Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2017/02968

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 22 өдөр          Дугаар 181/ШШ2017/02968            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч:   “М В К ББСБ” ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Б овогт Б А /РД: /-д холбогдох,

 

            Хамтран ажиллах гэрээ цуцалснаас үүссэн хохиролд 106,175,822 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, нарийн бичгийн даргаар Б.Жаргалсүрэн нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Б.А нь 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Ерөнхий захирал М.Утай “Изабелла Белла” нэртэй гоо сайхны салоныг нээж ажиллуулах, М.У нь “Д И Б” ХХК-ийг үүсгэн байгуулах, хамтын үйл ажиллагаанаас олох цэвэр ашгийг бизнес эрхлэгч Б.А, хөрөнгө оруулагч ”Дэ Изабелла Белла” ХХК нь тус тус тэнцүү хувааж авах, “М В К ББСБ” ХХК-ийн хөрөнгө оруулалтыг 1 жилийн дотор буцааж төлөх, аль нэг талын буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирвал нөгөө талдаа нөхөн төлөх, бодит хохирол гэдэгт үүргийн гүйцэтгэлийг хангахад гарсан зардал, учирсан гэмтэл зэргийг ойлгоно гэдгийг харилцан тохиролцож 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г үзэглэн байгуулсан байна.

Гоо сайхны салоны үйл ажиллагаа явуулахад тохиромжтой үл хөдлөх хөрөнгийг хамтран ажиллах гэрээний талууд 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн судалж байгаад 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, .................... тоот хаягт байрлах 469 м.кв талбай бүхий, .............дугаарын гэрчилгээтэй, ................. улсын бүртгэлд бүртгэгдсэн оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг сонгосон ба М.У нь хамтын үйл ажиллагаагаа эрхлэх зорилгоор 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “Д И Б” ХХК-ийг үүсгэн байгуулсан байна.

Б.А нь салоны үйл ажиллагаа явуулахад тохиромжтой гэж сонгосон дээрх үл хөдлөх эд хөрөнгийн байршил, нөхцөлтэй биечлэн танилцаж энэ объектод салоны үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахыг хүлээн зөвшөөрч засварын ажил эхлүүлнэ гэсэн тул манай компани салоны үйл ажиллагаа явуулах объектыг нь “Ажигана” ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн Арилжааны гэрээ байгуулан 938,000,000 төгрөгөөр худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон юм.

Улмаар Б.Аын цаашид эрхлэх бизнесийг дэмжих зорилгоор түүний санал болгосон Н.Зэндмэнэ захиралтай “Арвис дизайн” ХХК-тай манай компани 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 8,499,639 төгрөгийн үнэ бүхий 38 хоногийн хугацаатай “Изабелла Белла” гоо сайхны салоны интерьер дизайны зураг төсөл гүйцэтгэх 16/08/05/59 тоот гэрээ”-г байгуулан гэрээний урьдчилгаанд 2,124,910 төгрөгийг, мөн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр заслын ажлыг 2016 оны 9 дүгээр сарын 9-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний дотор гүйцэтгүүлэхээр 40,000,000 төгрөгийн үнэ бүхий “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан гэрээний урьдчилгаанд 16,000,000 төгрөгийг тус тус гүйцэтгэгч талд шилжүүлсэн.

Хамтран ажиллах гэрээ байгуулагдсанаас хойш “Арвис дизайн” ХХК нь манай өмчлөлийн хэвийн, ямар нэгэн эвдрэл, гэмтэл, доголдолгүй байсан үл хөдлөх эд хөрөнгийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байна, гүйцэтгэсэн зураг төслийн дагуу гоо сайхны салоны зориулалттай болгож байна гэж дотор заслын ажлыг эхлүүлэн, барилгын дотор хийц загварыг бүхэлд нь өөрчилж өөр ямар нэгэн зориулалтаар ашиглаж үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон бөгөөд ийнхүү бодит зардал гарсаны дараа буюу 2016 оны 9 дүгээр сарын сүүлээр Б.А нь барилга дээр ирж уулзахдаа манай нөхөрт байршил нь таалагдахгүй байна гэдэг шалтгаан хэлж цаашид “Хамтран ажиллах гэрээ”-г үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ утсаар мэдэгдэж уг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа саналаа уламжилсан.

Манай компани Б.Аын гарын үсэг зурж баталгаажуулсан 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу “Изабелла Белла” гоо сайхны салоны үйл ажиллагааг явуулахад нь хөрөнгө оруулалт хийж 938,000,000 төгрөгийн өртөг бүхий Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, .................................... тоот барилгын 402 тоот хаягт байрлах 469 м.кв талбай бүхий оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, түүний дотор засал, интерьер дизайны зураг төслийн ажлын гэрээг үзэглэж гэрээний урьдчилгаа төлбөрүүдийг төлсөн байхад ба барилгын ханыг нурааж дууссаны дараа 2016 оны 9 дүгээр сарын 20-нд Б.А нь Хамтран ажиллах гэрээг байршил нь нөхөрт таалагдахгүй шалтгаанаар цуцаллаа гэсний үр дүнд манай байгууллагад их хэмжээний хохирол учраад байна.

