| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/1010/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1031 |
| Огноо | 2020-12-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1031
2020 12 18 2020/ШЦТ/1031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Э.Оюунтунгалаг,
хохирогч Р.Б,
шүүгдэгч Л.А- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Л.А-д холбогдох эрүүгийн 2009023191224 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 22-ны өдөр *** аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо тодорхой оршин суух хаяггүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Л.А- нь:
- 2020 оны 03 дугаар сарын 04-ний 20 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** хорооны нутаг дэвсгэрт байрлах “*** обой худалдааны төвд зогсдог Р.Батхишигийг “гар утсаараа нэг яриулаач” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд зүйлийг авч, бусдад зарж борлуулсны улмаас иргэн Р.Б 1.080.504 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би *** нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” обой худалдааны төвд обой зардаг. 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн орой 20 цагийн үед манай обой худалдааны төвд дархан худалдаа хийдэг лангуун дээр зогсдог байсан Л.А- нь архи үнэртүүлсэн байдалтай надтай тааралдаж “Намайг утсаараа яриулаач” гэж гуйхаар нь өөрийн эзэмшлийн хар ногоон хосолсон OPPO-RENO-3 маркийн гар утсыг өгсөн. Миний утсаар дугаар руу залгаад зогсож байхаар нь бие засахаар ариун цэврийн өрөө орсон. Гарч ирэхэд Л.А- гар утсыг аваад явсан байсан. Тэгэхээр нь буцаагаад өгөх байлгүй дээ гэж бодоод хэсэг хугацаанд хүлээхэд ирэхгүй болохоор гар утас руугаа залгахад холбогдохгүй байсан. Л.А-гийн зогсдог лангуун дээр очтол хаалттай, маргааш нь дахиад очтол энд суухгүй байгаа гэж хэлсэн. Миний гар утсыг авснаас хойш алга болоод 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Л.А-г олж цагдаагийн байгууллагад хандсан. Би тухайн утсыг 1.326.000 төгрөгөөр авч байсан. Хохирлоо барагдуулмаар байна гэжээ. / хх 9-11 /
“Дамно” ХХК-ний гар утсыг 1.080.504 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний СБ2-20-1269 дугаартай тайлан / хх 22-23 /
Яллагдагч Л.А- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр *** орчимд архи ууж байгаад тасарсан үедээ “****” обой худалдааны төв орж таньдаг Р.Батхишиг ахаас “Гар утсаа өгөөч. Ярьчихаад өгье” гэж хэлсэн. Гар утсаар нь яриад зогсож байхад Р.Б ах нэг тийшээ яваад өгсөн хойгуур тэнд цуг зогсож байсан нэг хүн намайг согтуу хүн энд байлгахгүй гээд хөөсөн болохоор би гараад явсан. Тэр үед согтуу байсан болохоор Р.Б ахын гар утсыг аваад явснаа би санахгүй байна. Маргааш өглөө сэрээд гадуур явж байхад миний өмдний халаасанд нэг гар утас байсан. Э эгч дээр очоод энэ гар утас танайх уу гэхэд үгүй гэсэн. Ингээд тухайн утсыг Багшийн дээдийн тэнд зарсан. Хэнд зарснаа санахгүй байна гэжээ. / хх 32-35 /
Шүүгдэгч Л.А-г 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 32 35 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 36 / зэрэг болно.
Шүүгдэгч Л.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...03 дугаар сарын 01-ний үед хотод ирээд нэг хэсэг архи уусан. Архи ууж явж байгаад хуучин ажилладаг байсан газраараа ороод Р.Б ахтай таараад “гар утсаараа ганц яриулчих” гээд гуйгаад авч ярьсан. Утсаар ярьж байхад Батхишиг бие засах өрөө рүү явсан. Тэр хооронд Р.Б хамт байсан хүн гарч ирсэн бөгөөд намайг танихгүй болохоор шууд намайг хөөгөөд гаргасан. Сумынхаа айлд хоноод өглөө гарсан. Тэгээд архи уугаад явж байтал миний халаасанд гар утас байсан. Нарантуул зах явах замдаа тэр гар утсыг 0.75 литрийн хараа архиар сольсон. Ажил хийж, хохирлоо төлнө гэв.
Хохирогч Р.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ажил дээр байсан. Л.А- өмнө нь манайд ажиллаж байсан ч би ажлаасаа гарсныг нь ч мэдээгүй. Манайх 2 давхарт байдаг бөгөөд доошоо бие засах өрөө рүү орох гээд явтал Л.А- өөдөөс орж ирээд “Ах аа, Утсаараа нэг яриулаач” гэсэн. Тухайн үед бие засах өрөө рүү явж байсан тул эргэж гар утсаа аваад залгаад өгтөл тэр дугаар нь холбогдох боломжгүй гэсэн. Дахиад өөр дугаар руу залгаад тэр хүнтэйгээ яриад зогсохоор нь би бие засах гээд ариун цэврийн өрөө рүү орсон. Тэгээд бие засчихаад гартал Л.А- байхгүй байсан. 2 давхар руу гараад хартал байхгүй байсан. Тухайн үед хажуу талын хүмүүсээс гар утсыг нь аваад залгатал миний утас холбогдож байсан. Тэгээд миний утсыг нэг удаа авахаар нь “Утас аваад ирээч. Хаашаа алга болчихсон юм бэ” гэтэл дуугарахгүй салгасан. Дахиад залгатал утас холбогдох боломжгүй болсон. Үүнээс хойш надтай холбогдож, уулзаагүй. Хохирлыг барагдуулчихвал гомдолгүй. Миний гар утас 1.400.000 төгрөгийн үнэтэй бөгөөд үнэлгээг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Л.А- нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний 20 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С*** хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” обой худалдааны төвд ажилладаг Р.Б-г “Гар утсаараа нэг яриулаач” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд зүйлийг авч 1.080.504 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Л.А- нь тухайн өдөр амнаасаа архи үнэртүүлсэн байдалтай надтай тааралдаж “Намайг утсаараа яриулаач” гэж гуйхаар нь өөрийн эзэмшлийн хар ногоон хосолсон OPPO-RENO-3 маркийн гар утсыг өгсөн. Намайг ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхэд миний гар утсыг аваад явчихсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Р.Б-ийн мэдүүлэг / хх 9-11 /, ...“Дамно” ХХК-ний гар утсыг 1.080.504 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний СБ2-20-1269 дугаартай тайлан / хх 22-23 /, ... Р.Б ахаас “Гар утсаа өгөөч. Ярьчихаад өгье” гэж хэлээд гар утсаар нь яриад зогсож байхад согтуу хүн энд байлгахгүй гээд хөөсөн болохоор би гараад явсан. Гар утас зарснаа санахгүй байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Л.А-гийн мэдүүлэг / хх 32-35 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Л.А-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.А-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.А- нь шунахайн зорилгоор шууд санаатай гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 300 / гурван зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.А- нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдаж, шүүгдэгчээс гар утасны үнэ 1.080.504 төгрөгийг гаргуулан хохирогч Р.Батхишигт олгохоор шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Л.А-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт Л.А-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 / гурван зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Л.А- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.А-гаас 1.080.504 / нэг сая наян мянга таван зуун дөрөв / төгрөгийг гаргуулан хохирогч Р.Б олгосугай.
6. Л.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