| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 007/2015/0002/З |
| Дугаар | 221/МА2015/0552 |
| Огноо | 2015-12-02 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2015/0552
| 2015 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 221/МА2015/1552 | Улаанбаатар хот |
С.Уийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж., Б. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, гуравдагч этгээд Г.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гнарыг оролцуулан хийж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б гаргасан давж заалдах гомдлоор, С.Уийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Даланжаргалан сумын ИТХ-ын 2014 оны 12 сарын 17-ны өдрийн 13/06 тоот тогтоол, 2014 оны 12 сарын 25-ны өдрийн 14/04 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох шаардлагыг гаргасан.
У миний бие нь 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлындаргаар томилогдсон. 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хурлын дарга, Тэргүүлэгчдийн 2014 оны хийсэн ажлын тайланг сонсож хэлэлцэх ёстой байтал төлөөлөгч А.Б сумын Засаг дарга С.Пд хүргүүлсэн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 110 тоот албан бичиг, Элдэв багийниргэдийн Нийтийн Хурлаас Шт ХХК-д хүргүүлсэн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичгүүдийг гаргаж ирээд миний болон өмнө нь ажил эрхэлж байсан даргын ажлын тайланг сонсож хэлэлцүүлэлгүйгээр хангалтгүй гэсэн үнэлгээ өгч ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон нь үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.
2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар төсөвтэй холбоотой асуудлыг л хэлэлцэх ёстой байсан, тогтоол, шийдвэр гаргах гэж хуульд байхгүй асуудлыг надтай холбогдуулан оруулж ирсэн. Энэ хуралдаан хууль зөрчиж хуралдсан. Хуралдаан зарлахдаа хуралдаанаар хэлэлцэх асуудлаа хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй, зохион байгуулалтын асуудал хэлэлцэх талаар тусгаагүй байж хурлын даргыг чөлөөлөх шийдвэр гарган дараагийн даргыг томилсон нь холбогдох дэг хуулийг зөрчсөн.
Иймээс Даланжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны тайлангийн тухай 13/06, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 14/04 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 9.014.677 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нар тайлбартаа: Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 13/06, 14/04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасныг үндэслэн сумын Хурлын даргаар ажиллаж байсан С.Уийг Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар гаргасан. Хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.14 дэх заалтын дагуу Хурлын дарга тухайн Хурлыг төлөөлж шийдвэр гаргасан бол 41 дүгээр зүйлийн 41.2 дахь заалтын дагуу гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх ёстой. С.У нь ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтыг зөрчин албан бичиг үйлдсэн, мөн хуулийн 7.1.1 дэх заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтыг зөрчин багийн хурлаас гарсан шийдвэрийг өөрчлөн албан бичиг, тэмдэглэл гаргуулсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.3, 22.1.9 дэх заалтуудыг зөрчин зөвшөөрөл аваагүй компанид газар зааж өгсөн, хурлын дэргэдэх ажлын хэсгүүдээ ажиллуулдаггүй. Төлөөлөгч Ө.О нь С.Уийн ажлын төлөвлөгөөнд үндэслэн тайланд дүгнэлт өгөн санал оруулсан ба төлөөлөгчид дэмжсэн. С.У нь хууль бус шийдвэр гаргадаг, эрх мэдлээ хэтрүүлдэг гэх мэт олон дутагдлаа засаж залруулаагүй тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн б/-д заасан эрхийнхээ хүрээнд түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Хуралдаанаар тайлан сонсож хэлэлцүүлэлгүйгээр шийдвэрлэсэн гэж байна. Тайланг нь танилцсан, сонсож хэлэлцсэн энэ талаар 13 дугаар хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Тайлангаа хэлэлцүүлэхдээ 9 ажил хийгдээгүй талаар С.У өөрөө ч хэлдэг. Хийгдсэн ажил нь өмнөх даргын хийсэн ажил байдаг.
