Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2019/ШЦТ/07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Тайж овогт Баньдхүүгийн Алтансолонго Улсын яллагч Баяжих овогт Батжаргалын Одонтуяа Шүүгдэгч Алаг Адуун овогт Содномдаг Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Эрдэнэбатад холбогдох 1823001700120 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1968 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, 51 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл-6, эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Хөдөө аж ахуйн хэсэг 9-112 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Алаг Адуун овогт Содномдагвын Эрдэнэбат, /Регистрийн дугаар: ИЮ68022511/

Шүүгдэгч С.Эрдэнэбат нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу иргэн Д.Намжилдоржийн алдсан 60 тооны хонь ямааг алдуул мал гэдгийг мэдсээр байж завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

С.Эрдэнэбат нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Алдархаан сумын Хужир толгой гэх газар малаа хужирлахаар явахдаа ижил сүргээсээ тасарч үлдсэн бусдын 60 толгой бог малыг өөрийн малд нийлснийг мэдсээр байж ашигласан, ашиглах зорилгоор өөр айлын маллагаанд шилжүүлсэн хэргийн үйл баримт нь өөрийн алдсан малаа шүүгдэгчийн мал тавьсан гэх Баярсайханыхаас очиж авсан талаараа мэдүүлсэн хохирогч Б.Намжилдоржийн “...2018 оны 10 сарын 20 доор хүүгийнхээ малыг ялгаж өгөөд малаа тэмдэглэх гээд малаа бүртгэчихсэн чинь зүсээр нь 2 хар хурга, улаан алаг ямаа дутсан. Бааяа гэх залуугийнх манай хажууд ирж саахалт буугаад хонийг нь цуг даралцаж өгсөн чинь манай нэг хурга тэдний хонинд байсан 2 хоногийн дараа хонь хариулж яваад мал барилцаж өгсөн чинь шар цагаан буруу талын чих ухам, зөв чих нь хойноосоо ганзага имтэй хар манай... ямаа хонинд нь байсан. Тэгээд Бааяа Идэр сумд айлд мал тавьсан сураг сонсоод Идэр сумын Баяраа гэх айлд очиход 36 тооны хондлой дээрээ ногоон будагтай хонинууд зүсээрээ мөн байсан... буруу чих нь хойноосоос ухам, зөв чих нь хойноосоо ганзага имтэй, улаан алаг хонь, 2 хар хурга, улаан алаг хурга хөхүүлдэг ямаа зэрэг содон зүстэй 54 хонь, 6 ямаа нийт 60 тооны бог мал алдсан. 38 ширхэг хонь, 1 ширхэг ямаа, 2950000 төгрөг бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлгээр, С.Эрдэнэбатын малд бусдын алдуул мал нийлсэн байна гэж байсан талаар мэдүүлсэн гэрч М.Батсүхийн “...Намаржаанд ойрхон байсан болохоор тааралдсан. Тасарсан хэдэн мал хужирлаж явахад нийлчихлээ гэж ярьж байсан. Би хонь алдаагүй болохоор лавлаж асуугаагүй. Хэдэн танихгүй хонь нийлчихээд эзэн нь олдохгүй байна гэж ярьж байсан. Тоо, им, тамга зүсний талаар тодруулж яриагүй ээ...” гэсэн мэдүүлгээр, С.Эрдэнэбат Д.Баярсайханы маллагаанд бог мал шилжүүлсэн талаар мэдүүлсэн гэрч Д.Баярсайханы “ ...2018 оны 10 сарын сүүлээр Загастайн голд орой хонио хотлуулчихаад хүн айл асууя гэж орилсон. Тэгээд мэндэлсэн айл сурж байсан хүн дүү чи таньдаг хүн байна. 35 хонь байгаа хөлсөөр хараад өгөөч гээд гуйгаад хавар эрт аваарай гээд тавиулсан өөрийн мал гэж надад хэлсэн. Унаанд дайгдаад явсан...” гэсэн мэдүүлгээр болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна. С.Эрдэнэбатын үйлдлийн улмаас Д.Намжилдоржид 6620000 төгрөгний хохирол учирсан болох нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдож, өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа малыг ойлгох ба алдуул мал олсон этгээд Монгол Улсын Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “ алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн засаг захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан байна. Алдуул мал завших гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдон өөр нутаг бэлчээрт шилжин байрлаж байгаа малыг олж аван завшиж буй шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд С.Эрдэнэбатын алдуул малыг хувьдаа ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч С.Эрдэнэбатыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч нь хохирогчид хохирол нөхөн төлсөн нь хэрэгт хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч С.Эрдэнэбатыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч С.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй Шүүгдэгч С.Эрдэнэбат нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Алаг Адуун овогт Содномдагвын Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгаар мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эрдэнэбатыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000/ дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Эрдэнэбатад оногдуулсан 450/дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000/ дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгчид оногдуулсан торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 5. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс 2 тооны адууг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5/92 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай. 7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт хохирол нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