар ашиглах эрх олгосон 2 тусдаа газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 360 дугаар захирамжаар 17530 м.кв болгохдоо нийлүүлж холбосон хоорондох газраас хасаж) 16995 м.кв хэмжээгээр мөн 18642313089773 нэгж талбартаа бүртгэсэн, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 360 дугаар захирамжаар нэмэгдүүлсэн 15945 м.кв 2 тусдаа газрын урд талын 13179 м.кв газар нь нэгж талбарын 18642313107778 дугаартайгаар, хойд талын 2766 м.кв газар нь нэгж талбарын 18642313015848 дугаартайгаар тус тус бүртгэгджээ.

Хоёр. Нэхэмжлэгч нь “Нийслэлийн Засаг дарга 2009 оны 360 дугаар захирамжаар 4 жилийн өмнө дуусгавар болоод хүчингүй болсон 2001 оны 231 дүгээр захирамжийг дахин хүчингүйд тооцож, хугацааг сунгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар утга агуулгын илэрхий алдаатай, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 160 дугаар захирамжаар олгогдсон 17530 м.кв газрыг хуульд заасан үндэслэлгүйгээр хасаж 15945 м.кв болгосон нь мөн зүйлийн 47.1.6-д зааснаар хуулийн этгээдийн эрхэд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн үндэслэлүүдээр “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 360, 2014 оны А/916 дугаар захирамжуудын тус компанид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэг дэх шаардлагаа гаргажээ.

Мөн Нийслэлийн Засаг даргад 2018 оны 9 дүгээр сарын 12-нд “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 360 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, газар эзэмшигчийн эрхийг сэргээж газрын кадастрын зургийг 2006 оны байдлаар сэргээлгэх”-ээр хүсэлт[13] гаргасныг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газрын албанаас 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 03-06/4602 тоотоор хүсэлтийг хангахаас татгалзаж[14] хариу өгснөөр “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 17530 м.кв газар эзэмших эрхийг сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 160 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 17530 м.кв газар эзэмших эрхийг сэргээсэн захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” гэсэн хоёр дахь шаардлагаа гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлага тус бүр дээр дээрх үйл баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 360, 2014 оны А/916 дугаар захирамжуудын тус компанид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлийн тухайд:

Газрын тухай хууль /1994 оны/-ийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар Нийслэлийн Засаг дарга “нийслэлийн хөгжилд чухал ач холбогдол бүхий ажил, үйлдвэрлэл эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах талаар шийдвэр гаргах” бүрэн эрхтэй байсан тул Чингэлтэй дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүнсний зах, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Х” ХХК-д тухайн байршилд нь 12894 м.кв газрыг ашиглах эрх Нийслэлийн Засаг даргаас анх 1996 онд олгосон нь, мөн 2000 онд нэмж газар олгосон нь, улмаар 2001 онд дээрх газруудыг баталгаажуулсан нь энэ хуульд нийцсэний дээр энэ талаар ямарваа этгээд маргаагүй, тус компани одоог хүртэл уг газарт үйл ажиллагаа явуулж байна.

Үүнээс хойших үйл баримтуудад хамааралтай 2002 оны Газрын тухай хуулийн зохицуулалтаас үзвэл газар ашиглах, эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг тухайн шийдвэрийг гаргасан Засаг даргад гаргаж шийдвэрлүүлэх ба  эргэлтийн цэг бүхий нэгж талбарын кадастрын зурагт өөрчлөлт оруулах, газрын хэмжээг нэмэх тохиолдолд тухайн газрыг эзэмшүүлж, ашиглуулсан эрх бүхий этгээд шийдвэрлэх ёстойгоос гадна ийнхүү шийдвэрлэхдээ хуульд заасан баримтуудад, тухайлбал газрын хэмжээг нэмэгдүүлж буй бол шинээр нэмж эзэмших газрын байршил хэмжээг харуулсан кадастрын зураг, энэ талаарх хүсэлтийг үндэслэн хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцалгүй байх шаардлагыг хангасан нөхцөлд шийдвэрлэхээр Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлд тодорхой заажээ.