Тэргүүлэгчид 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдсан. Нэхэмжлэгч өөрөө хурлаа удирдсан. Ажлаа хангалтгүй гэж дүгнүүлсэн даргын асуудлыг яах вэ гээд хэлэлцэх асуудал дээр нь тэргүүлэгчид ярилцаж байгаад тогтоол, шийдвэр гаргах гэдэг асуудлыг нэмсэн. Үүнийг нэхэмжлэгч Зохион байгуулалтын асуудал хэлэлцэх гэж оруулаагүй гэж маргаж байгаа. Ямар арга хэмжээ авахыг бид мэдэхгүй. Нэмэлт ийм асуудал оруулъя гэсэн нь миний санал. Тэргүүлэгч н.Саагийн саналаар Тогтоол, шийдвэр гаргах гэж оруулсан. 14/06 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Сумын Засаг дарга үйл ажиллагааг нь зогсоочихоод байхад С.У ШтХХК-ийн үйл ажиллагааг дэмжсэн албан бичгийг илгээсэн байсан. Гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн хуулийн хүрээнд хурлаас гаргасан шийдвэрийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар хуралдаанаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны тайланг хэлэлцэж, нэхэмжлэгч С.Уийн ажлыг хангалтгүй гэж дүгнэсэн шийдвэр гарсан. Мөн сумын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тэргүүлэгчдийн хуралдаанаар 12 дугаар сарын 25-ны өдөр хуралдуулж, төсвийн тодотгол хэлэлцэх тов тогтоосон. Хуралдаанаар хэлэлцэх асуудалд нийт 5 асуудал оруулсан. Сүүлийн 5 дахь асуудал өмнөх 13 дугаар хуралдаанаас гарсан тогтоолыг хэрхэх тухай асуудал байжээ. Нэхэмжлэгчийн зүгээс тайланг сонсоогүй гэж маргаж байгаа боловч нээх, хаах, санал хураалт явуулах үйл ажиллагаа бүгд явагдсан. Хурлын товын хувьд маргахгүй байх шиг байна. Хэдийгээр хэлэлцэх асуудлын талаар аймгийн хурлаас төсвийн талаар хуралд гэсэн байхад үүнээс гадна 4 асуудал оруулж ирсэн. Хурлын тогтоолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гээд байгаа юм уу. нэхэмжлэлийн шаардлагыг харахад 13, 14 дүгээр хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгоод ажилд эгүүлэн тогтоолгох гэсэн байдаг. Бүхэлд нь хүчингүй болгуулна гэхээр сумын төсөв баталсан нь хамт хүчингүй болно. Тэгэхээр нэгэнт батлагдсан төсөв нь 2015 онд хэрэгжээд явж байгаа тул хүчингүй болгох боломжгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь зүйлүүдэд заасныг баримтлан Санжсүрэнгийн Уийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 13/06, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14/04 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Уийг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх зүйлүүдэд заасныг баримтлан 8672840 /найман сая зургаан зуун далан хоёр мянга найман зуун дөчин/ төгрөгийг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулан С.Ут олгож, илүү нэхэмжилсэн цалин 341827 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бийн давж заалдах гомдолдоо: Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай холбогдуулан гаргасан С.Ургээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар сарын 17-ны өдрийн 13/06 тоот тогтоол, 12 дугаар сарын 25-ны өдрийн 14/04 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, эгүүлэн ажилдаа томилуулах нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэх явцад иргэн С.Уийн хууль тогтоомж зөрчсөн олон асуудлыг нотлох баримтаар тогтоосоор байтал нотлох баримтыг хэрэгт ач холбогдолгүй мэт буруу үнэлсэн гэж үзэж байна.
