Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 175

 

2016,9,21 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2016/0187/Э/ Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч П.Баттулга нарын бүрэлдэхүүнтэй, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг, Иргэдийн төлөөлөгч Х.Амаржаргал, Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах, Хохирогч Б.Баярмаа, Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа, Гэрч Г.Дуламжав, Шүүгдэгч Н.Алтанхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Данжин овогт Найдангийн Алтанхуягт холбогдох эрүүгийн 201609000242 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сумын 3 дугаар баг Цантын 4-41 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Данжин овогт Найдангийн Алтанхуяг /РД:МЕ74010415/. Урьд: 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сум дундын 7 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 224 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 15 хоногийг Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу суллагдсан байсан. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Найдангийн Алтанхуяг нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №224 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 04 сар 15 хоногийг Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу суллагдаж ялтай байх хугацаандаа 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан захын гадаа талбайд нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байсан иргэн Б.Баярмаагийн гар цүнхийг хулгайлж 890.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд Шүүгдэгч Н.Алтанхуяагийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хүрлээ ах нэг найзтай юм ярьж байгаад халааснаасаа нэг зүйл гаргаж ирээд энийг зарчихмаар байна гээд үзүүлэхээр нь үзсэн чинь нэг даралтны аппарат байсан тэгээд хажууд нэг настай ах харж байснаа үзье гэж хэлээд ирэхээр нь үзүүлсэн чинь нөгөө ах энийг чинь яаж ажиллуулдаг юм бэ гэхээр нь би дагуулаад хажуугийн дэлгүүрт ороод зай хийгээд ажиллуулж үзүүлсэн чинь нөгөө ах чинь 5000 төгрөгөөр худалдаж аваад явсан. Цагаан хатуу даавуун материалаар хийсэн хоёр тийшээгээ онгойдог савтай цагаан өнгийн даралтны аппарат байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40-р хуудас/ Хохирогч Б.Баярмаагийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгч өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн засаг даргын тамгын газраас зохион байгуулсан Ухаалаг хэрэглээ хэрэглэгчээ дээдэлье өдөрлөгт бүх төрлийн байгууллагууд нээлттэй хаалганы өдөрлөгийг Дархан сумын 7 дугаар багт байх Алтансагсын урд талбай буюу Төрийн банкны харалдаа байх талбай дээр асар /майхан/ барьж үйл ажиллагаа явуулсан юм. Өмнө нь үзүүлсэн нэг үйлчлүүлэгч надаас зөвлөгөө авах гээд асуулт асууж байсан цуг ажиллаж байсан хоёр сувилагч өөр шинжилгээ хийж байсан эмч нартай уулзахаар надаас холдсон байсан. Би тухайн үйлчлүүлэгчид зөвлөгөөг өгчихөөд цүнхээ авах гээд эргээд хартал миний цүнх алга болсон байсан. Миний цүнхэнд байсан LV брэндийн бор өнгийн түрийвчинд задгай 20.000 төгрөг, иргэний үнэмлэх, виза зарт зэрэг байсан. Герман улсад үйлдвэрлэсэн сахарын аппарат 1 ширхэг, даралтын электрон аппарат 1 ширхэг, пүлс хэмжигч 1 ширхэг, самсунг галакси жи-5 гар утас, LV гоо сайхны сав, гэрийн түлхүүр, ажлын түлхүүр, үйлчлүүлэгчдийг бүртгэсэн А4 хэмжээтэй хуудас, үйлчлүүлэгчдийг бүртгэсэн лист байсан. би цуг ажиллаж байсан хоёр сувилагчаасаа миний цүнхийг авсан эсэхийг асуухад аваагүй гэж хэлсэн. Би Цагдаагийн байгууллагад камер шүүлгэхээр ирэхэд камер нь өөр чиглэлд тухайн үед харсан байсан. Гомдолтой байна. Надад 890.000 төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/ “...Миний алдсан цүнхийг манай эгч барьж байгаад надад өгч байсан. Ямар ч байсан хэрэглээд 3-4 жил болж байгаа. Ер нь бол чернилэн ягаан өнгөтэй, даавуун материалтай. Хуучирсан учраас яг чернилэн ягаан өнгөтэй харагддаггүй өнгө нь бараан бор өнгөтэй харагддаг” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77-р хуудас/ Гэрч Г.