Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/809

 

 

 

 

 

 

 2020           09           07                                           2020/ШЦТ/809

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “Ё” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам

 Улсын яллагч: М.Отгонбаатар,

Шүүгдэгч Б.Б (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан

           Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овгийн Б.Б-т холбогдох эрүүгийн 2009017981068 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “9***” компанид арматурчин ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт **** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 23- ны өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Б.Б,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр С*** гудамжинд Т.Эрдэнэ-Оюунтай хүүхдүүд хог тараалаа гэх зүйлээр шалтаглан маргалдаж улмаар Т.Э руу чулуу шидэж, бие махбодид нь “зүүн зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий” хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:          

Хохирогч Т.Э-ны “...2020 оны 06 дугаар сарын 23-ны 20 цаг өнгөрч байх үед манай хөрш айлын залуу манай нөхөртэй хүүхдүүд хог тараасан гэх шалтгаанаар маргалдсан... миний толгойг хагалдаг залууг авгай нь хашаа руугаа авч орсон чинь хашаан дотроос чулуу авч шидээд миний толгойг хагалчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...2020 оны 06 дугаар сарын 23-ны 20 цаг өнгөрч байх үед хажуу хашааны залуутай муудалцсан... эхнэр нь ирж хэрүүл хийгээд бид хоёр хашааны хоёр талаас хэрэлдэж байсан чинь тэр эмэгтэй хашааны гаднаас шороо цацахаар нь би зөрүүлээд шороо цацсан чинь чулуу байж таараад тэгээд толгой нь хагарсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 сарын 29-ний өдрийн №7355 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт: 1. Т.Э-ны биед зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдадтанд нөлөөлөхгүй болно...” гэжээ /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ***  гудамжинд Т.Э-тай хүүхдүүд хог тараалаа гэх зүйлээр шалтаглан маргалдан улмаар Т.Э луу чулуу шидэж, бие махбодид нь “зүүн зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий” хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Э-ны мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7355 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх шүүгдэгч Б.Б-ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-23 хуудас/ -аар тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Иймд Б.Б-т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Б.Б нь “***” ХХК-д арматурчинаар тогтвор суурьшилтай ажиллаж байгаа болох нь “****” ХХК-ны тодорхойлолтоор нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгчийг эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацааны дотор буюу шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж хохирогч Т.Оюун-Эрдэнэ нь хохирол төлбөр нэхэмжлээгүй ба гомдол санал байхгүй /хх-ийн 48/, хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хоточ овогт Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, хохирогч Т.Оюун-Эрдэнэ нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ДАРЬСҮРЭН