С.У нь ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа Авилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтыг зөрчин албан бичиг үйлдсэн, Авилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 заалт, Нийтийн албанднийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтыг зөрчин албан үүргээ гүйцэтгэж байгаа хүнд албан тушаалаа ашиглан нөлөөлөн албан бичиг тэмдэглэл гаргуулсан. Мөн Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.3, 22.1.9 дэх заалтуудыг зөрчин хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар шаардлага тавьж байх ёстой байтал өөрөө хууль зөрчиж холбогдох зөвшөөрөл аваагүй компанид дур мэдэн газар зааж өгсөн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хийж байхдаа газартай холбоотой асуудлуудад нэг бус удаа орооцолдон хэл ам гаргаж байсан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.1."е", 18.1.1."ж", 18.1.2."г", 18.1.2."ж", 18.1.2.'з, 18.1.3."б", 18.1.3."г 18.1.3."ж", 18.1.3."з", 18.1.3."к", 18.1.3."л", 18.1.3."н"-д заасан хурлын бүрэн эрхийг хуралд дараа тайлагнахаар хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болдог. Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд ч ороогүй асуудлыг толгой мэдэж шийдвэр гаргасан. Төлөөлөгчид зөвхөннэхэмжлэлд дурдагдсан 2 албан бичгийг үндэслээгүй.
Төлөөлөгч Ө.О С.Уийн ажлын төлөвлөгөөнд үндэслэн тайланд дүгнэлт өгөн санал оруулсан ба төлөөлөгчид дэмжсэн. С.У шууд асуулт хариултдаа оръё гэдгээ өөрөө хэлсэний дагуу асуулт хариулт явсан. Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1- ийн "б" -д заасан эрхийнхээ хүрээнд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дүгээр зүйлийн 23.4 дэх заалтыг зөрчсөн гэжээ. 13 дугаар хуралдаан бол уг заалтыг зөрчөөгүй. 14 дүгээр хуралдааныг цаг үеийн тулгамдсан асуудалтай холбогдуулан зохион байгуулсан. УИХ, 21 аймаг, 365 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ч цаг үеийн тулгамдсан асуудалтай холбогдуулан яаралтай хурал зохион байгуулсан. 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтыг зөрчсөн гэх ч 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны материалтай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч олонх буюу 11 төлөөлөгч танилцсан нь нотлох баримтаар нотлогдож байхад хэрэгт аваагүй, ач холбогдолгүй гэж дүгнэсэн. Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дүгээр зүйлийн 23.7-д зааснаар хуралд бүх гишүүд суугаагүй, хурлын зарыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынтөлөөлөгчид 100 хувь хүргээгүй гэж хуульд заагаагүй нөхцөл байдлаар маргасан. Энэхүү үүрэг нь өөрийнх нь ажил үүрэгт хамаарах ба өөрөө үүрэгт ажлаа гүйцэтгэж чадаагүй нь харагдаж байхад ажлын албаны ажлыг ганцхан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга хийж гүйцэтгэх ёстой мэтээр дайрч давшилж байгаа нь түүний ёс суртахуунгүйн илрэл болно. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн асуудлууд бол түрүү хурлаас буцаагдсан асуудлууд байсан. Хувь хүнээс үл хамаарах нөхцөл байдлаас болоод ганц нэг төлөөлөгчид хурлын зар хүрээгүйг хэрэгт ач холбогдолтой мэтээр үзсэн. Шүүх хуралдааны үер С.У болон түүний өмгөөлөгч Ж.Чнар нь гэрчийг үл хүндэтгэн Дээд боловсролтой юмуу, арга зүй, эрх зүйн зөвлөмж үзүүлэх чадвартай юмуу, чиний хийх ёстой ажил биздээ ..." гэх мэтээр хэрэгтхолбогдолгүй хувийн сэдлээр хандаж, үг хэлээр дайрч, сэтгэл зүйн дарамт үзүүлсэн нь гэрчийн мэдүүлгийг өөрт ашигтай байдлаар дүгнүүлэхэд хүргэсэн гэж үзэж байна. Мөн 14 дүгээр хуралдааны хурлын зар хүлээн авсан баримтан дээр зурсан тэргүүлэгч Г.Даваадоржийн гарын үсгийг биш гэж дайрсан нь шийдвэр гаргахад ташаа мэдээлэл болж нөлөөлсөн. 13 дугаар хуралдааны хурлын зар хүлээн авсан баримтан дээр түүний охин аавынхаа нэрийг бичсэн ба хуралдааны зарыг авсан баримтан дээр тэргүүлэгч өөрөө гарын үсэг зурсан. Ийм маргаантай байгаа тохиолдолд шүүх Г.Даваадоржийн гарын үсгэн дээр шинжээчийн дүгнэлт гаргуулах ёстой ба хэргийг шинжлэн судлах ажил дутуу хийгдсэн гэж үзэж байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 14 тоот шийдвэр нь Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 "Нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөтсонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, тухайн нутаг дэвсгэрийнэдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн." гэсэн заалт, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т шүүх хуралдаан даргалагч хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.