Дуламжавын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дархан зах дээр явж байгаад Буян зах руу орж гурил авах гээд явж байтал нэг 150 см орчим нуруутай бор царайтай зүс царайг нь одоо санахгүй байна иргэний үнэмлэх үзүүлээд таньдаг бол та авчихаач би олсон юм гэхээр нь харсан чинь манай байрны таньдаг Баярмаа гэдэг хүний иргэний үнэмлэх, виза карт зэрэг байсан тэгээд би чи хэдээр өгөх юм гэсэн чинь 20.000 төгрөг гэхээр нь би өгөөд шууд авчихсан юм...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 16-р хуудас/ Гэрч М.Санждансрангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр би эхнэр Отгонтуяагийн хамт Дархан зах дээр явж байгаад Нээлттэй хаалганы өдөрлөг болж байна эмч нар үнэгүй үзэж байна гэхээр нь тухайн үед би хоёр хөлөө хугалчихсан таягтай байсан болохоор эхнэрийг юу болж байгааг нь хараад ир гээд явуулсан чинь эхнэр буцаж ирээд Энхцэцэгийн хам хэрэгтэн Алтанхуяг ах нэг эмэгтэй хүний цүнх барьчихсан явж байсан. Асуусан чинь “Манай эгчийнх” гэж хэллээ гэхээр нь Алтанхуягт ямар эгч байдаг юм бэ хаашаа явсан гэсэн чинь Захын төв хаалгаар орсон гэхээр нь би 00-ийн хажуугаар гараад ирэх байх гэж бодоод урдуур нь тосоод уулзах гэсэн чинь гарч ирээгүй ээ. Тэгээд хайгаад явж байсан чинь Табысбек тааралдаад Алтанхуяг сая нэг хүний цүнх хулгайлаад явчихсан юм шиг байна. Би хайгаад явж байна гэсэн чинь Табысбек би ч гэсэн хайна гээд явсан юм. Тэгээд би эхнэрийгээ цагдаад очиж хэл гээд явуулсан боловч цагдаа нь өрөөндөө байгаагүй юм. Н.Алтанхуягийг эмэгтэй цүнх барьж явсан талаар манай эхнэр Отгонтуяа харсан байсан юм...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 14-р хуудас/ Гэрч Л.Отгонтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр би Дархан захын гадаа талбай дээр нээлттэй хаалганы өдөрлөг болж байсан тэрийг хараад зогсож байтал манай нөхөр Санж намайг ороод хараад ир гэхээр нь би дөхөөд очсон чинь 3 ширхэг майхан барьчихсан дунд талын майхны араас Энхцэцэгтэй хам хэрэгтэн болж шоронд орж байсан ах нэг эмэгтэй хүний цүнх барьчихсан гарч ирсэн. Тэгэхээр нь би та юу хийж байгаа юм бэ гэсэн чинь эгчийнхээ цүнхийг хүргэж өгөх гэж байна гээд миний хажуугаар гараад Дархан захын төв хаалгаар орчихсон. Тэгэхээр нь би араас нь явж байгаад нөхрийнхөө зогсож байсан газар очоод юу болсон талаар хэлсэн тэгээд манай нөхөр араас нь Дархан захын 00 хажуугаар очиж үзчихээд олдохгүй байна гэж байсан. Дараа нь 2-3 хоногийн дараа Н.Алтанхуяг ахтай тааралдаад юм ярьж байтал надад эмэгтэй хүний хугархай нүдний харандаа, хумс өөлөгч, бас уруул өнгөлөгч гаргаж ирчихээд харамлаад байсан. Би танина Энхцэцэгийн хам хэрэгтэн гэдгээр нь бүр сайн танина. Манай нөхөр Санжтай хамт хааяа архи уудаг болохоор танина. Эмэгтэй загвартай бор өнгийн том дөрвөлжин загвартай гар цүнх байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-р хуудас/ Гэрч Б.Оюунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг Өндгөө гэж дууддаг юм. Би Алтанхуягт өөрийгөө Өндгөө гэж танилцуулсан харин намайг сайн таних хүмүүс Жагаа гэж дууддаг би тухайн үед Эрдэнэтийн Ганбаа гэх залуутай биржийн доохон талд 20/4 дүгээр байрны орчим тааралдаад явж байтал Н.Алтанхуяг ирээд нэг даралтны аппарат гаргаж ирээд заръя гээд тэр аппаратаа нэг танихгүй хөгшин хүнд 5000 төгрөгөөр зараад тэр мөнгөөр нь бид нар архи уусан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-р хуудас/ Гэрч К.Табысбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр би Санжаа буюу Санждансрантай захын 00-ийн хажуу талын павилоны хажууд таарахад надад Н.Алтанхуягтай таарсан уу гэж асуухаар нь би таараагүй юу болсон юм гэж асуухад Алтанхуяг сая нэг эмэгтэй хүний цүнх хулгайлаад явчихсан юм шиг байна би хайгаад явж байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тэгвэл би ч гэсэн цуг хайя гэж хэлээд салсан. Тухайн өдөр Санждансран надад Н.Алтанхуягтай хамт явж байхад Алтанхуяг нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байсан хүний цүнх аваад явчихсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78-80-р хуудас/ “Капитал зууч” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Шинжээчийн үнэлгээний“...