Иймд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх газрын асуудал хариуцсан хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Газрын албанд “Х” ХХК-иас 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гаргасан газрын гэрээ, гэрчилгээ сунгуулах, талбайн хэмжээ өөрчлөх хүсэлтийг Нийслэлийн Газрын алба, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 360 дугаар захирамжаар тус компанийн ашиглах эрхтэй 14665 м.кв газрын хэмжээг 15945 м.кв болгон нэмэгдүүлж, эзэмших эрх болгон баталгаажуулж, эзэмших эрхийн хугацааг тогтоож өгсөн нь хуульд нийцсэний дээр нэхэмжлэгчид эерэг нөлөөлөл бүхий энэ захирамжаар түүнд газар ашиглах эрх олгосон өмнөх 2001 оны 231 дүгээр захирамжийг хүчингүйд тооцсоныг утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэхгүй.   

Учир нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 360 дугаар захирамжаар “2001 оны 231 дүгээр захирамжаар олгосон газрын хэмжээг нэмэгдүүлж, ашиглах эрхийг эзэмших эрх болгон баталгаажуулсан” тул өмнөх ашиглах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгосон нь зөв байна. 2001 оны 231 дүгээр захирамж нь нийслэлийн Засаг даргын хувьд тухайн газартай хамааралтай өмнөх шийдвэр юм.

Дүүргийн болон Нийслэлийн Засаг дарга тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд шинээр эзэмшүүлж болохоор тусгагдсан газрыг эзэмшүүлж, ашиглуулахаар шийдвэрлэх эрхтэй бөгөөд нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсаны дараа түүнд нийцүүлэн дүүрэг тухайн жилд шинээр эзэмшүүлж болох газрын байршил, хэмжээг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгадаг.

Өөрөөр хэлбэл дүүргийн Засаг дарга тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд шинээр эзэмшүүлж болохоор тусгагдсан газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхтэй ба Нийслэлийн Засаг даргаас нэгэнт ашиглах эрх олгогдсон, үйл ажиллагаа явуулж буй газарт шинээр газар эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах боломжгүй, төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд газар эзэмшүүлэх эрхгүйгээс гадна нийслэлийн Засаг даргын захирамжаар олгогдсон газар ашиглах эрхийн хугацааг дүүргийн Засаг дарга сунгах шийдвэр гаргах эрхгүй.

Гэтэл Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2006 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаартай захирамжаар иргэдийн гэр бүлийн хэрэгцээний хашааны газар эзэмших эрхийг баталгаажуулахдаа хүнсний зах, худалдаа, үйлчилгээ эрхэлж буй хуулийн этгээд “Х” ХХК-д “Нийслэлийн Засаг даргын захирамжаар ашиглах эрхтэй байсан 14665 м.кв 2 тусдаа нэгж талбартай газрыг” нэг нэгж талбар болгон холбож 17530 м.кв хэмжээгээр хүнсний захын зориулалтаар эзэмшүүлсэн, энэ захирамжийг үндэслээд гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байдаг. Ийнхүү эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан “иргэн, аж ахуйн нэгж газар эзэмших хүсэлтээ баталсан загварын дагуу гаргана, хүсэлтдээ үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулах газрын байршил, хил зааг, хэмжээ, нэгж талбарыг харуулсан кадастрын зураг, газар эзэмших зориулалт, хугацааг тусгана” гэсэн шаардлагыг хангуулаагүйгээс үзэхэд шинээр газар эзэмшүүлсэн гэж үзэхээргүй, нөгөө талаас газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах, газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт дүүргийн Засаг даргад, дүүргийн Газрын албанд гаргаагүй байхад шийдвэрлэснээс үзэхэд Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон газрын ашиглах эрхийн хугацааг сунгасан гэж, газрын хэмжээг нэмэгдүүлсэн гэж үзэхээргүйн дээр Нийслэлийн Засаг даргаас олгосон газар ашиглах эрхийн хугацааг сунгах, хэмжээг нэмэгдүүлэх эрх дүүргийн Засаг даргад олгогдохгүй.

“Х” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанаас үзэхэд тус компанийг 2005 оноос хойш Т.С итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэлтэй байх бөгөөд түүний гарын үсэг бүхий тус компанийн хүсэлтүүдийг 2009, 2014 онд нийслэлийн Засаг дарга шийдвэрлэсэн, тэрээр 2009, 2014 оны газар эзэмшүүлэх гэрээнд газар эзэмшигчийг төлөөлж гарын үсэг зурсан, харин Чингэлтэй дүүргийн Газрын албатай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд тус компанийг төлөөлөх эрх олгогдоогүй Б.Ч гэх хүн гарын үсэг зуржээ.