Хууль зөрчсөн олон асуудлыг нотолсоор байтал хэлэлцэх асуудалд үг үсгийн зөрүүтэй тусгагдсан,хуралдааныг хууль зөрчиж зохион байгуулсан, хэлэлцэх асуудлын төслийг төлөөлөгч нэг бүрт танилцуулаагүй гэсэн шалтгаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэрийг хүчингүй болгож байгаад гомдолтой байна. С.Уийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцдаа хэргийг шинжлэн судлах ажлыг дутуу хийсэн гэж үзэж байна.
Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 14 дүгээр шийдвэрийг хянан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг буруу хэрэглэж С.Уийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч С.У нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байхдаа мөн сумын Элдэв багийн иргэдийн Нийтийн Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар Штайнколе ХХК-ний Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай асуудлаар санал хураалт явуулахад хуралд оролцсон иргэд дэмжээгүй байхад ... иргэдийн 80 хувь нь эерэг санал өгч БОНБҮ-г тус багийн иргэд хүлээн зөвшөөрсөн тул танай үйл ажиллагааг дэмжсэнболохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн албан бичгийг иргэдийн Нийтийн Хурлын даргаар үйлдүүлэн Ш ХХК-д хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан уг албан бичгийн хуулбар, ... тухайн өдрийн иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэл, гэрч Элдэв багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ч.Бгийн ... Шта ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой иргэд эсрэг байр суурьтай байсан ... энэ хуралдаан дээр шийдэх боломжгүй байна гэсэн санал иргэдээс гаргасан тул би хуралдааныг хаагаад ... явсан. Миний хувьд иргэд эсрэг саналтай, зөвшөөрөөгүй гэж албан бичиг бэлдсэн байсан. Багийн Засаг дарга Д.Өн, сумын Хурлын дарга С.У нар ... дэмжсэн буюу зөвшөөрсөн гэдгээр нь хариу явуулъя гэсэн учраас албан бичгийн агуулгыг өөрчлөн тус компанид хүргүүлсэн. ... тэмдэглэлийг С.У дарга компьютер дээр шивээд надад өгснийг би гарын үсэг зурж, тамга дарсан. гэх, гэрч тус багийн Засаг дарга Д.Өнгийн ... Хуралдаанаар огт шийдэлд хүрээгүй. С.У дарга намайг дуудаад багийн иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэлийг Ш ХХК руу явуулах гэсэн юм таны дэвтрээс бичсэн, хянаж үз гэсэн. Тэр үед шийдвэрлэсэн хэсэг байгаагүй. Дараа нь С.Б даргыг тэмдэглэл авчраад гарын үсэг зуруулахад нь 80 хувь эсрэг санал өгч дэмжсэн гэдгийг анзаараагүй гарын үсэг зурсан байсан ... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар тус Хурлын дарга С.Уийг иргэдийн Нийтийн Хурлын албан бичгийн агуулгыг өөрчлүүлсэнтэй нь холбогдуулж Хурлын тайланг Хангалтгүй гэж дүгнэн, хариуцлага тооцох эсэх талаар яригдсан, улмаар Хурлын Тэргүүлэгчид 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, 12 дугаар сарын 25-ны өдрийн Хурлын товыг тогтоохдоо С.Ут хариуцлага ногдуулах эсэх асуудлыг хэлэлцэх талаар тохирч, түүнийгээ хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахдаа Тогтоол шийдвэр гаргах тухай гэж томьёолон оруулахаар тогтож, хуралдааны товыг гишүүдэд мэдэгдсэн болох нь Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 43 дугаар тогтоол, мөн өдрийн Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл, Хурлын 12 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