Иймд манай компани 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн Арилжааны гэрээний дагуу “Ажигана” ХХК-аас өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан хэвийн байсан үл хөдлөх эд хөрөнгийн дотор талыг бүхэлд нь дахин засварлаж хуучин байдалд нь оруулж сэргээн засварлах болон бусад зардалд нийт 106,175,822 төгрөг зарцуулсан тул гэрээ цуцалсан буруутай тал болох Б.Ааас энэ хөрөнгийг шаардаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.А нь “М В К ББСБ” ХХК-ийн болон “Д И Б” ХХК-ийн захирал М.У-тайхамтарч гоо сайхны салон нээж ажиллуулах талаар ярьж байсан боловч М.Унь гоо сайхны бараа захиалгын асуудал дээр удаа дараа асуудал үүсгэж байсан, мөн хамтарч ажиллах гэрээ байгуулсан боловч гэрээ нь хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан буюу “М В К ББСБ” ХХК-д ашигтай байдлаар хийгдсэн учраас би цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзэж гэрээг цуцлах санал тавьсан.

Хамтран ажиллах гэрээг 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Б.Атай хийхдээ “Д И Б” ХХК-ийг төлөөлж М.Унь гарын үсэг зурж баталгаажуулсан ба 2016 оны 9 дүгээр сард гэрээ цуцлагдсан байгаа. Хариуцагч Б.Аын хувьд “М В К ББСБ” ХХК-тай ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгээгүй тул “М В К ББСБ” ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө засаж, янзалсны төлбөрийг Б.Ааас гаргуулна гэж байгаа нь ойлгомжгүй байна.

Тус Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, .................... тоот барилгын ..........тоотод байх объект нь өмнө нь цэцэрлэг, өдөр өнжүүлэхийн зориулалттай байсан ба сүүлд тэр барилгын зарим гипсэн ханыг буулгаж /бетонон хана бус/ авсан байсан. Тэгээд ч барилгыг ашиглах боломжгүй болсныг нотлосон нэг ч баримт хэрэгт байхгүй.

Хамтран ажиллах гэрээний тал биш этгээд болох “М В К ББСБ” ХХК нь яагаад Б.А, “Д И Б” ХХКнарын хооронд хийгдсэн гэрээнээс учирсан хохирлыг шаардаад байгааг ойлгохгүй байна. М.Унь “Д И Б” ХХК-ийн эрхийг Б.Ад шилжүүлэх хэлцэл хийсэн боловч хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоолоо гаргаж өгөөгүйгээс эрх шилжигдээгүй хэвээр л байгаа.

Иймд “М В К ББСБ” ХХК-ийг нэхэмжлэгч биш гэж үзэж байгаа тул хууль зүйн ямар ч үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан тайлбар болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М В К ББСБ” ХХК нь хариуцагч Б.Ааас 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хамтран ажиллах гэрээг цуцалснаас үүссэн буюу учирсан хохиролд 106,175,822 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч нь “М В К ББСБ” ХХК нь гэрээний 1 тал биш учир уг гэрээнээс учирсан хохирлыг шаардах эрхгүй гэж маргасан.

 

Шүүх хэргийн баримтаар тогтоогдсон дараах үйл баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

1.”Д И Б” ХХК-ийг төлөөлж М.Унь 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Б.Атай хамтран ажиллах гэрээ байгуулж, талууд “М В К ББСБ” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, ................... тоотод байрлах 469 м.кв үл хөдлөх эд хөрөнгөд хамтарч гоо сайхны салон нээж ажиллуулахаар тохиролцсон боловч гэрээ 2016 оны 09 дүгээр сард цуцлагдсан үйл баримт тогтоогджээ.

 

2.”М В К ББСБ” ХХК нь уг объектын өмчлөх эрхийг 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Ажигана” ХХК-тай байгуулсан арилжааны гэрээгээр олж авсан бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ..................... тоот гэрчилгээгээр эрхийн улсын бүртгэлийн ........................ дугаарт бүртгэгдэж, өмчлөгч болжээ. Уг компани нь 1 гишүүнтэй бөгөөд үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч нь М.Убайна.