Иймд нэхэмжлэгчийг тухайн газраа 17530 м.кв хэмжээгээр буюу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/675 дугаар захирамжид дурдагдсанаар “нийтийн эзэмшлийн зам талбайг хааж”, Нийслэлийн Засаг даргын захирамжуудаар 1996 оноос хойш ашиглаж, эзэмшиж байсан 2 нэгж талбар бүхий газрыг “холбосон хэсэгт” газар эзэмших эрхийг 2006 оноос 5 жилээр хууль ёсны дагуу авсан гэж, одоо хууль ёсны дагуу эзэмших эрхтэй гэж үзэхээргүй байх тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 160 дугаар захирамжаар эзэмшиж байсан 17530 м.кв газраас хасах хуульд заасан үндэслэл байгаагүй хэмээн маргаж буй нь үндэслэлгүй байна.

Тус компанийн 2009 оны 3 дугаар сарын 18-нд гаргасан газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах, газрын хэмжээ нэмэгдүүлэх хүсэлтийг шийдвэрлэхээр газар барилгажилтийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх үед “Х” ХХК-ийн газар 17530 м.кв хэмжээгээр мэдээллийн санд нэгж талбарын 18642313089773 дугаартайгаар бүртгэгдсэн /гуравдагч этгээд Э.Гын  газартай 167 м.кв-аар давхцсаныг арилгаж 17363 м.кв хэмжээгээр мөн 18642313089773 нэгж талбартаа бүртгэгдсэн/ байсан, нийтийн эзэмшлийн зам талбай, бусдын эзэмшлийн газартай давхцуулахгүйгээр 2001 оны захирамжаар олгогдсон 14665 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлж 15945 м.кв болгосон ба үүнийг 17530 м.кв газраас хассан гэж, ийнхүү хасах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2001 онд олгогдсон газраас илүү хэмжээгээр мэдээллийн санд бүртгэгдсэн байсныг нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж эзэмшүүлж болохоор хэмжээнд газрын хэмжээг нэмэгдүүлсэн байна.

Нөгөөтэйгүүр “Х” ХХК нь 2009 онд тухайн газрын гэрээ, гэрчилгээний хугацаа сунгуулах, газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг Нийслэлийн Газрын албанд гаргаж, хүсэлтийг нь шийдвэрлэсэн 2009 оны 360 дугаар захирамжийн дагуу олгогдсон гэрчилгээг хүлээн авч, гэрээ байгуулан, гэрээнд төлөөлөх эрхтэй этгээд нь гарын үсэг зурж, гэрээнд тусгагдсан хэмжээгээр газрын төлбөрийг 2009-2014 онд төлсөн[15],  улмаар 2014 онд мөн л Нийслэлийн Өмчийн харилцааны газарт 15945 м.кв /2009 оны 360 дугаар захирамжаар эзэмшүүлсэн хэмжээгээр/ газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлсэн, газар эзэмшүүлэх гэрчилгээг хүлээн авч, гэрээг байгуулж, гэрээнд мөн л төлөөлөх эрхтэй этгээд нь гарын үсэг зурсан, мэдээллийн санд нэгж талбарын 18642313107778 дугаартай 13179 м.кв,  18642313015848 дугаартай 2766 м.кв буюу 2 нэгж талбар бүхий 15945 м.кв газар нь 2009 оноос хойш өөрчлөлт ороогүй бүртгэлтэй байгаа үйл баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагын “2009 оны захирамжаар 2001 оны хүчингүй болсон захирамжтай газрын хугацаа сунгасан, 2006 оноос эзэмшсэн 17530 м.кв газраас хасах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх актыг илт хууль бус гэж маргаж буй үндэслэлүүд үгүйсгэгдэж байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2009 оны 360 дугаар захирамжаар “тус компанийн ашиглах эрхтэй 14665 м.кв газрын хэмжээг 15945 м.кв болгон нэмэгдүүлж, эзэмших эрх болгон баталгаажуулж, эзэмших эрхийн хугацааг тогтоож” шийдвэрлэснийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж дүгнэх боломжгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан утга агуулгын илэрхий алдаатай, эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Нийслэлийн Засаг даргын 2009 оны 360 дугаар захирамжийн, энэ захирамжаар олгогдсон газрын эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн 2014 оны А/916 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2. “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 17530 м.кв газар эзэмших эрхийг сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоолгох, 17530 м.кв газар эзэмших эрхийг сэргээсэн захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлагын үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь Нийслэлийн Засаг даргад 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 77 тоот албан бичгээр “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 360 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, газар эзэмшигчийн эрхийг сэргээж газрын кадастрын зургийг 2006 оны байдлаар сэргээлгэх”-ээр хүсэлт гаргасныг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газрын албанаас 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 03-06/4602 тоот албан бичгээр “2009 оны 3 дугаар сарын 18-ны өдөр тус албанд хандаж гаргасан хүсэлт, хавсаргасан материалыг үндэслэн 14665 м.кв газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэн шийдвэрлэхдээ нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг үлдээж Нийслэлийн Засаг даргын 2009 оны 360 дугаар захирамжаар 15945 м.кв газрыг эзэмшүүлэн гэрээ байгуулж гэрчилгээ олгосон байна. Танай компаниас 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт ирүүлсний дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны А916 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунган гэрээ байгуулж гэрчилгээ олгосон байна. Чингэлтэй дүүргийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож захирамж шийдвэр гаргах эрхгүй бөгөөд танай байгууллагын талбайн хэмжээг хасч шийдвэрлэсэн захирамж шийдвэр гарч байгаагүй” гэж татгалзаж шийдвэрлэжээ.

Дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгчийг тухайн газраа 17530 м.кв хэмжээгээр буюу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/675 дугаар захирамжид дурдагдсанаар “нийтийн эзэмшлийн зам талбайг хааж”, Нийслэлийн Засаг даргын захирамжуудаар 1996 оноос хойш ашиглаж, эзэмшиж байсан 2 нэгж талбар бүхий газрыг “холбосон хэсэгт” газар эзэмших эрхийг 2006 оноос 5 жилээр хууль ёсны дагуу авсан гэж, одоо хууль ёсны дагуу эзэмших эрхтэй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул 17530 м.кв хэмжээгээр газар эзэмших эрхийг сэргээлгэх хүсэлтийг ийнхүү хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 17530 м.кв газар эзэмших эрхийг сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоолгох, 17530 м.кв газар эзэмших эрхийг сэргээсэн захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 360,  2014 оны А/916 дугаар захирамжуудын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагаар шийдвэрлэгдэх илт хууль бус гэж маргаж байгаа актуудын үр дагавар гэж маргааны үндэслэлд дурдагдсан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 160 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 17530 м.кв газар эзэмших эрхийг сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоолгох, 17530 м.кв газар эзэмших эрхийг сэргээсэн захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлагад нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн эсэхийг энэхүү татгалзсан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хариу авсан хугацаанаас шууд тооцох боломжгүй байна. Учир нь илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн актуудын үр дагавар гэж нэхэмжлэгч маргаж байхад актыг илт хууль бус болохыг тогтоосноор үр дагаварыг тухайн актыг гарсан үеэс тооцох тул үр дагавартай маргах хугацааг хязгаарлах боломжгүйн дээр нэхэмжлэлийг хангах эсэхээс хамааран нэхэмжлэл гаргах хугацааг ялгамжтай тооцох боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хууль /1994 оны/ -ийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, Газрын тухай хууль /2002 оны/ -ийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.3, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 360, 2014 оны 10 дугаар сарын  25-ны өдрийн А/916 дугаар захирамжуудын “Х” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 17530 м.кв газар эзэмших эрхийг сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоолгох, 17530 м.кв газар эзэмших эрхийг сэргээсэн захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” тухай “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ХАЛИУНА

 

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 116-118 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 135 дугаар хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 119 дүгээр хуудас

[4]  Хэргийн 1 дүгээр хавтсын 125 дугаар хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 159-163 дугаар хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтсын 76-83 дугаар хуудас

[7]

[8] Хэргийн 1 дүгээр хавтсын 187-205 дугаар хуудас

[9] Хэргийн 1 дүгээр хавтсын 142-144 дүгээр хуудас

[10] Хэргийн 1 дүгээр хавтсын 206-212 дүгээр хуудас

[11] Хэргийн 2 дугаар хавтсын 1-3 дугаар хуудас

[12] Хэргийн 2 дугаар хавтсын 4 дүгээр хуудас

[13] Хэргийн 1 дүгээр хавтсын 5-6 дугаар хуудас

[14] Хэргийн 2 дугаар хавтсын 227 дугаар хуудас

[15] Хэргийн 1 дүгээр хавтсын 193 дугаар хуудас