С.Уийн иргэдийн Нийтийн Хурлын албан бичгийн агуулгыг өөрчлүүлэн, (иргэд дэмжээгүй үйл ажиллагааг дэмжсэн мэтээр) Шт ХХК-нд давуу байдал бий болгосон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчим болон Монгол Улсын Үндсэн Хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2-д Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно гэж заасныг тус тус зөрчсөн ёс зүйгүй үйлдэл болсон байх тул Хурлын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах боломжгүй гэж үзэж, хуралд оролцсон гишүүдийн 76.2 хувийн саналаар чөлөөлснийг буруутгах үндэслэлгүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсгийн б/-д заасан Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөхнь тухайн хурлын өөрийн онцгой бүрэн эрхэд хамаарахаар заасанд нийцсэн байна.
Харин тухайн Хурлын тайланг бүрэн хэлэлцсэн эсэх, Хурал өөрийн ажиллагаанд ямар дүгнэлт өгөх нь Хурлын дотоод асуудал бөгөөд Хурал тайланг хэлэлцэлгүйгээр хангалтгүй үнэлгээ өгч ажлаас чөлөөлөх үндэслэлээ болгосон нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, С.Уийг зөвхөн Хурал, Тэргүүлэгчдийн 2014 оны ажлын тайлантай холбогдуулж чөлөөлөөгүй, гагцхүү дээрх албан бичгийн агуулгыг өөрчлүүлсэн, төрийн албаны шударга ёсны зарчимд нийцээгүй үйлдэл гаргасантай нь холбоотой чөлөөлсөн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь ... уг асуудлыг шүүх, хуулийн байгууллага тогтоосны дараа хэлэлцэх ёстой гэх боловч Хурлын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд С.Уийг гэм буруутай эсэхээс үл шалтгаалж, гагцхүү албан бичгийн агуулгыг өөрчлүүлэн тухайн компанид хүргүүлсэн нь тогтоогдсон байх тул Хурлын төлөөлөгчөөс огцруулалгүй зөвхөн Хурлын даргаар ажиллуулах боломжгүй гэж үзэж чөлөөлснийг буруутгах үндэслэлгүй байх бөгөөд хууль хяналтын байгууллага шалгаж С.Уийн гэм буруутай эсэхийг тогтооход уг тогтоол нь саад болохооргүй байна.
Анхан шатны шүүхээс тухайн хурлаар хэлэлцэх асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд асуудал оруулах, шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журам-д зааснаар хэлэлцэх асуудлын тооцоо судалгааг тогтоолын төслийн хамт хавсаргаж, 1 хоногийн өмнө төлөөлөгч нарт бүрэн тараагаагүй гэх боловч 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар дээрх албан бичигтэй холбоотой асуудал яригдсан боловч уг хурлаар асуудлыг шууд шийдвэрлэлгүй Тэргүүлэгчдийн хурлаар товлон, улмаар Хурлын нарийн бичгийн даргыг оролцуулан асуудлыг тодруулан дараа хэлэлцэж Хурлын даргын албан тушаалаас чөлөөлөхөөр шийдвэрлэснийг тооцоо, судалгааг урьдчилан тараагаагүй гэж буруутгах үндэслэлгүй байна.
Иймд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 13/06 дугаар тогтоол, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14/04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулж, эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 9014677 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, С.Уийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 13/06, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14/04 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 9014677 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий С.Уийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