Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/936

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр,

улсын яллагч: Я.Мөнхзаяа,

шүүгдэгч: Г.Т, түүний өмгөөлөгч Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн   дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхэд, эмээ, 2 дүүгийн хамт   урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, Г.Т

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Г.Т нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Н.Ундралын “Айфоне 11” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан,

          мөн 2020 оны 08 дугаар сарын 01-ний шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 21 дүгээр байрны гадна хүүхдийн тоглоомын талбай дээр хохирогч Н.Мөнхмаралын “гар утсаар нь яриад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний өмчлөлийн “Айфоне 8 плас” маркийн гар утсыг шилжүүлэн авч залилан 499.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ: “...Хийсэн үйлдэлдээ харамсаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэх зүйлгүй”гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 10-11/, хохирогч Н.Ундрал /хх-ийн 17-19, 20/, гэрч Г.Индра /хх-ийн 23/, хохирогч Н.Мөнхмарал /хх-ийн 61/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-27, 68-69/, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 48/, хохирол барагдуулсан баримт /хх-ийн 112/, Г.Т-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 3-4, 5-6, 75-77/, Г.Т-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 33, 36-47, 102, 107-111/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Т нь 2020 оны 08 дугаар сарын 01-ний шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 21 дүгээр байрны гаднах хүүхдийн тоглоомын талбай дээр иргэн Н.Мөнхмаралыг “гар утсаар чинь  ярьчхаад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний өмчлөлийн “Айфоне 8 плас” маркийн гар утсыг шилжүүлэн авч залилан 499.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн  2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Н.Ундралын “Айфоне 11” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан үйл баримтууд дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

           

хохирогч Н.Мөнхмаралын /хх-ийн 61/: “...2020 оны 08 дугаар сарын 01-ний шөнийн 01 цагийн орчим инстаграммаар танил залуу болох Төгсөө гэх залуутай “Peace mall” худалдааны төвийн зүүн талын байрны хойд талд байрлах тоглоомын талбайд уулзаж ярилцаж байхад Төгсөө нь миний “Айфоне 8 плас” маркийн гар утсыг аваад “утсаар ярьчхаад өгье, би нэг найзтайгаа муудалцсан болохоор чамаас холдож утсаар ярья” гэсэн. Тэгээд Төгсөө нь утсаар ярьж байгаад миний гар утсыг аваад явчихсан. ...2018 оны эхэнд ээж маань 1.800.000 төгрөгөөр “Тэди” төвөөс хайрцаг савтай нь шинээр нь худалдаж авч өгч байсан...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 68-69/,

 

Г.Т-ийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 76-77/: “...2020 оны 08 дугаар сарын 01-ний шөнийн 00 цагийн үед Н.Мөнхмаралтай Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Peace mall” /Пийсмолл/ худалдааны төвийн зүүн талд байрлах орон сууцны хойд талд уулзаж, улмаар Н.Мөнхмаралын “Айфоне 8 плас” маркийн улаан ягаан өнгийн гар утсаар нь “хүнтэй утсаар ярьчхаад өгье” гэж худал хэлээд гар утсыг нь аваад явчихсан. Тэр гар утсыг нь интернэтэд танихгүй хүнд 300.000 төгрөгөөр зарчихсан. 300.000 төгрөгийг нэг найздаа өрөндөө өгчихсөн....Н.Мөнхмаралын “ХААН” банкны 5041320958 дугаарын данс руу хохирлын мөнгө болох 499.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлгээр, болон хохирол барагдуулсан баримт /хх-ийн 112/

 

насанд хүрээгүй хохирогч Н.Ундралын /хх-ийн 17-19, 20/: “...2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны баруун талд зам дагуу гэртээ харих гээд алхаад явж байтал үл таних 20 орчим насны эрэгтэй хүн миний “Айфоне 11” загварын гар утсыг аваад зугтаасан. Тэгээд сагсны шийдэн дээр тоглож байсан хүмүүс тэр залууг барьж аваад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны цагдаад өгсөн. ...хүч хэрэглэсэн зүйл байхгүй, баруун гартаа барьсан явж байсан чинь араас ирээд булаагаад зугтаасан. ...гар утсаа буцааж авсан. ...одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 26-27/,

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хх-ийн 10-11/,

 

Г.Т-ийн яллагдагчаар мэдүүлсэн /5-6/: “...тэр өдөр өр нэхэгдээд байсан. Ажил хийе гэсэн боловч хугацаанууд нь болчихсон байсан. Би ганцаараа буудлаас гарч явж байгаад гэнэт “утас шүүрье” гэсэн бодол толгойд орсон. 11 дүгээр хорооллын голын замын тэнд явж байсан охиныг хараад дагаж явж байгаад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны байрны урд орцны үүдэн дээрээс гар утсыг нь шүүрээд зугтаасан. ...ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогч Н.Ундралын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар булааж авч явсныг шүүгдэгч, хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч Н.Мөнхмарал “утсаар чинь яриад өгье” гэсэн үг, үйлдэлд хууртагдан түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, хохирогч нарын эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан шүүгдэгч Г.Т-ийн гэм буруугийн санаатай үйлдлүүд нь буюу шунахайн сэдэлтээр иргэн Н.Ундралын өмчлөлд байгаа эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх”, “утсаар чинь яриад өгье” хэмээн хууран мэхэлж иргэн Н.Мөнхмаралын гар утсыг өөртөө шилжүүлэн авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул шүүгдэгч Г.Т-ийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Н.Ундралын хууль ёсны төлөөлөгчид “Айфоне 11” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан, 

хохирогч Н.Мөнхмаралын “...гомдол саналгүй...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 133 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Г.Т нь шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, мөн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж авч буй өөрийн үйлдлүүдийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өмчлөгч нарт эд материалын бодитой хохирол, хор уршиг учруулахыг урьдаас мэдэж, ийм хохирол, хор уршиг учруулахыг хүссэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй, хохирогч нарыг хохирол төлбөргүй болгосон зэргийг харгалзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж түүний эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлаж, цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Г.Т-ийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч Г.Тд оногдуулсан дээрх хэд хэдэн төрлийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох нь зүйтэй.

 

Г.Т нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан боловч тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүйг дурьдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ийг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Тд оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний эдлэх ялын төрөл хэмжээг 6 /зургаа/ сар  30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Г.Тд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Б.МӨНХ-ЭРДЭНЭ