Үнэлгээнд хамрагдсан дээрхи эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны байдлаар 890000 (Найман зуун ерэн мянган) төгрөг байна..” гэх тайлан /хавтаст хэргийн 21-22-р хуудас/ Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №34/15 магадлагаанд: Н.Алтанхуяг нь Сэтгэцийн өвчингүй эрүүл байна. Хэрэг үйлдэх үедээ, хэрэг хариуцах чадвартай байсан бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл байсан. Үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв тайлбарлаж мэдүүлэг өгөх чадвартай. Н.Алтанхуяг нь хэрэг хариуцах чадвартай. /хавтаст хэргийн 30-р хуудас/ Шүүгдэгч Н.Алтанхуягийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Н.Алтанхуяг гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч тэрээр 2016 оны 4 сарын 23-ны өдөр Дархан захын гадаа талбай дээр болсон нээлттэй хаалганы өдөр иргэн Б.Баярмаагийн гар цүнхийг хулгайлж 890 000 төгрөгийн хохирол буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Хохирогч Б.Баярмаагийн ” 2016 оны 4 сарын 23-ны өдөр.. би тухайн үйлчлүүлэгчид зөвлөгөө өгчихөөд эргээд хартал цүнх алга болсон байсан. Миний цүнхэнд байсан LV брэндийн бор өнгийн түрийвчинд задгай 20.000 төгрөг, иргэний үнэмлэх, виза зарт зэрэг байсан. Герман улсад үйлдвэрлэсэн сахарын аппарат 1 ширхэг, даралтын электрон аппарат 1 ширхэг, пүлс хэмжигч 1 ширхэг, самсунг галакси жи-5 гар утас, LV гоо сайхны сав, гэрийн түлхүүр, ажлын түлхүүр, үйлчлүүлэгчдийг бүртгэсэн А4 хэмжээтэй хуудас, үйлчлүүлэгчдийг бүртгэсэн лист байсан” гэх, гэрч Л.Одонтуяагийн “ 2016 оны 4 сарын 23-ны өдөр нээлттэй хаалганы өдөр болж байхад дунд талын майханы араас Энхцэцэгтэй хамт хэрэгтэн болж шоронд орж байсан ах нэг эмэгтэй хүний цүнх барьчихсан, эгчийнхээ цүнхийг хүргэж өгөх гэж байна гээд харуугаар өнгөрсөн, 2-3 хоногийн дараа Н.Алтанхуяг ахтай тааралдахад эмэгтэй хүний нүдний хугархай харандаа, хумс өөлөгч, уруул өнгөлөгч зэргийг гаргаж ирчихээд харамлаад байсан” гэх, гэрч М.Санжсүрэнгийн ” 2016 оны 4 сарын 23-ны өдөр эхнэр ирээд “Алтанхуяг ах эмэгтэй хүний цүнх барьчихсан, эгчийнх гэж” хэллээ гэсэн” гэх, гэрч Б.Оюунжаргалын “ Н.Алтанхуяг нь хармаанаасаа хуруун зайгаар ажилладаг даралтын аппарат гаргаж ирээд танихгүй хүнд 5000 төгрөгөөр зарсан. Би Н.Алтанхуягтай нийлэхийг боддоггүй яагаад гэвэл их хулгай хийдэг” гэх, гэрч Г.Дуламжавын “...Би 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дархан зах дээр явж байгаад Буян зах руу орж гурил авах гээд явж байтал нэг 150 см орчим нуруутай бор царайтай зүс царайг нь одоо санахгүй байна иргэний үнэмлэх үзүүлээд таньдаг бол та авчихаач би олсон юм гэхээр нь харсан чинь манай байрны таньдаг Баярмаа гэдэг хүний иргэний үнэмлэх, виза карт зэрэг байсан тэгээд би чи хэдээр өгөх юм гэсэн чинь 20.000 төгрөг гэхээр нь би өгөөд шууд авчихсан юм...” гэх мэдүүлэгүүд болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар Н.Алтанхуягийн үйлдсэн хэрэг нотлогдож байна. Шүүгдэгч Н.Алтанхуяг нь 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сум дундын 7 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлснээс хойш Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаа дуусаагүй байхад 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан захын гадаа талбайд нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байсан иргэн Б.Баярмаагийн гар цүнхийг хулгайлж 890.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна. Иймд шүүгдэгч Н.Алтанхуяг нь ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв. Шүүгдэгч Н.Алтанхуягт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд түүний урьд нь хорих ял эдэлж байсныг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Н.Алтанхуягаас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 890,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Баярмаад олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч Н.Алтанхуягийн энэ хэрэгт 118 хоног цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.