 

3. “Д И Б” ХХК-ийн үүсгэн байгуулагч М.Унь 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Б.Атай “худалдах, худалдан авах гэрээ” хийж өөрийн өмчлөлийн “Д И Б” ХХК-ийн нэг бүр нь 20,000 төгрөгөөр үнэлэгдэх 1 ширхэг хувьцааг түүнд 20,000 төгрөгөөр худалдсан байх ба мөн өдрөө тус компанийн бүх эрх, үүрэг, хариуцлага, эд хөрөнгө болон эд хөрөнгийн бус эрхийг “компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ”-ээр Б.Ад шилжүүлэх хэлцлийг бас хийсэн боловч өнөөдрийг хүртэл улсын бүртгэлд энэ тухай бүртгэл хийгдээгүй үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч “М В К ББСБ” ХХК нь “...2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Д И Б” ХХКболон Б.А нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээнээс Б.А хугацааны өмнө татгалзаж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс гэрээ цуцлагдсан” үндэслэлээр өөрт учирсан хохиролд 106,175,822 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

Нэг. Шүүх тогтоогдсон үйл баримтаас үзвэл “Д И Б” ХХКболон Б.А нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг.

 

“Д И Б” ХХКболон Б.А нарын хувьд ашиг олох зорилгоор гоо сайханы салоны үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцож, гэрээ байгуулсан боловч 2016 оны 9 дүгээр сард тодорхой шалтгааны улмаас тухайн гэрээ цуцлагдсан ба энд хэний буруу байсныг шүүх одоо нотлох ажиллагаа хийх шаардлагагүй байна. Учир нь, гэрээний 1 тал маргаанд оролцоогүй гэж үзэх үндэстэй.

 

Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс, эсхүл хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болохоор Иргэний хуулийн 221, 225 дугаар зүйлд заасан бөгөөд ийнхүү татгалзсанаар гэрээ цуцлагдсан бол мөн хуулийн 227 дугаар зүйлд заасны дагуу гэрээний нэг тал нь үүрэг зөрчсөн нөгөө талаас өөрөөс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, түүнд зайлшгүй орох байсан орлого зэрэг хохирлыг шаардах эрхтэй байдаг.

 

Манай тохиолдолд нэхэмжлэгч хуулийн дээрх зохицуулалтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон байгаа.

 

Хамтран ажиллах гэрээнд “Д И Б” ХХКболон Б.А нар ашиг олох зорилгоор гоо сайханы салоны үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр болж, энэ үйл ажиллагаагаа “М В К ББСБ” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглан явуулахаар хэлэлцэн тохирсоноос өөрөөр “М В К ББСБ” ХХК тухайн хамтран ажиллах гэрээнд ямар нэг эрх, үүрэгтэй гэрээний тал болж оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Ийм учраас шүүх нэхэмжлэгч “М В К ББСБ” ХХК-ийг хамтран ажиллах гэрээний нэг тал гэж үзэх үндэсгүй тул “Д И Б” ХХКболон Б.А нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ цуцлагдсанаас үүссэн хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан үндэслэлээр “М В К ББСБ” ХХК шаардах хууль зүйн боломжгүй гэж дүгнэв.

 

Хамтран ажиллах гэрээнээс татгалзсан, гэрээг цуцалснаас үүссэн хохирол шаардах эрх тухайн гэрээний тал болох “Д И Б” ХХКболон Б.А нарын аль нэгд үүсэх учиртай.

 

Харин өмчлөгчийн хувьд өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг эсхүл дээрх хамтран ажиллах гэрээний талуудтай байгуулсан өөр гэрээ байгаа бол түүнээс учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардах эрх нь “М В К ББСБ” ХХК-д нээлттэй боловч хамтран ажиллах гэрээ цуцалснаас үүссэн хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэлээр Б.Ааас шаардах эрхгүй юм.

 

Иймд хамтран ажиллах гэрээний үүргийг Б.А зөрчиж, гэрээ цуцалснаас үүссэн хохирлыг “М В К ББСБ” ХХК шаардах эрхгүй үндэслэлээр шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хоёр.”М В К ББСБ” ХХК болон “Д И Б” ХХК-ийн хувьд аль альных нь үүсгэн байгуулагч, хувьцааг 100 хувь эзэмшигч нь М.Уболох нь хэргийн баримтаар тогтоогдох боловч Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар иргэн болон хуулийн этгээд нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг тул “Д И Б” ХХК-ийн хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн эрх, үүргийг “М В К ББСБ” ХХК хэрэгжүүлнэ гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Тэрчлэн иргэн М.Унь иргэн болон хуулийн этгээдийн аль алийг төлөөлөх эрхтэй ч хууль зүйн хувьд хэнийг төлөөлж байгаагаас шалтгаалж түүнд эрх, үүрэг үүссэн эсэх асуудал өөр өөрөөр шийдвэрлэгдэх үр дагавартайг дурдах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан Б.Ааас хамтран ажиллах гэрээ цуцалснаас үүссэн хохиролд 106,175,822 төгрөг гаргуулахыг хүссэн “М В К ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.             

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “М В К ББСБ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 688,829 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.     

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг талууд 7 хоногийн дараа бичгээр гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хүрэлцэн ирж гардан авах, эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА